Sunday, December 30, 2018

ирэх жил учирч болох эрсдлийг тоймлон харвал


2019 ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ УЧИРЧ БОЛОХ ЭРСДЭЛ 


 Эдийн засгийн ухааны доктор/Ph.D/ Раднаасэдийн Даваадорж
Шинэ оны босгон дээр олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагууд, судалгааны төвүүд болон нэр хүндтэй шинжээч нар 2019 онд дэлхийн эдийн засагт тулгарч болох эрсдэлийг тодорхойлж танилцуулдаг. Тэдний санал нэгтэйгээр нэрлэж буй хэд хэдэн эрсдэлийг Вашингтон, Бээжингийн хоорондох худалдааны дайн тэргүүлж байна.

ХУДАЛДААНЫ ДАЙН
Хэрэв Дональд Трамп Хятадын  бүх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулбал 2019 онд Дундад улс  ДНБ-нийхээ  1.5 хувийг алдана гэж Блүүмберг тооцоолжээ. Харин хоёр их гүрний хоорондох энэхүү зөрчил хурцдаж  "эдийн засгийн хүйтэн дайн”-ны  эхлэл болж хувирах аваас  дэлхийн эдийн засаг шууд  5 хувиар буурах болно.
Тиймээс худалдааны дайнтай холбоотой  гурван асуудлыг чухалчилж, хэрхэн шийдэхээс ихээхэн зүйл хамаарна гэж тооцоолж байна. Үүнд: АНУ, Хятад гэсэн эдийн засгийн тэргүүлэх гүрнүүд хоорондоо харилцан буулт хийж, тохиролцоонд хүрч чадах эсэх? АНУ Европ, Солонгос, Японд үйлдвэрлэсэн  автомашин, сэлбэг хэрэгсэлд  шинээр татвар ногдуулах эсэх?  АНУ-ын Конгресс Мексик болон Канадтай USMCA (United States-Mexico-Canada Agreement) хийх худалдааны шинэ гэрээг соёрхон батлах эсэх? гэсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь  дэлхийн эдийн засагт нөлөөлөх юм.
ИТАЛИД ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ САНХҮҮГИЙН ХЯМРАЛ
Италийн засгийн газрын төсвийн бодлогыг Европын Холбоо хурцаар шүүмжилж төсвийн зардлаа багасгахыг шаардаж байгаа. Хэрвээ энэ шаардлагыг хүлээн авч хэмнэлтийн бодлого хэрэгжвэл тус улсын эдийн засаг 2019 онд дөнгөж 0.5 хувиар өснө. Ийнхүү Италийн эдийн засагт итгэх итгэл буурч, эдийн засгийн хямрал дэгдвэл тус улсын зээлжих зэрэглэл буурч Европын Төв Банктай харьцах харьцаанд ихээхэн хүндрэл учирч болзошгүй юм. Итали улс Европын Холбооны шаардлагад төсвийн бодлогоо нийцүүлэх аваас санхүүгийн хямралд нэрвэгдэх магадлалтай юм. Эсхүл Европын нэгдмэл валютын холбооноос гарах нөхцөл байдал үүсч болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.
ЕВРОПЫН ХОЛБОО БА ИХ БРИТАНИ
 Их Британи улсын Европын Холбооноос бүрмөсөн гарах хувилбар ямар нэгэн  тодорхой шийдэлд хүрэлгүй цаашид үргэлжилбэл  Ерөнхий сайд Тереза Мэйгийн тэргүүлсэн Засгийн газар огцрох эрсдэлтэй. Энэ тохиолдолд  Европын Холбоо эдийн засгаа 2030 он гэхэд 7 хувиар өсгөх гэсэн өөдрөг таамаглал үгүй болно.
ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ
Ирэх онд газрын тосны үнэ ханшид дараах гурван хүчин зүйл нөлөөлнө. Үүнд, Иран болон АНУ хоорондын  харилцаа, ОПЕК-оос (англ. OPEC - Organization of Petroleum Exporting Countries- газрын тос олборлон боловсруулагч 12 улсын Засгийн газар оролцсон олон улсын байгуулага) газрын тосны олборлолтын талаар гарах шийдвэр, АНУ  болон Саудын Араб хоорондын сүүлийн үед эрс муудаад буй харилцаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: сэтгүүлч Жамал Хашоггигийн амийг хөнөөсөн бусармаг явдал нь хоёр орны хоорондын харилцаанд нөлөөлж, улмаар газрын тосны үнэ огцом нэмэгдэхийг хүсэхгүй байна гэжээ. Гэвч тэрээр хэлснээсээ буцаж шийдвэрээ өөрчилдөг нэгэн  гэдгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.
АЗИ ТИВД ҮҮСЧ БОЛОХ ХУРЦАДМАЛ БАЙДАЛ
Тус бүс нутагт  гарч болзошгүй нэгэн хурцадмал байдлыг онцолж байна. Энэ нь Хятад, Тайвань хоорондын харилцаа. АНУ, Тайванд үзүүлэх тусламж дэмжлэгээ нэмэгдүүлж байгаа бөгөөд хэрвээ Өмнөд Хятадын тэнгист цэргийн хамтарсан сургуулилт хийх шийдвэр гарах аваас Бээжин эрс эсэргүүцэж, улмаар зэвсэгт мөргөлдөөнд хүртлээ даамжрахыг үгүйсгэхгүй байна.
2018 оны 12-р сарын 26.