Wednesday, January 16, 2019

ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ


АМЕРИКИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТААМАГЛАЛ


Эдийн засгийн ухааны доктор /PhD/-  Раднаасэдийн .Даваадорж



Заавал яагаад Америк? Тэр дундаа хөрөнгийн зах зээл вэ? гэдэг асуулт гарч болох юм. Өнгөрсөн жил манай үндэсний валютын ханш огцом суларсан. Ам.долларын ханш огцом өсөхөд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого дам нөлөөлсөн нь эргэлзээгүй. Үүнд, Дэлхийн худалдааны дайн буюу тарифын асуудал, АНУ Төв банк бодлогын хүүгээ хэд хэдэн удаа нэмсэн асуудлыг дурдаж болох юм.

 Өнгөрсөн оны 10 сараас манай төгрөгийн ам.доллартай харьцах ханш бараг 600 төгрөгөөр суларсан.  Монгол банк бүтэн жилийн турш нийтдээ 1 их наяд 400 тэрбум ам.долларын интервенц хийгээд ханшаа буулгаж чадаагүй. Монгол банкныхан ханш суларсан шалтгаанаа гадаад хүчин зүйлтэй холбон  тайлбарлаж байсан. Үндэсний валютын ханш суларсаныг 100 хувь гаднаас болсон гэж үзэж хэрхэвч болохгүй. Гэвч ирэх жил АНУ эдийн засаг ямар байхаас дэлхийн эдийн засаг, цаашлаад манай эдийн засаг ихээхэн шалтгаална гэдэгтэй би санал нэг байгаа юм. Америкийн эдийн засгийг дүгнэхийн тулд эхлээд хөрөнгийн бирж, хөдөлмөрийн зах зээлийн байдлыг тандах ёстой. АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт эерэг дүнтэй гарч байгаа талаар Холбооны Нөөцийн Сангийн албаныхан өнгөрсөн сард мэдэгдэл хийсэн. Тиймээс энэ удаа хөрөнгийн зах зээлийн төлөв байдлыг шинжилж үзье. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индекс макро эдийн засгийн үзүүлэлтүүдээсээ шууд хамаарна..
Өнгөрсөн жилийн 10-р сарын эхнээс  оны төгсгөл хүртэл S&P500 индекс (Нью-Иорк дээр арилжаалагдаж байгаа шилдэг компаниудын хамтын үнэ цэнийг илэрхийлдэг индекс) 15.6 хувиар, харин бүтэн жилийн дунджаар 8.2 хувь буураад байгаа билээ. Гэсэн хэдий ч он гараад Америкийн зах зээл  дээр эерэг хандлага ажиглагдаж эхэллээ. Шинэ оны эхний 8 хоногт S&P500 индекс 2.85 хувь өсөөд байна.  Энэ чиг хандлага 2019 онд үргэлжлэх үү? Эсвэл өнгөрсөн оны эцсээр мэдрэгдсэн баавгайн зах зээл(огцом уналт) дахин сэргэх үү? гэдэг асуулт ихэд анхаарал татаж байна.
Эдийн засагт сөргөөр нөлөөлж болох дөрвөн эрсдэл:
Бодлогын хүү нэмэгдэх эрсдэл Америкийн Төв банк буюу  Холбооны Нөөцийн Сан 2018 онд бодлогын хүүгээ нийт дөрвөн удаа 1.5% -аас 2.5% хүртэл нэмсэн. Энэ нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлсөн. Өнгөрсөн оны 12 сард Холбооны Нөөцийн Сан цаашид авч хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаараа мэдэгдэл хийсний дараа санхүүгийн зах зээл түр боловч тайвширсан гэж хэлж болно.
Инфляц. Инфляци нэмэгдэх эрсдэл бий. Холбооны Нөөцийн Сан мөнгөний бодлого чангаруулах гол шалтгаан нь инфляцийг тогтворжуулах явдал байсан юм. 2018 оны 1-р сараас 11-р сар хүртэл инфляци 2.1 хувиас  2.5 хувь хүртэл нэмэгдсэн бөгөөд зун 2.9 хувьд хүрч байв. Аливаа улсын Төв банкны гол үүрэг бол үнийн тогтвортой байдал буюу инфляцийг онилсон бодлого явуулах байдаг. Зах зээл өндөр хөгжсөн, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орны хувьд инфляцийн асар бага хөдөлгөөн ямар их ач холбогдолтой байгааг эндээс харж болох юм.
Засгийн газрын бондын өгөөж. Өнгөрсөн жилийн 12-р сарын эхээр 3 жилийн хугацаатай АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж 5 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөжөөс илүү гарсан билээ. Үүнийг 1955 оноос хойш АНУ-д эдийн засагт гараагүй ноцтой үзүүлэлт буюу хямралын дохио хэмээн үзсэн. Гэвч 2 ба 10 жилийн хугацаатай бондын өгөөжид гарсан өөрчлөлтөд шинжилгээ хийж үзвэл зах зээл хэвийн байна гэж дүгнэж болохоор байгаа юм.
Мөчлөг. Эдийн засгийн мөчлөг 10 жил тутам давтагддаг гэх болгоомжлол бий. Гэвч хямралын түүхийг судалж үзвээс, арав арван жилд заавал  тохиолдоод байдаг гэж батлагдахгүй байгаа юм.
Эерэг нөхцөл байдлын тухайд:
Зах зээлийг хүний сэтгэл хөдлөл удирддаг гэж ярьдаг. Энэ талаар тэрбумтан Жон Темплтоны зөвлөмж байдаг. “Бухын зах зээл" (өсөлт) хөрөнгө оруулагчийн  гутрангуй үзэл дээр шинээр үүсч, эргэлзсэн байдал нь өсгөн нэмэгдүүлж, өөдрөг үзэл нь улам хөөргөн дэвэргэж, ялалтаа тэмдэглэх тэр мөчид үхлийн цохилт, уналт ирдэг" гэж тодорхойлсон байдаг.

Зах зээлд хүний сэтгэл хөдлөл хэрхэн нөлөөлдгийг дээрх графикаар харуулав. 1990 оны сүүлээр интернет  компаниудын хувьцааны огцом өсөлт болон 2005-2007 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх хөөсрөлт 2000-2001, 2008-2009 оны эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болсон бөгөөд яг дээр өгүүлсэн Жон Темплтоны схемын дагуу явагдсан байдаг.
Тэгвэл өнөөдөр зах зээлийн уналтад хүргэж болзошгүй өдөөгч буюу  аль нэгэн салбарт хэт хөөсрөлт ажиглагдахгүй  байна. Үл хөдлөх хөрөнгө, аж үйлдвэрлэл, түүхий эдийн салбарт хангалттай үнэлгээ хийгджээ.
Эдийн засгийн хямралын өмнө бий болдог зургаан гол үзүүлэлтийг судлаачид маш их анхаарч үздэг. Тухайлбал, Үр ашгийн муруй (Yield Curve) болон үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага (PMI) нь хямралын өмнөх үед ажиглагддаг анхаарал татах хэмжээнд хүрээгүй байгааг тооцон гаргажээ. Аль нэг үзүүлэлт нь анхаарлын улаан шугамыг даваагүй байгаа аж.
Зах зээл хэт удаан үргэлжлэх өсөлтөд ихэд болгоомжтой ханддаг учраас эдийн засгийн нөхцөл байдлыг анхааралтай дүгнэж үзэх шаардлагатай байдаг. Өнгөрсөн оны 3-р улиралд АНУ-ын ДНБ 3.5%, жилийн дүнгээр 2.8% өсөлттэй гарлаа . S&P500 индексийн компаниудын цэвэр ашгийн хэмжээ жилийн дүнгээр 25.5 хувиар өссөн байна. Мөн томоохон корпорацуудын ашгийн хэмжээ улиралд дунджаар 17.7% өссөн аж. Эдгээр үзүүлэлтүүд АНУ-ын эдийн засаг хүчтэй байгааг нотлон харуулж байна.
Дүгнэж үзвэл:
2015 онд S&P500 индекс дөнгөж 1.5% өсжээ. Үүний зэрэгцээ, 2016 оны 12-р сарын 1-нээс 2016 оны 2-р сарын 11-ний хооронд буюу хоёрхон сарын дотор энэ үзүүлэлт 13 хувиар унаж байв. Энэ нөхцөл байдал өнөөдөр давтагдаж байна гэж үзэх үндэслэл бий. Тэр үед уналтаас жийрхэж зах зээлээ орхисон хөрөнгө оруулагчид 2016 онд 12%, 2017 онд 21.7% өгөөж хүртэж чадаагүй алдсан билээ.

Иймээс дээрх бүх дүгнэлтийг нэгтгэж үзвэл ойрын 1-1.5 жилд Америкийн хөрөнгийн зах зээл дээр ямар нэгэн огцом уналтын эрсдэл ажиглагдахгүй байна. Хөрөнгийн зах зээл хэвийн байна, эдийн засаг өсөж байна, хөрөнгийн бирж дээр элдэв хөөсрөлт байхгүй байна. Тиймээс 2019 онд дэлхийн номер нэг эдийн засаг өсөх магадлал өндөр байна гэж дүгнэж болохоор байна.