Thursday, October 12, 2017

Жини индекс



Жини индекс

Жини индекс (GINI INDEX) нь нийгэм дэх орлогын хуваарилалт буюу  цалин хөлсний хэмжээ хүн амын бүлгүүдэд хэрхэн хувиарлагдаж байгааг хэмждэг үзүүлэлт. Зах зээлийн эдийн засаг хөгжсөн орнуудад ихэвчлэн хэрэглэдэг ч манай улсад  ашигладаггүй.

Энэ тооцоог ихэнхдээ жилийн орлогын түвшингээр судална. Жини индекс нь хүн амын бүлэг хоорондын мөнгөн орлогын ялгаа буюу нийгэмд орлого хэр жигд хуваарилагдаж буйг илэрхийлдэг тоон үзүүлэлт. Өөрөөр хэлбэл баян, хоосны ялгааг заана гэсэн үг.
Энэ аргачлалыг Италийн социологич, статистикч Коррадо Жини 1912 онд гаргажээ. Жини индексийг 0-100 хүртэл тоогоор илэрхийлнэ. Тэг рүү ойртох тусам тухайн улс орны хүн амд нийгмийн баялаг, улсын орлого тэгш хуваарилагдан хүрч буйг, 100 руу ойртох тусам тухайн улс орны баян ядуугын ялгаа гүнзгийрч байгааг илэрхийлдэг. Байгалийн эрдэс баялгаар Африк тивдээ толгой цохидог (уран, алмаз), цөөн хүн амтай (2,1 сая) Намиби улсад энэ үзүүлэлт 75 байдаг бол  иргэддээ орлогоо жигд хувиарладаг Норвегид 26 орчим байх жишээтэй. 

Монгол улс ба жини индекс

Монголд 2008 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хийсэн тооцоогоор манай улс 36.5 хувьтай  байсан. Харин АНУ-ын Тагнуулын төв газрын гаргадаг “CIA”-гийн мэдээнд дурдсанаар Монголын жини индекс 44 байсан гэх мэдээ бий. Үндэсний Статистикийн Хороо энэ үзүүлэлтийн талаар 2014 оны үед  ярьж эхэлсэн боловч тэгсхийгээд намжсан байдаг.
Манай улс 1995 онд мянга орчим тн нүүрс экспортлож 10 мянган доллараар борлуулалт хийж байв. Харин  2011 онд 21 сая тн нүүрсийг 2 тэрбум 262 сая ам.доллараар борлуулсан. Чухам энэ үед Монгол улсын эдийн засаг 17,3 хувийн өсөлттэй гарчээ. Энэ үзүүлэлтийг одоогийн эрх баригчид  /мэдээллийн бүхий л хэрэгслээр/ ялангуяа УИХ сонгуулийн үеэр/ өөрийн гавьяа мэт дөвийлгөж ухуулж байв. Тэгвэл иргэдийн амьжиргааны түвшин, бодит орлого нэмэгдэж, нийт иргэдэд тэгш хувиарлагдсан уу гэдэг асуулт зүй ёсоор хөндөгдөх ёстой. Үнэн хэрэгтээ эрдэс баялгаас хамаарсан эдийн засгийн өсөлт хөгжлийн хэмжүүр огтхон биш. Хэрвээ үйлдвэрлэл хөгжиж, ажилгүйдлийн түвшин буурч, орлого нь зарлагаа давсныг нийтэд тэгш хуваарилаад ирвэл иргэд  үр шимийг нь мэдрэх билээ. Харин уул уурхайн орлогын дийлэнхийг хөрөнгө оруулсан хийгээд “гарын үсэг” зурдаг эрх мэдэл бүхий цөөхөн гэр бүлийнхэнд ногддог. Улсын эдийн засаг нь өсөөд байхад нийт иргэд нь улам ядуурч байдаг тэрхүү үзүүлэлтийг жини индекс харуулдаг билээ.
Орлогын тэгш бус байдал гэдэг эдийн засгийн хямралаас ч  аюултай үзэгдэл. Энэ үзүүлэлт ихсэх тутам нийгэмд дургүйцэл, үзэн ядалт гаарч, үймээн самуунаар төгсдөг жишээ олныг дурдаж болно.