Friday, April 19, 2019

Монголбанк


ТӨВ БАНКАНД  “ТОЛГОЙ” БАЙНА УУ?



Аливаа улсын Төв банк үнийн тогтвортой байдал буюу инфляцаа анхаарч, харин валютын ханшийн бодлогыг Төв банк нь Засгийн газартайгаа хамтран тодорхойлж иржээ. Тиймээс Төв банк(Монголбанк)-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино”, 4.2-т “Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг.

Монгол улсын нийт импортын 80% ам.доллараар хийдэг бөгөөд хэрэглээний сагсны дийлэнхийг импортын бараа эзэлж байна.  Тиймээс, гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын барааны болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөж,  энэ нь  иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг билээ.
Манай үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ам.доллартой харьцах ханш Монголбанкны нэрлэсэн дундаж дүнгээр 2016 оны 6 сарын 30-ны өдөр 1 982,25 төгрөгтэй тэнцэж байсан бол 2019 оны 4 сарын 17-ны өдөр 2 635.13 төгрөгт хүрч  653 төгрөгөөр суларчээ. Үүнийг хувиар тооцвол 2016 оноос хойш монгол төгрөг 30 гаруй хувиар үнэгүйдсэн гэсэн үг. Монгол банк 2018 онд 1 тэрбум 400 сая, 2019 он гараад 600 сая ам.долларын интервенц хийсэн боловч төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулж чадсангүй. Хоёр тэрбум ам.доллар гэдэг нь  Монголбанк 2016, 2017, 2018 онуудад худалдаж авч цэвэршүүлсэн алтнаас олсон орлоготой тэнцэх хэмжээний гадаад валют.  Өөрөөр хэлбэл, бүтэн гурван жилийн турш олборлож олсон алтныхаа орлогыг “ханш”-ийн салхинд хийсгэчихэж. Ийм их хэмжээний ам.доллараа зарцуулаад ч ханшаа барьж дийлсэнгүй.
Зах зээл дээр ам.долларын ханш ѳснѳ гэсэн хүлээлт бий болжээ. Хүмүүсийн итгэл эдийн засгийг тэр чиглэлд чирдэг. Хэрэв цаашид ханш өснө гэсэн хүлээлт ихэсвэл бүгд доллар худалдан авч эхэлснээр ханшийг хиймлээр өсгөдөг. Тухайлбал, Сангийн сайдын “Бид маш их хэмжээний гадаад өр төллөө”, Монголбанкны Ерөнхийлөгчийн “Гадаад валютын нөөц шаардлагатай хэмжээнд хүрээгүй байна”, “бид цаашид гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ” зэргээр өөрсдийн үйл ажиллагаагаа магтаж, бодлогогүй хийсэн мэдэгдлүүд валютын зах зээлд “ноён доллар эрэлттэй байна” гэсэн дохио өгч байдаг. Энэ нь гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг тооцох бололцоогүй иргэд, ААН ам.долларыг их хэмжээгээр худалдан авч хадгалах шийдвэрт хүргэснээр валютын эрэлтийг нэмэгдүүлдэг юм.

Мөн 2018 оны урьдчилсан дүнгээр инфляц Улаанбаатар хотын хэмжээнд хоёр оронтой тоонд дөхөж очсон. 2016 онд 1 хувьд эргэлдэж байсан инфляц ийнхүү суга өсчхөөд байна. Ийнхүү валютын ханш чангарч, инфляц өсөж байхад иргэдийн цалин, орлого нэмэгдээгүй учраас өрхийн зардал нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж байгааг энд дурдах илүүц биз ээ.
Түүнчлэн банкны салбарын тогтвортой байдал алдагдаж байна. Төв банкны үнэт цаас/ТБҮЦ/ 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь Монголбанк үнэт цаасныхаа хүүд жилдээ 500 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад төлж байгаа гэсэн үг. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2016 оны 3 сарын 10.1 их наяд байсан бол  2019 оны 3 дугаар сарын дүнгээр 19.7 их наяд төгрөг болж бараг хоёр дахин өсөөд байна. “Мөнгө хэвлээд байна” гэж хашхирдаг улс төрчид харин хайчсан юм бүү мэд. Таг чиг.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны 3 дугаар сарын эцэст 968 тэрбум төгрөг байсан бол 2019 оны 3 сарын дүнгээр  1.9 их наяд төгрөг болж, хоёр дахин буюу 1 их наяд төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж байна. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн статистикийг нэгтгээд харвал нийт зээлийн 20 орчим хувь муу зээл болсон гэж харж болохоор байна. Гэхдээ энэ хоёр үзүүлэлтийн аль нэг нь 10 хувиас дээш гарвал санхүүгийн систем хямарч байна гэж үздэг. Учир банкны зээлдэгч бүрийн нуруун дээр ийм их ачаалал ирж байна гэсэн үг.
Монгол улсын гадаад валютын нөөц 2018 оны дүнгээр 3.6 тэрбум ам.долларт хүрсэн дүнг Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн гавьяа мэтээр сурталчилдаг. 2018 онд нийт экспорт 6 тэрбум ам.долларт хүрсэн, донор улсууд болон олон улсын байгууллагуудаас 920 сая ам.доллар орж ирсэн, Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд, Монголын Ипотекийн Корпораци 300 сая ам.долларын бонд босгосон, ГШХӨ урсгал нэмэгдэж, зөвхөн Оюу толгой төслөөс 1 тэрбум 300 сая орчим ам.доллар орж ирсэн, 2018 онд 22 тн алтыг цэвэршүүлж 710 сая ам.доллар гадаад зах зээлээс орж ирснээр валютын нөөц өсчээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогоос тусдаа гадаад хүчин зүйл нөлөөлсөн байдаг.
2017 онд өндөр зардал гарган гаднын аудитын байгууллагаар арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийлгэсний дараа, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “банкны салбарын төлбөрийн чадвар бүхэлдээ тогтвортой, үйл ажиллагаа хэвийн байна” гэж  олон нийтэд бодит байдлыг илт гуйвуулсан мэдээлэл хийж байв. Ийнхүү төлбөрийн чадварын хүндрэлд орсон банканд хуулийн дагуу, цаг тухайд нь арга хэмжээ аваагүйн улмаас “Капитал банк” дампуурч, төрийн сангууд болон иргэд аж ахуй нэгжийн асар их хэмжээний хөрөнгө эрсдэлд ороод байна. Цаашид ч хэдэн банк дампуурах, Монгол улсын банк, санхүүгийн салбарт ямар эрсдэл учрах нь тодорхойгүй байна. Ийнхүү манай улсын мөнгөний бодлогыг тодорхойлдог голлох үзүүлэлтүүд хэд дахин муудсан нь Монголбанканд “толгой” байна уу гэж асуухад хүргэлээ.
2019 оны 4 сарын 18