Мөнгө
хүүлэлт гэж юу вэ?
Р.Даваадорж
/Эдийн засгийн ухааны боловсролын доктор/
УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан /2018.05.30/ УИХ-ын гишүүн
С.Эрдэнийн санаачилсан “Зээлийн хүүгийн дээд хязгаар
тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх” тухай хуулийн төслийг хэлэлцэхэд
гишүүд дэмжиж үг хэлж байсан хэрнээ эсрэг санал өгч цаашид
хэлэлцэхгүй гэж шийджээ. Тус хуулийн төслийн “мөнгө хүүлэлт” гэх үг онцгой
анхаарал татна.
Өргөн барьсан төсөлд “мөнгө хүүлэлт” гэж банк болон банк бус зээлдүүлэгчид энэ хуульд заасан
хязгаараас давсан зээлийн хүү тогтоож, зээл олгох, хүү авах замаар мөнгө
хүүлсний орлого олохыг хэлнэ гэж заажээ. Хэн нэгний тухайн үеийн санхүү
мөнгөний гэнэтийн хэрэгцээ, гарцаагүй байдал болон эдийн засгийн тооцоолол хийх
чадваргүйг ашиглаж хэт өндөр ашиг олох зорилгоор, барьцааны үнэлгээг хэт багаар
тооцон мөнгө зээлэх үйл ажиллагаа юм. Ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ
үзүүлэлгүй өндөр орлого олж байгаа болохоор “цус сорогч”, “шимэгч паразит”-тай зүйрлэдэг
аж. Дэлхийн дийлэнх улсад хуулиараа мөнгө хүүлэхийг хорьдог. Мэргэжилтнүүд ч
мөнгөний массыг нэмж, инфляци хөөрөгдөн улмаар улс орны эдийн засагт сөрөг
нөлөө үзүүлдэг хэмээн шүүмжилдэг.
“Мөнгө хүүлэлт” цаасан мөнгө гарахаас өмнө үүссэн түүхтэй.
Мөнгө хүүлэлтийг дэлхийн шашны дийлэнх урсгал хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд ийм
үзэгдэлтэй маш хатуу тэмцсээр иржээ. Дэлхийн сонгодог зохиол, нэрт зохиолчдын
бүтээлд ч “мөнгө хүүлэлт” талаар тусгалаа олсон байдаг. Фёдор
Достоевскийн "Гэм ба
зэм" роман дэлхийн утга
зохиолын ноён оргилуудын нэгд зүй
ёсоор тооцогдож, дэлхийн уран зохиолд шинэчлэл авчирсан хэмээн үнэлэгддэг.
Зохиолын гол дүр болох ядуу оюутан Раскольников
“мөнгө хүүлэгч” эмгэнийг
хөнөөснөөр зохиолын үйл явдал өрнөдөг.
Ф.Достоевскийн бүтээлүүд ямагт ёс суртахууны сэдэвтэй байдгаараа бусдаас
ялгардаг. Одоогоос хоёр зууны тэртээ Хаант
Оросын Москва, Петербургэд өрнөж
буй үйл явдал өнөө цагийн манай
амьдралтай тун төстэй. Ялангуяа мөнгө хүүлэгчид нь. Тэд санхүүгийн цаг зуурын
бэрхшээлийг далимдуулан асар өндөр хүүтэй зээлээр иргэнийг санхүүгийн
мөлжлөгөөр хэрхэн дарамтад оруулж буйг энгийнээр гайхалтай дүрсэлсэн байдаг.
Түүх
сөхөж үзвээс:
Гадаад
Монголын нутагт Хятадын наймаачид орж ирсэн цаг хугацааны талаар тодорхой
хэлэхэд хэцүү. Гэвч 1919-1920 онуудад Монголын нутгаар хөндлөн гулд аялсан ЗХУ
дипломатч, түүхч И.В. Майский өөрийн номондоо зарим нэг сонирхолтой мэдээлэл
тэмдэглэн үлдээсэн байна. Түүний бичсэнээр Ар Монголд үйл ажиллагаа
явуулж буй хамгийн том пүүс бол Хөх хотын “Да Шен-кугийн пүүс” аж. 300 жилийн
түүхтэй, санхүүгийн хувьд асар хүчирхэгжсэн, монголчуудын дунд их
нөлөөтэй болсон энэ пүүсээс гадна Шань-си мужийн “Се Сун-чан” пүүс
Монголд 200 гаруй жил үйл ажиллагаа явуулж байв. Тэр үед манай орны бараа
эргэлтийг хятадын 25 том компани барьж байж. Тэд хоёрдугаар, гуравдугаар
зэргийн салбаруудаа Монголын суурин төвүүдэд нээж ажиллуулахаас гадна доншуур наймаачид
тал бүр тийш худалдаа наймаа хийн хамгийн алс бөглүү газрыг хэрсэн аварга
сүлжээтэй байжээ.
Харин
Да Шен-ку, Тянь И-де худалдааны бус банкны байгууллага байсан аж. Наймааны ажил
хийдэг ч тэр нь хөрөнгийнх нь эргэлтэд дорвитой үүрэг гүйцэтгэдэггүй тул үйл
ажиллагааны үндсэн чиглэл нь зээллэг тэр тусмаа төрийн зээлд чиглэж байжээ.
Монголд байрлах хятад цэргийн зардалд зориулсан татвар хураамж, Манж Амбанд
өгөх хээл хахууль, Өргөөгийн Богд гэгээнд бэлэг сэлт өгөх, Бээжин рүү ууган
хүүгээ явуулж үе залгамжлах эрхээ баталгаажуулах гээд бэлэн мөнгөний яаралтай
хэрэгцээ бишгүй тулгарна. Мал тодорхой хугацаа шаардаж бэлэн мөнгө
болно.Яаруу сандруу ийм үед монголын ихэс дээдсүүдэд хятадын дээр
өгүүлсэн хоёр пүүсээс өөр сонголт үгүй. Тухайн үеийн банкны хүү 36 хувь
байжээ. Хятад санхүүчид өрөө малаар тооцож авдаг байсан ба хүү нь 70-80 хувь
заримдаа 100 хувь хүрч зарим хошуу, ван ноёд өрийн сүлжээнээс гарч чаддаггүй
байв. 1911 онд Сайн ноён аймгийн Бирваа гүний хошуу Да Шен-куд тавьсан өрөө
дарахын тулд Улиастай дахь Бодуновын орос пүүсээс 20 мянган лан зээлжээ. Гэтэл
банкныхан үндсэн өрөө авахаас татгалзсан аж. Тэд зөвхөн хүүгээ авах
сонирхолтой байсан нь тэр. Зээлдэгч зээлсэн мөнгөө төлөхөд Да Шен-кугийн
банкныхан маш дургүй байдгийн адил монголчууд бэлэн мөнгөөр бараа худалдан
авахад хятад пүүс туйлын дургүй байжээ. Монголчууд зээлээр бараа авбал
хоёр дахин үнэ төлнө. Тиймээс хэнд ашигтай нь ойлгомжтой. 1912 оноос өмнө
Да Шен-кугийн пүүс жил болгон Умард Монголоос 500 мянга шахам хонь, 70 мянга
шахам адуу Хятад руу тууж ордог байжээ. Тэгэхдээ энэ бүхэн цөм зөвхөн хүүгийн
өр байж шүү дээ хэмээн И.В. Майский халаглан бичсэн байдаг. Халхын 104 хошуу, шавь нараас зөвхөн 10-12 нь
Да Шен-куд өргүй байжээ.
XXI зуун, Монгол орон
ба “мөнгө хүүлэлт”
Монголбанкны Арилжааны банкнуудын зээлийн талаарх хураангуй мэдээ /2017 оны 8 дугаар сар/
миний өмнө дэлгээтэй байна.
Банкуудын
нийт хэвийн зээлийн үлдэгдлийн 60.3 хувийг 1-5 жилийн хугацаатай зээл, 22.1
хувийг 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай зээл, 17.4 хувийг 1 жил хүртэлх хугацаатай зээл бүрдүүлж
байна.
А. Нийт хэвийн зээлийн 82.4 хувь нэг жилээс илүү
хугацаатай байгаа нь хадгаламж нь урт хугацааны буюу буюу ашиг олох зорилготой байгааг анзаарч
болно.
Б. Нийт зээлийн үлдэгдлийн хамгийн их хувийг
хэрэглээний, цалин болон тэтгэврийн зээл байна.
В. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээний
хувьд хэрэглээний зээл хамгийн бага хувийг буюу 1.6-2 хувийг эзэлж байна.
Г. 2009-2017 онуудад иргэдийн төгрөгөөр хийсэн
хадгаламж 6 дахин буюу 6 их наяд төгрөгөөр/Монгол улсын төсвийн орлогоос давсан
үзүүлэлт/, валютын хадгаламж 5 дахин, аж ахуй нэгжийн хадгаламж 1 их наяд
төгрөгөөр өсчээ. Ийнхүү иргэдийн хадгаламж өссөн мэт харагдавч, нийт дүнгийн 80
хувийг ердөө хадгаламж эзэмшигчдийн 3 хүрэхгүй хувь эзэмшиж байна. Мөн 100
саяас дээш төгрөгийн хадгаламжтай 8217 иргэн, 1885 хуулийн этгээд байдаг.
Өөрөөр хэлбэл 100 саяас дээш хадгаламжтай иргэн нийт данс эзэмшигчийн 0.15
хувийг эзэлж байгаа юм.
Д. 2009 -2016 оны хооронд иргэдийн хадгаламжийн
үлдэгдэл бараг 6 их наядаар өссөн байхад нийт иргэдийн амьдрал эсрэгээрээ
муудсаныг статистик үзүүлэлтээс харж болно. 2016 онд Дэлхийн банкны
судалгаагаар Монгол Улсад ядуурлын түвшин буюу ядуурлын хамрах хүрээ 35,2 хувь
болсон бөгөөд 930 мянган хүн ядууралд өртсөн байна. Өөрөөр хэлбэл 100 хүн
тутмын 35 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний
зүйлийг худалдан авах чадваргүй байгаа.
Ийнхүү Монгол улсад “мөнгө хүүлэлт” бодитоор оршин
тогтнож байгааг Монголбанкнаас гаргасан тайланд үндэслэн дүгнэлт хийж болохоор байна.
Хууль
эрхзүйн талаас нь авч үзвэл:
ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ хуулийн З дугаар зүйлийн 2-т
"Үндэсний валют" гэж эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий Монгол
Улсын мөнгөн тэмдэгт-төгрөг, түүгээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр
тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ” гэж заажээ.
Харин ТӨВ БАНКНЫ ТУХАЙ хуулийн 8 дугаар зүйлийн 1-т “Монголбанкнаас гүйлгээнд
гаргасан төгрөг нь өөрийн нэрлэсэн дүнгээрээ Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх
төлбөр тооцоонд хэрэглэгдэх төлбөрийн хууль ёсны хэрэгсэл мөн”, 6 дугаар
зүйлийн 1-д “Монголбанк Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой
эрх эдэлнэ” гэсэн заалт байна.
Энэ хуулийн заалтууд нь төгрөг бол төлбөр тооцооны хэрэгсэл
бөгөөд бараа товар биш юм гэсэн дүгнэлт хийж болно.
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 282 зүйлийн 2-т “хүүгийн хэмжээ нь
зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол
түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэсэн заалт бий. Энэ нь
мөнгө хүүлэлтийг дэлхийн олон улсад хориглож хуульчилсан “мөнгө хүүлэлтийн
эсрэг” хуулийн заалттай улс орны иргэний хуульд байдаг. Гэвч манай улсын хувьд
энэ заалт хэрхэн хэрэгжиж, хэрхэн тайлбарладаг нь тодорхой бус юм.
Ийнхүү
цаг үеэ олсон хуулийн чухал төсөл УИХ гишүүдийн дэмжлэг авч чадсангүй...