МОНГОЛ
ДАХЬ МӨНГӨ ХҮҮЛЭЛТ
Раднасэдийн Даваадорж /эдийн засгийн ухааны
боловсролын доктор/
Үндэстэн
дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэг
буюу мөнгө
угаах, хүн худалдаалах, мансууруулах бодис хил давуулан наймаалах зэрэг
нийгмийн хор аюул ихтэй гэмт хэргүүд зохион
байгуулалтад орсон хийгээд хэт
хоцронгуй хөгжилтэй эсвэл иргэний дайн байлдаантай цөөн хэдэн улсад зээлийн хүү өндөр байдаг. Тэр ч аргагүй
биз. Гэтэл “тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр Мадагаскар, Малави, Уганда,
Бангладеш, Афганистан зэрэг арваадхан улсын дунд Монгол улс маань тууж явна.
Магадгүй ийм учраас сүүлийн үед “мөнгө
хүүлэлт” гэх үг зарим нэгэн улс төрч болон эдийн засагчдын амнаас цухалзах
болжээ.
Мөнгө хүүлэлт гэж юу вэ?
“Мөнгө хүүлэлт” нь цаасан мөнгө
гарахаас өмнө үүссэн түүхтэй. Мөнгө хүүлэлтийг дэлхийн шашны гол урсгалууд
хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд ийм үзэгдэлтэй маш хатуу тэмцсээр иржээ. Мөн
дэлхийн сонгодог зохиол, нэрт зохиолчдын бүтээлд ч “мөнгө хүүлэлт”-ийн талаар
тусгалаа олсон байдаг. Фёдор Достоевскийн "Гэм ба зэм" роман дэлхийн утга зохиолын ноён оргилуудын
нэгд зүй ёсоор тооцогдож, дэлхийн уран
зохиолд шинэчлэл авчирсан хэмээн үнэлэгддэг. Зохиолын гол дүр болох ядуу
оюутан Раскольников
“мөнгө хүүлэгч” эмгэнийг хөнөөснөөр зохиолын үйл
явдал өрнөдөг. Ф.Достоевскийн бүтээлүүд ямагт ёс суртахууны сэдэвтэй
байдгаараа бусдаас ялгардаг. Одоогоос хоёр зууны тэртээ Хаант Оросын
Москва, Петербургэд өрнөж буй үйл явдал өнөө цагийн манайхны
амьдралтай тун төстэй. Ялангуяа мөнгө хүүлэгчид нь. Тэд санхүүгийн цаг зуурын
бэрхшээлийг далимдуулан асар өндөр хүүтэй зээлээр иргэдийг санхүүгийн мөлжлөг,
дарамтад хэрхэн оруулж буйг энгийнээр гайхалтай дүрсэлсэн байдаг.
“Мөнгө хүүлэлт” гэж хэн нэгний тухайн үеийн санхүү
мөнгөний гэнэтийн хэрэгцээ, гарцаагүй байдал болон эдийн засгийн тооцоолол хийх
чадваргүйг ашиглаж хэт өндөр ашиг олох зорилгоор, барьцааны үнэлгээг хэт багаар
тооцон мөнгө зээлэх үйл ажиллагаа юм. Ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ
үзүүлэлгүй өндөр орлого олж байгаа болохоор “цус сорогч”, “шимэгч паразит”-тай
зүйрлэдэг аж. Дэлхийн дийлэнх улсад хуулиараа мөнгө хүүлэхийг хорьдог.
Мэргэжилтнүүд ч мөнгөний массыг нэмж, инфляц хөөрөгдөн улмаар улс орны эдийн
засагт сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн шүүмжилдэг.
Түүх
сөхөж үзвээс:
Гадаад
Монголын нутагт Хятадын наймаачид орж ирсэн цаг хугацааны талаар тодорхой
хэлэхэд хэцүү. Гэвч 1919-1920 онуудад Монголын нутгаар хөндлөн гулд аялсан ЗХУ
дипломатч, түүхч И.В. Майский өөрийн номондоо зарим нэг сонирхолтой мэдээлэл
тэмдэглэн үлдээсэн байна. Түүний бичсэнээр Ар Монголд үйл ажиллагаа
явуулж буй хамгийн том пүүс бол Хөх хотын “Да Шен-кугийн пүүс” аж. 300 жилийн
түүхтэй, санхүүгийн хувьд асар хүчирхэгжсэн, монголчуудын дунд их
нөлөөтэй болсон энэ пүүсээс гадна Шань-си мужийн “Се Сун-чан” пүүс
Монголд 200 гаруй жил үйл ажиллагаа явуулж байв. Тэр үед манай орны бараа
эргэлтийг хятадын 25 том компани барьж байж. Тэд хоёрдугаар, гуравдугаар
зэргийн салбаруудаа Монголын суурин төвүүдэд нээж ажиллуулахаас гадна доншуур
наймаачид тал бүр тийш худалдаа наймаа хийн хамгийн алс бөглүү газрыг
хэрсэн аварга сүлжээтэй байжээ.
Харин
Да Шен-ку, Тянь И-де худалдааны бус банкны байгууллага байсан аж. Наймааны ажил
хийдэг ч тэр нь хөрөнгийнх нь эргэлтэд дорвитой үүрэг гүйцэтгэдэггүй тул үйл
ажиллагааны үндсэн чиглэл нь зээллэг тэр тусмаа төрийн зээлд чиглэж байжээ.
Монголд байрлах хятад цэргийн зардалд зориулсан татвар хураамж, Манж Амбанд
өгөх хээл хахууль, Богд гэгээнд бэлэг сэлт өгөх, Бээжин рүү ууган хүүгээ явуулж
үе залгамжлах эрхээ баталгаажуулах гээд бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ бишгүй
тулгарна. Мал тодорхой хугацаа шаардаж бэлэн мөнгө болно.Яаруу сандруу
ийм үед монголын ихэс дээдсүүдэд хятадын дээр өгүүлсэн хоёр
пүүсээс өөр сонголт үгүй. Тухайн үеийн банкны хүү 36 хувь байжээ. Хятад
санхүүчид өрөө малаар тооцож авдаг байсан ба хүү нь 70-80 хувь заримдаа 100
хувь хүрч зарим хошуу, ван ноёд өрийн сүлжээнээс гарч чаддаггүй байв. 1911 онд
Сайн ноён аймгийн Бирваа гүний хошуу Да Шен-куд тавьсан өрөө дарахын тулд
Улиастай дахь Бодуновын орос пүүсээс 20 мянган лан зээлжээ. Гэтэл банкныхан
үндсэн өрөө авахаас татгалзсан аж. Тэд зөвхөн хүүгээ авах сонирхолтой
байсан нь тэр. Зээлдэгч зээлсэн мөнгөө төлөхөд Да Шен-кугийн банкныхан
маш дургүй байдгийн адил монголчууд бэлэн мөнгөөр бараа худалдан авахад хятад
пүүс туйлын дургүй байжээ. Монголчууд зээлээр бараа авбал хоёр дахин үнэ
төлнө. Тиймээс хэнд ашигтай нь ойлгомжтой. 1912 оноос өмнө Да Шен-кугийн
пүүс жил болгон Умард Монголоос 500 мянга шахам хонь, 70 мянга шахам адуу Хятад
руу тууж ордог байжээ. Тэгэхдээ энэ бүхэн цөм зөвхөн хүүгийн өр байж шүү дээ
хэмээн И.В. Майский халаглан бичсэн байдаг.
Халхын 104 хошуу, шавь нараас зөвхөн 10-12 нь Да Шен-куд өргүй байжээ.
100 жилийн дараах дүр зураг:
Өнөө
цагт Монгол улсад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд:
2018 онд арилжааны банкнуудын
хүүгийн түвшин 17.8 хувь, хадгаламж зээлийн хоршооны хүүгийн түвшин 33.6 хувь,
Банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн түвшин 39.6 хувь, ломбардын хүү 42
хувь байна гэж Cанхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн.
Арилжааны банкны хүү яагаад ийм бага
байна вэ. Монголд үйл ажиллагаа эрхэлж буй 14 арилжааны банканд та очоод, дээр
дурдсан хүүтэй зээл авч чадахгүй. Учир нь 2012-16 онуудад Ардчилсан намаас
хэрэгжүүлсэн ипотекийн 8 хувийн хүү, гадаадын тусламжийн төсөл хөтөлбөрүүдийн
болон өнөөгийн эрх баригчдын ашигладаг элдэв сангуудын бага хүүг дундчилаад ийм
бага хувь гарна. Харин Хас банк бусдаасаа хамгийн бага буюу жилийн 24 хувийн хүүтэй.
Түүнээс
гадна Монгол улсын арилжааны банкнуудын нийт хадгаламжийн дүнгийн 80 хувийг ердөө
хадгаламж эзэмшигчдийн 3 хүрэхгүй хувь эзэмшиж байна. Мөн 100 саяас дээш
төгрөгийн хадгаламжтай 8217 иргэн, 1885 хуулийн этгээд байдаг. Өөрөөр хэлбэл
100 саяас дээш хадгаламжтай иргэн нийт данс эзэмшигчийн 0.15 хувийг эзэлж
байгаа юм.
“Өдрийн зээл” гэх дураараа дургигч:
Уг
зээл 30 хувийн хүүтэй. Дээр дурдсан
санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг хүнд сурталтай хэмээн үздэг хувиараа
жижиг бизнес эрхлэгчид ийм зээл авдаг. Тэд өдөр
тутмын орлогоос нь эргэн төлөлтөө хийдэг
хэрнээ өрийн
дарамтад орох нь элбэг. “Өдрийн
зээл” олгогчид “100 айлын барилгын материалын зах”, “Наран туул” олон улсын
худалдааны төв, “Бөмбөгөр” худалдааны төв зэрэг томоохон худалдааны төвд лангуу
эзэмшигчдийг урхидаж, өрийн барьцаанд оруулдаг аж. “Өдрийн зээл”-ийн үйлчилгээ
эрхлэгчид улсад ямар ч татвар
төлөхгүй. Тэдний орлого
жилдээ 120-360 хувь.
Дээр
дурдсан бүхэн Монгол улсад “мөнгө хүүлэлт” бодитоор оршин тогтнож байгааг
батлан харуулна. Зарим талаараа 100 жилийн тэртээ үйл ажиллагаа явуулж байсан
Хятадын Да Шен-ку, Тянь И-де пүүсээс ялгарахгүй, давж
гарахаар харгис хэрцгий санхүүгийн мөлжлөг байгаа биз.
2018
оны 09 сарын 27 өдөр zindaa.mn
сайтад: "Хархорин"
захын лангуун дээр 20 настай охин амиа хорлосон шалтгаан нь “өдрийн зээл” байсан гэх нийтлэл гарсан байх юм.
Ингэхэд иргэдээ
хамгаалах төр засаг гэгч нь байна уу? Санхүүгийн бүх төрлийн байгууллагуудын
эрх ашгийг хамгаалсан олон хууль баталсан хэрнээ санхүүгийн хэрэглэгч буюу 3
сая иргэн, 190 мянган аж ахуй нэгжийн эрх ашгийг хамгаалах хууль өнөөдрийг
хүртэл алга. Улсын Их Хурлын сонгуулийн үеэр иргэдэд хайр зарлан харайж явсан
УИХ гишүүд нар маань хаачив? Харамсалтай мэдээ дуулгахад УИХ-ын гишүүдийн АТГ
гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг нэг харчхаарай. Иргэдээ санхүүгийн
мөлжлөгөөс хамгаалах хууль санаачилж чадах, эсэх нь тэнд маш тодорхой
харагдана.
2019 оны 3-р сарын 16.