ОНОЛЫН
ХУВЬД ТЭГ ХҮҮТЭЙ ИПОТЕК БАЙЖ БОЛНО
Эдийн засгийн ухааны доктор /PhD/- Раднаасэдийн Даваадорж
Манай улс 1995 онд мянга орчим тонн нүүрс гадаадад
гаргаад 10 мянган доллараар борлуулсан гэх гаалийн статистик үзүүлэлт бий.
Үүнээс хойш нүүрсний үнэ ханш төдийгүй олборлолт өсөж байсан. Харин 2011 онд
нүүрсний үнэ гэнэт тэнгэрт хадав. Учир нь Хятадын коксжсон нүүрсний импортын 40
хувийг хангадаг Австралид и хэмжээний үер бууж дийлэнх уурхайнууд нь
хаагдсанаар манай нүүрсний экспортын алтан үе эхлэв.
Тэр жил 21 сая тонн
нүүрсийг 2 тэрбум 262 сая ам.доллар-аар борлуулав. Үүнтэй
зэрэгцэн уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих
(Оюутолгой,г.м) эхлэл тавигдаж гадаадын шууд хөрөнгө
оруулалт нэмэгдлээ. Ингээд 2011 онд эдийн
засгийн өсөлт 17,5 хувьд хүрэв. Гэтэл төсвийн тэнцэл 2010 онд 41,7 тэрбум
төгрөгийн ашигтай байсан хэрнээ 2011 онд 756,0 тэрбум төгрөгийн алдагдалтай 2012 онд 1 их наяд 130,6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байх юм. Ийм
зөрчилтэй үзүүлэлтүүд нь бид олсныхоо хэрээр үрэн таран хийж байсныг батлан
харуулдаг.
2011-2012 онд хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг
халамжийн зорилгоор зарцуулсан байх юм. Түүгээр зогсохгүй 2011 оны 7 сарын
26-нд Хятадын төрийн өмчит Чалко компаниас 350 сая ам.доллар зээлж,
2012-3-21-нд Хөгжлийн банк 580 сая ам.доллар “ЕВРО” бонд босгожээ. Чалкогийн 350
сая ам.доллар жилийн 10.4 хувийн хүүтэй
тул сард
сая долларын хүү нэмж төлж байв. Монгол Улсын Засгийн газар энэхүү зээлийг бүтэн зургаан жилийн дараа нүүрсээр
төлж барагдуулсан түүхтэй.
Гэтэл 2012 оноос дэлхийн зах зээл дээрх түүхий
эдийн үнийн хөөсрөлт хагарч, манай эдийн
засгийн өсөлт саарч эхлэв. Зэсийн жилийн дундаж үнэ 2011 онд 9000 ам.доллар
хүрч байснаа, 2014 онд 7000 ам.доллараас доош уруудаж, 120 ам.доллар хүрч
байсан нүүрсний ханш 3-4 дахин уналаа. 2011
онд 2 тэрбум 273 сая ам.долларт хүрсэн нүүрсний борлуулалт 2015 онд ердөө 556
сая ам.доллар болжээ.
Ийнхүү экспортын орлогын огцом хомсдол
үүсэхэд Монгол улсын эдийн засаг огцом агшиж, ДНБ-ний өсөлт огцом унах,
ажилгүйдэл эрс нэмэгдэж 160 орчим мянган ажлын байр алдах бодит аюул нүүрлэв. Гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд 4,6 тэрбум ам.доллар
байсан бол 2012 оны эхний хагаст 1,9 тэрбум ам.доллар болон буурч эдийн
засаг өмнөх оныхоосоо 5 хувиар унаж 12,3
хувь болж, цаашид унах нь тодорхой болсон байв. Ийнхүү эрдэс бүтээгдхүүний үнэ
ханш огцом буурч, эдийн засаг уналттай үед
Ардчилсан нам УИХ сонгуульд ялалт байгуулжээ.
Ийнхүү шинээр байгуулагдсан Засгийн газар
хямралыг хохирол багатай даван туулах, банк санхүүгийн систем болон эдийн
засгаа хамгаалах, хямралын хүндрэлийг иргэдэд үүрүүлэхгүй байх асар хүнд даалгавар шийдвэрлэх ёстой болов.
Тэртэй тэргүй илүүчлэх хөрөнгөгүй төсвөөс нэг ч төгрөг
гаргахгүйгээр 150 мянган ажлын байрыг хадгалаад зогсохгүй агуу бүтээн
байгуулалт хийх санаа чухам хэний толгойд анх орсныг би мэдэхгүй. Ямар ч байсан
уул
уурхайн үнийн
уналт болон хямрал давахад хамгийн
их дэм болсон чухал хөтөлбөр шинээр мэндэлсэн нь “найман хувийн ипотек” байсан юмдаг.
2013
оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс “Орон
сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийг Монгол банк, Засгийн газар хоёрын хамтарч хэрэгжүүлж
эхэллээ. Хөтөлбөрийн санхүүжилтийг Монгол банк
гаргасан тул улсад ямар нэгэн гадаад,
дотоодын өр, түүнтэй холбоотой эрсдэл нэмэгдээгүй. Өнөөгийн эрх баригчид
“салхинд хийсгэсэн мөнгө” гэж цоллодог боловч анхны жилийн үр дүн гайхамшигтай
байлаа. Нэг их наяд 684 тэрбум
төгрөгөөр нийтдээ 58793 өрх шинэ орон байртай болжээ. Монголд анх удаа 1.5
сая орчим төгрөгийн орлоготой иргэн 2 өрөө байранд амьдрах боломж бий болсон төдийгүй үл хөдлөх хөрөнгөөр
баталгаажсан хуримтлалтай болох бололцоо нээгджээ. Ийнхүү барилгын борлуулалт 5 орчим их наяд
төгрөгт эргэлдэж, барилгын материалын дотоодын үйлдвэрлэл
30 хувиас 70 хувь хүртэл өсөв. Тус салбарт их бүтээн байгуулалтын
ажил ид буцалж, иргэд энэ бизнест шинээр орж, ойролцоогоор тогтвор суурьшилтай
ажиллах эрмэлзлэл бүхий иргэдийн тоо 200 мянга давлаа. Аж ахуй нэгжүүдийн тоо
нэмэгдэх тоолонгоор улсын төсөвт татвар, нэмэгдэж буй ажиллах хүчний тоогоор
НДШ эхлээд хувь хүний орлогын татвар төсөвт орж эхлэх нь тэр. Ингэж Улаанбаатар
хотын орон
сууцны тоо 30 хувиар нэмэгдэх эхлэл
тавигджээ. Энэ хэмжээгээр хорт
утаат яндан цөөрч, иргэдийн эрүүл мэнд, сурч боловсроход ихээхэн хувь нэмэр болсон байж таараа. Залуучууд
хэний ч хэлэлгүйгээр зах зээлд өөрсдөө суралцаж эхэлсэн юм. Тэд найз
нөхөдтэйгээ наргиж цэнгэхийн өмнө тооцоо боддог болсон байв. Энэ богино
хугацаанд манай дундаж давхаргын үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан хуримтлал 1,5
их наяд төгрөг болжээ.
Хямралын үед 3 жил үргэлжилсэн тус хөтөлбөрт 3 их наяд 29
тэрбум 623 сая төгрөгийн санхүүжилт Монголбанкнаас гаргажээ. Нийт 86 221 өрх
тус зээлд хамрагдаж байртай болсон байна. Түүгээр зогсохгүй зөвхөн
эргэн төлөлтөөс жилд ойролцоогоор таван
мянган
орон сууцны шинэ
зээл гаргах эх үүсвэртэй болсон байна.
Банкны салбарын нийт зээлийн эрсдэл буурч, ипотекийн зээл хамгийн сайн эргэн
төлөлттэй, олон улсын зах зээл 4 орчим их наяд төгрөгийн хэмжээний хөрвөх
валютаар үнэлэгдэх үнэт цаас босгох боломж нээгдсэн гээд тоочвол эдийн засаг
талаасаа “гайхалтай хөтөлбөр”. Ипотекийн зээлийн дөнгөж 1-2 хувь нь эрсдэлтэй
зээлийн ангилалд багтах магадлалтай аж.
Яг энэ үеэр УИХ сонгууль боллоо. МАН шинэ Засгийн газар
байгуулагдав. Хөтөлбөртэй холбоотой улс төржсөн нийтлэл, ярилцлага хэвлэл
мэдээллийн хэрэгсэлд давамгайлав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийг УИХ индэр
дээрээс “мөнгө шинээр хэвлэсэн”, “салхинд мөнгө хийсгэсэн” гэх зэргээр
элдэвлэж, олон хүн итгэтэл давтацгаавх нь тэр. Мэдээж мөнгө шинээр хэвлэж зах
зээлд нийлүүлж болохгүй л дээ. Инфляц гээч юм мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлдэг
аюултай. Гэтэл энэхүү хөтөлбөр хэрэгжих явцад манай улсын инфляц 14 хувиас 2
хувь хүртэл буурсныг бүү март. Тэгэхээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид маш
нарийн тооцоо судалгаа хийсэн нь тодорхой харагддаг. Би эдийн засагч хүнийхээ
хувьд тэдэнд талархаж явдаг. Яагаад гэвэл улс орон эдийн засгийн хямралтай,
хүнд хэцүү үед мянга мянган иргэдээ орон байраар хангаад зогсохгүй, тэднийг
ажил төрөлтэй байлгаж, улс орондоо ч тодорхой хувь нэмэр оруулсныг бодит
статистик бидэнд хэлээд байна шүү дээ.
2016 оны намраас хөтөлбөр ерөнхийдөө зогсов. Барилгын
салбар, түүний хамааралтай бизнес ч
зогсонги байдалд орлоо. Зээлийн олдоц хумигдав. Барилгын компаниуд ээлж
дараалан хаалгаа барьж, тэр хэмжээгээр ажиллах хүчин гадаадыг зорих нь ихэслээ.
Ипотекийн зээлийн олдоц багасах хэрээр шан харамжийн асуудал яригдах болов.
Эсрэгээрээ банкны нийт зээлд эзлэх хэрэглээний зээл нэмэгдлээ. Тухайлбал,
автомашины зээл 30 хувиар нэмэгджээ. Ипотекийн зээл олдохгүй нөхцөлд машин
аваад уначих залуус захаас аваад байдаг аж. Эдийн засаг сэргэсэн өнөө үед төр
барилга барих болон түрээслэх
сонирхолтой болж эхэлсэн төдийгүй
энэ
салбарт төсвийн эх үүсвэр, гадаад зээл ашиглах хэлэлцээр чих дэлсэх боллоо. Дэндүү харамсмаар.
Төгсгөлийн оронд: Ипотекийн зээлийн хүүг онолын хувьд 0-3
хувьд байлгах боломж бүрэн бий. Нарийн тооцоо судалгаа хийх нь чухал. Энэ
салбарт ажиллах туршлагатай мэргэжилтнүүд бол бий. Харин ганц зүйл л саад болох
байх. Тэр нь мэдээж улс төр.
2018 оны 12-р сарын 12.