Thursday, September 14, 2017

хэлмэгдүүлэлт

Х.Чойбалсан буудуулах хүмүүстэй тамхилж, бүгдтэй нь гар бариад буруу хараад суусан гэдэг


Жил бүрийн есдүгээр сарын 10-ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байна. Монголын аль л оюунлаг, боловсролтой, бичиг эрдмийн хүмүүсийг хоморголон баривчилж буудан хороосон хар түүхийг хойч үе нь мартах учиргүй билээ. 1937-1938 онд оргилдоо хүрсэн хэлмэгдүүлэлтийн хар шуурга тухайн үед айл бүрийн хаалга үүдийг савчуулан, өнчирч хоцорсон эхнэр хүүхдийн уйлах дуу орой үдшээр тасардаггүй байсан гэдэг.

Нийслэл хотоос холгүйхэн Сонгинын аманд 12 хүний нэрийг бичсэн нэгэн даруухан хөшөө бий. Хүний хөл хөдөлгөөнөөс буйд энэ газар торойн буй тэрхүү хөшөө чулууг хийгээгүй хэргийнхээ төлөө хэлмэгдэн буудуулсан гэм зэмгүй хүмүүсийн дурсгалд зориулан босгосон юм. Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэн нэг дор буудуулсан хамгийн анхны 12 хүнээс хойш баривчлагдан буудуулах хүмүүсийн нэрс хуудас хуудсаараа тодорч, буудуулсан 35 мянга гаруй, хэлмэгдэн шоронд орсон 100 мянга гаруй хүн бий гэх тодорхой бус тоо байдаг. Энэхүү хамгийн анх бөөнөөрөө буудуулсан хүмүүсийн нэг нь хошууч генарал Лувсандашийн Дэндэв билээ. Ардын хувьсгалд биеэрээ оролцож Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй зүтгэж явсан тэрбээр хожмоо ЗХУ-д Цэргийн академи, Хүн эмнэлгийн сургууль дүүргэсэн манай боловсролтой сэхээтнүүдийн нэг байжээ.
Одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дахь Охиндий хэмээх газар бол хошууч генарал Д.Дэндэвийн төрсөн нутаг нь. 1904 онд малчин Лувсандашийнд мэндэлсэн түүнийг найман нас хүрмэгц аав нь лам болгохоор хийдэд шавилан суулгажээ. Дөрвөн жил бурханы номд сурч байгаад аав ээж дээрээ эргэн ирж ганц хоёр жил мал малласан байдаг. Тэгээд дахин хийдэд сууж 1921 он буюу 17 настайдаа хийдээсээ гэртээ эргэн иржээ. Энэ үеэрээ гамингууд хэтэрхий их орж ирж байна, улс орныхоо төлөө юм хийх хэрэгтэй гэх зэргээр ярьдаг байв. Удалгүй ардын журамт цэрэгт элсэн орсон байна. Их хүрээ, Хиагтыг чөлөөлөх тулалдаанд биечлэн оролцсон түүнийг аль л хүнд хэцүү гэсэн газар руу дарга нар нь илгээдэг байж. Ардын засаг ялсны дараа жил буюу 1922 онд тэрбээр Цэргийн ерөнхий сургуульд оржээ. 1924-1927 онд Ленинградын Хэл бичигийн дээд сургуульд Б.Ренчин болон Монголын бичиг номын нэрт эрдэмтэдтэй мөр зэргэцэн сууж байсан түүхтэй. Тухайн үед монгол, түвд үсэгт тайлагдсан, сэргэлэн, идэвх зүтгэлтэй Дэндэвийг улам боловсруулан бэлтгэх алсын зорилго байсан бололтой. Орост сургуулиа төгсч ирсний дараа Цэцэрлэг мандал аймаг болох Улиастай хошууны хоршоонд ангийн дарга хийж байв. 1931 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Биеийн тамир сайжруулах хорооны даргаар томилсон ч дараа жил нь Ленинградын Цэргийн хүн эмнэлгийн академид дахин илгээжээ. Ленинградын Цэргийн академид явсан манай анхны таван хүний нэг нь гэдэг.
Л.Дэндэв гэргий Мөнхтөмөртэйгээ ханилан суугаад хүүтэй болсон ч эндсэн байна. Дахин хүүхэдтэй болохоороо өөрийнхөө амьдарч буй газрын нэрээр нэрлээрэй хэмээн ламын айлдсан ёсоор дараагийн хүүгээ Цэцэрлэг хэмээн нэрлэжээ. Энэ хүү хожмоо хар нялхаараа өнчирч, айлд үрчлэгдэн сайн сайхан өсөх бөгөөд аавынхаа дурсгалд зориулан олон олон зүйл хийх болно.
Хошууч генерал Л.Дэндэв
Дэндэв Орос руу эхнэр хүүхэдтэйгээ явсан болохоор хүү нь унаган орос хэлтэй, ер нь монголоор муу ярьдаг байв. Түүнийг сургуулиа төгсөж ирэхэд Бүх цэргийн эмнэлгийн даргаар томилж, хошууч генарал цол олгосон байна. Монголын хамгийн анхны хошууч генарал тухайн үед 32 настай байв. Түүний амьдарч байсан ногоон дээвэртэй нэг давхар дүнзэн байшин одоогийн Ленин клубын орчимд 2000 он хүртэл байсан юм.
Цэцэрлэг гуай найман настайдаа эцэг, эхээсээ өнчирч хоцорсон юм. 1937 оны долдугаар сарын 10. Маргааш болох наадамдаа бэлдээд хэн хүнгүй хөөрч догдолсон үе. Дэндэв генерал ч ёслолын хувцсаа яг таг бэлдээд өлгөчихсөн, зуны налгар сайхан цаг. Гэтэл шөнө дөлөөр хаалга балбаж цэрэг хувцастай хүмүүс ирж аавыг нь аваад явжээ. Хүү жаахан байсан ч “,аав аа, хаачих гэж байгаа юм” гэж асуугаад амжиж. “Зүгээрээ миний хүү. Аавд нь маш чухал ажил гарлаа. Явчихаад эргээд ирнээ. Ээжийгээ сайн харж байгаарай” гээд гарсан хүн эргэж гэртээ ирээгүй юм. Гэрээсээ явахдаа наадмаар өмсөх гэж байсан ёслолын ганган хувцсаа өмсөн, сэлмээ зүүгээд гарсан аавынх нь тэр бүдэгхэн зураглал хүүгийн ой ухаанд насан туршдаа хадагдсан юм.
Одоогийн зүүн дөрвөн замын доохно талд Дотоод явдлын яамны хянан шалгах хорооны байцаан шийтгэх газар буюу шорон байсан бололтой. Тэнд залуу генералыг аваачиж байцаасан байдаг. Ер нь дарга нар гээд нэр алдартай хүмүүсийг байцаахдаа нүүрэнд нь шарх сорви гаргаж болохгүй гэж тушааж байсан бололтой. Харин эмчийн арга буюу тариа тарих, ил шарх сорви гаргахгүйгээр тамладаг байж. Түүнийг хоёр сар хорьж байцаагаад өөрөөс нь гадна 11 хүний хамт есдүгээр сарын 9-нд Бөмбөгөр ногоон театрын өмнө авчирч, буудах тушаал уншиж байсан гэдэг. Тухайн үеийн ялын тогтоолыг харахад Гэндэн Дэмидийн хэрэгт оролцуулан Японы цэргийн тагнуулыг Монголд оруулж ирэхийг завдсан, мөн Гэндэн, Дэмид нарыг вагонд явж байхад нь хорлосон гэх мэт янз бүрийн үндэслэлгүй хэрэг тохож хүчээр хүлээлгэсэн байдаг.
Дэндэв генерал шоронд байхдаа хамт хоригдож байсан хүмүүстээ мэдүүлгээ яаж зөв өгөх, юу гэж ярих зэргийг зааж туслан олон хүний амийг аварч байсан гэсэн баримт бий.
Дээрх ялын тогтоол уншсан хүмүүсийг есдүгээр сарын 10-ны үүрээр Сонгинын аманд аваачиж буудан хороосон гашуун түүхтэй. 12 хүнийг буудах үеэр хонь хариулж явсан найман настай хүүг гэрч хэмээн хамтад нь буудсан гэх мэдээлэл ч байдаг. Тэднийг яг хаана буудуулсан гэдгийг хэн ч хэлж мэддэггүй байв. Харин 1990 онд Цагаатгалын комисс байгуулагдаж, тухайн үед ял гүйцэтгэж явсан хуягийг олж газрыг нь заалгаснаар дурсгалын хөшөө босгосон юм.
90 гаруй настай хуяг өвгөн “Сонгинын арын аманд анх 12 хүнийг буудсан. Бид шөнө нүхийг нь ухаж бэлдээд хүлээж байсан. Үүрээр ирсэн. Тэднийг их хүндэтгэлтэй авчирсан. Тэр үеэр Х.Чойбалсан Коментерний төлөөлөгч гэх орос хүний хамт хар машинтай ирсэн” хэмээн дурссан байна. Цэцэрлэг гуай хуяг өвгөнөөс “Миний аав Лувсандашийн Дэндэв гэж генерал хүн тэнд хамт буудуулсан. Аав маань тэр үед ямархуу байсан бэ. Анзаарч харсан уу” гэж асуухад “Дэндэв генерал ёстой сайхан, жагсаал хувцастай байсан. Буудуулах гэж биш параданд жагсах гэж байгаа юм шиг л харагдсан. Дугуй шар царайтай, инээмсэглэсэн тэр генерал гутал нь шороо болоход гөвж байсан” гэж хариулжээ. Өвгөний ярьснаар бол Х.Чойбалсан гуай буудуулах хүмүүстэй бүгдэнтэй нь гар бариад “Би яаж ч чадсангүй ээ, та нарыг аврах гэж оролдсон шүү” гээд тэврэлдэн зөндөө уйлцгаасан. Тэгээд нулимсаа арчаад буруу харж суугаад тушаал гүйцэтгэх үүрэг өгсөн. Тухайн үед буудуулах гэж ирсэн тэр хүмүүс шаналж зовсон царайгүй, харин ч эх орныхоо төлөө ямар нэг зүйл хийлээ гэсэн байдалтай, царай нь зоримог шинжтэй байсан. Түүгээр ч барахгүй бүгд Монгол Улсын төлөө гэж чанга дуугаар хэлээд буудуулсан. Үүний дараа тэнд ял гүйцэтгэсэн хүмүүс бүгд нулимсаа арчиж байсан хэмээн дурсчээ. Хуяг өвгөний хэлсэн бас нэг сонин зүйл бол хонио тууж явсан хүү дугуйтай байсан гэнэ. Хэрэв тэр газрыг ухвал хүүгийн унаж явсан дугуй гарна гэж батлан хэлж байжээ.
Хошууч генерал Л.Дэндэвийн хүү Цэцэрлэг зээ Б.Мөнхболдын хамт
Л.Дэндэв генералыг цаазалсны дараа эхнэр Мөнхтөмөр болон хүү Цэцэрлэг нарыг гэрээс нь хөөж, эд хөрөнгийг нь хураажээ. Хөөрхий эх хүүгээ дагуулан айл айлын хашаагаар хэсүүчлэн гэр барьж амьдарч явсан гэдэг. Гэхдээ орос хэлтэй боловсролтой эмэгтэй байсан болохоор Х.Чойбалсан гуай дээр олон удаа орж “Ажлаа хийж явсан нөхрийг маань яагаад ийм болгов” хэмээн хэл ам хийжээ.Түүгээр ч зогсохгүй ЗХУ-ын Коминтернд хүртэл хатуу ширүүн шүүмжилсэн захидал удаа дараа бичиж байв. Энэ бол хэдийгээр хань нөхөр нь үгүй болсон ч нэр төрийг нь сэргээх, үлдэж хоцорсон үр хүүхдийг нь хамгаалах гэсэн эх хүний зоримог үйлдэл юм. Үүнээс ч болсон уу, 1938 оны долдугаар сар буюу яг нэг жилийн дараа Мөнхтөмөрийн ядруухан гэрт цэрэг хувцастай танихгүй хүмүүс иржээ. Тэгээд хүүд таван төгрөг өгч дэлгүүрээс чихэр авч ид гэхэд ээж нь ч “яв яв” гэж. Монголоор бараг ойлгодоггүй хүү дэлгүүрт очин лангуунаас нь зүүгдэн байж “чавга, чангаанз, нар хамба” зааж аваад баяртай нь аргагүй гэрийн зүг гүйв. Аавыгаа баривчлагдан явснаас хойш амттай юмны бараа хараагүй болохоор баярлаж байсан гэж Цэцэрлэг гуай дурссан байдаг. Харин хэдхэн мөчийн дараа тэрбээр жаахан хүүхэд байтугай хэрийн томчууд ч цочирдон халгамаар аймшигт үйл явдалтай нүүр тулсан юм. Түүнийг гэртээ ирэхэд хашаанд нь хүмүүс шавчихсан, гэр нь цусан далай мэт ээжийнх нь хөл, гарыг нь тайраад, дээлээр нь хучаад хаячихсан дүр зураг угтжээ. Ээжийнхээ толгойг тэврээд уйлж суусан хүүг морьт эргүүлийн цагдаа гэртээ аваачиж нуусан байдаг. Лувсандашийн Дэндэв генералыг хэлмэгдүүлэн цаазалж, эхнэрийг нь хөнөөж, учир мэдэхгүй нялх хүү нь өнчирч хоцорсон түүх энэ.
Хүүг гэртээ аваачин өсгөж, өргөж авсан аав нь морьт эргүүлийн цагдаа Ц.Цэвээндорж гэдэг хүн юм. “Айж цочирдсон хүүг гэртээ аваачин гурилтай шөл хийж өгөөд хурган дотортой дээлээр хучин дулаацуулж унтуулсан” хэмээн хожмоо ярьсан байдаг юм. Өргөсөн ачит ээж нь Дашдэлэг гэдэг хүн байв. Залуу гэр бүл хүүг өөрийн мэт өсгөж өндийлгөсөн бөгөөд, араасаа олон дүү дагуулжээ. Сайн айлд үрчлэгдэн, эрүүл саруул өссөн ч Цэцэрлэг гуайг насан туршид нь эсэргүүний хүүхэд гэж хэлмэгдүүлсээр иржээ. Эмнэлэгт үзүүлэх, сургуульд сурах эрхгүй байв. Тиймээс 14 настайдаа замын цагдаа хийж байв. Хэдийгээр сургуульд сураагүй ч хүүхдүүдэд хичээл зааж буй монгол гэрийн хаяагаар харж байгаад монгол бичиг сурчээ. Хожмоо ажилд орж гайгүй сайн хэмээн үнэлэгдэн шагнуулах, дэвших гэхээр өнөөх л эсэргүүний хүүхэд гэсэн шалтгаанаар хойшилдог байлаа. Бүр эсэргүүний хүүхэд гээд шоронд хорьж байсан үе ч бий гэсэн. Цэцэрлэг гуай 37 нас хүртлээ эхнэр авалгүй явсаар ханьтайгаа учирчээ. Тухайн үед эхнэр нь жаахан охинтой, жирэмсэн байсан гэдэг. Тэд ханилан суугаад дахин нэг охинтой болсон бөгөөд Цэцэрлэг гуай зээ нартаа ээжийнхээ нэрийн Мөнх гэдэг үг оролцуулсан нэр өгчээ. Өдгөө түүний үр ач нар нь сайн сайхан амьдарч байгаа бөгөөд цэл залуугаараа хэлмэгдэн буудуулсан өндөр өвөөгийнхөө алдар гавьяаг мөнхлөхөөр амьдрал ажил үйлсийг нь дэлгэрүүлэн судлаж байна. Учир нь хошууч генарал Л.Дэндэвийн намтар түүх, ажил амьдралын тухай мэдээлэл хомс байдаг бөгөөд зарим хэвлэлд зургийг нь солих зэргээр буруу ташаа байдлаар хандсаар иржээ. Тухайлбал, Монголын ардын журамт цэргийн дурдатгалууд гэдэг номонд Л.Дэндэв генералын товч намрыг хэвлэхдээ өөр хүний зураг тавьсанд хүү нь гомдолтой байдгаа ярьсан байдаг.
1962 онд Л.Дэндэв генералын хэргийг цатгаатган, 1921 оны Ардын хувьсгалын анхны партизан нарын нэг хэмээн тэмдэглэн үлдээсэн юм. Одоогоор архиваас материалууд дэлгэрүүлэн хайж байгаа бөгөөд төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хөшөөг нь босгох, ном гаргах хэтийн зорилго үр хойчид нь бий. Энэ нь нэг талаас эцэг, өвгөдийнхөө дурсгалыг хүндэтгэн, ажил амьдралынх нь тухай нийтэлж буй ч нөгөө талаас Монголын түүхийн нэгэн үе хэлмэгдүүлэлтийн тухай хойч үедээ үнэн мөнөөр нь үлдээхэд баримт болох буй за.
Д.ОюунтуЯа