Wednesday, June 28, 2017


Олон улсын хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнэ юунаас шалтгаалдаг вэ

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын хөрөнгө оруулалттай компаниудын хувьцааны ханш огцом унасан гэх иргэдийг төөрөгдүүлсэн буруу тайлбар гарч эхлээд байна.
 

Хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнэ нь маш олон хүчин зүйлээс хамаарна.  Мэдээж дэлхийн эдийн засгийн байдал, улс орны эдийн засгийн чадавхи,  төрийн бодлого, төв банкны бодлогын  хүү, тухайн салбарын хөгжил,  компаний  үйл ажиллагаа, менежмент,... гэх мэт олон зүйлээс хамаарна. Гэхдээ хамгийн чухал үзүүлэлт бол  компаний  олж буй  ашиг. Ашигтай ажиллах тутам хувьцааны үнэ өснө гэсэн үг.  Гадны хөрөнгө оруулагчид тухайн улс орны ДНБ-ий өсөлт, ажилгүйдлийн түвшин, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, инфляци, хэрэглэгчдийн зан үйл, эдийн засгийн бусад үзүүлэлтийн статистикийг анхааралтай харж шийдвэр гаргаж байдаг. Тиймээс  эдийн засгийн үзүүлэлтүүд муудвал хөрөнгийн бирж дээрх  хувьцааны  үнэ унаж таарна.

Манай улс  парламентын засаглалтай, улс төрийн нэг хүчин хэт  төвлөрсөн 65 суудалтай байгаа энэ үед бэлэг тэмдгийн шахам эрх, үүрэгтэй ерөнхийлөгч Засгийн Газрын хэрэгжүүлж буй бодлого, явуулж буй үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэдгийг өөрийн хөрөнгөөр эрсдэл үүрч байгаа гадаадын хөрөнгө оруулагчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс  ерөнхийлөгчийг сонгох  сонгууль хувьцааны ханшид  нөлөөлөх нөлөөлөл туйлын бага. Харин ч гадаадын зах зээлд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг, олон жил бизнесийн үйл ажиллагаа  эрхэлж бүхий л зовлонг нь ойлгодог  АН нэр дэвшигчийг гадны хөрөнгө оруулагчид дэмжих өндөр магадлалтай. Хэрвээ хувьцааны ханш гадаадын зах зээл дээр унаж байгаа бол юуны өмнө Засгийн Газар үйл ажиллагаагаа эргэж хар гэсэн дохио юм. Ер нь хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ унах, өсөх нь байдаг үзэгдэл бөгөөд хэтэрхий улс төржүүлэх нь эсрэгээрээ улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэй.  Иргэдээ  нүд нь боолттой, чих нь дүлий мэт басамжлах  нь ямар үр дүнд хүргэхийг өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бэлхэн харуулсан юмсан.