Гиннессийн номд бичигдэхүйц
дүнтэй хулгайн хэрэг
Р.Даваадорж
- эдийн засгийн ухааны боловсролын доктор
2017
он гарангуут Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийх Ажлын
хэсэг байгуулагдаж, төд удалгүй 5 сарын 19 өдөр УИХ эдийн засгийн байнгын
хороон дээр дүнгээ танилцуулав. Монголбанкинд 3,019.3 тэрбум (3 их наяд)
төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн гэх дүгнэлт гарчээ. Ийнхүү УИХ
гишүүдийн нийгмийг цочроосон айхтар мэдэгдлүүд шил шилээ даран хөвөрч эхлэв.
Хэвлэл мэдээллийн сувгууд ч нэн
шуурхай дамжуулах
аж.
Дэлхийн санхүүгийн түүхэнд гарч байгаагүй асар их “мөнгөн дүнтэй” луйвар гарсан болохоор аргагүй биз. Сурвалжлагчийн
ажил хийж яваад гишүүн болсон нэгэн news.mn сайтад “14 их наяд төгрөгийг
салхинд хийсгэчихсэн байна” гэсэн сүржин ярилцлага өгчээ. Харин Баянхонгор аймгөөс сонгогдсон гишүүн www.info.mn
сайтад “2012-2016 онд Төв банк улсад ямар ч ашиггүй своп, форвард хэлцлийг
хэдхэн арилжааны банктай хийсэн” хэмээн ихэд мэдэмхийрчээ. Гэвч зарим гишүүд шалгалтын үр дүнг улс
төржүүлэх шаардлагагүй, нухацтай авч үзэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж
байсан нь УИХ гишүүн Д.Сарангэрэлийг ихэд эмзэглүүлжээ. Тэрээр УИХ чуулган дээр
”Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хуралдааныг өчигдөр телевизээр үзлээ.
Үзээд үнэхээр харамссан. Итгэж, хүндэлж явдаг гишүүдийн амнаас итгэхийн аргагүй
үг гарч байна билээ” хэмээн өндөр дуугаар мэдэгдэхэд хүргэв. Харин бусдаасаа илүү туршлагатайд тооцогдох
нэг эрхэм “Монголбанкыг өмөөрсөн гишүүд үгээ татаж ав, УИХ хариуцлага ярьдаг
газар” хэмээн омогдлоо.
Ингээд хэлсэнээ батлахын тулд чуулганд оролцож байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөс “Монгол банк аж ахуй нэгжид
зээл өгсөн нь үнэн биз дээ” гэж зандрангуй асуухад, “Монгол банк зөвхөн арилжааны банкуудад зээл
олгодог” хэмээн мэргэжлийн банкирын сулхан дуу чуулганы танхимд суугаа дийлэнх
гишүүд сонсохыг хүссэн хариулт огт биш байлаа. Ийнхүү хулгайлсан мөнгөн дүнгээрээ “Гиннессийн
ном”-д баттай бичигдэх луйврын эздийг тодруулан яллаж байхтай зэрэгцээд,
удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдах нь тодорхой боллоо гэх яриа
дэгдэж эхлэв ээ.
УИХ-ын
эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт
хийсэн ажлын хэсэг зөвхөн нэг намын төлөөлөлтэй байжээ. Мөн
мэргэжлийн бус ойлгомжгүй, хэтэрхий улс төржсөн дүгнэлт хийсний үр дүн нь ийнхүү гишүүд буруу ташаа мэдэгдэл хийхэд
хүргэжээ.
Монгол
банк болон арилжааны банкны ялгаа
1991
онд "Банкны тухай хууль" батлагдаж Монгол Улс Төв банк ба арилжааны
банк гэсэн 2 шатлалт тогтолцоотой болсон юм. Төв банк болон арилжааны банкны
хэрэгжүүлж буй үүрэг, зорилго нь хоорондоо тэс ондоо. Арилжааны банк иргэд, аж
ахуйн нэгжээс харилцах, хадгаламж татан төвлөрүүлж, цааш нь хэрэгцээтэй хувь
хүн, аж ахуй нэгжид зээл олгодог ашгийн төлөө санхүүгийн байгууллага юм. Харин
Төв банк нь мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргадаг, мөнгөний бодлогыг улс орон даяар
боловсруулж хэрэгжүүлдэг ашгийн бус харин
бодлогын байгууллага. Тиймээс дуулиант Хадгаламж банкнаас ерөнхий
ня-бо нь хэдэн тэрбумаар хулгайлж байсан үйлдэл Төв банкинд давтагдах
боломжгүй. Учир нь Төв банк шаардлагатай үед зөвхөн арилжааны банкинд зээл
олгодог юм. Төвбанкинд хоёр үндсэн үүрэг байдаг нь инфляцийг тогтвортой байлгах,
санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал. Энэ
зорилгод хүрэхийн тулд тодорхой арга хэрэгслүүдийг ашигладаг. Үүнд бодлогын
хүү, зайлшгүй байлгах нөөц, төв банкны үнэт цаас борлуулах, худалдан авах...
зэргийг дурьдаж болох юм. Мөнгөний бодлогын үр дүн шийдвэр гарсны дараа
тодорхой цаг хугацааны хоцрогдолтой илэрдэг. Учир нь аливаа хэрэгжүүлэх бодлого
нь валютын ханш, хүү, зээлийн хэмжээ, хөрөнгийн үнэ гэх зэрэг тодорхой сувгаар
дамжин улсын эдийн засаг, санхүүгийн тогтолцоонд нөлөөлдөг билээ. Дамжлагын эхний
цэг нь бодлогын шийдвэр гаргах, эцсийн цэг нь үнийн түвшин байх юм. Дүгнэж үзвэл тухайн үеийн эдийн засгийн нөхцөл
байдлаас шалтгаалан Төвбанк мөнгөний бодлогоор дамжуулан урт хугацаанд эдийн
засагт өсөлт авчрах, инфляцийг
нам түвшинд барих зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж иржээ.
Тухайн
үеийн эдийн засгийн нөхцөл байдал
Монгол
улс 2010-2012
онуудад эдийн засгийн өндөр өсөлттэй байсан. Манай экспортод түүхий эдийн эзлэх
жин 2011 онд 93.8 хувь хүрч, нийт валютын урсгалын 90 гаруй хувийг бүрдүүлж
байв. Энэ нь Монгол Улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын
үнэ, гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай болсон нотолгоо. Энэ үед
улсын төсөв болон мөнгөний бодлого хуримтлал бус хэрэглээг дэмжиж байсан.
Хэрэглээ хэрээсээ хэтэрч, зөвхөн 2011 онд суудлын автомашины импортын төлбөрт
1.0 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан байдаг. Ийн олсоноосоо илүүтэйг зарцуулж
тансаглаж байх үед түүхий эдийн үнэ навс унаж эхэлсэн аж. Ийнхүү 2013 оноос
дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, манайх руу чиглэж
байсан ГШХО огцом буурч эдийн засгийн өсөлт саарч, ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан
боллоо. Ийм хүндрэл уул уурхайн салбараас хамааралтай Африк орнууд төдийгүй
газрын тос экспортлогч ойрхи-дорнод (Бахрайн, Кувет, Оман, Катар, Саудын Араб
болон Арабын нэгдсэн улс), төв азийн (Азербайжан, Казахстан, Туркменистан болон
Узбекстан) орнуудад нэгэн зэрэг тулгарсан юм. Тухайн үед нүүрсний үнэ огцом
унаж, экспортын орлогын хомсдол үүсч, дотоодын нийт бүтээгдэхүүний 76 хувьтай
тэнцэх хэмжээний буюу 14.6 их наяд төгрөгийн хоосон орон зай үүссэхэд Монгол
улсын эдийн засаг огцом агшиж, ДНБ-ний өсөлт огцом унах, ажилгүйдэл эрс
нэмэгдэж 180 мянган ажлын байр алдах, дотоод активын үнэлгээ 50 хувиар буурч
санхүүгийн тогтворгүй байдалд хүргэх бодит аюул нүүрлэв.
Ийм
хүнд нөхцөлд өрхийн орлогод нөлөөлөх ачааллыг багасгах, ажлын байрыг хамгаалж
үлдээх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дундаж давхаргын хуримтлалыг
нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх зорилготой хөтөлбөрүүдийг
Засгийн газар хэрэгжүүлжээ. Харин Монгол банк арилжааны банкуудаар дамжуулан
санхүүжүүлсэн аж.
Ажлын
хэсгийнхний илрүүлсэн гэх алдаа
Ажлын
хэсэг улс төрийн зорилго агуулсан дүгнэлт гаргасан байдаг. Үүнд:
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх
зорилгоор хөнгөлөлттэй олгосон зээлийн хүү 3,8-17 хувь байсан нь арилжааны
зээлийн хүү болох 24 хувиас бага байгаа учраас энэхүү зөрүүг Монгол банкны ерөнхийлөгчтэй хамаатуулжээ.
Тухайлбал, шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөрөөс Монголбанк
354,278.43 сая төгрөгний алдагдал хүлээсэн гэх дүгнэлт гарчээ. МАН засгийн эрхийг барьж байсан 2005-2012 оны
хооронд Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөр (2 шаттай), “Атрын гурав дахь аян”,
“Алт”... зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тухайн үеийн Монголбанк их
хэмжээний хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Энэ бүхнийг “хулгай хийлээ”
“хүүгийн зөрүүг Монголбанкны ерөнхийлөгч хулгайлсан” хэмээн улс төржөөгүй санагдана. “Гол нэрийн бараа,
бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр мах, гурил,
жижиглэнгийн худалдааны шатахуун зэрэг нь нийт иргэдийн орлогод ирэх дарамтыг
багасгах, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх бодит үр
дүнд хүрсэн байдаг.
Тухайн хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт
инфляцийн 35%-ийг эзэлдэг байсан бол 2013 онд 2 дахин, 2014 оны эхний 9 сард 7
дахин буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсан байдаг.
“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн
тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”- нь эдийн засгийн өсөлтийг хуримтлал
болгодог загварт суурилснаараа дунд, урт хугацаанд инфляц буурах, эдийн засаг
тогтвортой өсөх нэг чухал нөхцөлийг бүрдүүлжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн
даруйд 120 мянган иргэн сар бүр өрхийн орлогынхоо 30-45 хувийг хуримтлал
болгож, ипотекийн зээлийн төлбөрт дунджаар 30 тэрбум төгрөгийг сар бүр
төвлөрүүлж эхэлжээ.
Мөн 2012-2016 оны хооронд их хэмжээний
интервенц хийснээр Монгол улсын гадаад валютын нөөц 1,296.4 сая ам долларт хүрч
валютын нөөцийг шавхсан.
Монголбанк своп, форвард хэлцлээс нийт 1,726 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж
энэ дүнгээр арилжааны 8 банк ашиг олсон хэмээжээ. Гадаад валютын дуудлага худалдаа буюу
интервенц гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй
явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах
зорилгоор Монголбанкны санхүүгийн зах зээлд оролцох нэг арга хэрэгсэл. Харин
ам.долларын своп/форвард хэлцлийн хувьд арилжааны банкуудын богино хугацааны
төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх, валютын ханшийн
огцом савалтаас хамгаалж Монголбанк хэрэгжүүлдэг. Тэгэхээр энд ашгийн тухай
ойлголт байхгүй. Үе үеийн Монголбанкны ерөнхийлөгчдийн үед хэрэгжиж байсан, хэрэгжиж байгаа, хэрэгжих үйл
ажиллагаа. Эдийн засгийн хямралтай үед гадаад валютын нөөц багасаж эдийн засаг
сэргэсэн үед нөхөгдөж байдаг.
Ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй үед Монгол банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой
байдлыг хангах, мөнгөний нийлүүлэлтийг зохистой түвшинд барих, төгрөгийн
ханшийг хамгаалах, инфляцийн түвшинг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих
зорилгоор мөнгөний бодлогод нөлөөлөх арга хэрэгслүүдийг хуульд заасан дагуу
хэрэгжүүлж ирсэн юм билээ. 2012-2016 онуудад Монголбанкны хэрэгжүүлсэн бодлого,
үйл ажиллагаа Монгол улсын хууль тогтоомж, УИХ-аас баталсан тогтоол шийдвэрийн
хүрээнд хэрэгжсэн байна.
Дэлхийн
нийтээрээ эдийн засгийн хямрал тохиож, онцгой нөхцөл байдал үүсэхэд Төв банк нь
бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийнхээ өдөр тутмын амьдралд ирэх дарамтыг зөөллөх
зорилгоор хөнгөлөлттэй санхүүжилт олгох бодлого хэрэгжүүлж ирсэн. Тиймээс
“авралын цор ганц зээлдүүлэгч” гэх нэршил гарсан юм. Ийм асуудлаар ч улс
төржөөд байдаггүй.
Төгсгөлийн оронд: 14 их наяд төгрөг нь
Монгол улсын 2012,2013 оны бүтэн 2014 оны хагастай тэнцэхүйц хэмжээний төсвийн орлогын мөнгөн дүн юм. Хэрвээ хэн
нэгэн ийм их хэмжээний мөнгийг хулгайлчихсан бол Монгол улс бүтэн 3 жил үйл
ажиллагаа явуулж чадаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг хаагдаж,
хуулийн байгууллага ажиллахгүйгээр барахгүй, дархан хилээ хамгаалах боломжгүй
болж таарна. УИХ ч хуралдаагүй... ҮҮНД ИТГЭХ ХҮН хэд байдаг юм бол доо?