Thursday, June 7, 2018

“Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх” тухай


ХУУДАС ЦААСНЫ УТГЫГ УХВАЛ...

                 
 Р.Даваадорж /Эдийн засгийн ухааны боловсролын доктор/

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан /2018.05.30/ УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүд дэмжиж үг хэлж байсан боловч санал хураалтаар эсрэг кнопдоод унагааж орхив. Дэлхий нийтэд эдийн засгийн хөгжлөөрөө эрс хоцордог эсвэл дайн самуунтай арав гаруй улсын банк­ны зээлийн хүү нь 20 хувиас давсан бай­даг. Харин энэ жагсаалтад нэг хүнд оногдох байгалийн баялгийн нөөц, газар нутгаараа дэлхийд тэргүүлэгч Монгол улс орсон нь харамсалтай.

Ийнхүү хуулийн төсөл унасны дараагаар УИХ гишүүдын мундаг мэдэгдэл, банкны салбарын гэх шошготой хүмүүсийн ухаалаг мэдэгдэл, ярилцлага, тайлбарууд олон нийтийн сүлжээ, хэвлэлээр цацагдаж иргэдийн анхаарлыг уг асуудлаас холдуулах гэж чармайх аж. Сангийн сайд ч твитер хуудсандаа 1 хуудас хууль гаргаад ЗЭЭЛийн хүүг буулгаж болно гэх юм, тэгвэл 2 хуудас хууль гаргаад БАЙРны үнийг буулгая, 3 хуудас хууль гаргаад цагаан будааг үнэгүй болгомоор байна...” хэмээн жиргээдхэв. Тэрбумын хадгаламжтай гишүүд хуулийн төслийг унагасан/ гишүүдийн ХОМ харвал үндэслэлтэй юм билээ/...  хэмээн улс төржих, нийгмийн сүлжээнд элдвээр жиргэхээс илүүтэй уг хуулийн утга санааг иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлан хүргэх нь зүйтэй юм.
Зээлийн хүүд хязгаар тогтоохын тулд хамгийн түрүүнд зээлийн хүүгийн бүтцийг нь судалсан байх учиртай. Банкны зээлийн хүү зардал болон ашгаас бүрддэг.  Зардал талаас нь үзвэл хүүгийн болон үйл ажиллагааны зардал, эрсдэлийн нэмэгдэл гэсэн 3 параметрыг онцлон анхаарах учиртай. Хадгаламж эзэмшигчдэд төлдөг хүү нийт зардлын дийлэнхийг эзэлдэг. Үйл ажиллагааны зардал нь удирдлагын, цахилгаан эрчим хүчний, байрны түрээсийн, цалин хөлс, ATM зэрэг тоног төхөөрөмжийн гэх мэтээр банкны өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдон гарч байдаг. Эрсдэлийн нэмэгдэл нь зээл чанаргүйдэж эргэн төлөгдөхгүй тохиолдол гарах бөгөөд зээлийн хүүнд заавал шингэж байдаг юм билээ. Арилжааны банк нь бизнесийн байгууллага учраас дээр дурдсан зардлуудаа нөхөөд цаана нь тодорхой ашгийн маржинтай ажиллах нь хэн бүхэнд ойлгомжтой билээ.
Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд дээр дурдсан зардлуудыг багасгах, банкны ашиг/маржин/ үндэслэлгүйгээр хэт өсгөхгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэх ёстой болж таарах нь.
Хэрэв хууль батлагдсан бол манай арилжааны банкуудын хувьд хадгаламжийн хүүг бууруулах асуудлыг зайлшгүй авч үзэх нөхцөл байдал үүсэх бөгөөд энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн 0.15 хувьд л онцгой чухал асуудал байж.
Үйл ажиллагааны зардал: Банкны салбарт 2017 оны эцсийн байдлаар нийт 14 банк, 1,511 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Банкуудад ашиглагдаж буй ПОС төхөөрөмж гэхэд л 2015 онд 14 780 ширхэг байсан бол 2017 онд 27 503 ширхэг болж 2 дахин нэмэгджээ. Үйлчилгээний газруудад зэрэгцүүлэн тавьсан АТМ , гоё ганган унаа, байшин савуудаас авахуулаад бүтцийн асуудал тойрсон олон үр ашиггүй зардал хөндлөнгөөс харагдана...
 Хэрэв хууль батлагдсан бол манай арилжааны банкуудын үйл ажиллагааны зардлаа хэмнэх талаар зайлшгүй авч үзэх, хамтарч ажиллах нөхцөл байдал үүсэх нь тодорхой байсан юм. Нэг үгээр хэлбэл, элдэв зардлаа хумих зах зээлийн эрүүл хуулийг банкныхан маань мөрдөх учиртай байж.
Эрсдлийн нэмэгдэл: 2017 оны эцсийн байдлаар банкны салбарын нийт зээлийн 86.6 хувь буюу 11.5 их наяд төгрөгийн зээл хэвийн ангилалд, 6.2 хувь буюу 819.5 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн ангилалд, 7.2 хувь буюу 954.1 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд тус тус багтжээ Хэдийгээр банкны салбарын хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны эцсээс 8.9 хувиар буурсан хэдий ч чанаргүй зээл 12.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тэгэхээр ийм их хэмжээний замбараагүй алдагдал банкны зээлийн хүүд нөлөөлж, санхүүгийн үйлчилгээ авч байгаа иргэн, аж ахуй нэгжүүдэд дарамт учруулж байгаа хэрэг.
Хэрвээ хууль батлагдсан бол зээл авч байгаа иргэдийн нуруун дээр ирж буй дээр дурдсан ачааллыг багасгах асуудал банкируудын өмнө зайлшгүй сөхөгдөх учиртай. Өөрөөр хэлбэл, танил тал, нутаг усны хамаарал, намчирхалын хар гайгаар хамаа намаагүй зээл олгох асуудал хаагдаад зогсохгүй, банкууд судалгаа шинжилгээндээ ач холбогдол өгч, бусад орны банк шиг ажиллах байсан нь гарцаагүй.
Банкны цэвэр ашиг: Банкны салбар 2017 оны эцсийн байдлаар 252.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 42.2 хувиар буюу 74.9 тэрбум төгрөгөөр өссөн.Хэрэв 252.5 тэрбумын ашгийг банкны салбарын 2.7 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөд хуваагаад үзвэл Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) нь ойролцоогоор 9% байна. Банк ажиллуулах хѳрѳнгѳ оруулагч байснаас 16% хүүтэй хадгаламж эзэмшигч байсан дээр байгаа биз. Эндээс ч банкны салбар буруу зах зээлийн бус хуулиар ажиллаж байгааг төвөггүй ажиглаж болох юм.
Банкны салбарын зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны эцсийн байдлаар 13.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 9.7 хувиар өсчээ. Нийт зээлийн 51 хувийг нь байгууллагад, 49 хувийг иргэдэд олгосон зээл эзэлж байна. Арилжааны  банкууд бодит секторын зээл олголтыг хумьж, хэрэглээний иргэдийн зээлийг голлон олгох хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Тодруулбал, 2017 онд иргэдийн зээл 18 хувиар нэмэгдсэн бол байгууллагын зээл 3 хувиар өсчээ. Мөн манай улсын санхүүгийн системийн бүтцийн хувьд авч үзвэл 95 гаруй хувийг банкны салбар дангаараа бүрдүүлж байгаа, ТОП-100 ААН тоонд төвөггүй багтчихдаг мөртөө хөрөнгийн дутагдалд орж татвар төлөгчдөөс мөнгө авах асуудал.. гм тоочвол гажиг их байдаг.
Санхүүгийн системд зээлийн гүйцэтгэх үндсэн үүргийг хүний бие махбодиор эргэлдэж, биеийн эд эрхтэнд шаардагдах шим тэжээлийг зөөвөрлөн хүргэх үүрэгтэй цусны эргэлттэй адилтган тайлбарладаг. Өнөөдөр манай арилжааны банкууд зөөвөрлөх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа боловч, шим тэжээлгүй, өвчтэй цус түгээж байгаа учраас эмчлэх шаардлагатай. Энэ эмчилгээний анхны оролдлыг хууль батлагчид ойлгосонгүй.
Хэрэв энэ хууль батлагдсан бол банкны салбар санхүүгийн системд эзлэх ёстой байр сууриндаа очиход чухал түлхэц болох байж. Зарим гишүүдийн мэдэмхийрээд байгаа шиг энэ хууль захиргаадалтын гэхээсээ илүүтэй арилжааны банкуудыг үйл ажиллаагааг зах зээлийн зүй тогтолд шилжүүлэх, хариуцлагыг банкны салбарт авчрах луужин болох байж. Харин нийтийн сүлжээний идэвхтэн сайдын жиргээ шиг нэг хуудсаар зээлийн хүүг бууруулах асуудал ерөөсөө биш юм.


2018 оны 6-р сарын 8.                                                Улаанбаатар хот