ХУАЦЯО хуурмаг төрх
Раднасэдийн Даваадорж(эдийн засгийн ухааны боловсролын доктор)
1990 оны 6 сар. Эрхүүгийн политехникийн дээд сургуулийн төгсөх курсын оюутнууд дипломын ажлаа хамгаалах хариуцлагатай цаг үе байлаа. Олон жил суралцсаны эцэст ажлын гараагаа эхлүүлэх сайхан боломж . Ийм хариуцлагатай давааг давсан хүн бүр тэмдэглэдэг учиртай. Нэг удаа манай тэнхимийн “хурдан морины хоббитой”, сүрхий үндсэрхэг үзэлтэй ах “дипломын баяр” хийж билээ. Идэж уух нь элбэг дэлбэг сүрхий бэлтгэсэн нь очсон бүхэнд анзаарагдам. Оюутнууд болсон хойно шөнөжин наргиж үүр цайлгасан санагдана. Зарим нь өндөрлөж, хэтрүүлсэн нөгөө нь ундуй сундуй хэвтэх үеэр сүрхий согтсон найрын эзэн хундаганы үг хэлэхээр найган босоод,
- Хятадын хүүхэд Оросын инженерийн диплом өвөрлөдөг юм байна хэмээн ихэд бахархалтай хэлэхэд би чихэндээ итгэсэнгүй, эргэн тойрноо тойруулж харвал анзаарч байгаа хүн ер алга. Хятадын эсрэг үзэлтэй орчинд өссөн миний архи хоромхон зуур гарч, эрүүл болж орхих нь тэр. Доод курсынхны хувьд үлгэр жишээ явсан ах нэгэн хоромд огт танихгүй нэгэн болж хувирсан хэрэг.
ХУАЦЯО-хилийн чанад дахь Хятад иргэн гэсэн утгатай үг. Харь улсад цагаачлан очсон хятад иргэд, тэдний үр удмыг ийн нэрлэнэ. Нийт 40 гаруй сая хуацяо бүртгэгдсэний дийлэнх нь Зүүн Өмнөд Ази, Америк, Европын орнуудад амьдарч байна.
Хятадын худалдаачид манай он тооллын эхээр Энэтхэг, Хятадын арлын улсуудад нэвтэрч эхэлсэн тэмдэглэл бий. Харин XIX зуунд өлсгөлөн, ядуурлаас дүрвэн хэсэг бүлгээрээ Зүүн Өмнөд Ази болон бусад орнуудад цагаачилж эхэлжээ. Тэд очсон нутагтаа үйлдвэр уурхай, тариалангийн талбайд хамгийн хүнд хүчир ажлыг нугалж байсан хэдий ч, аажмаар худалдаа наймаа эрхлэх болсон юм. Өдгөө тэдний дийлэнх нь баян чинээлэг, боловсролтой болоод зогсохгүй, амьдарч байгаа улсынхаа эдийн засагт тэргүүлэх байр сууриа баттай эзэлж чаджээ. “Азийн бар” гэгдэх улсуудын эдийн засагт хятад цагаачдын нөлөө маш их. Сингапурын улс төр, Малайз, Тайланд, Индонез, Филиппин, Мьянмарын эдийн засгийг “хятад цагаач”-гүйгээр төсөөлөхийн аргагүй.
Хятад хүний төрөлх араншин, ухамсар, сэтэхүй ихэд өвөрмөц аж. Гадаадын иргэншил, харьд амьдарч байгаа хугацаа... зэрэг хятад цагаачдад чухал биш харин өвөг дээдсийн гарал үүсэл илүү ач холбогдолтой. Тэд хэдэн үеийн турш хэл, соёл, гарал үүсэл, гэр бүлсэг найрсаг уламжлал, харилцаа холбоогоо хадгалж, хамтарч ажиллаж чадна. Америкт хятад гаралтай цагаачид хоёр гурав дахь үедээ хэл соёлоо хадгалж байхад, харин япон, солонгос, халимагууд хоёр дахь үеэсээ зөвхөн англи хэлтэй хоцордог гэж ярих юм билээ. Ийнхүү тэд очсон газар бүртээ төвлөрч нэгдсэн Chinatown байгуулахыг эрмэлздэг билээ. Цөөхүүлээ ч нэгнээ дэмжиж тусална. Түүгээр зогсохгүй хэзээ нэгэн цагт эцэг өвгөдийн “их гэр бүл”-дээ нэгдэх боломжийг эрэлхийлнэ. Гэхдээ хоосон гуяа ганзгалаад очихыг бодохгүй. Тэдний энгийн ийм л зан чанар “дундад зууны үеийн тариачин Хятад”-ыг дэлхийн хэмжээний хүчирхэг гүрэн болгох нууц нь байсан юм.
БНХАУ гадаад бодлогоо хуацяо нараараа дамжуулан хэрэгжүүлэхийг чухалчилдаг. Учир нь тэд зөвхөн хятадын соёл, амьралын хэв маягийг түгээгчид төдийхөн биш, харин амьдарч байгаа орныхоо улс төр, эдийн засгийг атгасан байдаг. Сингапурын иргэдийн 77 хувь буюу 3.2 сая цагаач хятад хүн амынх нь үндсэн хэсгийг бүрдүүлдэг. Мөн Малайзийн хүн амын 26 хувь /5.6 сая/, Мьянмарийн 3 хувь /1.25 сая/, Тайландын 14 хувь /8.6 сая/, Вьетнамын 3 хувь /2.36 сая/, Филиппиний 1.5 хувь /1.2 сая/ АНУ-ын 1,2 хувь/3.6 сая/ Канадын 3,9 хувь/1.4 сая/ нь цагаач хятадууд байх аж. Тэд Зүүн Өмнөд Азийн нийт хүн амын 6 хувийг эзлэх хэрнээ нийт эдийн засгийнх нь 70 хувийг хянадаг. Дэлхийн хамгийн баян 200 иргэний 16 нь хятад цагаач байна. Тэдний мэдэлд 1,5 их наяд ам.долларын хөрөнгө байгаа гэх баримт байдаг.
Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн түлхүүр болсон гадаад хөрөнгө оруулалтын гол эзэд хятад гаралтай цагаачид, бизнесмэнүүд аж. БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг тэд нар оруулсан гэх итгэмээргүй статистик бий. Мөн Хятадын эдийн засгийн салбар бүрт дэлхийн шилдэг технологийг тэдгээр цагаачид нэвтрүүлж, үйлдвэрлэлийн хурдацыг нэмэгдүүлж чадсан билээ.
Өнөөгийн Хятад улс Америкийн дараа орох хүчирхэг эдийн засагтай. Ойрын ирээдүйд дэлхийд тэргүүлэх зорилт тавихдаа хилийн чанадад амьдардаг нутаг нэгтнүүддээ ихээхэн итгэл хүлээлгэж буй. Ер нь Хятадын эрх баригчид хуацяо нараа онцгойлон анхаарч, бусдаас давуу эрх олгож иржээ. Тухайлбал, аж үйлдвэрлэлийн бүс нутаг байгуулахад газар олгох, татварын урамшуулал болон бусад олон хөнгөлөлт үзүүлнэ. Мөн 1985,1990,2002 онуудад Хятадын Төрийн Зөвлөлийн шийдвэрээр хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах, хоорондын маргааныг нь шийдвэрлэх тогтоол, журмыг батлах зэргээр хууль эрхзүйн хувьд хамгаалж иржээ.
Ийн харилцан өгөөжтэй бодлого “Нэгдмэл нэг хятад үндэстэн” гэх энгийн үндэслэлд суурилдаг. Хятад улс хэдий чинээ хүчирхэгжих тусам хуацяо нарын байр суурь ч амьдарч буй нутагтаа бэхжих учраас нэгнээ дэмжих “урвуу холбоо” маш чухал гэдгийг тэд сайтар мэднэ. Тиймээс хий хоосон яриа, улс төржилт гэхээсээ илүүтэй ажил хэрэгч байдлыг эрхэмлэнэ. Ийнхүү нэг үеийнхэн ажиллаж амьдрах түүхэн богино хугацаанд улсынхаа үндэсний орлогыг 16 дахин нэмэгдүүлж чадсан болохоор “эдийн засгийн гайхамшиг” хэмээн дэлхий дахинд шагшиж байгаа юм.
Дэлхийн эдийн засгийг Хятадын хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөх аргагүй. 2016 оны статистикийн тайланд БНХАУ дэлхийн улс орнуудын санхүүгийн бус салбарт 120 тэрбум, бүтээн байгуулалтын төсөлд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. 2017 онд ч тэргүүлэх хөрөнгө оруулагчийн байр сууриа хадгална.
Монголд хятадын хөрөнгө оруулалтаар зам, барилга, цахилгаан станц... гээд бишгүй бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Сайшаалтай. Гэхдээ нөгөө өнцгөөс нь харвал тэрхүү байгуулалтыг зөвхөн Хятадын компани гүйцэтгэх ёстой гэх заалтыг өөрчлөх боломжгүй. Тиймээс компаниуд ашгаа хүртэж, олон мянган хятад ажилчид цалин, хөлсөө авснаар зээлийн ихэнх нь буцаад “хил давчихсан” гэж ойлгож болох юм. Харин хүүтэй зээлийг монголын татвар төлөгчид төлж таарна.
Сингапурын их сургуулийн профессор Денни Рой “БНХАУ урт хугацааны турш өрсөлдөх чадвараа хадгалж, Азид ноёлох байр сууриа бэхжүүлэх замаар дэлхийн эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэхэд цагаачдын оруулсан хувь нэмэр асар их. Тэд гадаадын байгалийн баялгийг хямд төсрөөр нийлүүлэхэд үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэж байна. Харьд байгаа хэрнээ нэгэн амьд организм мэт төвлөрч нэгдэн, соёл, заншлаа мартдаггүй хүмүүс бол хуацяо нар” хэмээн онцолжээ.
Монголын баялгийг цөлмөх өвөрмөц бодлого
Монгол улсад амьдарч байгаа хятад иргэдийн талаар статистик тоо баримт олох боломжгүй. 1919-1920 онд оросын эрдэмтэн И. М. Майский анх удаа Монголын хүн амын тоог орчин цагийн статистик аргаар боловсруулан гаргасан байдаг. Түүний тооцоогоор Монголд нийт 542504 монгол, 100 мянга орчим хятад, 5 мянга орчим орос иргэн амьдарч байсан. Бараг 6 хүн тутмын нэг нь хятад иргэн байж. Тэдний хэд нь нутаг буцсан, хэд нь Монголд үлдсэн нь тодорхойгүй. 1963,1966 онуудад тухайн үеийн НАХЯ, арми, цагдаа нарын нэгдсэн хүчээр олон мянган Хятад иргэдийг төмөр замын вокзал дээрээс бөөнөөр нь буцаах үеэр тэд эсэргүүцэн гартаа таарсан бүхнээр зэвсэглэн цус урсгасан зодоон өрнүүлсэн ч цэрэг, цагдаагийн хүчээр нутаг буцаасан гэдэг. Социализмын үед шинээр ажилд ороход 3 үеийн намтар авдаг байв. Үүнийгээ хятад хүмүүсийг төрийн албанд оруулахаас сэргийлж буй хэрэг гэж тайлбарлаж байхыг сонсож явлаа. Харин өдгөө байдал эсрэгээрээ эргэсэн. Тусгаар улсын төрийн эрх мэдлийг жолоодох хариуцлагатай сонгуульд урд зүгийн гэх “шошготой” хүмүүс цөөнгүй өрсөлдөж байгаа юм байх. Сонгуулийн кампанит ажлын үеэр тэдний гарал үүслийг илчилсэн мэдээлэл цацагдавч эцсийн дүнд нөлөөлдөггүй бололтой. Харин “гүтгүүлсэн” гэх тийм нэр дэвшигчид олноороо сонгогдсон байдаг. Ингэхэд эрдэм боловсролтой, эх орныхоо хөгжлийн төлөө ажиллах зүрх сэтгэлтэй байвал ямар үндэс гаралтай нь сонин биш баймаар. Гэвч төрийн эрх мэдлийг атгасан улс төрчдийн шийдвэрт эргэлзэх иргэд олширч байгааг орхигдуулж болохгүй.
Монголын асар их баялаг урд хөрш рүү өдөр шөнөгүй урсаж байгаа. Нэг хүнд оногдох байгалийн баялгаар дэлхийд толгой цохих хэрнээ нийт иргэдийн амьдрал нь сүүл мушгиад байгаад иргэд унтууцах болжээ. Бусдаас зээл авч байгалийн баялгаа зөөх бодлогыг буруушаах нь зүйн хэрэг юм. Эх баригчид элдвийн тайлбар хийж өөрсдийн үйлдлээ зөвтгөх биз ээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эрдэс баялгаа дэлхийн зах зээлд гаргаж, улс орондоо бүтээн байгуулалт хийх нь зөв. Гуравдагч орны хөрөнгө оруулалт Монгол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд хэрэгтэй гэдэгтэй маргахгүй. Гэтэл манай зах зээлд үйл ажиллагаа явуулдаг гуравдагч орны компаниудын талаар таагүй мэдээ, мэдээлэл байнга шахам цацагдах ажээ. Тухайлбал, Айвенхоу Майнз болон Рио Тинто компаний удирдлага Монголын эрх баригчдад авилгал өгч шударга бус гэрээ байгуулж амжсан юм байх. Ийнхүү үнэгүй шахам баялгаа цөлмүүлж байгаад нийтээрээ харамсч, нийтээрээ зэвүүцэж байна. Харин иргэдийн ийм хандлагыг чадварлаг ашигладаг улс төрчид олширсон. Бүгдийг нь толгой дараалан УИХ-д сонгосон боловч байдал дээрдээгүй.
Францын “Арева” группын охин компани болох “Кожеговь” уран олборлох хайгуул хийх явцдаа төл мал олноор хордуулжээ. Жип хөлөглөсөн “эх орончид” очиж эх нутгаа хамгаалж тэмцэл эхлүүлсэн. Гэвч тэд гэнэт гарч ирсэн шигээ намжиж орхив. Хөшигний ард ямар тохиролцоо явагдаж, “тэмцэгчид” хаанаас санхүүжилт авч, ямар зорилготой байсныг мэдэх аргагүй.
Саяхан “Эрдэнэтийн 49 хувь”-ийн асуудлаар нийтийн анхаарлыг татсан үйл явдлууд ар араа даган өрнөв. Хохирох дөхсөн ард түмнийхээ өмчийг төр эргүүлэн авсан юм байх. Гэвч эцсийн үр дүн нь ард түмний амьдралд мэдрэгдэх нь юу л бол. Харин бүлэг улс төрчдийн өвөр түнтийх нь гарцаагүй. Хамгийн хачирхалтай нь ОХУ-ын “ашиг сонирхол” манай зах зээлээс шахагдан гарч байгаа “шалтгаан” хэний ч сонирхлыг татсангүй. Ийн хоорондоо маргаж, буруутнаа “балбаж” байх хооронд Монголын байгалийн баялаг аажмаар зөвхөн нэг улсаас хараат болж байна. Харамсалтай. Ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Канад, Франц, Орос... зэрэг орны цөөн хэдэн компаниуд муу муухайн үлгэр жишээ болж монголчуудаар жигшин зэвүүцүүлэх бодлого шат дараалалтай амжилттай хэрэгжиж байна. Ингэхэд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн баялгийг өөр хоорондоо өрсөлдөн зөөх Хятадын мянга мянган компаниуд Монголын хуулийг ягштал мөрдөж байгаа хэрэг үү. Энэ бүхний ард монголын БАЯЛГИЙГ ЦӨЛМӨХ сайтар бодож төлөвлөсөн харь БОДЛОГО буй.
Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэжээ. Гэвч энэ заалт гадныханд “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхэд” саад болдоггүй. Учир нь манай гишүүд тулгуур хуулиа хүчгүйдүүлсэн “маапаантай” хууль, тогтоомж хэдэн арваар нь үйлдвэрлэж амжсан. Тэдэнд БАЯЛГИЙГ ЦӨЛМӨХ сайтар бодож төлөвлөсөн харь БОДЛОГО нөлөөлсөн байж таараа.
Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэжээ. Гэвч энэ заалт гадныханд “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхэд” саад болдоггүй. Учир нь манай гишүүд тулгуур хуулиа хүчгүйдүүлсэн “маапаантай” хууль, тогтоомж хэдэн арваар нь үйлдвэрлэж амжсан. Тэдэнд БАЯЛГИЙГ ЦӨЛМӨХ сайтар бодож төлөвлөсөн харь БОДЛОГО нөлөөлсөн байж таараа.
Бидний хүндэлдэг улс төрч эсвэл бизнесмэн “Би Хятадын иргэншил авахаар шийдлээ, манай өвөө хятад”, “Миний эмээ хятад хүн болохоор би яах аргагүй хятад хүн” гэж мэдэгдвэл гайхах хэрэггүй. Гэхдээ монголын баялаг дуусаагүй болохоор ил гарч сэтгэлээ илчлэх цаг хараахан болоогүй байна.
2017 оны 4-р сарын 14. Улаанбаатар хот.