Троллчин хэмээх мангасын тухай
2016.12.28. Раднасэдийн Даваадорж
Бидний амьдралд шинэ техник технологи нэвтрэхтэй зэрэгцэн гадаад үгний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа билээ. Монгол хэл дээр шууд оноон хөрвүүлэхэд бэрхшээлтэй, заавал нэмэлт тайлбар шаарддаг үгс олширч байна. Хүн ойлгосноороо ярьж, бичиж, хэрэглэх тул зөв бичгийн дүрмээс эхлээд бэрхшээл, шүүмжлэл багагүй тулгардаг. Нийтээрээ шахам интернет хэрэглэх болсон өнөө үед цөөнгүй харь үг нийтийн хэрэглээ болжээ. Цахим ертөнцөд trolling гэх үг олонтаа тааралдах аж.
Троллчин гэж хэн бэ
Нийтийн сүлжээнд элдэв янзын хараал урсгаж, бухимдлаа илэрхийлэх сэтгэл санаа тогтворгүй нөхдүүд троллчин биш. Үзэл суртал хийгээд элссэн намаараа талцаж сайн, муугаа дэвэргэх фанатууд ч биш. Харин тэд троллчдын хохирогч болох хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн тоонд багтана. Сүлжээнд “дүрсгүйтэх” жаал, “марзагнан бичигч” оюутан залуус бүр биш. Нэг үгээр хэлбэл, цахим сүлжээнд хэн нэгний дургүй хүргэсэн зүйл бичигч бүхэн троллчин байдаггүй.
Тrolling гэдэг нь моторт завиар загас барих гэсэн утгатай англи үг. Мөн Скандинавын орнуудад troll гэгч хорон санаа агуулсан, ихэнхдээ ногоон өнгөөр дүрслэгдэх домгийн сөрөг дүрийн баатар байдаг нь манайхны мангастай төстэй. Олон нийтийн сүлжээнд дээр дурдсан утгыг зэрэг илэрхийлж чадах чадварлаг коммент бичигчдийг троллчин гэдэг. Өөрөөр хэлбэл, мангас шиг хорон санаатай хомхой нэгэн хүмүүсийн сэтгэл зүйг загас мэт дэгээдэж аваад захирахыг оролдож байгаа хэрэг. Тэрхүү үлгэрт гардаг хорон санаатыг хэн ч харж байгаагүйтэй адил сүлжээнд троллчдын хийж байгаа үйлдлийг таних хэцүү. Тиймээс интернэт хэрэглэгчид гадны нөлөөлөл, явуулгыг анзааралгүй бусдад дөрлүүлэн хэлэх, хийхээ заалгах нь энүүхэнд. Өөрөөр хэлбэл, гэмгүй нэгнээ засаршгүй хулгайч хэмээн андуурч, адгийн луйварчинг агуу үйлстэн мэтээр өргөмжлөн төөрөлдөх төдийгүй цааш нь сурталчлах, ухуулах ажил өрнөх билээ. Ийнхүү буруу үйлдэл хийлгэх зорилгоор цацагдсан мэдээлэл агшин зуур олныг хамарч оюун ухаан, ой санамжид нь арчигдахгүй тогтдог. Энд бодит мэдээлэл хүлээн авах ёстой бие хүний суурь эрх зөрчигдөж байгаа хэдий ч учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох, барагдуулах хууль тогтоомж өнөөдрийн хувьд манайд байхгүй.
Нийгмийг талцуулах маргааны “халуун” сэдвийг сонгож бусдыг турхирагчид сүлжээнд ганц коммент бичихэд л эцэс төгсгөлгүй маргаан, ялагчгүй мэтгэлцээн өрнөх нь бий. Ийм сэдвийн тоонд улс төр, эдийн засаг, шашин шүтлэг, түүх, ёс заншлаас авахуулаад эр эмийн асуудал ч багтана. Нийтийг хамарсан мэтгэлцээний эхлэлийг тавьж чадах нь троллчин хүний гол зорилго. Хэн нэгнийг үзэн ядах, эсвэл дэмжин магтах сэдлийг нийтэд төрүүлж дөнгөсөнд гол утга учир нь байгаа юм. Сөхсөн сэдэв үнэн худал байх нь чухал биш. Маргаан өдөөгчийн далд санаа, “яс хаясан” учир шалтгааныг хэнбугай ч үл анзаарна. Ийнхүү троллчид массын сэтгэлзүйг сүрхий мэдэрч түүнийг удирдаж чаддаг билээ.
Тэдний үйлдэл ямар аюул тарих вэ
Троллчдын үйл ажиллагаа бидний өдөр тутмын амьдралаас хол тасархай юм, тэдэнд хэн итгэх билээ... гэж олон хүмүүс ойлгодог.
Нефтиэр баялаг Ойрхи Дорнод болон Зүүн Европ, хуучин ЗХУ-ын зарим улс орнууд дарангуйлагч дэглэмээ эсэргүүцэн, сонгуулийн бус аргаар төр засгаа сольсон. Иргэдийг цахим ертөнцийн тусламжтайгаар уриалан дуудаж эхлүүлсэн иргэний хөдөлгөөн нь төрийн эргэлт болон хувирч, улмаар иргэний дайнаар үргэлжилсэн. Олон мянган энгийн иргэд, хүүхдийн амийг хөнөөсөн дайн улс орныг нь туйлдуулж сүйрлийн ирмэгт авчирчээ. Өнгөт хувьсгал төдийгүй Азид эхэлж дэлхийд тархсан эдийн засгийн хямрал иргэдийн “тархийг угааж” байсан хөлсний троллчдын үйл ажиллагаанаас эхтэй.
Зарим улсын Засгийн газар өөрсдийн хэрэгжүүлж буй бодлогоо дэмжүүлэх, эсвэл нийтийн анхаарлыг өөр зүйлд сарниулж сатааруулах зорилгодоо тэднийг ашиглаж байна. Хүчирхэг гүрнүүд “эдийн засгийн эзлэн түрэмгийлэх бодлого”-ынхоо хүрээнд байгалийн баялагтай улс орны иргэдийн дунд маргаан өдөөж турхирах, хагалан бутаргах зорилгоор багагүй хэмжээний мөнгө санхүү зарлагадаж байгаа нь нууц биш болсон.
Тэдэнтэй хэрхэн харьцах шаардлагатай вэ.
Тэдний хаясан “өгөөшийг” сонирхохгүй байх нь чухал. Цахим сүлжээ ашиглагчид “хошгирохгүй” тохиолдолд туршлагатай троллчин сэдсэн сэдвээ орхихоос аргагүйд хүрнэ. Гудамжинд нохой, муур гүйлдэж, агаарт шувууд нисч, цахим ертөнцөд троллчин сууж байгаа. Золбин нохой, муур бүрийн хойноос хөөцөлдөж чулуу нүүлгэх шаардлага юун билээ. Тэдний бичсэн цуу үгийг цулбуургүй хэмээн үл тоомсорлож бодлоо түйвээж, сэтгэлээ хямруулах хэрэггүй. Дамын үг дамжигтай, дамжсан үг сэжигтэй тул хэлэх үг, хийх үйлдлээ хэн нэгнээр заалгах хэрэггүй. Троллчид олон нийтийн сүлжээ, интернэт форум, онлайн нийгэмлэг, цахим сайтад элдэв янзын маргаан, мэтгэлцээн дэгдээх замаар олон нийтийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөл үзүүлэхийг чармайдаг. Тиймээс аливаа дуулиан шуугиант үйл явдлын үнэн мөнийг олж, хуурамч мэдээ, мэдээллийн хохирогч болохгүйг хичээх хэрэгтэй. Монгол улсын иргэдийг хагалган бутаргах, үзэл суртал, яс үндсээр ялгаварлан гадуурхах, шашин хоорондын тэмцэлд уриалах, иргэдийг хүчирхийлэлд турхирах зэрэг аливаа бусармаг үйлдлийн учир начрыг тунгаан, түүнд нь автахгүй байх нь чухал юм.