Saturday, June 3, 2017


 
 

Дэлхийн хамгийн баян найман хүн 3.6 тэрбум буюу дэлхийн нийт хүн амын тал хувийн хөрөнгөтэй тэнцүү хөрөнгөтэй. Ийм мэдээллийг Оксфам хэмээх ТББ-ын тайланд дурдагджээ.  Forbes гаргадаг жагсаалтыг бидний танил Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс (75 тэрбум $) тэргүүлдэг. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд  Амансио Ортега (Zara компанийг үндэслэгч, 67 тэрбум $,) - Уоррен Баффет (хөрөнгө оруулагч, 60 тэрбум $,) нараас гадна олны танил болсон - Jeff Bezos (Amazon онлайн дэлгүүр эзэн) - 45 тэрбум $, Марк Зукерберг (Facebook үүсгэн байгуулагч) - 44 тэрбум $, Майкл Блумберг (хэвлэл мэдээллийн магнат) - 40 тэрбум $ хөрөнгөтэйгээр багтжээ.  Энэ нь үндэстэн дамнасан корпорациуд дэлхийн эдийн засагт ноёлох байр суурь эзлэх болсны тод жишээ боловч, нөгөө талаас нь  харвал тэдний бизнес, хөрөнгө чинээ  дэлхий нийтэд ч ил тод байдаг аж.

Монголчуудын хувьд ам.долларын тэрбумтан цөөнгүй байдаг талаар ам дамжин ярьдаг боловч  нээлттэй мэдээлэл байдаггүй. Саяхан Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах 400 сая илүүтэй доллар ямар бизнес эрхэлдэг нь үл мэдэгдэх залуугийн хармаанд байсан аж. Оффшор дансанд тэрбумаар  доллар нуугчид цөөнгүй байгаа хэмээн ид шуугиж байна.  Офшорчидтой тэмцэх хөдөлгөөн ч өрнөж байна. Тэдний хөрөнгийг илрүүлнэ гэж төрийн өндөр албан тушаалтнууд чангаар амлаж эхлэв. Шударга ёс,  тэгш байдлыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохоор аргагүй байх л даа. Гэвч ам ажил нь алд дэлмээр зөрдөг, ёс суртхуунгүй хүмүүсийн амлалт юугаар төгсдөгийг бид нар гадарлахтайгаа болсон гэж байгаа.  Хулгайч л хулгайчийг бариарай гэж хамгаас чанга хашгирдаг.
 Ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүй мөртлөө хагартлаа хөрөнгөжсөн илбэчид хаанаас гараад ирэв? Фейсбукийг үндэслэгч  Марк Зукерберг  олон тэрбумын хөрөнгөтэй болсон нь хэнбугайд ч сонин биш. Харин дэлхийн зах зээлийн томоохон тоглогч Уоррен Баффетаас дутахгүй хөрөнгөлөг, нууцлаг ноёд  Монголд төрөөд  байгаа нь хачирхалтай санагдахгүй байна гэж үү? Зах зээлийн өчүүхэн багтаамжтай улс оронд асар их хэмжээний хөрөнгө хуримтлуулах боломж байдаг  гэж үү?  зэрэг олон асуултад хариулах гэж үзье.
 Статистикийн байгууллагаас гаргасан мэдээлэлийг сөхвөл манай улс хатуу валютаа  байгалийн баялгаа  арилжиж  олдог нь тодорхой болно.   Зөвхөн баялгаа арилжсан экспортоос  асар их хэмжээний валютын урсгал орж ирдэг. Эндээс дүгнэж үзвэл байгалийн баялгийг эзэмшигчид тэрбумаар тоологдох хөрөнгө хуримтлуулж чадна.  Энэхүү  эрх мэдэл зөвхөн төрийн эрхийг барьж байгаа улс төрийн хүчин, түүнийд дотор "лидер" хэмээн өөрсдийгөө дөвийлгөсөн цөөн хэдхэн хүмүүсийн хүрээнд эргэлдэнэ. Гэтэл  үндсэн хуулиндаа  “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт оруулсан байдаг. Цөөн хүн амтай  мөртлөө асар баялагтай улсын  хувьд нийгмийн эрх тэгш байдал (Social equality), байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг эрхэмлэх чухал гэдгийг хуулиараа баталгаажуулсан ухаантай юм. Гэвч үндсэн хуулийн зарчим, заалтууд биелэгдэхгүй байгаа учраас  иргэд нь өдөр хоногоо дөнгөн данган өнгөрөөхтэй зэрэгцээд  “дэлхийн чих дэлдийлгэх”  нууц хөрөнгөтнүүд бий болчихоод байгаа хэрэг. “Байгалийн баялаг”  гэдэг  үгийн цаана өвөг дээдсээс өвлүүлж ирсэн  Оюу толгой, Таван толгой, Нарийн сухайт, Мардай, Төмөртэй, Бүрэн хаан, Асгат, Өлт, Бороо гол, Тамсаг, Цайрт, Хөшөөт, Цагаан суварга... гээд мянга мянган  том ордууд  байгаа юм. Цаасан дээр бичсэнээр бол Монголын 3 сая иргэдийн хөрөнгө юм.
Гэвч Монгол улсын хувьд тэгш бус байдал, ядуурал газар авсан. Харин нийгмийн баялгийн хуваарилалтын талаар үндэсний  хэмжээнд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны  дүн олох төвөгтэй.  Гэхдээ Олон улсын болон дотоодын байгууллагууд тодорхой хэмжээнд дүр зургийг нь  гаргахыг оролдож байна.  Монголын нийт баялгийн 85 хувийг ердөө 300 гэр бүл эзэмшдэг гэсэн албан бус  тооцоо бий. Бас зарим эх сурвалж нийт баялгийн 90 хувь хүн амын нэгхэн хувьд ногддог гэсэн тооцоо хийдэг. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна хэмээх гоё заалтын хаагуур  байгалийн баялгийг хэдэн нөхдүүд хуу хармаалж чадсан нь оньсого хэвээр үлджээ.   Тааврын хариу нь  үе үеийн төрийн шийдвэр гаргагчдын авилгал, хулгай, дээрэм гэсэн увайгүй үйлдлүүд хэмээн буугаад байна.
Төгсгөлийн оронд:
Өнгөрсөн жил 2016 оны 11 сарын дундуур  Бурхны шашны тэргүүн, XIV Далай лам Монгол Улсад дөрөв хоног айлчлав. Тус айлчлал том хөршийн харилцаанд сэв суулгалаа хэмээн эх баригчид мэдэгдэв. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед манай улсад "гай" боллоо гэж хэсэг нь айлгасан. Зарим нь тусгаар улс хэнийг эх орондоо урьж, ямар шашин шүтэх нь бусдад хамаагүй хэмээн унтууцав. Ийн ширүүхэн талцалцал  айлчлалын цаад   учрыг  анзааралгүй өнгөрөхөд хүргэсэн юм. Буддын шашны тэргүүний хойд дүрийг  тодруулах асуудал том маргааны эх сурвалж болсон хэмээн гадны хэвлэлд бичжээ. Х Богдын хойд дүрийг тодруулах өрсөлдөөн ширүүн болж, монголын баялгийг эзэмшигчдийн гэр бүлээс олон хүүхэд өрсөлдсөн юм байх. Монголын баялгийг цөлмөсөн дээрэмчдийн ач, зээ нарт мөргөх гутамшигт цаг хаяанд ирсэн хэрэг.

Раднасэдийн  Даваадорж    2017-03-30