Tuesday, May 28, 2019

Сонгуульд зориулсан солиотой шалгалт







Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганаар(2017.06.08) Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн боловсруулсан “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Цаг хугацааны хувьд энэ нь Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө байв. Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийж айхавтар  дүгнэлт гаргасан аж. Тэр нь 3,019.3/ гурван их наяд төгрөг/ тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдлын тухай байсан юм. Тухайн үеийн 2 тэрбумаас илүү хэмжээтэй ам.доллар.
Аливаад хэмжээ дамжаа гэгч нэг юм бий. Сүржигнэж бага хэмжээний улс төр хийгчид л заримдаа ийн амандаа орсноо бурах нь бий. Өөрсдийгөө эдийн засагч гэж өргөмжлөх тэдгээр улс төрчдийн хийж буй тооцоо нь зарим үед “хүн ичмээр” гэхэд ч хатуудахаар байдаг. Хамгийн гол нь хуримтлагдсан алдагдал гэдгээ санаатай, санамсаргүй байдлаар орхигдуулж асар их мөнгөн дүнтэй “хулгай, зэлгий” болсон мэтээр нийт иргэдийн дунд  тараасан билээ.
Нэг их наяд төгрөг ямар хэмжээний мөнгө вэ гэдгийг тооцоолохын тулд 2019 оны төсвийг харцгаая. Архангайн Өгийнуур суманд 120 ортой дотуур байрны барилга  барихад 1,500.0 /нэг тэрбум таван зуун сая төгрөг/, харин Хотонт суманд Соёлын байрыг 1,230.0 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгөөр барихаар төсөвлөжээ. Манай улсад 330 сум бий гэж тооцвол нэг их наяд төгрөгөөр сум бүхэнд дээр дурдсан шиг 5-6 шинэ барилга барьж өгч болно. Өөрөөр хэлбэл,  бараг шинэ сумын төвүүд босгочих их мөнгө юм.
Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6/гурван их наяд төгрөг/ тэрбум төгрөг байжээ. Ийм хэмжээний мөнгийг хулгайлах ямар нэгэн боломж байхгүй. Бүхэл бүтэн улсынхаа төсвийн орлогыг алдчихвал дор хаяад УИХ нь ажиллахгүй байсан байж таараа. Сургууль цэцэрлэг, цэрэг цагдаагийнхан... төрийн бусад бүх байгууллагууд зогсож зөвхөн улсын хэмжээнд халаалт зогсоход л хот, хөдөө бүгдээрээ хөлдчихсөн гэсэн үг. Тиймээс тоо ярихдаа бодож тооцож ярих ёстой юм. Яг үнэндээ нэг их наяд төгрөг хулгайлахын тулд монголд явдаг бүх ачааны вагоноо ашиглах ёстой юм билээ. Дээр нь мэдээж Монголбанк руугаа төмөр зам тавих ёстой шүү.
Одоо Төв банкныхаа талаар ярилцъя. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 3 дугаар зүйл  “Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалт “Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 9.4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй” гэсэн хуулийн заалт бий. Гэвч энэ бүхнийг  үл ойшоож Төв банкны хуулиар хамгаалагдсан хараат бус байдалд халдаж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн бодлогын арга хэрэгслийг  үгүйсгэн, жил бүр мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталж байсан УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж, Монголбанкны дотоод үйл ажиллагааг арилжааны банктай адилтгасан мэргэжлийн бус алдаатай дүгнэлт гаргажээ. 
Тус шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зөвхөн МАН-ын  төлөөллийг оруулсан төдийгүй ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн багийг ашиг сонирхлын зөрчилтэй, өмнөх удирдлагын үед халагдсан хүмүүсээс бүрдүүлсэн гэх яриа байсан нь Монголбанкны бодлогын талаар макро түвшинд мэргэжлийн үнэн зөв, бодитой дүгнэлт бус  анхнаасаа захиалгат сенсаци тарих шалгалт хийлгэж. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх зорилготой байсан нь ийн тодорхой  харагддаг. Хэрэв тийм биш бол улсынхаа бүтэн жилийн төсвийг алдчихаад бүтэн хоёр жилийн турш олж чадахгүй сууж байдаг дүүрчихсэн улс орон гэж байх уу? Онолын болон практикийн хувьд ийм боломж үгүй билээ.

Ийнхүү арав орчим чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын дүгнэлтийн “Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтын талаарх” сэдвийг сөхөж байна.

2012-2014 онуудад Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дэвшүүлсэн инфляцийн зорилт хангагдаагүй  шалтгааныг мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж, уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон дэд хөтөлбөрүүдийн зээл, Чингис бонд, Хөгжлийн банкны санхүүжилт зэрэг төсвөөс гадуур хийгдсэн хөрөнгө оруулалтаас шалтгаалсан гэж үзсэн байдаг. Гэвч тэр үеийн мөнгөний тэлэх бодлого явуулсан нь тухайн нөхцөл байдалдаа нийцсэн зөв бодлого байсан юм.
2010-2014 онуудад инфляци 13.0%, 10.2%, 14.0%, 12.5%, 11.0% хувьтай байсан нь зорилтот хэмжээ болох 8 хувиас өндөр байв. Гэвч  үүний шалтгаан нь 2013-2015 оны хооронд хэрэгжүүлсэн дэд хөтөлбөрүүдийн зээл биш харин 2010-2012 оны хооронд экспортын орлого огцом нэмэгдсэнээр “мөнгөтэй” болсон Засгийн газрын “өгөөмөр бодлого” хувийн хэрэглээг огцом тэлсэн явдал байсан гэдгийг Ажлын хэсэг онож дүгнэж чадсангүй. Тухайн үед 1.9 их наяд төгрөгийг иргэдэд бэлнээр тараасан тооцоо байдаг. 2000 онд 1 тэрбум ам.долларын орлоготой байсан улс 2008 онд энэ дүн нь 4-5 дахин өссөн алтан үеийн “мөнгө тараалтыг” би онцлоод байгаа юм. Дээрээс нэмээд Хятадын төрийн компани болох Чалкогоос 350 сая ам.доллар, мөн Оюутолгой компаниас ч мөнгө зээлж, анхны Евро бондын 580 сая ам.долларыг Сү. Батболдын Засгийн газар босгосон одоо болтол төлөгдөөгүй нэрээ хувиргаад тууж яваа.
Эдгээр он жилүүдэд инфляцын өсөлтийн 2/3 хувийг эрэлтийн гаралтай инфляц, 1/3 хувийг нийлүүлэлтийн гаралтай инфляц эзэлж байжээ. Эрэлтийн гаралтай инфляцад  2010, 2011 онуудад  тэлсэн төсвийн зардал, 2010-2012 он дуустал иргэдэд сар бүр 75 мянга, 21 мянгаар нь  буюу тэрбум, тэрбумаар цацсан мөнгө нөлөөлж байв. Ийнхүү төгрөгийн хэрэглээг дэмжсэн “аймшгийн” бодлогын нөлөө хэдхэн жилийн дараа гарсан юм. Тухайн үед хэрэглээний барааны импорт 43 хувиар өсч, зөвхөн 2011 онд тэрбум ам.доллараар суудлын автомашин худалдан авч байж. Эдийн засгийн 17%-ийн өндөр өсөлттэй байсан 2010, 2011 онуудад Засгийн газарт, өрх гэрийн түвшинд хуримтлал үүсгэж чадсангүй. Эсрэгээрээ өр тавьж, эдийн засгаа бэлэн мөнгө тараалтаар самарсан үе. Нүүрс, зэсийн дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөд дулдуйдаж байсан эдгээр хүмүүс өнөөдрийг хүртэл “би эдийн засгийг 17 хувьд хүргэсэн” гэж ичихгүй ярьж сууна.
Удалгүй зэсийн үнэ 2 дахин, нүүрсний үнэ нь 6 дахин унаж эдийн засаг хүндэрч эхэллээ. Жилд дунджаар 34%-өөс 44%-иар өсч байсан махны үнийг бууруулахгүйгээр Монголбанк инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэх ямар ч боломжгүй байсан. Иймээс инфляцыг бууруулах тогтвортой төвшинд байлгах шаардлага нь дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хүргэсэн юм. Үр дүнд нь инфляц 2016 онд олон жилийн турш хүрээгүй байсан 1.1%-д хүрч, 1000 төгрөгөөр авах ёстой бүтээгдхүүн, үйлчилгээ бүрийг 1100, 1200 төгрөгөөр авч, 100-200 төгрөгөө инфляцад идүүлдэг байдлыг зогсоож чадсанаар Монголын нийт ард түмэн хожсон юм.
Гүйлгээн дэх бэлэн болон бэлэн бус мөнгийг нэмэгдүүлэх, хорогдуулах, банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоох, арилжааны банкинд зээл олгох, төв банкны үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг тогтоох, мөнгөний болон валютын зах зээл дээр валют, үнэт цаас худалдах, худалдан авах зэргээр хуулиар зөвшөөрөгдсөн бүхий л арга хэрэгслүүдийг ашиглан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн заалтыг  биелүүлж чадсан байдаг.
2018 оны 5 сарын 28