Р.Даваадорж/ Эдийн засгийн ухааны доктор/Ph/ 2004 он.
Тэртээ 1911 оны наймдугаар сарын 15-нд Чин Ван Ханддорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид Хаант Орос улсад айлчлан 2-р Николай хаантай биечлэн уулзаж, цэрэг зэвсгийн болон улс төрийн дэмжлэг хүсч байжээ. Энэ айлчлал үр дүнтэй болж Оросууд манайд 3 сая алтан рублийн зээл олгохоор шийдсэн юм. Дараа жил нь дахиад 2 сая рублийн хүүгүй зээл олгосон төдийгүй Монголд орос цэргийн сургагчдыг ирүүлэх, зэр зэвсэг болон бусад хэрэгцээт эд зүйлс нийлүүлэх тохиролцоонд хүрчээ. 1911-1915 онуудад Цагаан хаант оросын талаас манайд 3 удаа нийт 5.1 сая рублийн зээл болон зэр зэвсгиййн тусламж үзүүлсэн аж.
1921 оны аравдугаар сарын сүүлчээр Намын төв хорооны дарга бөгөөд Сангийн сайд С.Данзан, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар, Гадаад яамны дэд сайд Б.Цэрэндорж тэргүүтэй Ардын Засгийн газрын төлөөлөгчид Зөвлөлт Орос Улсад айлчлан найрамдлын хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрийн нэг чухал асуудал нь Монгол ардын Засгийн газар Зөвлөлт Орос улсын засгийн газраас зээл авах явдал байсан юм. “Орос Монгол хоёрын хоорондох найрамдлын барилдлагааг бэхжүүлэх тухай” хэлэлцээрийн нэмэлт протоколд зээл олгох замаар санхүүгийн тусламж үзүүлэх зарчмуудыг бататган тусгаж манайд сая мөнгөн рублийн тусламж олгохоор шийдвэрлэсэн билээ. Зээлийг 1922 оны 1 дүгээр сарын 1-ээс 4 жилийн хугацаатай олгох ба харин манай Засгийн газар “...зээлдүүлсэн мөнгийг эргүүлэн төлөх тухайд харъяат улсын амьдрал болох үхэр мал, арьс шир, өөх тосны зүйлээр ...” төлөх гэрээ хийжээ.
Хэлэлцээр байгуулагч 2 тал энэхүү нэмэлт протоколоо нууц байхаар тохирсон аж. Ер нь Зөвлөлт Оросын тал Монголд олгох зээлээ эдийн засгийн агуулга, ач холбогдлыг нь бус улс төрийн талаас нь онцлон анхаардаг байжээ. Уулзалт болохоос 13 хоногийн өмнө Зөвлөлт Орос улсын Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чечеринээс В.И.Ленинд илгээсэн танилцуулгад “Найрамдалт Монгол ардын хувьсгалт Засгийн газар бол бидний гарт байгаа маш том хөзөр мөн. Тус улсаар манай хилийн асар уудам зай халхлагдаж бүрэн аюулгүй байдалд байна. Иймд та энэ төлөөлөгчдийг хүлээн авахыг зөвшөөрөх болов уу” гэж дурдсан байдаг. Энэ үеэр Хаант Оросын үед авсан 5 сая рублийн зээлийн гэрээг хүчингүй болгосон тухайгаа мэдэгдсэн нь буурай хөгжилтэй манай орны хувьд маш чухал завшаан байв. Энэ нь Монгол улсын түүхэнд их хэмжээний өрийг тэглэсэн анхны тохиолдол байсан юм.
1934 оны 11 дүгээр сард ерөнхий сайд П.Гэндэн тэргүүтэй БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Москва хотноо уригдан очиход И.Сталин, В.Молотов нар хүлээн авч уулзсан. Тус уулзалтын үеэр Зөвлөлтийн мэргэжилтнүүд манай оронд ажиллах журам, гадаад худалдааны болон 2 орны хамтын ажиллагааны гэрээ зэрэг олон талын баримтад хоёр тал гарын үсэг зурж байв. Энэ үеэр Зөвлөлтийн Гадаад худалдааны банкинд төлөх Монгол банкны өрийг хэрэгсэхгүй болгох тухай Зөвлөлт Засгийн газрын шийдвэрийг БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэнд мэдэгдсэн байна. Түүнд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссарын орлогч В.Стомоняковаас ирүүлсэн ноот бичигт, “...1934 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар бий болсон 29.400.000 рублийн өрийг бүрмөсөн хэрэгсэхгүй болгосныг мэдэгдье” гэж дурьджээ. Тухайн үеийн Монголын Албан татварын хуулийн 3 дугаар зүйлийн хавсралт болгон тогтоосон малын дундаж үнийн жагсаалтад дөрвөн шүдтэйгээс дээш нас гүйцсэн тэмээ 80 төгрөг, соёолонгоос дээш насны шар үхэр 50 төгрөг, соёолонгоос дээш бүрэн хүртэлх шүдний морь 40 төгрөг, соёолонгоос дээш насны эр хонь 7 төгрөг, соёолонгоос дээш насны эр ямаа 4 төгрөгийн үнэтэй хэмээн тодорхойлсон байдаг. Рублийн ханшийг дээрхи малын үнэтэй жишиж тогтоовол өнөөгийхөөс хэдэн мянга дахин өндөр байна. Иймд хойд хөршид төлөх өрийг тэглэсэн дээрх хоёр тохиолдол манай орны хөгжилд түүхэн ач холбогдолтой байжээ.
Харин 1934-1970 оны хоорондох 2 улсын өр зээлийн асуудал бүрхэг байдаг. Чухам энэ үед манайд ЗХУ-ын тусламжтайгаар уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж, өргөн төмөр зам шинээр тавигдсан төдийгүй манай төвийн бүсэд үндэсний үйлдвэрлэл хөгжих үндэс суурь тавигдсан гэж үздэг. Зөвлөлтийн удирдлага 1957 онд “Монгол нефть” “Совмонгол металл” зэрэг хамтарсан үйлдвэрүүдийг Монголын талд шилжүүлсэн ба үйлдвэр, хөдөө аж ахуйн зориулалттай техник худалдан авахад зориулж 200 сая рублийн зээл олгож байв.
Үүний дараа 1960 оны 9 дүгээр сард манай төрийн тэргүүн Ю.Цэдэнбал айлчилж 615 сая рублийн зээл авах болсон төдийгүй 1955 оноос хойшхи зээлийн гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон байна. 1965 оны дөрөвдүгээр сард МАХН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдхүүнээрээ Москва хотыг зорьсон аж. Энэ үеэр Л.Брежнев, Ю.Цэдэнбал нар хамтарсан мэдэгдэл хийж найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ уулзалтын явцад 1966-1970 оны таван жилийн төлөвлөгөөг бүрэн биелүүлэхэд шаардлагатай 470 сая рублийн урт хугацаатай зээл авах гэрээ байгуулсан байна. Харин дээрх зээлүүдийг хэрхэн барагдуулсан талаар баримт одоогоор тодорхойгүй байдаг.
“Их өр” үүссэн хугацаа хэмжээний талаар эх сурвалжуудын мэдээлэл нэлээн зөрүүтэй байсан нь социализмын үед уг асуудал хаалттай сэдэв байж, улсын нууцад хамаардаг байсантай холбоотой. 1990 оны эхэн үеийн Оросын хэвлэл мэдээлэл болон банкнаас гаргасан статистик тоо баримт янз бүр байдаг. Энэ үед манай өр 11-17 тэрбум шилжих рубльд хэлбэлзэж байв. Тухайлбал 1996 онд хэвлэгдсэн “Орос ба Азийн орнууд, ерээд оны улстөр болон хамтын ажиллагаа” гэх номонд 1970-1990 оны хооронд ЗХУ-с Монгол улсад үзүүлсэн эдийн засгийн тусламж, зээлийн хэмжээг авсан оноор нь гаргажээ. Энэ нь тэрбум илүүтэй шилжих рубль болсныг харахад чухам энэ үед “Их өр” үүссэн мэт ойлгогдохоор байдаг.
Харин манайд 1990-ээд оны дунд үе хүртэл олон нийтэд гадаад өрийн талаар ямар нэг мэдээлэл хийж байсангүй. Монгол улсын хувьд 1991 оныг хүртэл зээл, тусламжийг зөвхөн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнууд тэр дундаа ЗХУ-с авч байлаа. Урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн 96%, буцалтгүй тусламжийн 80%-г хойд хөрш бүрдүүлдэг байжээ. Манай Санхүү эдийн засгийн яамны дэргэдэх өрийн удирдлагын 2001 оны тайланд “Их өр 10.433.180 сая шилжих рубль болоод байгаагаас 9.718.730 сая нь үндсэн өрийн, үлдсэн нь хүүгийн төлбөр болно” гэсэн байдаг. Харин “Зууны мэдээ” сонинд /2004-01-03/ 1947-1990 оны хооронд 324 удаагийн хэлэлцээрээр авсан зээлүүд нь “Их өр”-ийг бий болгосон гэжээ.”Их өр”-ийн асуудлаар хоёр орны ажлын хэсэг 1988 онд байгуулагдан ажиллаж байжээ. 1994 онд хоёр улсын ажлын хэсэг нийт зээлийн 5 гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон бөгөөд үндсэн өрийн дүн нь 9572,2 сая шилжих рубль болсон байна. Үүнд:
1. Гадаад худалданы тэнцэтгэлд зориулагдсан зээл-3181,5 сая рубль, 1,5 хувийн жилийн хүүтэй.
2. Техникийн хамтын ажиллагааны /хаа-д болон үйлдвэрлэлийн бүтээн босголт, геологийн хайгуул болон төслийн ажилд зориулагдсан/ 5848,8 сая рубль 1.8 хувийн жилийн хүүтэй
3. “Улаанбаатар төмөр зам” хамтарсан үйлдвэрийн газар 156,9 сая рубль 1,6 хувийн жилийн хүүтэй
4. “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрт 260,4 сая рубль 2 хувийн жилийн хүүтэй
5. “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрийн газар 124,6 сая рубль, 1,9 хувийн жилийн хүүтэй байжээ.
Хэдийгээр Монголын тал “Их өр”-ийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч шилжих рублийг валютад шилжүүлэх нь хамгийн маргаантай асуудал байсан аж. Оросын тал 0,5-1 долларыг 1 шилжих рубльтэй тэнцэх хувилбарыг санал болгож байсныг манай тал зөвшөөрөөгүй, гэтэл ямар эх сурвалжаас авснаа тодотголгүйгээр “Asiaweek” /1993-02-24/ сэтгүүлийн хуудаснаа Монголын Оросод төлөх өрийн хэмжээ 7,1 тэрбум ам.доллар хэмээн зарласныг “Засгийн газрын мэдээ /1993-04-09/ Ардын эрх” /1994-08-10/ зэрэг манай Засгийн газрын төв хэвлэлүүд шүүрэн авч давтаж байжээ. Энэ нь нэг ёсондоо Монголын шилжих рублийн зээлийг валютад хөрвүүлэн нэг иргэндээ 3000 ам.доллар ногдохоор өртэй болсныг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдохоор байгаа юм. Харин албан ёсоор Монголын Засгийн газар “Их өр”-ийг валютад шилжүүлэн тооцох талаар байр сууриа илэрхийлээгүй байдаг. 1980-д оны дундуур хөгжиж байгаа орнуудын өрийн хямрал дээд цэгтээ хүрч дэлхийн валютийн системд аюул нүүрлээд байсан тэр үед Латин Америкийн орнуудын нэг иргэнд 975.2 ам доллар ногдож байсан аж. Тэгвэл манай өр үүнээс 3 дахин их байгаа нь эдийн засгийн гэхээсээ илүү улстөрийн илэрхийлэл байсан гэж үзэж болохоор байна. Учир нь манай улс ийм хэмжээний зээлийн өрийг төлж барагдуулах боломжгүй.
ОХУ өөрийн их гүрний хүчин чадал, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засгийн болон дипломат нэр хүндээ ашиглаж олон улсын санхүүгийн байгууллагуудаар шахалт хийлгэн манайхаас өрөө төлөхийг шаардаж болох боловч энэ нь эдийн засгийн ямар нэгэн тодорхой шийдэлд хүрэхгүй. Учир нь өнөөгийн Монгол улсын эдийн засаг ямарваа нэгэн өр төлөх чадваргүй байгаа. 2003 оны дүнгээр манай улсын нэг иргэнд ноогдох дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээ 500 ам доллараас бага байна. Энэ нь бага орлоготой нэн ядуу орны жагсаалтад, тодруулбал Африкийн ядуу орнуудтай мөр зэрэгцэн дэлхийн улс орнуудын сүүлийг мушгиж байгаа гэсэн үг. Дотоодын санхүүгийн нөөц хомс, эдийн засгийн алдаатай бодлого хэрэгжүүлж байсан зэрэг нь улсын төсвийг алдагдалтай батлуулахад хүргэдэг. Жил бүр донор орнуудаасаа 330 орчим сая ам доллар зээлж төсвийн цоорхойг нөхөж байна. Энэ нь манай улс гадаадын санхүүжилтээс тогтмол хараат гэсэн үг. Олон улсын стандартаар гадаад зээл нь ДНБ-ийхээ 60 хувьд хүрэхэд л тухайн улс өрийн дарамттай орны ангилалд багтдаг. Гэтэл 1991 оноос хойш авсан манай гадаад зээлийн хэмжээ нэг тэрбум ам доллартай тэнцэж ДНБ-ийхээ 90 хувьд хүрчээ. Хүн амын 40 орчим хувь нь нэн ядуу амьдарч байгаа. Ийм хүнд нөхцөлд Монголын эдийн засагт “Их өр”-ийн 2 хувь ч хүндрэл учруулна гэдгийг орос ах нар биднээс илүү тооцсон байгаа.
Хойд хөрштэй хийж байсан гадаад худалдаанд эрх тэгш бус байдал ноёрхож байсан нь 2 орны хамтын ажиллагааны үр өгөөжийг бууруулаад зогсохгүй гадаад өрийг тодорхой хувиар өсгөсөн гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал зөвхөн 1965 оноос эхлэн манай улс ЗХУ-д 3 сая тн мах амьдын жингээр, 270 сая тн ноос болон ямааны ноолуур, 15 сая тн арьс шир экспортолсон. Тэгвэл бид зөвхөн 1975-1990 оны хооронд тухайн үеийн Орос дахь бөөний үнээр тооцоход 6,9 тэрбум рублийн үнэ хүрэх мах, түүхий эдээ 1,9 тэрбум рублиэр борлуулжээ.
Манай бэлтгэн нийлүүлэлтийн болон бөөний үнийн зөрүү болох таван тэрбум рубль ЗХУ-ын төсөвт орсон байх жишээтэй. 1973-1974 онуудад болсон дэлхийн эрчим хүчний хямралаар нефтийн үнэ огцом өсч, машин механизм, техник тоног төхөөрөмжийн үнэ даган нэмэгджээ. Үүнтэй холбоотой хойд хөршөөс зээлээр авч байсан бараа таваарын үнэ хоёр дахин нэмэгдсэн байхад Монголын экспорт 30 хувь өссөн байна. Зөвхөн энэ зөрүүнээс гадаад өр 33 хувиар буюу 1650 сая рублиэр нэмэгджээ.
Крымд 1978 оны 8 дугаар сарын 23-нд Л. И. Брежнев, Ю. Цэдэнбал нарын нөхөрсөг уулзалт болжээ. Энэ үеэр Ю. Цэдэнбал мал аж ахуйн хөгжилд саад болж байгаа шалтгааны талаар тайлбарлахдаа “...Монголын хүн амын жилийн өсөлт гурван хувь байхад ХАА-н нийт бүтээгдхүүний өсөлт үүнээс нэлээн бага байна. Нэгдэл , САА-нууд ашиггүй ажиллаж байгаа нь ХАА-н бүтээгдхүүний үнийг дэндүү доогуур тогтоосонтой холбоотой. Тухайлбал, Монголтой бараг ижил төстэй нөхцөлд байдаг Буриадын Автономит улсын ХАА-н бүтээгдэхүүний үнийг манайхтай харьцуулаад үзье. Тэнд тонн үхрийн мах 1300 рублийн үнэтэй байхад манайхаас 457 рублиэр, хонь, ямааны мах тус бүр 1280 рубль байхад хонины махыг 432, ямааны махыг 312 рублиэр тус тус бэлтгэн нийлүүлж байгаа юм. Тэгэхээр бид махаа танай бөөний үнээс даруй гурав дахин хямд үнээр нийлүүлж байна. Бид 20 жилийн турш энэ үнээ өөрчлөлгүй мах бэлтгэн нийлүүлсээр ирсэн юм. Иймээс махны үнээ өсгөх шаардлагатай байна.” гэж хэлсэн нь тэмдэглэн үлджээ. Эрх тэгш бус гадаад худалдаа нь улс орны эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг тухайн үеийн эдийн засагчид, эрдэмтэд шүүмжилж байжээ.
“Хувьсгалын эхэн үед Монголын гэр бүл өөрийн гэсэн толгой хоргодох орон гэртэй байсан. Харин одоо тэр нь элэгдэн, ноорхой болсон төдийгүй амьдрал ч хүнд боллоо” (Ц. Дамдинсүрэн), “Бид 13 төгрөгөөр кг хуурай сүү худалдаж авдаг мөртлөө амьд ямааг бараг энэ үнээр гадаадад зарж байна” (Дорж, МУИС), “Найрамдал бол найрамдал. Наймаа бол наймаа байх ёстой. Ямарч улс орны хувьд өөрийн эрх ашгаа умартсан худалдаа байх ёсгүй” (Норовсамбуу), “Улс хоорондын харилцаанд тэгш эрх, тусгаар тогтнол, бие биеэ хүндэтгэх нь юу юунаас чухал. Харин улс орны хүчирхэг байдал эсвэл дорой буурай хөгжил нь үүнд нөлөө үзүүлэх ёсгүй” (Цагаанхүү, Тимирязевийн нэрэмжит ХАА-н академи) гэх мэтээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж, улс орныхоо хөгжил дэвшилд санаа зовниж явсан манай олон шилдэг хүмүүс хожим нь “Сэхээтний төөрөгдөл” гээчид хамрагдан хохирсон нь туйлын харамсалтай.
Монголчууд төдийгүй Оросын эрдэмтэд хүртэл хамтын ажиллагааны зарим алдаа дутагдлыг шүүмжилж байв. ОХУ-ын парламентийн дэргэдэх гадаад өр, зээлийн комиссын гишүүн доктор, профессор Б.А. Хейфец “Гадаад өрийн шийдэл” номондоо, “...ЗСБНХУ хөгжиж буй болон бага буурай орнуудад их хэмжээний зээл олгож, буцалтгүй тусламж үзүүлж байсан хэдий ч энэ нь үргэлж үр ашигтай байж чадаагүй. Тухайлбал, Монголд барьж байсан олон зуун объектыг хугацаанд нь ашиглалтад оруулж байгаагүйгээс их хэмжээний нэмэлт зардал гарчээ. Малын гаралтай түүхий эд, ашигт малтмалыг зөвхөн анхан шатанд нь боловсруулах үйлдвэр барихад анхаарч байсан нь эдийн засгийн үр өгөөжид сөргөөр нөлөөлсөн. Хөнгөн хүнсний болон бусад үйлдвэр барихад бодит хэрэгцээг тооцохгүйгээр нүсэр том байгууламж босгосон нь зээлийн хөрөнгийг хий дэмий үрсэн гэж үзэхээс өөр аргагүй. Харин хамтарсан үйл ажиллагаатай эцсийн бүтээгдхүүн бий болгох үйлдвэр барих бодлого хэрэгжүүлсэн бол хоёр орны эдийн засагт үр өгөөжөө өгөх байсан...” хэмээн бодит үнэнийг тэмдэглэн бичжээ. Тэрээр, “...1971-1985 оны хооронд Монголд оруулсан нэг хувийн хөрөнгө оруулалтын өсөлт нь (хөрөнгө оруулалтын дөрөвний гурав нь Зөвлөлтийн зээл байсан) Монголын үндэсний орлогыг 0,4 хувь өсгөж байсан бол Европын орнуудын хувьд энэ үзүүлэлт 1,3 хувь байснаас үзэхэд хоёр орны хамтын ажиллагааны эдийн засгийн өгөөж маш бага байсныг гэрчилж байна” гэж маш оновчтой дүгнэсэн байдаг.
ОХУ-д төлөх “Их өр”-ийг улс орны язгуур эрх ашигт нийцэх хэмжээнд шийдэж болох хэд хэдэн боломжит хувилбар байсан юм. Харамсалтай нь манай Засгийн газар энэ чухал асуудлыг шийдэхдээ хэт яарч, улстөржүүлэх үүднээс ханджээ. Монголын тал “Их өр”-ийг шийдэхдээ зайлшгүй тавих хэд хэдэн чухал үндэслэлүүдийг хөндөлгүй орхигдуулжээ гэж дүгнэж болохоор байна. Үүнд:
Нэгдүгээрт, Олон мянган сүм, хийдийг нурааж, тэнд шавилан сууж байсан мянга мянган лам, хувраг болон Монголын төрт ёсны уламжлалыг хамгаалж, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсан ерөнхий сайд, төрийн зүтгэлтнүүд, тэргүүний шилдэг сэхээтнүүдийг устгах харгис бодлого явуулж байсны хор уршгийг тооцох ёстой байсан. ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссарын орлогч Фриновский “Хуйвалдаан” гэх нэрийн дор 115 хүний нэрсийн жагсаалтыг авчирч, тэднээс 60 гаруй хүнийг 1937-09-10-ны шөнө БНМАУ-ын Дотоод явдлын яамнаас дайчлан баривчилснаар хувьсгалын эсэргүү, тагнуул, хорлон сүйтгэгчдийн бүлгийг илрүүлэх улс орныг хамарсан өргөн хэлмэгдүүлэлт, улстөрийн залхаан цээрлүүлэлт эхэлсэн түүхтэй. Гадаад өрийн асуудлаар хэлэлцээр хийхэд Монголын талаас тавих хамгийн чухал асуудлын нэг хэлмэгдүүлэлт байсан. Бүхэл бүтэн улсын сэхээтний давхаргыг устгаж Монгол үндэстний сэтгэн боддог генийн санг үгүй хийсэн гэхэд хилсдэхгүй. Монголын түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй энэ хэлмэгдүүлэлтийг ямар нэгэн мөнгөн дүнгээр илэрхийлж боломгүй. ЗСБНХУ-д төлөх гадаад өрийн асуудал сөхөгдөхөд хуучин социалист орнууд ийм асуудлыг хамгийн түрүүн сөргүүлэн тавьдаг. Жишээлбэл, 1991 онд Польш улс ЗХУ-д 4.7 тэрбум шилжих рубль болон 1.8 тэрбум ам.долларын гэсэн хоёр төрлийн зээлийн өртэй байсан юм. Харин Польшийн Засгийн газар хэлмэгдүүлэлттэй холбоотой тодорхой баримт гаргаж ирсэнээрээ 7.7 тэрбум шилжих рубль болон 300 сая ам.долларыг нөхөн төлөхийг Оросуудаас шаардсан. Тус хоёр орны төлөөлөгчид энэ асуудлаар хэд хэдэн удаа уулзалт хийсний үр дүнд 1996 оны 11 дүгээр сарын 13-нд Москва хотноо Орос-Польшийн талууд гадаад өрийн “тэглэх хувилбар ба нэмэлт” гэсэн гэрээнд гарын үсэг зурцгаасан. “Нэмэлт” гэдэг нь оросууд 20 сая ам доллар төлөх болсныг тодотгож байгаа бөгөөд 1999 онд цэргийн тусгай техник нийлүүлж өрөө төлсөн байдаг.
Хоёрдугаарт, Өрийн нийт дүнгээс дээр дурдагдсан гадаад худалдааны зөрүү 6.650 тэрбум шилжих рубль /зөвхөн 1975-1990 онд мах, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэх буюу Оросын бөөний үнийн зөрүү таван тэрбум рубль, экспортын зөрүү 1650 сая рубль/ Оросын олон зуун мянган цэргийн хөлд талхлагдсан 420 орчим мянган га газрын байгалийн нөхөн төлбөр, хойд хөршид зөөж аваачсан түүхийн дурсгалт, соёлын хосгүй үнэт эд зүйлсийн тоо /Оросын түүхийн томоохон музейнүүд, тухайлбал Эрмитажийн дөрөвдүгээр давхарт Монголын гайхамшигт бурхдууд одоо болтол хадгалагдаж байна/ үнэ цэнийг тооцож хасвал өр гэхээр юм үлдэхгүй. Монголчууд үргэлж зээл тусламж аваад зүгээр суугаад байгаагүй, их хөршийнхөө нүсэр үйлдвэрлэлийг хямд түүхий эдээр бүтэн зууны турш хангасан. Манайх стратегийн чухал түүхий эд болох уран, зэс молибден болон бусад үнэт металлыг ЗСБНХУ-д зах зээлийн үнээс хямдаар нийлүүлж байсан юм.
ЭЗХТЗ үйл ажиллагаагаа зогсоосны дараа ЗХУ социалист орнуудтай өр, зээлийн тооцоогоо нарийвчлан хийжээ. Гэтэл хойд хөршийнхөн маань өөрсдөөсөө арай илүү хөгжилтэй гэгдэх Зүүн Герман, Чехословак, Унгар зэрэг улсад өртэй, харин хөгжлөөр дутуу Монгол /9542.7 сая рубль/, Куба /15490.6 сая рубль/, Вьетнам /9131.2 сая рубль/ гэх мэт орнуудаас авлагатай гарчээ. ЗХУ баруун Европын социалист орнуудад нефть, хийн түлш, түүхий эдээ дэлхийн зах зээлийн үнээс хямдаар нийлүүлж, оронд нь чанарын шаардлага хангаагүй бараа таваарыг өндөр үнээр импортлон авдаг байсан аж. АНУ-ын тагнуулын төв газрын /1985 оны/ тооцоогоор баруун Европын орнууд ЗХУ-с 1954-1983 оны хооронд олгосон гадаад худалдааны хөнгөлөлтөөс 65 тэрбум ам долларын ашиг олсон гэжээ. Тэгэхээр социализмын бүтээн байгуулалтын үед улс орон өртэй байх эсэх нь эдийн засгийн бодлогоос, тодруулбал гадаад худалдаагаа хэрхэн ашигтай хийж байснаас шалтгаалж байжээ. Баруун Европын улсууд өрийн асуудлаар хэлэлцээ хийхдээ гадаад худалдааныхаа зөрүүг тооцож иржээ. Үүний үр дүнд 2002 онд Германд төлөх ёстой социализмын үеийн зургаан тэрбум ам долларын зээлийн гэрээг цуцалж, 500 сая евро хүртэл 12 дахин буулгаж чаджээ. Харин манай улс “Их өр”-өө шийдэхдээ ямар шалтгаанаар гадаад худалдааны зөрүүг тооцоогүй нь ойлгомжгүй байдаг.
Гуравдугаарт, Манай хоёр орон онцгой маягийн буюу олон улсын харилцааны сонгомол ойлголтоор эрх тэгш харилцаатай байгаагүй. Бүхэл бүтэн зууны турш Монгол улс “ах” нарын батлан хамгаалах болон улстөрийн аюулгүй байдлын түшиц, бамбай болсоор ирсэн билээ. Монголч эрдэмтэн О.Латимор 1936 онд бичсэн номондоо “Монгол улс нь Зөвлөлтийн хиймэл дагуул мөн” хэмээгээд тус хоёр орны жишээн дээр “хиймэл дагуул” улсад байдаг найман шинжийг тоочсон байдаг. Америкийн эдийн засагч Жорж Мерфи “Зөвлөлтийн Монгол. Анхны улстөрийн хиймэл дагуулын судлал” номондоо дагуул улсын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Ер нь гуравдагч орон төдийгүй орос ах нар хүртэл Монголыг Зөвлөлтийн 16 дахь улс хэмээн тооцож, “Тахиа шувуу биш, Монгол гадаад биш” хэмээн ярилцдаг байсныг олон хүн санаж байгаа байх. Тэгэхээр 80 жилийн турш ах дүүгийн найрамдалт харилцаа ба онцгой нөхцөл, өвөрмөц түүхээ бодолцоод өрийн асуудлыг улстөрийн үүднээс шийдвэл тэглэж болох байсан юм.
Харин ОХУ 1995-1997 онд алс холын Перугийн үндсэн зээлийн 87 хувь, Никарагуагийн 90 хувийг тэглэж байжээ. Оросод өртэй орнуудын дийлэнх нь хөгжиж байгаа, эдийн засгийн хөгжил сул дорой улсууд байдаг тул олгосон зээлийг эргүүлж авна гэдэг бараг бүтэхгүй мөрөөдөл гэнэ. Африкийн Сенегал, Буркино Фасо, Чад, ӨАБНУ, Эквадорын Гвиней зэрэг орнууд одоо хүртэл авсан зээлийнхээ төлбөрийг хийж эхлээгүй байна. Гэтэл зөвхөн хүү нь үндсэн зээлийнхээ 96.5 хувьд хүрсэн Танзани болон Замби /96.7 хувь/ Сомали /87.8 хувь/ зэрэг улсуудаас чухам юуг буцааж авах нь тодорхойгүй. Мөн хоёрдогч өрийн зах зээл дээр Суданы зээлийн нэг ам.доллар нь 1-2 цент хүрэхгүй ханштай байхад Афганистан, Мали, Сомали, Камбож гэх мэт улсуудын зээлийн ханшийн үнэлгээ ерөөсөө байхгүй байна. Ийм улсу орны зээлийн өрийг 98-100 хувь хөнгөлөхөөс өөр зам байхгүй.
Дөрөвдүгээрт,Энд хэн хүнгүй анзаарах арифметик алдаа байна. “Зууны мэдээ” сонины 2004 оны эхний дугаарт “Монгол улс ОХУ-д 11.4 тэрбум шилжих рублийн өртэй. Үүний 98 хувийг чөлөөлж үлдсэнийг нь богино хугацаанд бүрэн шийдвэрлүүлэхээр Ерөнхий сайд Н.Энхбаярыг ОХУ-д айлчлах үеэр 2 тал тохиролцсон” гэж мэдээлжээ. Харин өрийн хоёр хувь 228 сая шилжих рубль болох учиртай. Гэтэл “рублийн зээл”-ийн төлөх хувь доллар болж хувираад зогссонгүй бас 250 сая болтлоо нэмэгджээ. “Их өр”-ийг Парисийн клубын зарчмаар бус онцгой нөхцлөөр тохиролцож төлөхөөр болсноо албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгхээр “Их өр”-ийн хоёр хувийг төлөхдөө 1:1 гэсэн коэффициентээр рублийг ам долларт шилжүүлэх учиргүй юм. Харин орос бусад социалист орнуудтай тохиролцон хэрэглэдэг 10:1 гэсэн итгэлцүүрийг ашиглабал “Их өр”-ийн хоёр хувийн төлбөр 228 сая рубль буюу 22.8 сая ам доллар болох ёстой. ОХУ 1997-09-17-нд Парисын клубын бүрэн эрхт гишүүн болсноор шилжих рублийн зээлийн төлбөрийг ам доллартай 1:1 гэсэн харьцаагаар тооцож авах болсон хэдий ч “Их өр”-ийг шийдэхэд тус клубын зарчим огт хамаарахгүй учраас 250 сая ам долларын төлбөр хийх учиргүй.
Тавдугаарт, Парисын клуб нь ”Торонтын”, “Хьюстоны”, “Тринидадын”, “Лионийн” гэх мэт нөхцлүүдээр хөгжиж буй зээлийн дарамттай улс орнуудын төлбөл зохих өрийг 50-80 хувь хүртэл хүчингүй болгодог байсан юм. Харин 1999 онд Кельнд болсон “Их найм”-ын уулзалтаас өрийн дарамтад нэрвэгдсэн хөгжиж буй улс орнуудын /Монгол улс энэ ангилалд багтдаг/ гадаад өрийг 90 хувь буюу зарим онцгой тохиолдолд тэглэх болзолтой “Кельнийн өрийн санаачилга”-ыг баталсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Тиймээс “Кельнийн өрийн санаачилга”-ыг ашиглаж чадсан бол өрөө тэглэх бүрэн боломжтой байж.
Монгол улсын иргэн бүрийн ашиг сонирхолтой шууд холбоотой энэ асуудлыг шийдэхэд дээрх хувилбаруудаас сонгож чадаагүй нь харамсалтай. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Ерөнхий сайд М.Касьянов Монголд айлчлахдаа өрийн асуудлыг онцгой хөнгөлөлттэйгөөр, манай эдийн засагт дарамт болохгүйгээр шийдэхээ амлаж байсан билээ. Гэтэл хойд хөршид төлөх ёстой байсан гуравдахь /1921 онд цагаан хаант Оросын үед авсан таван сая рублийн болон 1934 онд Зөвлөлт Орос улсын Засгийн газраас авсан 29.4 сая рублийн зээлийн гэрээг хүчингүй болгосон/ удаагийн өрийн асуудлыг шийдэхдээ анх удаа 250 сая ам долларын төлбөр хийж хүнд байгаа эдийн засагтаа нэрмээс боллоо.
“Их өр”-ийг шийдсэн асуудал нь хууль эрх зүйн хувьд ч ойлгомжгүй байдаг. Гадаадын улс орнуудаас ОХУ-д төлөх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах буюу гадаад өрийг тэглэхэд “ОХУ-н төсвийн хууль”-ийн 127 дугаар зүйлийг мөрдлөг болгодог. Тус зүйл ангид заахдаа “Гадаад улс орнуудаас ОХУ-д төлөх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах болон хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Төрийн ДУМ баталгаажуулсан үед хүчин төгөлдөр болно. Харин ОХУ бусад олон улсын санхүүгийн байгууллага, клубуудтай хамтарч олон улсад мөрдөгддөг нийтлэг нөхцлөөр шийдсэн тохиолдол дээрх заалт үл хамаарна” гэсэн байдаг. Тэгэхээр “Их өр”-ийн 98 хувийг тэглэсэн гэх гэрээ зөвхөн ОХУ-ын төрийн ДУМ буюу парламент баталгаажуулсан тэр цагт л хүчин төгөлдөр болох нь.
2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины баталсан “ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын концепц”-н гуравдугаар зүйлд “Улсын гадаад болон дотоод өрийн өсөлт нь ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд учруулах аюул занал” гэж тодорхойлжээ. Гадаад өр зээлийн хэмжээг олон улсын стандарт нийцүүлэх, энэ асуудлыг зөв шийдвэрлэх нь Монгол Улсын газар нутаг, тусгаар тогтнол, бидний ирээдүй болсон хойч үеийнхний хувь заяа, тэдний сайн сайхан амьдралтай салшгүй холбоотой. Харин ямар нэгэн намын сонгуулийн өмнөх шоу яавч биш билээ.