Мөнгө
хүүлэлт, түүхэн баримт
Р.Даваадорж /Эдийн засгийн ухааны боловсролын доктор/
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2018.5.30/ хуралдаанаар УИХ гишүүн С.Эрдэнийн санаачилсан “Зээлийн хүүгийн дээд хязгаар
тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх” тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүд дэмжиж
үг хэлж байсан хэрнээ эсрэг санал өгч цаашид хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Гэвч 2018
оны 6-р сарын 28 өдрийн УИХ чуулганаар тус асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн
шийдвэр УИХ олонхи гишүүд гаргажээ...Тус хуулийн төслийн “мөнгө хүүлэлт” гэх үг онцгой
анхаарал татна.
Өргөн
барьсан төсөлд “мөнгө хүүлэлт” гэж банк
болон банк бус зээлдүүлэгчид энэ хуульд заасан хязгаараас давсан зээлийн хүү
тогтоож, зээл олгох, хүү авах замаар мөнгө хүүлсний орлого олохыг хэлнэ гэж
заажээ. Хэн нэгэн хувь хүн болон хуулийн этгээдийн тухайн үеийн санхүү,
мөнгөний гэнэтийн яаралтай хэрэгцээ, гарцаагүй байдал болон эдийн засгийн
тооцоолол хийх чадваргүйг ашиглаж хэт өндөр ашиг олох зорилгоор, барьцааны
үнэлгээг хэт багаар тооцон мөнгө зээлэх үйл ажиллагаа юм. Ямар нэгэн
үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэлгүй өндөр орлого олж байгаа болохоор “цус сорогч”,
“шимэгч паразит”-тай зүйрлэдэг аж. Дэлхийн дийлэнх улсад хуулиараа мөнгө
хүүлэхийг хорьдог. Мэргэжилтнүүд ч мөнгөний массыг нэмж, инфляци хөөрөгдөн
улмаар улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн шүүмжилдэг.
“Мөнгө хүүлэлт” цаасан мөнгө гарахаас өмнө үүссэн
түүхтэй. Мөнгө хүүлэлтийг дэлхийн шашны дийлэнх урсгал хүлээн зөвшөөрдөггүй
бөгөөд ийм үзэгдэлтэй маш хатуу тэмцсээр иржээ. Дэлхийн сонгодог зохиол, нэрт
зохиолчдын бүтээлд ч “мөнгө хүүлэлт” талаар хангалттай бичсэн байдаг. Фёдор
Достоевскийн "Гэм ба
зэм" роман дэлхийн утга
зохиолын ноён оргилуудын нэгд зүй
ёсоор тооцогдож, дэлхийн уран зохиолд шинэчлэл авчирсан хэмээн үнэлэгддэг.
Зохиолын гол дүр болох ядуу оюутан Раскольников “мөнгө хүүлэгч” эмгэнийг хөнөөснөөр зохиолын үйл
явдал өрнөдөг. Ф.Достоевскийн бүтээлүүд ямагт ёс суртахууны сэдэвтэй
байдгаараа бусдаас ялгардаг. Одоогоос хоёр зууны тэртээ Хаант Оросын
Москва, Петербургэд өрнөж буй үйл явдал өнөө цагийн манай
амьдралтай тун төстэй. Ялангуяа мөнгө хүүлэгчид нь. Тэд санхүүгийн цаг зуурын
бэрхшээлийг далимдуулан асар өндөр хүүтэй зээлээр иргэнийг санхүүгийн
мөлжлөгөөр хэрхэн дарамтад оруулж буйг энгийнээр гайхалтай дүрсэлсэн байдаг.
Түүх
сөхөж үзвээс:
Гадаад
Монголын нутагт Хятадын наймаачид орж ирсэн цаг хугацааны талаар тодорхой
хэлэхэд хэцүү. Гэвч 1919-1920 онуудад Монголын нутгаар хөндлөн гулд аялсан ЗХУ
дипломатч, түүхч И.В. Майский өөрийн номондоо зарим нэг сонирхолтой мэдээлэл
тэмдэглэн үлдээсэн байна. Түүний бичсэнээр Ар Монголд үйл ажиллагаа
явуулж буй хамгийн том пүүс бол Хөх хотын “Да Шен-кугийн пүүс” аж. 300 жилийн
түүхтэй, санхүүгийн хувьд асар хүчирхэгжсэн, монголчуудын дунд их
нөлөөтэй болсон энэ пүүсээс гадна Шань-си мужийн “Се Сун-чан” пүүс
Монголд 200 гаруй жил үйл ажиллагаа явуулж байв. Тэр үед манай орны бараа
эргэлтийг хятадын 25 том компани барьж байж. Тэд хоёрдугаар, гуравдугаар
зэргийн салбаруудаа Монголын суурин төвүүдэд нээж ажиллуулахаас гадна доншуур
наймаачид тал бүр тийш худалдаа наймаа хийн хамгийн алс бөглүү газрыг
хэрсэн аварга сүлжээтэй байжээ.
Харин
Да Шен-ку, Тянь И-де худалдааны бус банкны байгууллага байсан аж. Наймааны ажил
хийдэг ч тэр нь хөрөнгийнх нь эргэлтэд дорвитой үүрэг гүйцэтгэдэггүй тул үйл
ажиллагааны үндсэн чиглэл нь зээллэг тэр тусмаа төрийн зээлд чиглэж байжээ.
Монголд байрлах хятад цэргийн зардалд зориулсан татвар хураамж, Манж Амбанд
өгөх хээл хахууль, Өргөөгийн Богд гэгээнд бэлэг сэлт өгөх, Бээжин рүү ууган
хүүгээ явуулж үе залгамжлах эрхээ баталгаажуулах гээд бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ
бишгүй тулгарна. Мал тодорхой хугацаа шаардаж бэлэн мөнгө болно.Яаруу
сандруу ийм үед монголын ихэс дээдсүүдэд хятадын дээр өгүүлсэн
хоёр пүүсээс өөр сонголт үгүй. Тухайн үеийн банкны хүү 36 хувь байжээ.
Хятад санхүүчид өрөө малаар тооцож авдаг байсан ба хүү нь 70-80 хувь заримдаа
100 хувь хүрч зарим хошуу, ван ноёд өрийн сүлжээнээс гарч чаддаггүй байв. 1911
онд Сайн ноён аймгийн Бирваа гүний хошуу Да Шен-куд тавьсан өрөө дарахын тулд
Улиастай дахь Бодуновын орос пүүсээс 20 мянган лан зээлжээ. Гэтэл банкныхан
үндсэн өрөө авахаас татгалзсан аж. Тэд зөвхөн хүүгээ авах сонирхолтой
байсан нь тэр. Зээлдэгч зээлсэн мөнгөө төлөхөд Да Шен-кугийн банкныхан
маш дургүй байдгийн адил монголчууд бэлэн мөнгөөр бараа худалдан авахад хятад
пүүс туйлын дургүй байжээ. Монголчууд зээлээр бараа авбал хоёр дахин үнэ
төлнө. Тиймээс хэнд ашигтай нь ойлгомжтой. 1912 оноос өмнө Да Шен-кугийн
пүүс жил болгон Умард Монголоос 500 мянга шахам хонь, 70 мянга шахам адуу Хятад
руу тууж ордог байжээ. Тэгэхдээ энэ бүхэн цөм зөвхөн хүүгийн өр байж шүү дээ
хэмээн И.В. Майский халаглан бичсэн байдаг.
Халхын 104 хошуу, шавь нараас зөвхөн 10-12 нь Да Шен-куд өргүй байжээ.
2018 оны 6-р сарын 30.