Sunday, March 24, 2019

татварын багц хууль


“ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ”  ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА



УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 22-ны үдээс хойших нэгдсэн хуралдаан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг эцэслэн батлаад байна.

Татварын хуулийг шинэчлэх ямар шаардлага байв?
Европын холбооны комиссоос 2017 онд гаргасан “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт”-д манай улсыг багтаасан нь дэлхий нийтэд манай улсын нэр хүнд унаад зогсохгүй, гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөхүйц хүнд байдалд оруулсан билээ. 2017 оны 12 сарын 26-ны өдрийн Засгийн газрын 350 дугаар тогтоолын дагуу манай улс, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор мэдээлэл солилцох ил тод байдлын” олон улсын форумд нэгдэн орсон. Ингэснээр тус байгууллагаас тавьдаг шаардлагуудыг татварын хууль тогтоомждоо тусгах хэрэгтэй болсон. Нөгөө талаас 2008 оны 5 сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуульд цаг хугацааны явцад бий болсон зарим нэгэн өөрчлөлтүүдийг оруулах зайлшгүй шаардлага байсан юм.
2012-2016 онуудад Засгийн эрх барьж байсан Ардчилсан намын Засгийн газар шинээр батлагдсан тус хуульд орсон гол гол өөрчлөлтүүдийг хийсэн боловч УИХ-д өргөн барьж амжилгүй дараагийн парламент шинээр бүрдсэн. Ийнхүү өнөөгийн Засгийн газар Монгол улсын 3 сая илүү иргэдийн амьдрал, 190 мянган аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай шууд холбоотой Татварын багц хуулийг засаж сайжруулахын оронд улам дордуулсан заалтууд нэмж “хам, хум” өргөн бариад, УИХ-аар яаран батлуулсныг  “Бушуу туулай Борвиндоо баастай” гэгчийн үлгэртэй адилтгахаас өөр аргагүй юм. 
Яаруу давчуу хэлэлцсэн хуульд, дутуу дулим зүйл их байна
Өргөн барьсан хууль нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын хэд хэдэн хуулийн заалтуудтай зөрчилдөж орж ирсэн юм. Ардчилсан намын бүлэг өргөн барьсан хуулийн төслийг судлаад дараах алдаануудыг залруулж чадсан байдаг.  Тухайлбал, Өргөн барьсан Татварын ерөнхий хуулийн 44.4, 54.2, 56, 57, 58.1, 59, 70.1 зэрэг заалтууд Үндсэн хуулийн 16.3 дахь заалт болох “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно”, мөн хуулийн 16.4 дэх заалт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн. Мөн өргөн барьсан төслийн 66.3 дугаар заалт Үндсэн хуулийн 16.4 дэх “...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ...эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэх заалттай зөрчилдөж байв. Түүгээр үл барам, Монгол улсын шүүх эрх мэдэлд халдсан, шүүхийн хуулиудтай зөрчилдөөд зогсохгүй татвар төлөгчийн эрхзүйн байдлыг дордуулсан заалтууд орсон байсныг хэлэлцүүлгийн өмнө ажлын хэсэгтэй уулзаж анхааруулах, хэлэлцүүлгийн явцад засаж залруулах, чуулганы хуралдаанаас завсарлага авах зэргээр Ардчилсан намын бүлэгт байж болох бүх боломж бололцоогоо ашигласан юм. Хэдийгээр тус бүлгээс УИХ-ын 2 гишүүн гарч “зөвлөл” хэлбэрт орж ажиллах асуудал яригдаж байгаа ч Ардчилсан нам “бүлгийн статус”-тайгаар эрх баригчдаас иргэдийн суурь эрх, хувийн өмчийн халдашгүй дархан байдалд халдсан заалтуудыг шинээр батлагдсан хуулинд оруулалгүй амжилттай хамгаалж чадсан гэж хэлж болно.
Шинээр батлагдсан татварын багц хуульд шүүмжлэх заалтууд маш олноор орсон боловч энэ удаа зөвхөн бодлогын болон зарчмын ямар алдаа байгаа талаар онцолъё: Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй, хүн болгон татвар төлдөг байх зарчим алдагджээ.
Манай улсын 2017 оны жилийн эцсийн тайланд 177 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэгдсэнээс 37,6 мянга нь төсөвт болон ТББ-ууд байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд бүртгэгдсэн 138 мянган аж ахуй нэгж байгаагаас аж ахуйн нэгжүүдийн тайлагнал, хууль хэрэгжилтийн байдлыг авч үзвэл 92 мянга нь татварын тайлангаа ирүүлсэн байдаг. Үүнээс 34 мянга нь татвар ногдох орлоготой тайлан ирүүлсэн, 17 мянга нь алдагдалтай, 38 мянга нь Х тайлан буюу үйл ажиллагаа эрхлээгүй гэжээ. Чанараар нь авч үзвэл нийт аж ахуйн нэгжийн 50-аас дээш хувь нь алдагдалтай буюу тайлан ирүүлсэн байгаа юм. Гэтэл эсрэгээрээ манай улсын шилдэг 100 аж ахуйн нэгж, төсвийн татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлж, 80 орчим мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ нь Монгол улсын татварын хүндийг томоохон аж ахуй нэгжүүд нуруундаа үүрч явааг илтгэх тоон үзүүлэлт. Харамсалтай нь, эдгээр аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн дэмжлэг болох заалт огт орсонгүй. Засгийн газар ажлын байр бий болгож, тэгш шударгаар татвараа төлдөг, шударга бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчдөө дэмжсэнээрээ жижиг дунд аж ахуй нэгжүүдэд “томорч болдог юм байна” гэх сэдлийг өгөх учиртай. Харин шинэ хууль томоохон аж ахуй нэгж жижгэрч, олсон орлогоо нуун дарагдуулах, татвараа төлөхгүй байх чиглэлд дэм өгсөн гэхэд хилсдэхгүй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 191 мянган татвар төлөгч аж ахуйн нэгж байгаагаас 95.9 хувь нь бичил, жижиг хэмээх ангилалд багтаж байна. Эрх баригчид татвар төлдөггүй, төлөх сонирхолгүй бичил, жижиг аж ахуй нэгжийн татварыг нэг хувь болгосноо,  “татварын шинэчлэл” хэмээн сүржин нэрлэсэн ажээ.
Үүнээс гадна үндэсний аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор үндэстэн дамжсан корпорацуудын үйл ажиллагааг дэмжиж, төлөх ёстой татварын хэмжээг илт багасган хуульчилснаар бизнесийн тэнцвэргүй байдал үүсэх, бизнесийн орчинг дордуулсан гэж дүгнэж болохоор байна. Үндэстэн дамжсан корпорацууд, хөгжиж буй улс орны Засгийн газарт үзүүлдэг дарамт шахалтаа, тухайн улсын өргөн барих татварын болон бусад холбогдох хуулийн төсөлд оруулах замаар хуульчлан батлуулдаг нарийн аргатай байдаг. Үүний бодит жишээ бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 23.1 буюу “Монгол улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татвараас хасаж тооцно” гэсэн заалт юм. Энэ нь гадаадын корпорацуудад татвараас зугтах боломжийг олгож байна гэж үзэхээр байгаа. Мөн салбар, төлөөллийн газраараа дамжуулан манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын аж ахуйн нэгжид ногдуулах татварын хэмжээ 20 хувь байсныг 5-10 хувь болгон бууруулжээ. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 17 дугаар зүйлд: барилга байгууламж, газрын тохижилт гэх хөрөнгийн бүлгийн ашиглах нийт хугацааг 40 жилээс 25 жил хүртэл бууруулсан нь дотоодын аж ахуй нэгжүүдээ гэхээсээ илүүтэй үндэстэн дамжсан цөөн тооны компанийг дэмжсэн заалт болжээ. Ингэснээр татварын асар их хэмжээний орлого дутах магадлалыг бий болгож байгааг анхаарахгүй орхиж боломгүй байна.
Эцэст нь дурдахад, шинээр батлагдсан хуульд тооцоо судалгаагүй зүйл заалтууд их байна. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 83 дугаар зүйлд: Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагын хувь хэмжээг 30, 50, 100 хувь байхаар оруулж ирсэн байна. Татварын ерөнхий хуулийн 84.2 болон 85.1 заалтууд ч “тооцоо, судалгаагүй” гэх ангилалд багтана. Том аж ахуйн нэгжүүдийн 25 хувийн татвар төлөх орлогын босгыг 3 тэрбумаас 6 тэрбум болгосон. Энэ нь 3 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийн улсад төлөх татварын хэмжээ нэлээдгүй хэмжээгээр буурах нь тодорхой боллоо. Мөн шинэ хууль лицензийн бизнесийг дэмжсэн нь харагдаж байна. 2008 оны Татварын хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30%-ийн татвар ногдуулдаг байсан. Гэтэл шинэ хуулиар өртөг зардлыг хассаны дараах дүнгээс 10%-аар авах болгон бууруулжээ. Ийнхүү татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой улсын төсвийн орлого ямар хэмжээгээр дутагдах, энэ дутагдлыг яаж нөхөх нь тодорхойгүй үлдэж байна.
Ийнхүү дээр дурдсан үндэслэлүүд нь Татварын багц хуулиар татварын хөнгөлөлт болон татварын хэмжээг бууруулснаар үүсэх төсвийн цоорхойг ямар эх үүсвэрээр орлуулах, элэгдэл, хорогдол тооцох тооцооллын судалгааг нарийвчлан хийх, өмнөх хуулиудын зарим зүйл, заалтыг сэргээн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгааг  харуулж байна.
Татварын хуулийн зорилт бол Монгол улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалт, ноу хау, бизнес-инноваци, технологи, бүтээгдэхүүн бүтээх, хөгжүүлэх хөрөнгө босгох, үйлдвэрлэл, эдийн засаг, хэрэглээнд нэвтрүүлэхийг хөхүүлэн дэмжихэд чиглэгдэх учиртай юмсан. Харамсалтай нь, шинээр батлагдсан багц хуулиас ийм зорилго агуулсан ганц өгүүлбэр ч хайгаад олсонгүй. Түүхий эдийн эрдэс баялаг болон импортоос шууд хамааралтай, хөгжиж буй эдийн засагтай улс орны хувьд татвартай холбоотой аливаа шинэчлэлийг аз туршсан, туршилтын маягаар хэрэгжүүлэх, татварын орлогод сөргөөр нөлөөлөх арга хэмжээг тооцоо судалгаагүй төлөвлөх нь ирээдүйд нөхөж боломгүй сөрөг үр дагавар дагуулах гарцаагүй юм.
2019 оны 3-р сарын 24.