Sunday, December 23, 2018

Энэхүү танилцуулгыг уншсанаар дараах мэдлэгийн олж авна:
-Хеджинг хэрэгслүүдийн ангилал болон тэдгээрийг ямар  нөхцөлд хэрэглэдэг талаар
-Хеджинг хэрэгслийг ашиглах замаар хэрхэн ханшийн эрсдэлээс сэргийлэх талаар
-Хеджинг хэрэгслийг Монголын нөхцөлд хэрхэн ашиглах талаар
           Хеджинг (hedging) гэдэг нь зах зээл дээрх эрсдэл өндөртэй хөрөнгийг санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглан үнэ, ханшийн эрсдэлээс хамгаалахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, Хеджинг хэрэгсэл гэж худалдан авалт ба борлуулалтын дунд үед ханшийн хэлбэлзлийн нөлөөллийг бууруулах  зорилготой арилжааны гэрээг хэлнэ.
Фьючерсийн зах зээлд оролцогчдын дийлэнх нь Хеджирүүд байдаг. Тэдгээр оролцогчдын зорилго нь өөрт учирч болох тодорхой эрсдэлүүдийг бууруулахын тулд Фьючерсийн зах зээлийг хэрэглэдэг. Эдгээр эрсдэлүүд нь газрын тосны үнэ, алтны үнэ, зэсийн үнэ, гадаад валютийн ханш болон хувьцааны зах зээлийн түвшин зэрэг олон зүйлсээс шалтгаалан үүсдэг .Төгс Хеджинг  хийнэ гэдэг нь эрсдэлийг бүрэн  үгүй хийх буюу эрсдэлээс бүрэн зайлсхийхийг хэлнэ. Бодит амьдрал дээр төгс хеджи хийх нь бараг боломжгүй юм. Харин Хеджинг  хийхийн ач холбогдол нь эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулах явдал байдаг.
Хеджингийн төрлүүд
          Өнөөдрийн байдлаар фьючерсийн санхүүгийн зах зээл дээр урт хеджи (long hedge), богино хеджи (short hedge) ба кросс хеджи (cross hedge) өргөн хэрэглэгдэж байна. Эдгээр хеджи тус бүр нь тухайн хөрөнгө оруулагчийн цорын ганц  худалдааны  хэрэгцээг хангадаг.
Хеджийг дотор нь хөрөнгийг эзэмшиж байгаа байдлаар нь богино хеджи, урт хеджи гэж ангилан авч үздэг.
Урт хеджи: Хөрөнгө оруулагчид тодорхой төрлийн  хөрөнгийг (шатахуун) ирээдүйд худалдан авах хэрэгцээ зайлшгүй үүсэх бөгөөд уг хөрөнгийг өнөөдөр тодорхой тогтоосон үнээр ирээдүйд худалдаж авах гэрээг байгуулна. Өөрөөр хэлбэл ирээдүйн үнийн өсөлтөөс сэргийлж өнөөдөр үнэ тохирох хэлцэл юм.
Урт хеджийг бараа бүтээгдэхүүнийг импортлогч байгууллагууд, тэр тусмаа шатахуун  импортлогчид хэрэглэх нь зүйтэй.
Богино хеджи: Уг төрлийн хеджи нь ирээдүйд борлуулахаар төлөвлөсөн их хэмжээний хөрөнгийн багц (зэс ,алт) эзэмшиж буй хөрөнгө оруулагч уг хөрөнгийг зах зээлд арилжаалах өдөр хүртэлх үнийн бууралтаас сэргийлж өнөөдөр ирээдүйн худалдаалах үнийг тогтооход хэрэглэдэг.
Өөрөөр хэлбэл, тухайн арилжаанд богино хеджи хийж буй оролцогчийн үндсэн актив өнөөдөр гар дээр нь байгаа буюу эсвэл хэсэг хугацааны дараа үндсэн актив өөрт бий болох нь тодорхой байдаг. Манай орны хувьд экспортлогч ААН-үүд  нь богино Хеджингийг өөрийн оронд хэрхэн хэрэглэж болох жишээ болж чадна.
Хеджингийн хэрэгслүүд
Форвард хэлцлүүд
Форвард хэлцэл нь онцгой  төрлийн энгийн үүсмэл хэрэгсэл юм. Энэ нь ирээдүйд урьдчилан тохиролцсон үнээр хөрөнгийг худалдах буюу худалдан авах гэрээ юм. Форвард хэлцэл нь over-the-counter зах зээл дээр ихэвчлэн хоёр санхүүгийн байгууллага  ба түүний хэрэглэгч  ААН-ийн хооронд хийгддэг. Форвард хэлцэлд оролцогч нэг тал өөр дээрээ урт позицийг хүлээн авдаг. Урт позици гэдэг нь ирээдүйд урьдчилан тохиролцсон үнээр  суурь хөрөнгийг (underlying asset) худалдан авахаар тохиролцохыг хэлнэ. Оролцогч нөгөө тал нь богино позицийг өөрт хүлээн авах ба энэ нь ирээдүйд урьдчилан  тохиролцсон үнээр  суурь хөрөнгийг худалдах хэлцэл юм.
Фьючерсийн хэлцлүүд
Фьючерсийн хэлцлүүд нь форвард хэлцлүүдтэй ижил буюу  хоёр тал хөрөнгийг  ирээдүйд урьдчилан тохиролцсон үнээр худалдах, худалдан авах хэлцэл юм. Форвард хэлцлүүдээс  ялгаатай тал нь Фьючерсийн хэлцлүүд нь СМЕ, СОМЕХ болон NYMEX зэрэг зохион байгуулалттай бирж дээр арилжаалагддаг. Худалдааг аюулгүй, үр дүнтэй явуулахын тулд бирж дэх гэрээнүүд стандартчилагдсан  байдаг. Мөн фьючерсийн гэрээний онцлог нь уг гэрээг хийж буй хоёр тал бие биенээ мэдэх албагүй байдаг. Харин биржийн тогтолцоо нь хоёр талд гэрээ хүчин төгөлдөр явагдах  болно гэсэн баталгааг олгодог.
Фьючерсийн зах зээл  дээрх суурь хөрөнгүүд (underling assets) нь бүтээгдэхүүн, түүхий эдийн болон санхүүгийн хөрөнгүүд  гэж ангилагддаг. Бүтээгдэхүүн, түүхий эд, гахайн мах, ноос, мод ,зэс, хөнгөн цагаан, алт, цагаан тугалга  гэх мэт бүхий л  зүйлсийг хамруулдаг. Санхүүгийн хөрөнгөд хувьцааны индекс, валютууд  болон  үнэт цаас зэргийг хамруулан үздэг.
Жишээ1:                                                                                                                                                                                               
Урт хеджи: Шатахуун импортлогч компани 1-р сарын  1-ний өдөр 1,0 сая литр шатахууны  хэрэгцээ  3 сарын дараа зах зээлд үүснэ гэдгийг судалгааны үндсэн дээр олж тогтоожээ. Шатахууны литр бүрийн спот ханш 0,45$ байсан ба гурван сарын хугацаатай  буюу 3 сарын дараа  биелэгдэх арилжааны фьючерсийн үнэ нь 0,5$  байв. Импортлогч урт позици нээх замаар өөрийн ирээдүйд импортлох шатахууны үнийг хеджи хийж чадна. Өөрөөр хэлбэл гурван сарын хугацаанд урт хеджи хийх буюу Фьючерсийн гэрээ байгуулан  үнээ түгжих (lock) боломжтой болно. Гурван сарын дараа гэрээний үүргээ биелүүлэх  өдөр болоход шатахууны спот ханш 0,55$ болсон гэж үзвэл импортлогч доорх хэмжээний ашгийг олно. 1000000*(0.55$-0.5$)=50000$
Өөрөөр хэлбэл  фюьчерсийн гэрээ хийснээр  нефтийн үнийн өсөлтөөс өөрийгөө хамгаалж, улмаар гэрээнээс  50000 $-ийн  ашиг  олох боломжтой болно.
Харин гурван сарын дараахь спот ханш 0,45$ болж буурсан  бол  50000$ -ийн  алдагдал хүлээх болно. Дүрслэл  1-ээс харахад фьючерсийн гэрээ хийгдэх өдөр спот үнэ нь  фьючерсийн үнэ буюу К-аас  илүү гарвал урт хеджинг хийсэн импортлогч компани ашиг олох буюу  үнийн өсөлтөөс өөрийгөө хамгаална. Харин эсрэг тохиолдол алдагдал хүлээх боловч  компани  фьючерсийн гэрээг  байгуулсанаар ирээдүйд гарах мөнгөн урсгалыг бодитоор таамаглах боломжтой юм.
Опшин хэлцлүүд
Опшин төрлийн санхүүгийн хэрэгслүүд нь over-the-counter-market болон биржийн зах зээлүүдийн  аль алин дээр  худалдаалагддаг. Опшин нь дотроо хоёр төрөлтэй ба үүнд  колл опшин (call option) болон пут опшин (put option) гэж  ангилагддаг.
Колл опшин  гэдэг нь тухайн худалдан авагч ирээдүйд урьдчилан тохиролцсон үнээр суурь хөрөнгийг худалдан авах эрхтэй болох хэлцэл. Харин пут опшин  гэдэг нь  худалдан авагч  ирээдүйд урьдчилан  тохиролцсон үнээр суурь хөрөнгийг худалдах эрхтэй болох хэлцэл. Гэрээнд  тусгасан үнийг  exercise price эсвэл strike price гэж нэрлэдэг. Харин гэрээнд заасан хугацааг expiration буюу maturity date гэнэ.
Мөн опшинийг хугацаа дуусах  өдрөөр нь америк болон европ  опшин  гэж ангилдаг. Америк опшин гэдэг хугацаа  дуусах өдөр хүртэлх хугацаанд хэлцэл хэрэгжих боломжтой бол европын опшин нь зөвхөн хугацаа  дууссанаар хэрэгждэг. Америк опшин нь европ опшиноос тооцооллын хувьд хялбар байдаг байна.
Экозитик опшин (exotic option) гэдэг нь энгийн опшинуудыг нэгтгэх замаар тэдгээрийн үндсэн  шинж  чанарт  өөрчлөлт  оруулж, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн  стандарт бус опшин үүсгэхийг хэлнэ. Хэдийгээр экзотик опшинууд нь хөрөнгийн багцад харьцангуй  бага хувийг эзэлдэг боловч ерөнхийдөө энгийн  опшин хэлцлүүдээс  илүү орлого  оруулах чадвартай байдаг учир  хөрөнгө  оруулалтын  банкуудын  хувьд хамгийн чухал хэрэгсэл болж өгдөг байна. Экзотик төрлийн опшинг санхүүгийн мэргэшсэн байгууллага өөрийн хэрэглэгчийн багцын онцлог шинж чанарт  зориулж тусгайлан боловсруулж өгдөг.
Экзотик  опшиний давуу тал: Жишээлбэл  зэс  экспортлогч  “Х” ХХК-ийн хувьд  range  forbard contract буюу  экзотик  опшиний нэг төрлийг ашилаж дэлхийн  зах зээл  дээр зэсээ борлуулж болох юм .Үйлдвэрлэгч тэг зардалтай  (zero cost)бүтцийг  гаргаж авахын тулд цаг хугацааны ижил мөчид  пут опшинийг худалдан авах  ба колл опшиныг худалдана. Өөрөөр хэлбэл  урт позицитой пут опшин худалдан авч, богино позицотой колл опшин худалдана. Ингэснээр  “Х” ХХК-д пут опшины үнээс  зах зээлийн үнэ нь дээш гарвал зэсээ худалдах эрх олох ба колл опшиний үнээс зах зээлийн үнэ дээш гарсан нөхцөлд илүү гарсан үнэ бүрдээ опшин худалдсан талдаа үүргээ биелүүлэх үүрэгтэй болно. Ингэсний үр дүнд зэсээс олох орлогыг цаг хугацааны турш тогтмол барих буюу түгжих бүрэн боломжтой.
Сприд опшин: Энэ нь нэг төрлийн экзотик  опшин юм. Сприд опшинийг  ихэвчлэн үнэ, ханшийн өсөх болон буурах чиглэл мэдэгдэж байгаа нөхцөлд хэрэглэх нь тохиромжтой байдаг байна. Сприд опшиныг дотор нь  хэвтээ сприд (horizontal spread), босоо сприд (vertical spread)  болон диагналь сприд (diagonal spread) гэж ангилдаг. Босоо сприд нь суурь хөрөнгө, ирээдүйн тохиролцсон өдөр нь ижил байх опшинуудын  хувьд үүсэх бөгөөд  эдгээр опшинуудын страйк үнэ нь ялгаатай байдаг. Хэвтээ сприд нь  суурь хөрөнгө, страйк  үнэ нь  ижил ба тохиролцсон өдөр нь ялгаатай байх опшин хэлцлүүд юм. Диагналь  сприд нь суурь хөрөнгүүд нь ижил боловч  страйк үнэ, тохиролцсон өдөр  нь ялгаатай  опшинуудыг авч үздэг.
Мөн сприд опшиныг үнэ, ханшийн өсөлт болон бууралтаас нь хамааруулж булл сприд (bull spread), беэр сприд (bear spread) гэж ангилдаг. Хэрэв ирээдүйд үнэ өснө гэж хүлээж байвал булл спридийг хэрэглэдэг бол үнэ буурна  гэж үзэж байвал беэр спридийг ашигладаг. Сприд опшинуудын  ихэвчлэн үнэ, ханшийн чиглэл мэдэгдэж байгаа үед  хэрэглэх нь тохиромжтой байдаг.
Стрэддли опшин: Стрэддли опшин  нь страйк үнэ болон тохиролцсон  өдөр  ижил колл  болон пут опшинийг  худалдан авах  стратеги юм. Стрэддли опшинийг зах зээл тогтворгүй  буюу үнэ, ханш хэт хэлбэлзэлтэй нөхцөлд ашигладаг. Өөрөөр хэлбэл, Стрэддли опшин нь суурь хөрөнгийн  үнэ өсөх болон буурахаас үл хамааран  ашиг олох боломжтой байдгаараа давуу талтай байдаг бол хэтэрхий өндөр преймум төлөх эрсдэлтэй байдаг .
Опшиний позициуд
Опшиний хэлцэл  бүрд хоёр оролцогч тал байдаг.
Нөгөө талд нь урт позицийг хүлээн авсан хөрөнгө  оруулагч (опшийнийг  худалдаж авсан), xарин нөгөө талд нь богино позиц хүлээн авагч болно (опшинийг зарах буюу гаргасан). Опшинийг худалдагч нь эхлээд опшиний үнийн төлбөр авах боловч хугацааны эцэст үүргээ биелүүлэх шаардлагатай болж болзошгүй юм. Oпшин бичигчийн ашиг болон алдагдал нь опшинийг худалдан авагчийн эсрэг чиглэлд байдаг.
Опшинийг позициор нь дөрөв ангилдаг. Үүнд:
1. Урт позицитой колл опшин (buy call)
2. Урт позицитой пут опшин (buy put)
3. Богино позицитой колл опшин (sell call)
4. Богино позицитой пут опшин(sell put)
Позици  Колл опшин Пут опшинХудалдан авах (урт) Худалдан авах эрх олгоно Худалдан авах эрх олгоно
Худалдах (богино) Худалдах үүрэг олгоно Худалдах үүрэг олгоно
Жишээ2:                                                                                                                                                                                               пут опшин авах: зэс олборлогч үйлдвэр нэг тонн зэсийн страйк буюу гэрээний үнэ нь 6000$ байх 100 тонн зэсийг пут опшин хэлбэрээр худалдах хэлцэл хийсэн. Өнөөдрийн нэг тонн зэсийн үнэ 5800$ба гэрээний хугацаа нь 4 сар, тонн дутамд ноогдох опшиний үнэ 50$байг. Энэ тохиолдолд анхны хөрөнгө оруулалт 5000$байх болно. Опшиний гэрээгээр хугацааны эцэст л борлуулалтыг гүйцэтгэнэ гэж хоёр тал тохиролцсон. Хэрэв хугацааны эцсийн өдөр тонн зэсийн үнэ 6000$-оос бага болсон тохиолдолд үйлдвэрлэгч үүргээ биелүүлэх буюу 6000$-аас доош орсон үнийн нэгж бүрээс ашиг олох болно. Жишээ нь тонн бүрийн үнэ 5500$ болсон гэж үзье. “Х” ХХК опшинийг хэрэгжүүлэх замаар 100 тонн зэсийн тонн бүрийг 6000$-аар борлуулах болно. Үүний үр дүнд анхны хөрөнгө оруулалтыг хасаад доорх ашгийг хийх болно.
100*(6000$-5500$)-5000$=45000$
Харин үнэ 6050$-оос дээш гарсан тохиолдолд үйлдвэрлэгч үүргээ биелүүлэхгүй байж болно. Энэ тохиолдолд зэсийн үнэ 6050-аас дээш гарсан ам.доллар дутамд 100 ам.долларын ашиг хийнэ. Зэсийн үнэ 6500$-т хүрсэн гэж үзвэл үйлдвэрлэгч опшинийг хэрэгжүүлэхгүй байснаар нийт 45,000 ам.долларын ашиг хүлээх болно.
Пут опшиний гэрээ хийгдэх өдөр спот үнэ нь опшиний үнээс буурвал пут опшин хийсэн экспортлогч үүргээ биелүүлэн ашиг олох болно. Харин спот үнэ опшиний үнээс илүү гарсан тохиолдолд алдагдал анхны хөрөнгө оруулалт давах эсэхээс хамаарч үйлдвэрлэгч буюу экспортлогч гэрээг шууд цуцална. Пут опшинийг худалдан авснаар экспортлогч опшиний үнийг төлж бүтээгдэхүүний ханшийн эрсдэлийг бүрэн дааж чадна.
Колл опшин авах: Шатахуун импортлогч компани 1-р сарын 1-ны өдөр 1,0 сая литр шатаууны хэрэгцээ зах зээлд үүснэ гэдгийг судалгааны үндсэн дээр лож тогтоожээ. Шатахууны литр бүрийн спот ханш 0,45$ байсан ба гурван сарын хугацаатай колл опшиний страйк үнэ 0,5$ байв. Опшиний премиум үнэ 0,02$. Импортлогч урт позици нээх замаар өөрийн ирээдүйд импортлох шатахууны үнийг хеджи хийж чадна. Өөрөөр хэлбэл гурван сарын хугацаанд урт хеджи хийх буюу колл опшин худалдан авч үнээ түгжих (lock) боломжтой болно. Гурван сарын дараа шатахууны спот ханш 0,55$ болсон гэж үзвэл импортлогч доорх хэмжээний ашгийг олно.
1,000,000*(0.55$-0.5$-0.02$)=30.000$
Өөрөөр хэлбэл опшин гэрээ хийснээр импортлогч нефтийн үнийн өсөлтөөс өөрийгөө хамгаалж улмаар гэрээнээс 30.000$-н ашиг олох боломжтой болно. Харин гурван сарын дараах спот ханш 0,5$-оос доош буурсан тохиолдолд алдагдал хүлээх эрсдэлтэй болно. Энэ нөхцөлд шатахуун импортлогч гэрээгээ биелүүлэхгүй байх боломжтой буюу опшин худалдан авахад зарцуулсан анхны хөрөнгө оруулалт болох 20,000$-ын зардал хүлээх боловч үнэ 0,5$ ам.доллараас буурсан цент тутамд 10,000$ ам.долларын ашиг олно.
Опшин хэлцлийн фьючерсийн хэлцлээс давуу тал нь экспортлогч болон импортлогч ААН-үүд нь үнийн эрсдэлд орсон тохиолдолд гэрээгээ цуцлах эрхтэй байдагт юм.
Колл опшин худалдан авах: Шатахуун импортлогч компани 1 сая литр шатахууныг 3 сарын дараа худалдаж авах шаардлагатай байжээ. Гадаад валютын ханшийн эрсдлээс сэргийлэх зорилгоор хэлцлийг хийхэд шаардагдах нийт 500,000$-ыг 3 сарын дараа худалдаж авхаар “Ү” банктай ам.доллар, төгрөгийн опшин хэлцэл хийсэн. Энэ тохиолдолд “Ү” банк нь пут опшин худалдаалагч болно. Гэрээг хийх өдөр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,400 төгрөг байсан ба гурван сарын хугацаатай колл опшины ам долларын ханш 1420 төгрөг байг. Опшиний үнийг 14 төгрөг гэж үзье. Өөрөө хэлбэл опшинийн үнийн төлбөрт 7,0 сая төгрөгий хураамж “Ү” банк урьдчилан авна. Гэрээний өдөр ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1410 төгрөг болсон бол опшин худалдан авагч гэрээгээ биелүүлэхгүй. Өөрөөр хэлбэл  опшин худалдан авч опшинийг хэрэгжүүлснээр зардлаа багасгах ба хэлцэл хийгдээгүй учир “Ү” банк 7,000,000 төгрөгийн опшиний үнийн төлбөр хүлээн авна.
5,000,000$*(1440-1420)-7,000,000 төгрөг=3,000,000 төгрөг
Зах зээлийн үнэ 1440 төгрөг болсон үед гэрээ хийгдэх бөгөөд колл опшин худалдаалсан “Ү” банк 3,000,000 төгрөгийн алдагдал хүлээх болно.
Пут опшин худалдах: “Х” ХХК-нь 4 сарын дараа 100 тонн зэсийг олон улсын зах зээлд борлуулсны үндсэн дээр орж ирэх нийт 0,6 сая ам.долларыг гадаад валютын ханшийн эрсдлээс сэргийлэх зорилгоор “Ү” банканд ам доллар худалдах 4 сарын хугацаатай ам.доллар төгрөгийн опшин хэлцэл хийжээ. (“Ү” банкны хувьд пут опшин худалдах) гэрээг хийх өдөр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1000 төгрөг байсан ба 4 сарын дараах ам.долларын ханш 1420 төгрөг байна. Опшин нэг бүрийн үнийг 14 төгрөг гэж үзье. Өөрөөр хэлбэл опшиний үнийн төлбөрт “Ү” банк 8,4 сая төгрөгийн хураамж урьдчилан авна.
Гэрээний өдөр ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1440 төгрөг болсон бол опшин худалдан авагч гэрээгээ биелүүлэхгүй байх нь ашигтай. Өөрөөр хэлбэл хэлцэл хийгдээгүй учир “Ү” банк 8,4 сая төгрөгийн опшиний үнийн төлбөрийг хүлээн авна. Ам.долларын ханш 1410 төгрөг болсон үед гэрээ хийгдэх бөгөөд пут опшин худалдаалсан “Ү ” банк 2,4 сая төгрөгийн орлого хүлээн авах болно.
8,4 сая төгрөг-600,000 доллар (1420-1410)=2.4 сая төгрөг
Экзотик опшинКоллар контракт: зэс олборлогч үйлдвэр collar contract опшинийг ашиглан пут опшин худалдан авч, колл опшин худалдсан. Пут опшиний страйк үнэ нь 3,400 доллар ба колл опшиний страйк үнэ нь 5,000$ байг. 100 тонн зэсийг 3 сарын дараа зах зээлд худалдаалахаар төлөвлөсөн. Дүрслэл 6-аас хархад экзотик опшинийг “Х”ХХК хэрэглэсэн тохиолдолд зэсээс олох орлого хугацааны туршид тогтвортой болно. Энэ тохиолдолд зэсээс олох орлогыг улс нэгдсэн төсөвт суулгахад тогтмол үнээр суулгах бүрэн боломжтой болж өгнө. Мөн зэсийн үнийн эрсдлээс зайлсхийх боломжтой болно. Нэг тонн зэсийн пут страйк буюу гэрээний доод үнэ нь 3,400$-аас доош орвол зэс зарах эрхээ хэрэгжүүлнэ. Колл страйкаас дээш гарсан нэгжийн үнэ бүрд опшин худалдсан талдаа төлбөрийг төлөх болно. Уг опшинийг хэрэгжүүлсний давуу тал нь үнийн бууралтын хамгийн доод хэмжээг зааж өгнө. Гэвч тодорхой заасан үнээс дээш гарсан тохиолдолд төлбөр төлөх эрсдэлд оруулж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл 3,400$-оос 5,000$-ийн хооронд зэсийг чөлөөтэй худалдаалж болно. Ингэснээр зэсээс орж ирэх орлогыг хугацааны туршид тогтвортой болгох бүрэн боломжтой нь харагдаж байна. 
Хеджи хийх стратеги
Хеджи хийх арга замууд
Үнэ ханшийн уналтаас сэргийлэх стратегиуд: манай орны экспортлогч аж ахуй нэгжүүд нь үнийн бууралт буюу алт зэсийн үнийн бууралтаас сэргийлэх дараах санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглах нь зүйтэй. Үүнд
-Форвард худалдан авах (богино хеджи)
-Пут опшин худалдан авах
Үнэ ханшийн өсөлтөөс сэргийлэх: манай орны хувьд импортлогч аж ахуй нэгжүүд, тэр тусмаа нефть  импортлогч нар дараах санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй.
-Форвард худалдах (урт хеджи)
-Колл опшин худалдан авах
Хеджи хийхэд анхаарах зүйлс
Хеджи хийхдээ доорх зүйлсийг зайлшгүй анхаарч үзэх хэрэгтэй. Үүнд:
-Хэрэгцээгээ зөв тодорхойлох
-Хеджигийн стратегийн боломжит энгийн хувилбарыг сонгох
-Стратегийн зорилтыг дэлгэрэнгүй, нарийн тодорхойлох
-Бүх хеджингийн зардлыг гаргах
-Бүртгэл үнэлгээний стандартыг бий болгох
-Хеджинг хийх талаар мэргэшсэн, туршлагатай санхүүгийн байгууллагаас байнга зөвлөгөө авах буюу мэргэжилтэнг ажиллууллах.
-Хеджинг хийгдэх үе шатууд дахь мөнгөн урсгалыг зөв зохистой удирдах
-Хеджинг нь үргэлж ашигтай байдаггүйг үргэлж анхаарах
-Тогтвортой бөгөөд таамаглахуйц ханшийг бий болгох нь зарим тохиолдолд хэрэглэгчид болон худалдан авагчидад урт хугацааны дарамт бий болгодог.
-Санхүүгийн хэрэгслүүдийг ашиглан хеджинг хийх зардал нь уламжлалт биет гэрээ болон хадгалалт хийх зардлаас бага байдаг.
-Ямар хэмжээгээр хеджинг хийх ямар хэрэгслийг сонгох вэ гэдэг нь маш нарийн, төвөгтэй асуудал бөгөөд ханшийн хэлбэлзэлтэй адил үр дагаварыг урьдчилан таамаглах боломжгүй.
-Хеджинг хийхэд мэргэжлийн өндөр бэлтгэгдсэн, боловсон хүчин зайлшгүй чухал.