Thursday, March 29, 2018

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР, ТУЛГАРЧ БОЛОХ ЭРСДЭЛ


МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР, ТУЛГАРЧ БОЛОХ ЭРСДЭЛ

“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал”
Монгол ардын зүйр цэцэн үг

Раднасэдийн Даваадорж /эдийн засгийн ухааны боловсролын доктор/

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдээд 100 хонохдоо амжуулсан чухал 30 ажлын магнайд “Чингис” бондын өрийг дарсан гэж оруулжээ. Мөн БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, Мянганы Сорилтын корпорацтай гэрээ байгуулж 350 сая ам.долларын санхүүжилт баталгаажлаа” зэргээр зээл авч өрөө шийдвэрлэсэн болон нэмж авахаар үзэглэсэн гадаад зээлтэй холбоотой асуудлыг онцолжээ.
Харин Монгол Банкнаас Монгол Улсын нийт гадаад өр 2017 оны IV улирлын байдлаар 27 тэрбум 413 сая ам.доллар буюу 65.6 их наяд төгрөгт хүрээд байгаа талаар мэдээлэл хийв. Ойрхон хугацаанд нийтэд түгсэн дээрх хоёр мэдээллийн цаад утга учир хоорондоо ихэд зөрчилдөх аж. Эхнийх нь, эдийн засгийн тооцоо судалгаа хийгээгүй, харин нийт сонгогчдод таалагдах өнгө аяс агуулсан аятай суртал ухуулга маягтай аж. Хэрвээ уншигч та санаж байгаа бол хоёрхон жилийн өмнө Монгол улсын гадаад өрийн асуудлаар өнөөгийн эрх баригчдын хэлж ярьж байсан зүйл 180 хувь эсрэг байсан юм. Харин Монгол банкнаас гаргасан мэдээллийн хувьд Монгол улсын гадаад өрийн хэмжээ зохист түвшингээс хэтэрч байгаа тоо дурдсан боловч бодитой дүгнэлт хийж эс зүрхэлжээ.

Эх сурвалж Монгол Банк

ГАДААД ӨРИЙН ЗОХИСТ ХЭМЖЭЭ

Гадаад өрийн зохист хэмжээ улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг хэдий ч дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-хээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхыг эрмэлзэж, хуульчилсан байдаг. Тухайлбал, Белорусс улсын хувьд гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 25 хувь, дотоод өр нь 20 хувиас хэтрэхгүй байдаг. Харин манай улс 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан билээ. Энэ нь дэлхийн жишигт нийцэхүйц зохист хэмжээ бөгөөд манайхан “өрийн тааз” гэж нэрлэжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол улс төсвийн тогтвортой байдлын хуулийн үзэл санааг хэд хэдэн удаа эвдэж дээрх заалтуудын хэм хэмжээг өөрчилсөн байдаг. Тиймээс хуулийн үндсэн утгыг гээгдүүлж, “өртэйгээр хөгжих”, төсвийн мөчлөг дагасан тэлсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдал ба өрийн хэмжээ хоорондын уялдааг хангалгүй хэрэгжүүлэх хууль болгон хувиргасан нь харамсалтай.
Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “улсын нийт гадаад өр”-ийг Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг гэж заажээ.
Монгол улсын гадаад өрийн хэмжээ хуулийн хэмжээнд байгаа талаар /өөрсдийн дураар өөрчилсөн тэрхүү хэмжээг хэлж буй хэрэг/ Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэж байдаг боловч бодит байдал дээр тэс өөр дүр зураг харагддаг. Тухайлбал, 2009 онд Жаст компани Эрдэнэтийн 51 хувийг засгийн газраар баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкинд 109 сая ам долларын барьцаанд тавьсан асуудал Лондонгийн Арбитрийн шүүхээс шийдвэр гараагүй бол хэн ч мэдэхгүй байж. Уул номондоо Монгол улсын засгийн газар баталгаа гаргасан учраас энэхүү зээлийн хэмжээ Монгол улсын гадаад өрийн жагсаалтад дурайж байх учиртай юм.
Мөн Оюу Толгой гэх мэт төслүүдэд эзлэх Төрийн эзэмшлийн хувь хэмжээний дүнгээр авсан зээлийн хэмжээг тооцвол Монгол улсын Засгийн Газрын өр ДНБ хэмжээнээс ихээхэн хол давахаар байна. Монголын нийт гадаад өрийн талаар тулхтай тоо баримт олоход бэрхтэй. Сангийн Яам, судлаачид, улс төрчид Дэлхийн Банк зэрэг олон улсын стандартыг мөрдсөн ангилал бус өөр өөртөө таалагдсан хэмжээс хэрэглэдэг. Гэвч өрийг өрөөр дарж эхэлсэн тэр мөчид Монгол улс “өрийн урхи”-нд гүн баттай орсноо дэлхий нийтэд зарласан хэрэг.
ГАДААД ӨР НЭМЭГДЭХ ҮНДСЭН ШАЛТГААН
Аливаа улсын өрийн хэмжээ нь тухайн улсын эдийн засгийг дүгнэх чухал хэмжүүрийн нэг байдаг. Гадаад өр нэмэгдэх үндсэн шалтгаан нь “төсвийн алдагдал” юм. Төсвийн данхар зарлага өсч, үүссэн алдагдлыг нөхөхын тулд Төр гадна, дотны санхүүгийн зах зээл дээрхи чөлөөт эх үүсвэрийг хувийн хөрөнгө оруулагчидтай өрсөлдөж өндөр хүүтэй цохиж авдаг. Угтаа тэрхүү сул эх үүсвэр бүтээн байгуулалтад зориулагдаж, хүмүүсийг ажлын байраар хангаж байх учиртай юм. Ийнхүү ирээдүйд бий болох байсан "үндэсний үйлдвэрлэл" санхүүгийн эх үүсвэргүй шалтгаанаар зогсоход хөдөлмөр эрхлэлт буурч, дагаад иргэдийн амьжиргааны түвшин дордох нь гарцаагүй.
Нэгдсэн төсвийн зарлага, зээлийн дүн хэрхэн өсч байгаа талаар Сангийн яамнаас хийсэн судалгааг танилцуулбал:
Төр төсвийн алдагдлаа нөхөхийн тулд татвараа нэмэх, гадаад, дотоодын санхүүгийн зах зээлээс хүүтэй зээл авах, шинээр мөнгө хэвлэх гэсэн цөөн замтай. Гэхдээ улсын төсөв хэлэлцэх үеэр зардлаа танаж “алдагдалгүй” батлах сайхан боломж байдгийг сонгогдсон тойрогтоо ямар нэгэн бүтээн байгуулалт хийж нэр хүндээ өсгөх амбицид хөтлөгдсөн УИХ гишүүд үл ойшооно. Татвар төлөгчдийн хувьд ч гэсэн энэ асуудалд өнөөг хүртэл онц ач холбогдол өгөхгүй явсаар ирлээ. Сөрөг хүчин болон зарим нэг эдийн засагчдын дуу хоолой нийтэд хүрэхгүй замхрах нь элбэг.
ГАДААД ӨР НЭМЭГДСЭНЭЭС ҮҮСЭХ НӨЛӨӨ
Аливаа улсын гадаад өрийн хэмжээ тухайн улсын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Тухайлбал, өрийн хэмжээ нэмэгдэхэд инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, хадгаламж буурч, төсөв, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засаг болон тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл агуулдаг билээ. Гадаадад төлөх зээл, өрийн төлбөр улсын хатуу валютын нөөцийг шавхаж, бүхэлдээ эдийн засагт чөдөр тушаа болдог. Мөн дэлхийн санхүүгийн зах зээл дээр өрийн дарамтад орсон улсын нэр хүнд болон зээлжих зэрэглэл буурч, тэр хэмжээгээр санхүүгийн эх үүсвэр хүртэх боломж хязгаарлагдах бөгөөд хэрвээ олдвол асар өндөр үнэтэй байдаг.
2013 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-хээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн учраас гадаад өрийн зарим хэсгийг цуцлахын тулд Уулын-Бадахшаны тодорхой газар нутгийг БНХАУ-д шилжүүлснээр 2013 оны 5 сарын 6 өдөр өмнөд хөршийн цэргүүд тухайн нутаг дэвсгэрт нэвтэрч орсон талаар мэдээлж байв. Мөн 2017 оны 12 сарын 9 өдөр Шри-Ланк улс Хамбантотын боомтоо гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилгоор 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгсөн байна. Америкийн “www.visitsrilanka.com” сайтад өнгөрсөн 2 сард “Хятадын өрийн занганд орж буй найман улс” гэх нийтлэл гарсан бөгөөд дурьдагдсан найман улсын тоонд Монгол Улс багтжээ. Уг нийтлэлд, “Өнгөрсөн хугацаанд Хятад улс гол зээлдэгчээрээ ядуу буурай орнуудыг сонгож, тэднийг өмнө нь бэлдсэн “урхи”-ндаа оруулж байна. Тэд зээлдэгчдэд санаанд оромгүй санал тавьж, хэрвээ өрөө хугацаандаа төлж чадахааргүй болбол газар нутгийнхаа өчүүхэн хэсгийг өөрт нь өгөхийг тулган шаарддаг” хэмээн анхааруулсан байна. Ийнхүү аливаа улс орон гадаад өрийн урхинд орвоос эдийн засгийн хувьд төдийгүй улс орны тусгаар тогтнолд аюул учирч болох юм. Засгийн газар шаардлагатай өр, зээлээ төлөхийн тулд дахиж шинээр зээл авч санхүүжүүлэхээс өөр гарц, сонголтгүй болсон тэр мөчөөс “өрийн урхи”-нд ордог.
Ийнхүү гадаад өрийн хэмжээ зохих түвшингээс давсан тохиолдолд улс орны эдийн засгийн макро үзүүлэлтүүд огцом буурч, нийгмийн амьдрал тогтворгүй болж, улс төрийн нөхцөл байдал хурцдах нөхцөл үүсдэг. Аливаа улс өр зээлийн дарамтад орсон тохиолдолд тулгарах эрсдлийг эдийн засгийн тоон үзүүлэлтийг нуршилгүй авч үзвэл:
1.​ Санхүүгийн эх үүсвэрээ бие даан зарцуулах эрхгүй болно,
Аливаа тусгаар улс иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх, улс орны хөгжил дэвшилд хүргэх боломжит хувилбарыг сонгож санхүүгийн нөөц, эх үүсвэрээ чөлөөтэй зарцуулах боломжтой байх нь чухал. Гэтэл “өрийн урхи”-нд орсон засгийн газар санхүүгийн бүхий л нөөц боломжоо зөвхөн өр зээлийн асуудлаа эцэслэн дайчлан шийдвэрлэхээс өөр гарцгүй болно. Хэрвээ өрөө төлөөгүй нөхцөлд зээлийн алдагдал нэмэгдэж, санхүүгийн эх үүсвэр улам бүр үнэтэй болдог.
2.​ Бүрэн эрхт байдлаа алдах эрсдэл тулгарна,
Улс орны санхүүгийн асуудал нь бусдаас хараат болсон тохиолдолд улс орны тусгаар тогтнол өндөр эрсдэлтэй байна гэсэн үг. Хэдийгээр өнөө үед өрөөс шалтгаалаад тусгаар тогтнолоо алдах асуудал төсөөлөх аргагүй мэт санагдаж болох юм. Гэвч түүх сөхөж, үзье. 1862 оны 5 сарын 5 өдөр Мексикийн 4000 орчим цэрэг Францын армийг бут цохижээ. Энэ өдрийг Cinco de Mayo буюу Мексикийн тусгаар тогтнолын баяр хэмээн өргөнөөр тэмдэглэж байна. Мексик Францад төлөх өр төлбөрөө хойшлуулмагц 2 орны хооронд дайн эхэлсэн юм. Хэдийгээр өнөөдөр ийм түүх давтагдах боломжгүй хэдий ч гадаад өрийн хараат байдал аливаа улсын төрийн эрх мэдэлд нөлөөлөх хүртэл хэмжээнд хадгалагдаж байна. Энд Грек улсын жишээг дурдаж болох юм. 2009 онд Грекийн гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 113 хувьтай тэнцсэнээр "Өрийн хямрал" эхэлсэн түүхтэй. 2015 онд ОУВСангийн 1,54 тэрбум еврогийн зээлээ төлөх боломжгүй болсноо зарлах үед ажилгүйдлийн түвшин туйлдаа хүрч, нийгмийн амьдралд үймээн самуун даамжирч, улс орныг удирдах эрх мэдлийн тодорхой хэсгийг гадаадын зээлдүүлэгчдийн эрх мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд (S&P, Fitch и Мoody’s) Грек улсын бондын зэрэглэлийг хөрөнгө оруулагчдын хувьд асар өндөр эрсдэлтэй ССС болгож бууруулав. Ийм бондыг “хог” гэж нэрлэх бөгөөд огт борлогддоггүй. Ер нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаардаг сөрөг хүчин зүйлийн тоонд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан нийгмийн хурцадмал байдал ордог аж.
3.​ Ирээдүйгүй улсын жагсаалтад багтана,
Гадаад өрийн хэмжээ улс орны ирээдүйн хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм.
ОРШЛЫН ОРОНД:
Монгол ёс заншил өргүй байхын үнэ цэнийг “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” хэмээн зүйрлэж, үеийн үед сургаж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Улсын гадаад өрийн хэмжээ зохист хязгаарыг давсан тохиолдолд ноцтой үр дагаварт хүрч болохыг зарим нэгэн улсын туулж өнгөрүүлсэн түүхэн бодит жишээгээр авч үзэхэд ийм байна. Гадаад өрийн асуудал нийгмийг цочроож, элдэв хөдөлгөөн гарах, түүнийг бусад улс орон өөрийн эрх ашигт тохируулан ашиглах, тэр бүү хэл улс төрийн дэглэм солигдоход хүргэж байжээ. Дэлхийн хоёр том гүрний дунд хавчуулагдсан “жижиг” орны хувьд “гадаад өрийн асуудал” төрийн хар хайрцагны хэмжээнд яригдах учиртай. Харин ямар нэгэн улс төрийн хүчин сонгогчдоо даллан дуудах хийгээд хэн нэгэн сайдын хувийн рейтингээ өсгөхөд ашигладаг хэрэгсэл ерөөсөө биш юм билээ.

2018 оны 03 сарын 28                                                        Улаанбаатар хот