Saturday, May 20, 2017

Дэлхийн хэмжээний армийг удирдсан, удирдаж буй урианхай эрс



сергей шойгу
Өнөөдөр Оросын армийн генерал, ОХУ баатар, Оросын Батлан Хамгаалах Яамны Сайд Шойгу, Сергей Кужугетовичийн төрсөн өдөр. Тэрээр  өнөө цагийн ДЭЛХИЙН ХҮЧИРХЭГ АРМИйг толгойлж байгаа. Шойгу Тувад төрсөн,  урианхай ястан. Оросын ерөнхийлөгч Путин өөрийн  хамгийн итгэлт хүнийг сонгохдоо удам судар, түүхийг сөхөж үзсэн байж таараа.

Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй ястны нэг юм. Зарим түүхэн сурвалжид уг аймгийн нэрийг Урианхан гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд дайн байлдааны тэргүүнд уриалан дайтдаг зоригт баатар эрстэй овог аймаг байсан тул Уриа аймаг гэх болсон бол сүүлд олон тулаанд байгуулсан ялалт, гавьяаг үнэлэн Хан өргөмжилж УРИАНХАН аймаг болсон гэдэг. Урианхайчууд Алтайн нурууны 13 оргилын дагуу суурьшин амьдарч Монгол улсынхаа баруун хил хязгаарыг манан сахих үүрэгтэй, хагас цэрэгжсэн харуул аймаг байсан юм. XIII зуунд буюу Их Эзэн Чингис хааны үед Урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Чингис хааны есөн өрлөг жанжины нэг Зэлмэ нь Чингис хааны амийг гурвантаа аварч байжээ. Түүний дүү Сүбээдэй бол Монгол цэргийн их жанжин, Чингис хаан болон Өгөөдэй хааны цэргийн гол стратегич байсан. Тэрээр гучин хоёр үндэстнийг байлдан дагуулсан хорь гаруй дайныг шууд удирдаж, жаран таван тулалдаанд ялсан юм. Ингэхдээ тэрээр дэлхийн түүхэн дэх ямарч командлагчийн эзэлж байгаагүй газар нутгийг байлдан дагуулснаараа дээд хэмжээг тогтоосон юм. Тэр армиа хоорондоо хэдэн зуун км хол зайтай байнгын хөдөлгөөнт зохион байгуулалттайгаар байрлуулж, уран сэтгэмжтэй, хашир стратеги хэрэглэн ялалтанд хүрч байлаа. Сүбээдэй баатар Унгар, Польшийн хоорондоо 500 гаруй км зайтай цэргийн хүчийг 2 хоногийн дотор устгах төлөвлөгөөг боловсруулж байжээ.

сүбээдэй баатар
Сүбээдэй баатар Чингис хааны хийсэн бүхий л аян дайнд оролцсон бөгөөд Зэв ноёнтой хамтран хойд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайн нь дэлхийн түүхэнд ихэд алдаршсан бөгөөд дэлхийн улс орнуудын Батлан хамгаалах-Цэргийн Академиуд, түүний дотор АНУ, НАТО-гийн цэргийн эрдэмтэдийн шимтэн судалдаг гол судлагдахуун болсон нь хамгийн бахархалтай юм.

Ийнхүү бараг 900 жилийн зайтай ДЭЛХИЙН ХҮЧИРХЭГ АРМИЙГ урианхай эрс удирдаж байгаа нь сонирхолтой.