Friday, September 28, 2018

улсын төсөв:УЛСЫН ӨР БОЛОН ТӨСВИЙН АЛДАГДАЛ


УЛСЫН ӨР БОЛОН ТӨСВИЙН АЛДАГДАЛ

Эдийн засгийн ухааны доктор/PhD/ Р. Даваадорж
ОУВС Монгол Улсад 3 зөвлөмж.өгсөн гэж УИХ гишүүн Л. Энх-Амгалан твитер хуудсандаа жиргэжээ. Үүнд:
1. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх,
2.Төсвийн алдагдлыг бууруулах,
3.Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх,
Энэхүү зөвлөгөөний 1,3 дахь заалт хэнд ч ойлгомжтой биз. Гаднаас хөрөнгө татах, ахиухан хуримтлалтай байх нь аль ч улс орны гол зорилго байж таарна. Харин төсвийн алдагдалын талаар бяцхан тайлбар хийх нь зүйтэй байх.

Төсвийн алдагдал, улсын өр болж хувирдаг
Улсын төсвийн хамгийн чухал үзүүлэлт бол орлого зарлагын тэнцвэрт харьцаа бөгөөд төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах явцад төсвийн орлого, зарлага тэнцэж байх учиртай. Тухайн санхүүгийн жилийн зарлага нь орлогоос хэтэрч байвал түүнийг төсвийн алдагдал гэнэ. Энэ үзүүлэлтээс улсын эдийн засгийн байдал, эрх барьж байгаа улс төрийн хүчний хэрэгжүүлж байгаа бодлогыг уншиж болно. Төсвийн алдагдал бий болоход нөлөөдөг хүчин зүйлд: үндэсний үйлдвэрлэл хямрах, хэмжээнээсээ хэтэрсэн нийгмийн бодлого хэрэгжүүлэх, далд эдийн засаг цэцэглэж хяналтаас гадуур их хэмжээний мөнгө хөрөнгө эргэлдэх, татварын бодлого болон хэрэгжилт тааруу байх зэрэг олон шалтгаан дурдаж болно.
Тиймээс жил бүр Засгийн Газар төсөв өргөн барихад хэр хэмжээний алдагдалтай байгааг иргэн бүр ажиж дүгнэлт хийх учиртай. Төсвийн алдагдлыг нөхөх хэд хэдэн арга байж болох юм. Хамгийн энгийн нь тооцоо судалгаа сайн хийсэн алдагдалгүй төсвийг өргөн барих явдал юм. Харин алдагдалтай төсөв өргөн барьсан тохиолдолд:
Цаасан мөнгө хэвлэх арга. Гүйлгээнд шинээр мөнгө хэвлэн гаргаж мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар улсын өрийг төлөх боломжтой ч энэ нь үнийг өсгөж, инфляцийг хөөрөгдөж эдийн засгийн хямралыг өдөөнө.
Төсвийн зарлагыг хорогдуулах арга. Амьдрал дээр хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй. Төсвийн зарлагыг хорогдуулна гээд халаалт, дулаанаа хааж, цалингаа хасвал юу болох нь тодорхой.
Татварын хувь хэмжээг өсгөх арга. Татвар төлөгчид татварын нэмэгдэл дарамт үзүүлэх нь хэрэглээ, хөрөнгө оруулалтыг хязгаарлахад хүргэнэ. Нийт хэрэглээ буурч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Тийм болохоор энэ аргууд амьдрал дээр хэрэгжихэд ихээхэн хүндрэлтэй төдийгүй, нийгэмд ч сөрөг үр дагавар дагуулна.
Харин төсвийн алдагдлыг улсын өр болгон хувиргах аргыг манай эрх баригчид ашиглаж байна. Тодорхой хугацааны дараа хүүтэйгээр буцааж өгөх нөхцөлөөр иргэд, аж ахуй нэгжийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх болон олон улсын санхүүгийн зах зээл дээрээс зээл авч төсвийн алдагдалыг нөхөж ирлээ. Гэхдээ энэ нь улсын өрийн хэмжээг нэмдэг.
Хэрвээ та нар анзаарсан бол Сангийн сайд нийгмийн сүлжээнд их наядаар нь өр төлсөн талаар байнга шахам мэдээлж байна. Гэхдээ энэхүү өр хэрхэн яаж үүссэн талаар огт дурдахгүй байгаа юм. Хэрвээ өмнөх жилүүдийн төсвийг сөхөж харвал 2017 онд 2 их наяд 711 тэрбум төгрөг, 2018 онд 2 их наяд 400 тэрбум төгрөг алдагдалтай төсөв өргөн барьсан байх ба ирэх жил бараг 2 их наяд төгрөгний алдагдалтай төсвийг Сангийн сайд маань өргөн барьж байна. Гуравхан жилд 7 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв өргөн баригдлаа. Энэ нь сонгуулийн үеэр сонгогчдыг айлгадаг Чингис бондын хэмжээнээс хэд дахин их хэмжээтэй өр болно. Түүнийг татвар төлөгчдийн хармаанаас буюу та бид нар, бидний ирээдүй хойч үеийнхэн төлж таараа. Өнөөдөр Монгол улсын Засгийн газрын өр огт бүтээн байгуулалт хийхгүй байгаа мөртлөө нэмэгдэж байгаа учир нь төсвийн алдагдалтай холбоотой байх нь.
Монгол улсын Засгийн газрын өр
/ тэрбум төгрөгөөр/

Он
2016
2018
ӨӨРЧЛӨЛТ
Улирал
2
2
Засгийн газрын нийт өр (I+II)
    16,612.5
       22,642.7
6 их наяд 31 тэрбум ₮ өссөн
I. Засгийн газрын гадаад өр (А+Б+В)
    12,548.6
       19,420.0
6 их наяд 871 тэрбум ₮ өссөн
А. Зээл
      5,391.4
       11,018.0

Б. Үнэт цаас
      4,241.5
         6,907.8

В. Бусад
      2,915.6
         1,494.2

II. Засгийн газрын дотоод өр (А+Б+В)
      4,064.0
         3,222.7
-842 тэрбум ₮ буурсан
А. Зээл
               -  
                 -  

Б. Үнэт цаас
      3,145.0
         2,221.7

В. Бусад
         919.0
         1,001.0

Засгийн газрын өр (ӨҮЦэнээр)
    13,793.0
       19,406.0

Засгийн газрын өр (ӨҮЦэнээр)/ДНБ /хувь/ *
56.9%
63.4%

ДНБ оны үнээр
23935.85
30,621.80 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ БАНК

Улаанбаатар хот.                                                             2018 оны 9 сарын 29