Wednesday, August 14, 2019

ОРЛОГЫН ТЭГШ БУС ХУВААРИЛАЛТ


ОРЛОГЫН ТЭГШ БУС ХУВААРИЛАЛТ: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛОН МОНГОЛ УЛСАД
                     Эдийн засгийн ухааны доктор/Ph.D/ Раднаасэдийн Даваадорж
Оксфам (Oxfam) төрийн бус байгууллага нь дэлхийн 90 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын 17 байгууллагын томоохон нэгдэл билээ. Тус байгууллага дэлхий дахинд тэгш бус байдал, ядуурлын эсрэг үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Оксфамаас хэрэгждэг төслүүдийн эцсийн зорилго нь хувь хүн хуулиар олгогдсон эрхээ эдлэх, боломжоо бүрэн ашиглах, өөрийгөө удирдах, хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах... гм тэгш эрхийн асуудалд чиглэгддэг
.
Энэ оны Давосын олон улсын эдийн засгийн форумын нээлтийн өмнөхөн Оксфам жил бүрийн эцэст хийдэг тайлангаа танилцуулжээ. Тайлангийн зорилго нь дэлхий нийтэд улам өсөн нэмэгдэж байгаа ядуурал, тэгш бус байдлын талаар бодит мэдээллийг улс  орон бүрт хүргэж, тэдний анхаарлыг энэ асуудалд хандуулах явдал юм. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан эсэргүүцлийн цуглаан, жагсаалууд гарах болсныг нийгэм дэх баян, ядуугийн ялгаа нэмэгдэж буйтай холбон тайлбарлажээ. Тиймээс энэ удаад улс орны Засгийн газарт нэгэн зөвлөгөө хүргүүлсэн нь татварын тогтолцоогоо эргэн харах асуудал байсан гэж Le Monde(Франц) сонинд нийтэлжээ. Мөн чинээлэг иргэдийнхээ татварыг нэмэх уриалга гаргажээ. Тус байгууллагын тооцоогоор 2018 онд дэлхийн тэргүүн баячуудын орлого 900 тэрбум ам.доллараар өсчээ.  Ийнхүү баян ядуугийн ялгаа улам нэмэгдэж байгаа ажээ. Зөвхөн 26 тэрбумтны хөрөнгө дэлхийн нийт хүн амын тал хувиас илүү гарсан талаар тус байгууллагын тайланд дурдагджээ. "Баян ядуугийн хоорондох ялгаа асар хурдацтай нэмэгдэж байна, ядуурлын эсрэг тэмцэх тэмцэлд ч саад болох оролдлого нэмэгдэж байна. Энэ нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй нийгмийн дургуйцлыг улам бадрааж байна" хэмээн Оксфамын гүйцэтгэх захирал Винни Бянийма(Winnie Byanyima) мэдэгджээ.
Тус байгууллага уламжлал ёсоор жил бүр танилцуулдаг тэгш бус байдлын тайландаа "Улс орны баян чинээлэг иргэдээс авах татвартаа тавих хяналтыг чангатгахыг" анхааруулжээ. Тус тайланд дурдсанаар (зарим эдийн засагчид тус аргачлалыг хүлээн зөвшөөрдөггүй) 2017 онд дэлхийн 34 тэрбумтаны хөрөнгө нийт 3.8 тэрбум иргэдийн хөрөнгөөс их гэсэн тооцоо хийж байсан бол, энэ харьцаа 2018 онд 26 хүнийхтэй тэнцэх болжээ.
Дэлхийн хамгийн баян хүн болох Амазон компаны эзэн Jeff Bezos (2018 онд 112 тэрбум доллар), түүний хөрөнгийн зөвхөн 1% нь Эфиопи улсын эрүүл мэндийн төсвийн бүтэн жилийн дүнтэй тэнцэнэ гэж Оксфам тооцоолжээ. 2018 онд дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө өдөрт 2.5 тэрбумаар ам.доллараар нэмэгдэж байхад, эсрэгээрээ нийт хүн амд оногдох баялаг 11 хувиар буурчээ.
2008 оны санхүүгийн хямралын дараагаас тэрбумтны тоо хоёр дахин нэмэгджээ. Гэвч хэдэн арван жилийн турш тэдний баялаг хурдацтай өсөж байгаатай харьцуулахад төлсөн татвар нь дэндүү бага хэвээр байгаа ажээ.
Хэрэв тэргүүн баячуудын орлогоос авах ёстой татвараа бүрэн авч чадсан бол ихэнх орны засгийн газар төрийн үйлчилгээгээ санхүүжүүлэх хангалттай эх үүсвэртэй болох байсан талаар тус тайланд дурджээ. Бүр тодруулбал, тэдэнд ашиг болон очиж байгаа нэг ам.доллар тутамд ердөө дөрвөн центийн татвар ногдож байгаа ажээ.  Тиймээс тэд татваргүйгээр баялгаа хуримтлуулсан гэж үзэх бүрэн боломжтой гэж дүгнэжээ.
Монгол улс ба жини индекс
Жини индекс (GINI INDEX) нь орлогын хуваарилалт тэгш хуваарилалт буюу  цалин хөлсний хэмжээ нийгмийн бүлэг, ангиудад хэрхэн хуваарилагдаж байгааг хэмждэг үзүүлэлт юм. Зах зээл хөгжсөн орнуудад ихэвчлэн хэрэглэдэг. Энэ тооцоог ихэнхдээ жилийн нийт орлогын түвшинд тулгуурлан хийдэг. Жини индекс хүн амын бүлэг хоорондын мөнгөн орлогын ялгаа буюу нийгэмд орлого хэр жигд хуваарилагдаж буйг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, баян, хоосны ялгааг заадаг. 
Энэ аргачлалыг Италийн социологич, статистикч Коррадо Жини 1912 онд анх сэджээ. Жини индексийг 0-100 хүртэл тоогоор тооцно. Тэг рүү ойртох тусам тухайн улс орны хүн амд нийгмийн баялаг, улсын орлого тэгш хуваарилагдан хүрч буйг, 100 руу ойртох тусам тухайн улс орны баян ядуугын ялгаа гүнзгийрч байгааг илэрхийлдэг. Байгалийн эрдэс баялгаар(уран, алмаз) Африк тивдээ толгой цохидог хэрнээ цөөн хүн амтай (2,1 сая) Намиби улсад энэ үзүүлэлт 75 байдаг бол  орлогын жигд хуваарилалттай Норвегид 26 орчим байх жишээтэй. 
Монголд 2008 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хийсэн тооцоогоор манай улс 36.5 хувьтай  байсан. Харин АНУ-ын Тагнуулын төв газрын гаргадаг “CIA”-гийн мэдээнд дурдсанаар Монголын жини индекс 44 байсан гэх алдаг оног мэдээ бий. Үндэсний Статистикийн Хороо энэ үзүүлэлтийн талаар 2014 оны үед  ярьж эхэлсэн ч тэгсхийгээд намжсан байдаг.
Манай улс 1995 онд мянга орчим тн нүүрс экспортолж 10 мянган доллараар борлуулалт хийж байв. Харин 2011 онд 21 сая тн нүүрсийг 2 тэрбум 262 сая ам.доллараар борлуулсан. Чухам энэ үед Монгол улсын эдийн засаг 17,3 хувийн өсөлттэй гарчээ. Энэ үзүүлэлтийг өнөөгийн эрх баригчид  /мэдээллийн бүхий л хэрэгслээр/ ялангуяа УИХ сонгуулийн үеэр/ өөрийн гавьяа мэт дөвийлгөж ухуулж байсныг санаж байгаа байх.  Тэгвэл өнөөдөр 2018 онд эдийн засаг бараг 7 орчим хувиар өссөн гэж эрх баригчид ам булаалдан бардамнаж байгааг та лав сонссон байх. Манай эдийн засаг дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнээс ихээхэн хараат. Манай валют олдог гадаад худалдааний нийт дүнгийн 90 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлдэг. Тэр дундаа зэс, нүүрс ойролцоогоор 70 хувийг дангаараа бүрдүүлнэ. Тэгвэл энэ хоёр чухал түүхий эдийн статистик үзүүлэлтийг өмнөх онуудтай харьцуулж үзье. Зэсийн баяжмалыг 2013 онд 948,9 сая ам.доллараар борлуулж байсан бол 2018 онд 2 тэрбум 12 сая ам.доллар болж 2 дахин өссөн, нүүрс 2015 онд 555.9 сая ам.долларын борлуулт хийж байсан бол 2018 онд 2 тэрбум 802 сая ам.доллар болж бараг 6 дахин өсчээ.
Тэгвэл энэ хэрээр иргэдийн амьжиргааны түвшин, бодит орлого нэмэгдэж, нийт иргэдэд тэгш хувиарлагдсан уу гэдэг асуулт зүй ёсоор хөндөгдөх ёстой. Үнэн хэрэгтээ эрдэс баялгаас хамаарсан эдийн засгийн өсөлт хөгжлийн хэмжүүр огтхон биш юм. Хэрвээ үйлдвэрлэл хөгжиж, ажилгүйдлийн түвшин буурч, орлого нь зарлагаа давсныг нийтэд тэгш хуваарилаад ирвэл иргэн бүр  үр шимийг нь мэдрэх боломжтой болно. Харин уул уурхайн орлогын дийлэнхийг хөрөнгө оруулсан хийгээд “гарын үсэг” зурдаг эрх мэдэл бүхий цөөхөн гэр бүлийнхэнд ногддог. Улсын эдийн засаг нь өсөөд байхад нийт иргэд нь улам ядуурч байдаг тэрхүү үзүүлэлтийг жини индекс харуулдаг билээ.
Орлогын тэгш бус байдал гэдэг эдийн засгийн хямралаас ч  аюултай үзэгдэл. Энэ үзүүлэлт ихсэх тутам нийгэмд дургүйцэл, үзэн ядалт гаарч, үймээн самуунаар төгсдөг жишээ олныг дурдаж болно.
2019 оны 2-р сарын 1.