Монголчууд мөхөж байсан уу
раднасэдийн даваадорж
Монгол хүн амын тоо удаан хугацааны турш тодорхойгүй байжээ. XII-XIII зууны үеэс монголчуудын тоо эрс буурч үндэстэн нь мөхөж байгаа талаар гадаадын нэлээдгүй судлаачид XX зууны эхээр тэмдэглэн үлдээжээ[1]. Тэр ч бүү хэл энэ үзэл баримтлалыг улс төрийн зорилгоор ашигласан түүхийн талаар бидний үеийнхэн сайн мэднэ.
Чингис хааны үед Ази болон Европын ямар ч улсад тоо бүртгэл хөтлөгдөж байгаагүй. Зөвхөн гадаадын тэр дундаа хятдын түүхчдийн тэмдэглэл, зарим шашны урсгалыг түгээн дэлгэрүүлэхээр хэрэн хэсэж явсан гэлэн лам нарын ажиглалт, мэдээ баримтууд л үлджээ. “Үй олон, тоолох аргагүй”, “шороон түм, зах хязгааргүй” , “тэнгэрийн од мэт” гэх зэрэг дүрслэл, зүйрлэлээр нүүдэлчдийн цэргийн тоо, хэмжээг илэрхийлж байв. Энэ нь бодит тоо биш.