Friday, April 14, 2017

Монголчууд мөхөж байсан уу

 
 

раднасэдийн даваадорж

 

Монгол хүн амын тоо удаан хугацааны турш  тодорхойгүй байжээ. XII-XIII зууны үеэс монголчуудын тоо эрс буурч үндэстэн нь мөхөж байгаа талаар гадаадын нэлээдгүй судлаачид XX зууны эхээр тэмдэглэн үлдээжээ[1]. Тэр ч бүү хэл энэ үзэл баримтлалыг улс төрийн зорилгоор ашигласан түүхийн талаар бидний үеийнхэн сайн мэднэ.

Чингис хааны үед Ази болон Европын ямар ч улсад тоо бүртгэл хөтлөгдөж байгаагүй. Зөвхөн  гадаадын тэр дундаа хятдын түүхчдийн тэмдэглэл, зарим шашны урсгалыг түгээн дэлгэрүүлэхээр хэрэн хэсэж явсан гэлэн лам нарын ажиглалт, мэдээ баримтууд л үлджээ. “Үй олон, тоолох аргагүй”, “шороон түм, зах хязгааргүй” , “тэнгэрийн од мэт” гэх зэрэг дүрслэл, зүйрлэлээр нүүдэлчдийн цэргийн тоо, хэмжээг илэрхийлж байв. Энэ нь бодит тоо биш.


XIII зуунд Францад ойролцоогоор 20 сая, XIV-XV зуунд Испанид 11 сая орчим, Англид 2,5 сая, Данид 1,5 сая хүн оршин сууж байв. XIII зуунд Хар тэнгисээс Финийн булан хүртэлх өргөн уудам нутагт Оросын 3-4 саяас хэтрэхгүй иргэд амьдарч байсан. Дундад зууны томоохон хотууд бүр итгэмээргүй хүн амтай . XII-XIII зууны үед Парист 240 мянга, XV зууны эхэнд Венецэд 190 мянган оршин суугч амьдарч байв. XIV зууны эцсээр Лондонд 35 мянга, Базельд 7 мянга, XVII зууны эхээр Копенгагенд 25 мянгаас хэтрэхгүй оршин суугч тоологджээ[2]. Тухайн үеийн цэрэг, армийн тоо  мөн ялгаагүй. Карамзины мэдээлснээр XI-XII зууны турш Оросын арми 50 мянгаас хэтрээгүй[3]. Түүхчдийн тэмдэглэснээр Куликовын тулааны үеэр оросын талд 150 мянга цэрэг байлдсан. Карамзины судалж, тооцоолсноор 1237 онд Бат хан 300 мянган дайчидтай Орос оронд цөмрөн оржээ[4]. 1246 онд Ижил мөрний эрэг дээр Батын өргөөнд очсон Плано Карпини тэнд нийт 600 мянган цэрэг байсны 150 мянга нь монгол, 450 нь өөр угсааных байсан гэж тэмдэглэсэн байна.

Бат хаан- Монголын цэргийн удирдагч, төрийн зүтгэлтэн, Зүчийн хүү, Чингис хааны ач. 1235 онд болсон Их хуралдайгаас  Батад баруун хойд зүгийн нутаг Болгар, Орос, Польш, Унгар... зэрэг улсыг байлдан дагуулах дайныг удирдах шийдвэр гарсан байдаг. Эрх мэдлийн хувьд Бат хаан Өгөөдэй хааны дараа орж байсан. Тэгэхээр цэрэг армийн дийлэнхийг Орос руу авчирсан байх магадлалтай. Нөгөө талаар аян дайнд зөвхөн эрчүүд төдийгүй ар талыг даах эмэгтэйчүүд оролцдог гэж тооцвол хамгийн ихдээ 400 мянгаас хэтрэхгүй байх магадлалтай. Зөвхөн уналга, ачилга, хүнсэнд хэрэглэх  малыг тооцоход  Карамзины тооцоо  үнэмшилтэй.

Ингээд  хүн амын тоонд оногдох  цэргийн тоо  харьцуулан үзвэл  тухайн үеийн Монголын хүн ам 1-2 сая орчимд хэлбэлзэх магадгүй тооцоо гарч байна. Тэгээд ч аян дайнд зөвхөн монголчууд биш бусад нүүдэлчин бусад үндэстнүүд багтсаныг анзааралгүй өнгөрч болохгүй. XII  зуунаас хойш 700 жил өнгөрөх хугацаанд монголын  нүүдэлийн мал аж ахуй өөрчлөгдөөгүй. Нийгмийн харилцаа болон материаллаг үйлдвэрлэлийн хэв маягт ямарч өөрчлөлт гараагүйг  Плано Карпиногийн “Монголчуудын түүх” тэмдэглэлийг XX зууны үед бичигдсэн гадаадын олон судлаачдын бүтээлтэй харьцуулахад ойлгомжтой болно. Нүүдлийн аж ахуй малын бэлчээр газар нутгаас хамааралтай. Техник болон нийгэм, эдийн засгийн өөрчлөлт хөгжил тухайн ард түмний өсөлтөд нөлөөлдөг. Өөр хоорондоо хийх тасралтгүй дайн дажин, шарын шашны нөлөө, эрүүл мэндийн хамгаалалт туйлын хангалтгүй байсан зэрэг нь хүн амын жам ёсны өсөлтөд сөргөөр нөлөөлж байсан. Гэвч  нүүдэлчин иргэдийн  дийлэнх нь эрүүл чийрэг, эрүүл хоол хүнстэй, оюун санаа саруул, гэр бүлийн харилцаа жам ёсных байдаг зэрэг олон эерэг тал бий.

Монгол оронд шинжлэх ухааны эмнэлэг, эмч, мэргэжилтэн байгаагүй тэр үед төрсөн хүүхдийн хагас нь нэг нас хүрэлгүй эндэж, амаржсан эхийн 13,2 хувь нь нас барж байсан мэдээ үлджээ. Манжийн дарлалын үеийн(1862—1918) 56 жилд Ар монголын хүн ам (4,5%-иар) хорогдож, гадаадын зарим судлаачид тэр үеийн Монголыг “Мөхөж байгаа үндэстэн”-ий тоонд оруулж байв.

Хувьсгалын өмнөх монгол оронд сүм  хийдэд бүх эрэгтэйчүүдийн 44,5(115 мянга)  хувь шавилан сууж байжээ. Гэвч тэдний бараг гуравны нэгээс цөөн нь сахилаа баримталдаг байж. Мөн нийгмийн зарим халдварт өвчин хүн амын төрөлт, өсөлтөнд муугаар нөлөөлж байв. Тухайн  үед дэлхийн анагаах ухааны хөгжлөөс хол хоцрогдсон эртний монголд түвдийн ардын эмнэлэг ноёрхож байв.


1918 оны Монголын хүн амын анхны тооллого


Монголын хүн амын тоо удаан хугацааны турш үнэн зөв гарч байгаагүй бөгөөд судлаачдын мэдээлсэн мэдээ, баримтууд янз бүрийн эх материал дээр үндэслэж байсны улмаас үнэн байдлаас их зөрүүтэй байв. Монгол судлаач гадаадын зарим судлаачид  400 мянгаас 1400 мянгын орчим таамаглал дэвшүүлэхээс цаашгүй байжээ.  Зөвхөн 1918 онд И. М. Майский анх удаа монголын хүн амын тооллогын мэдээг статистикийн аргаар боловсруулжээ. Ар Монголд хүн амын хөдөлгөөнийг бүртгэдэггүй, гэр бүлийн, нас баралтын бүртгэл байсангүй[5].

1918 онд Монгол улсын Засгийн Газар хүн ам, мал сүргийн тооллогыг анх удаа явуулсан байдаг. Гэвч анхны тооллого хэд хэдэн алдаа гаргасан байдаг.  Тухайн үед Монголд оршин сууж байсан гадаадын иргэд болох хятад, оросуудыг хамруулаагүй. Мөн Ховдын тойргийн болон Хөвсгөл нуур орчмын Богд гэгээний мэдлийн газар нутгийн хүн ам тооллогын гадна үлдсэн. Малчид албан татвараас айж гэр бүлийн гишүүд болон мал хөрөнгийн тоог санаатайгаар бууруулан мэдээлж байсан зэрэг нь эцсийн дүн мэдээнд нөлөөлсөн.

1919-1920 онд Монголын нутгаар нийтдээ 3000 км замыг туулан нийгэм эдийн засаг, байгаль цаг уур, мал аж ахуйн талаар хэвлэгдэн гарсан бүтээлүүдийг нэгтгэх зэргээр судалгааны ажил хийсэн И. М. Майский анх удаа Монголын хүн ам болон малын тоог орчин цагийн статистик аргаар боловсруулан гаргасан билээ. Түүний тооцоогоор Монголд нийт 542504 монгол, 100000 орчим хятад, 5000 орчим орос иргэд амьдарч байжээ. Монголчуудын тооллогод дээр дурдсан гажуудал болон Ховдын тойрог, Хөвсгөл дэх Богд гэгээний мэдлийн нутаг, хятад, орос оршин суугчдын мэдээллийг барагцаалж нэмсэн дүнгийн ташаарлын хэмжээ хэдэн арваас хэтрэхгүй нэлээн бодит дүн гарсан аж.

Монгол Улс 1918 оноос хойш 10 удаа хүн ам, орон сууцны ээлжит тооллогоо амжилттай зохион байгуулжээ. Монгол Улсын хүн ам  2015.12.31-ний байдлаар 3 сая 57.8 мянга, нийт өрхийн тоо 859.1 мянгад хүрч өсчээ.




[1] П.К. Козлов. Монголия и Кам, СПб., 1905, стр.114
   Д. Каррутерс. Неведомая Монголия, стр,327-336.
   А.П. Болобан. Монголия...стр. 51-52.
[2] Handw rterbuch der Staatswissenchaften, Tom II, Jena, 1924, s. 886-896.
[3] Н.М. Карамзин. История государства Российского, т. III, СПб., 1843, гл7.
[4] Н.М. Карамзин. История государства Российского, т. IV, СПб., 1843, гл8.
[5] И.М. Майский Монгол орон хувьсгалын босгон дээр. УБ. 2015. стр.75