Монголыг мөхөөх таван өгөөшийн арга
Эртний хятадын төрийн зүтгэлтэн Жя И бол түрүү Хан улсын Хан Вэньди /м.э.ө 2-р зуун/ хааны түшмэл юм. Жя И нь манай Хүн гүрний хоёр дахь хаан Луустайн /Модун хааны хүү м.э.ө 174-161 онд хаанчилсан/ үед амьдарч байсан бөгөөд Хүн гүрнийг доройтуулах бодлогыг голлон хариуцаж, бүхэл бүтэн цогц систем бодлогыг боловсруулжээ. Түүний системийг “Гурван илтгэл, таван өгөөш” гэж нэрлэдэг байна.
Дараа үеийн Хятадын хаадын төрийн бодлогод ихэд нөлөөлсөн гэж үздэг. Жя И өөрөө “Хэрэв намайг Хүн улсын өмнөд хил дээр суулгавал би тэднийг дагаар оруулна” гэж ярьдаг байсан гэнэ. Энд бид Жя И-гийн “Таван өгөөшийн арга”-г хураангуйлан толилуулж байна.
1. “Нүдийг эвдэх өгөөш”
-Хүннүгээс хятадад дагаар орогсдыг их бага гэж ялгалгүй өнгөт хувцас, үнэт эдлэлээр бялхуулна. Үүнийгээ бусдад дэлгэрүүлэн сурталчилах агаад бусад Хүннү нар атаархан хорсч, бас дагаар орохыг эрмэлзэх болно.
2. “Амыг нь гэмтээх өгөөш”
-Хүннүгийн элч ба арилжаачдыг ямагт архи дарс, элбэг идээ будаагаар дайлна. Бусад нь сонсоод мөн чингэж дайлуулахыг эрмэлзэн, бидэнд сэтгэл дасна.
3. “Сонорыг нь муутгах өгөөш”
-Дагаар орсон Хүннү нарын дотроос авъяас чадвартайг нь онцлон өргөж, хаан өөрийн биеэр шагнан урамшуулах ба магтаалын үг, бахдуулах аялгууг улам улам дуурсгана. Үүнийг Хүннү нар сонсвоос бүгд өөрийгөө “Авъяастан” хэмээн бодох учир манай хаанаас өргөмж, сайшаалыг горилон бие биеэсээ хоцрохгүйг хичээн тэмцэн ирэх болой. Энэ бол тэдний сонорыг муудуулах өгөөш мөн.
4. “Өрцийг гэмтээх өгөөш”
-Дагаар орсон язгууртнуудыг угийн байснаас нь хувилах ёстой. Ингэснээр тэдний харилцан атаархах нь ихэснэ.
5. “Сэтгэлийг хувируулах өгөөш”
-Дагаар орсон язгууртнаас цөөнийг сонгож, хаан өөрийн шадар болгоод, унтаж босох, ууж идэх аль нь боловч тэдний хамт байваас бусад нь мөн тэмцэлдэнэ. Ингээд эзэн, сайд, ихэс харцас харилцан атаа санаж сэтгэл хувирна.
Ерөнхий санааг нь товчлон буулгаваас ийм байна. Угсаатны төрх төлөв, сэтгэл зүйд айхтар харгалзсан арга байгаа биз! Жя И сайдтан эцэст нь дүгнэж хэлэхдээ:
“...Таван өгөөшийг тодруулснаар Хүннүгийн дотоодод лавтайяа харилцан сэргийлж, арсалдан сэжиглэх болно. Хүннүгийн хаан унтавч нойр үгүй, хол барих нум атгаж, эсгий гэрийн буландаа оцойн, зүүн барууныг ажиж, хүн болгоныг өшөөтөн хэмээн хардаж сэрдэх болно” гээд үүнийгээ “Хүннүгийн эзэн хаанаас албатыг нь булаах” гэж томъёолсон юм.
Монголын төрт улсууд (Хүн, Сүмбэ, Нуруу, Хитан ...) бүгд л Жя И-гийн хар системийн хор хөнөөлийг амссан юм. 17-р зуунд Манж Да Чин улсд гарч ирэхдээ аажмаар Хятад түшмэдийн нөлөөнд автаж Жя И-гийн хар системийн хор уршигаар мөхөж алга болжээ. Өмнөд Монголыг, Төвд, Уйгарыг уусган хордуулахдаа “Таван өгөөшийн арга”-ыг ашиглаж ирсэн, санасандаа ч хүрсэн. Одоо ч ашиглаж байгаа. Энэ арга нь нэг өдөр сар бус нэг зууны дараа үр дүнгээ өгдөг болохыг ч Жя И өөрөө хэлж байсан байна.
Уншигч та гэгээн оюундаа тунгааж чухамхүү хаана энэ арга хэрэгжиж буйг тунгаана биз ээ. Тиймээс өнөөдөр Монголчууд та биднийг “Таван өгөөшийн арга”-аар өдөр бүр урвуулж буйг анхаарах хэрэгтэй!
Эх сурвалж: http://radvelt.blog.gogo.mn