Sunday, February 24, 2019

ӨРИЙН УРХИ БА МАЛЬДИВЫН СУРГАМЖ
 
 
Эдийн засгийн ухааны доктор Раднаасэдийн Даваадорж

Америкийн “www.visitsrilanka.com” сайтад 2018 оны гуравдугаар сарын 7-ны өдөр “Хятадын өрийн занганд орж буй найман улс” гэх нийтлэл гарчээ. Дээрх найман улсын тоонд Африкийн Жибути, Киргизстан, Лаос, Мальдив, Монгол, Монтенегро, Пакистан, Тажикстан улс багтсан байна. Энэ удаа Мальдив улс яагаад энэ жагсаалтад багтсан талаар сонирхож үзье.
Хаана байдаг, хэн ч мэдэхгүй тэрхүү улсын өрийн асуудал ямар хамаа байна вэ? гэж асуух хүн олон байж болох юм. Магадгүй, улстөрчдийн “Америк тийм, Англи ийм” гэх зүйрлэлд бид дэндүү дассан байхыг үгүйсгэхгүй. Зах зээлд шилжээд хэдэн зуунаар яригдах түүхтэй, олон зуун сая хүн амтай, дэлхийн тэргүүлэгч хүчирхэг эдийн засагтай улс орныг жижиг буурай хөгжиж буй оронтой жишиж харьцуулаад дүгнэлт хийх нь бодит байдалтай огт нийцэхгүй. Иймд энэ удаа манайхтай ойролцоо “Зовлон”-той байж болох улсын жишээг авсан юм.
Мальдивын Бүгд Найрамдах Улс нь Энэтхэгийн далайд орших арал улс бөгөөд Энэтхэг, Шри Ланкийн баруун өмнө хэсэгт орших 1,226 арлаас тогтдог. Дээрх арлуудын 200 орчимд нь хүн амьдардаг. Хүн ам нь 400 мянга, ДНБ нь 4.9 тэрбум ам.доллар /2017 оны мэдээ/, ДНБ-хээ 28 хувийг аялал жуулчлалаар олдог. Манайхтай харьцуулахад газар нутгийн хэмжээ нь өчүүхэн, хүн ам нь цөөн боловч нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээр манайхаас бараг гурав дахин их ажээ.
Өнгөрсөн онд тус улсын нийслэл Мале хотын олон улсын нисэх онгоцны буудлыг Хулхумале гэж нэрлэгдэх хиймэл аралтай холбосон хоёр км урт шинэхэн гүүрийн нээлт болов. Энэ үеэр Хятадууд “Бүс ба зам санаачилга”-ын төслийн санхүүжилтээр боссон энэхүү бүтээн байгуулалт нь “Буурай улс оронд тулгардаг эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж, илүү их боломж олгож байгаа талаар” сурталчилж байв. Гэвч хэсэг хугацааны дараа Бээжингээс гаргасан гүүрийн санхүүжилтийн 210 сая ам.доллар, тус улсад ашиг тус өгөхөөс илүүтэй санхүүгийн дарамт авчирсан талаар яриа өрнөж эхлэв. Ерөнхийлөгч асан Абдулла Яамин тус бүтээн байгуулалтын бүх гэрээг хийж, хөрөнгө оруулалтыг татсан аж. Гэвч 2018 оны намар болсон ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр ялагдал хүлээжээ.
Шинэ эрх баригчид Бээжинд хэчнээн хэмжээний өр тавьсан талаар тодруулах гэж байгаа хэмээн “Financial Times” сонинд анх бичив. Шинэ Ерөнхийлөгч Ибрагим Мохамед Солихын зөвлөх Мохамед Нашид, Мальдивын Хятад улсад төлөх өрийн хэмжээ гурван тэрбум ам.долларт хүрч магадгүй гэж тооцоолсон аж. Энэ нь тус улсын эдийн засагт асар их дарамт учруулахуйц хэмжээний өр юм. Тиймээс дээр дурдсан төслийн өртөг үндэслэлгүй, хэт өндөр байсан учраас их хэмжээний зээл авсан, мөн төслийн санхүүжилтээс өмнөх Засгийн газрын албан тушаалтнууд завшсан гэх үндэслэлээр Мальдивын Сангийн сайд Ибрахим Амир өрийн хэмжээг бууруулах, багасгах асуудлаар Хятад улсад хандах юм байна.
Мальдив улс Хятадын сонирхлыг стратегийн чухал байршлаараа татдаг. Учир нь Энэтхэгийн далай дахь гадаад худалдааны маршрутын уулзварт энэ улс оршдог юм.
Хятадын удирдагч Ши Жиньпин 2014 онд Мальдив улсад анх удаа айлчилсны дараагаас Бээжингийн хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн байдаг. Ерөнхийлөгч асан Яамин, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд тус улсын иргэдийн тархай суурьшсан байдал саад учруулж байна гэж үздэг /200 орчим аралд тус улсын иргэд амьдардаг/. Тиймээс нийслэл хот болон Хулхумале хиймэл аралд хүн амаа төвлөрүүлэх зорилго тавьж шинээр хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхдээ Хятадаас санхүүжүүлт авсан юм. Мальдивын Төв Банкны албан мэдээгээр тус улсын Бээжинд төлөх Засгийн газрын өрийн хэмжээ 600 сая ам.доллар, Үүнд, олон улсын онгоцны буудлын өргөтгөлд 374 сая, гүүр барихад 68 сая ам.доллар зарцуулжээ. Далай дээр тавьсан хоёр км урттай гүүрийн санхүүжилтыг Хятад улсын тусламжаар Улаанбаатар хотод барьж буй хэд хэдэн гүүрийн өртөгтэй харьцуулах боломж бидэнд гарч ирж байна.
Тус улсын Засгийн газар хувийн болон төрийн өмчит компаниудад Хулхумале арал дээр орон сууц барих, цахилгаан шугам татах гэх мэт төслүүдэд 935 сая ам.долларын зээлийн баталгаа гаргасан байна. Дээр дурдсан зээлтэй холбоотой албан ёсны мэдээ бодит байдалтай нийцэхгүй байж болох талтай юм. Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сард БНХАУ-ын төрийн өмчит Харилцаа холбооны барилгын компани болон тухайн үеийн эрх баригч намын дарга бөгөөд Мальдивын аялал жуулчлалын тэргүүн бизнесмений нэг Ахмед Сиям Мохамед нарын хооронд амралтын цогцолбор барих гэрээ хийгджээ. Улсдаа хамгийн томд орох 509 өрөө бүхий томоохон цогцолборын бүтээн байгуулалтын санхүүжилтын талаарх мэдээлэл тодорхойгүй байдаг. Гэвч Засгийн газраас Сиям Мохамедын компанид 127.5 сая ам.долларын баталгаа гаргаж өгсөн гэх мэдээлэл байдаг юм байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх Нашидын хэлснээр, тус улсын засгийн газар дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Засгийн өрийг шийдвэрлэх ямар нэгэн хэлэлцээр Хятадтай хийхгүй. Учир нь Мальдивын газар нутгийн нэг хэсэг Бээжингийн хяналтад орж болзошгүй гэж тэд сэрэмжилж байгаа юм.
2013 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-хээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн учраас гадаад өрийн зарим хэсгийг цуцлахын тулд Уулын-Бадахшаны тодорхой газар нутгийг БНХАУ-д шилжүүлснээр 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр өмнөд хөршийн цэргүүд тухайн нутаг дэвсгэрт нэвтэрч орсон талаар мэдээлж байв. 2017 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Шри-Ланк улс 1.3 тэрбум ам.долларын гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилгоор Хамбантотын усан боомтоо 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгсөн байна. Мөн Африк дахь Жибоути улс Хятадаас зээлсэн өрийнхөө төлөөсөнд усан боомтоо алдаж байжээ.
Харин Хятад улс “Бүс ба зам санаачилга” нь буурай улс орныг өрийн дарамтад оруулах зорилгогүй, харин тус улсын санхүүжилт, туршлагыг ашиглан хөгжих боломж олгодог гэж үздэг. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Лэ Ючен тус санаачилгыг “Дэлхий нийтэд шударга дэг тогтоох оролдлого” гэж нэрлэсэн байна.
Гэвч хэд хэдэн улс Хятадын уг санаачилгад хандах хандлагаа өөрчилжээ. Тухайлбал, Хятад улс Пакистанд 60 тэрбум ам.долларын төслийг санхүүжүүлэхээр амласан боловч Пакистан ОУВС-гийн тусламжийг авахаар хөөцөлдөж байна. Учир нь Пакистан улсын өр ДНБ-ний 70 орчим хувийг эзэлж байгаагийн тал нь Хятад улсад хамаарна. Энэ оны нэгдүгээр сард Пакистан улс Хятадын 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтээр барих цахилгаан станцын төслөөсөө татгалзсан талаар мэдээлж байна.
2018 оны 8-р сард Малайзын шинэ Ерөнхий сайд Махатхир Мохаммад Хятадын 22 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдах төслүүдийг хэтэрхий өндөр өртөгтэй гэх шалтгаанаар зогсоох шийдвэр гаргажээ. Мөн есдүгээр сард гурван тэрбум ам.долларын өртөгтэй газрын тос болон хийн хоолой тавих төслийн ажлыг цуцалсан ажээ.
2000-2017 онуудад Хятадаас Африк тивийн улс орнуудын Засгийн газар, төрийн өмчит компаниудад 143 тэрбум долларын зээл олгожээ. Мөн Европын төслүүдэд ч хөрөнгө оруулалт хийж байгаа аж. The Wall Street Journal сэтгүүлд мэдээлснээр, 2016-2017 онд Хятад улс дэлхийд 185 тэрбум ам.долларын өртөгтэй төслүүдийг санхүүжүүлснээс Европ тивд 12.9 тэрбум ам.долларын санхүүжилт ногдож байна.
Мальдив улс түүхэндээ Энэтхэг улсаас хамгийн их тусламж авч байжээ. Ерөнхийлөгч Ямины үед тус хоёр орны харилцаа муудсан бөгөөд өдгөө сэргээх оролдлого хийгдэж байгаа ажээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгч Солих, Энэтхэг улсад айлчилж 1.4 тэрбум ам.долларын санхvvгийн тусламж авах тохиролцоонд хүрчээ. Энэ нь Мальдив улс өрийн асуудлаар Хятадтай хэлэлцээр хийхэд давуу байдал олсон гэж Financial Times тэмдэглэж байна. Энэ үеэр ерөнхийлөгчийн зөвлөх Нашид хэвлэлийн бага хурал хийж, Хятад, Мальдивыг өрөө төлөх боломжгүй байдалд оруулж буйг буруушааж, “Хятадад залгиулахыг бид хүсэхгүй” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн оны гуравдугаар сард “Бээжингийн эрх баригчид бусад орнуудтай ил тод бус гэрээ байгуулж, өөрийнхөө хүрээг нэмэхийн тулд мөнгө хүүлэх зорилготой зээл олгож байна. Эдгээр орнууд хээл хахууль болон авилгатай гэрээ байгуулж, улмаар өөрийн гэсэн зүйлээ алдахад хүрч байна. Хятад улс “Зээл” нэрээр улс орнуудын тусгаар байдалд аюул учруулж, хөгжил дэвшлийг нь үгүйсгэсэн үйл ажиллагаа явуулж байна” хэмээн хатуухан мэдэгдсэнийг анхаарахгүй орхиж боломгүй билээ.
Иймээс Мальдив улс шиг ниргэсэн хойно нь хашгираад нэмэргүй.