Thursday, January 5, 2017

массын сэтгэлзүй





Масс хийгээд массын сэтгэлзүй

2016.12.08                             Раднасэдийн Даваадорж

Монгол хэлний  их тайлбар тольд МАСС гэдэг үгийг:
1. Биеийн инерцийн их багын хэмжээ, физикийн хэмжигдэхүүн: биеийн масс (биеийн жин);
2. Олон түмэн: массын дэмжлэг (олон нийтийн дэмжлэг) хэмээн хоёр утгаар тайлбарлажээ. Ямар ч байсан олонхи, нийт, ихэнх, дийлэнх гэсэн утга илэрхийлэх энэхүү харь үг монгол хэлэнд сүрхий “нутагшиж” байгаа бололтой. Хэдийгээр орчуулан хэрэглэж болох боловч зарим утга санааг тайлбарлахад масс гэх нь дөхөмтэй санагдав.
Наадамд гурван даваатай,
Найранд гурван дуутай гэх хэллэг дээрхи үгний ерөнхий санаанд нэлээн дүйж очно. Энэ нь хүн бүр бөх, дуучин байх ёстой гэсэн үг биш. Харин тухайн цаг үеийн олонхийн дундаж түвшин ийм байжээ. Бас “хүү төрвөл  бөх, хүүхэн төрвөл үйлчин” хэмээн ерөөдөг уламжлалтай. Өөрөөр хэлбэл нүүдэлчин ахуйг аваад явах хүч чадал, авхаалж самбаатай эр хүн, “өмсөх зүүхээ хатгачих“ эзэгтэй олонхийн(масс) төлөөлөл байхыг бэлэгшээсэн хэрэг. Энэ мэтчилэн массын утга санааг илэрхийлэх уран цэцэн үгсийн жишээ олон байна. Харин улс төрчид “хар масс” хэмээн ярих дуртай. Монгол хэлний их тайлбар тольд ийм үг байхгүй боловч өөрсдийг нь дэмжээгүй сонгогчдоо ийн нэрлэж буй хэрэг. Сургууль соёлгүй, харанхуй гэх үл таашаасан өнгө аяс цухалзаж байгаа юм. Уул шугамандаа улс төрчид маань сонгогч олонхийн төлөөлөл юм билээ. Тэд масс шиг сэтгэж, массын хүслийг биелүүлэх гэж чармайдаг хүмүүс. Тэгэхээр энэхүү үгийг ташаа утгаар хэрэглэх нь тийм ч зохимжтой санагдахгүй байна.
Хүмүүс отог, овгоороо аж ахуй эрхлэн тармаг бутархай амьдарч байсан үе өнгөрч, хамтын хөдөлмөр эрхлэн, суурьшмал амьдрал эхлэхтэй зэрэгцэн “масс” гэх ойлголт дэлгэрчээ. Ялангуяа хамт олонч үзэл ноёрхсон нийгэм буюу социализмын үеийн “массын” тухай  жишээ татах хүмүүс олон байдаг. 2011 онд Агуу Удирдагч Ким  Чен Ир нас барав. Хойд Солонгосын иргэд асар ихээр гашуудаж буй бичлэг дэлхий нийтэд цацагдсан. Энэ байдлыг шүүмжилж, шоолох хүн олон байлаа. Харин намайг дунд сургуульд сурч байх үед буюу 1982 онд ЗХУ-ын коммунист намын дарга Л.И. Брежнев ертөнцийн мөнх бусыг үзэж билээ.  Сургууль дээр зохион байгуулагдсан гашуудлын цуглааны үеэр мэргэжилтэн орос багш нар төдийгүй манай багш, сурагчид нийтээрээ шахам уйлж гашуудсан. Энд хэн нэгнийг шоолох санаа агуулсангүй. Харин “массын сэтгэлзүй” гэх ойлголтыг тайлбарлах зорилгоор дурдсан билээ. Тухайн үеийн Монгол /БНМАУ/ өнөөгийн Хойд Солонгост  нийтийн сэтгэлзүй усны дусал мэт ижилхэн байсан хэрэг. Социализмын үед бүгд адилхан шахуу хувцаслаж, ижил сэдвээр ярих ёстой бөгөөд бусдаас ялгарч болдоггүй байж. Зөвхөн “ажилчин анги тушааж байна” гэх ганцхан хууль хүчин төгөлдөр үйлчилдэг тийм тогтолцоо ноёрхож байсан хэрэг. Тэрхүү нийгэм замдаа хөндөлсөх үзэл санааг хайр найргүй нухчин дардаг байсан, харин одоо ардчилал хөгжиж байгаа үед ийм байдал арилсан гэж үзэх хүмүүс байгаа.
Ардчилал нь үгийн утгын хувьд demos- ард түмэн, cratos-засаг гэсэн грек үгнээс үүдэлтэй бөгөөд ард түмний засаг гэсэн утгатай юм. Ардчилал нь ард түмний тэгш эрхт оролцоонд тулгуурлаж удирдлага ба шийдвэрээ олонхиороо гаргадаг тогтолцоо билээ. Ардчилсан төрт улсын анхны сонгодог хэлбэр нь Грекийн Афин хотын бүгд найрамдах төр улс байсан. Анхдагч ардчилалын тогтолцоо устах үндсэн шалтгаан нь төрийн  эрх баригчид “олонхи”-ийн буруу шийдвэр байжээ. Тиймээс эртний грекийн “долоон мэргэд”-ийн нэг Солон (МЭӨ 640-559) “Хувь хүнийхээ хувьд Афинчуудыг “зальт үнэг”-тэй зүйрлэж болох боловч цугласан үедээ "хонин сүрэг"-ээс ялгаагүй” гэж тэмдэглэн үлдээсэн байна.
 “Ардчилал нь олонхийн засаглал” гэдгийг хүн бүр мэднэ. Тиймдээ ч манайд “нийтээ дагавал алдахгүй”, “олонтойгоо явах сайхан”... гэх хандлага  түлхүү ноёрхно. Гэвч олонхийн шийдвэр үргэлж үнэн зөв гэдгийг батлах хэцүү. Монголд Улсад 1990 оны 7 дугаар сард анх удаа хараат бусаар сонгох, сонгогдох боломжийг хангасан ардчилсан сонгууль болсон.  Өнөөдрийн байдлаар их хурлын сонгууль найман удаа явагджээ. Харамсалтай нь сонголт тааруу болсон талаарх харуусал, шүүмжлэл дагуулсан мэдээ, нийтлэлүүд тухайн үеийн хэвлэл мэдээллийн хуудсаар  дүүрэн байх юм. Үе үеийн сонгууль улс төрийн нэг хүчнээс нөгөө рүү савлаж байсан нь энэ бүхний баталгаа юм. “Амьдрал дээр олонхийн шийдвэр хэзээ ч үнэн байдаггүй” хэмээн нэгэн ухаантан айлдсан нь үнэний ортой аж.
Австрийн нэрт яруу найрагч, жүжгийн зохиолч Франц Грильпарцер (Franz Grillparzer; 1791-1872) “Хувь хүн харьцангуй ухаалаг, аливаа зүйлийг ойлгох чадвартай хэрнээ олуулаа цуглахаар мунхаг болон хувирдаг” хэмээгээд олон жишээ дурдаж байв. Бие хүн нэгдэж  “олонхи”-ийг бүрдүүлнэ. Гэтэл хувь хүний зан ааш, хийх үйлдэл нь “олонхи” болоод ирэхээрээ эрс хувирч буйг судлаачид эртнээс анзаарсан байдаг. Испаний философич, социологич Хосе Ортего-и-Гассет 1929 онд  “Массын бослого” (Rebelión de las masas) нэртэй ном бичиж уншигчдын хүртээл болгожээ. Тэрээр бүтээлдээ ”масс” болон “массын сэтгэлзүй” гэх ойлголтыг шинжлэх ухаан талаас нь тайлбарласан юм. Зохиогч: “Масс" нь манлайлагч хийгээд “сүүл мушгигч”-ийн аль нь ч  биш.  Тоо ширхэг заахаасаа илүү чанарын илэрхийлэл. Өөрөөр хэлбэл “дундаж” хувь хүн гэхээсээ илүүтэй нийгэмд байр сууриа олсон “дундаж  олонхийн  сэтгэл зүй” гэж ойлговол оновчтой. Массыг бүрдүүлэгч бие хүн  “нийт” шигээ байж бусдаас ялгарахгүй байхыг чухалчилдаг” хэмээн бичжээ. Энэ нь массын дургүйцлийг төрүүлэхгүй  байх, аливаа хардалт, дайсагналын бай болохгүйн баталгаа юм. Тиймээс "масст" нэгдсэн бие хүн өөртөө итгэх  итгэл нэмэгдэнэ. Мөн ганцаардах мэдрэмж, дотоод тээнэгэлзлэл арилж, аливааг танин мэдэх, суралцах  шаардлагагүй болдог. Масс эргэлзэж, эргэцүүлэн бодож тунгаадаггүй. Харин сураг ажиг, дам маягийн хандлага, хов живийг гол удирдлагаа болгоно. Сэтгэл хөдлөл давамгайлах өнгө аястай байдаг хэмээн  сэтгэл зүйчид тэмдэглэжээ. Тэгэхээр массын төлөөлөлд “дороо суурьтай, дотроо бодолтой” байх хэрэг юу билээ.  Нийтээрээ дуураймал хэлбэр шүтэж нэг загварт цутгачихсан мэт байгаа үед хувь хүний үнэ цэнэ,  бүтээлч хандлага, шүүмжлэл... хэндч падлийгүй. Ийм нийгэмд “зарчимгүй хуурамч” хүмүүс амжилт олох туйлын хялбар. Өөрийн санаа бодлоо тас нууж, бусдыг дуурайн хэлбэрдэж, удирдлага болоод олон түмэнд таалагдсан үг хэлж, үйлдэл хийгчид улс орныг удирдах болно. Массын сэтгэл зүйг чадамгай ашигласан улс төрчдийн алдаа бүхэл бүтэн ард түмний хувь заяагаар тоглосон жишээ олныг дурдаж болно.
 Нийгэмд  “масс”-ын сэтгэл зүй давамгайлах нь сахилга хариуцлага, оюун ухаан, ухамсар, бие даасан байдал зэрэг аливаа ёс суртахууны үнэт зүйлсийг орхигдуулж хүчирхийллийн үндэс суурь тавигдахын эхлэл болдог. Хятадад "улаан хамгаалагчид" их дээд сургуулийн багш нарыг доромжилж нийтийн өмнө элэглэх, доромжлох, зодох зэрэг танхай балмад үйлдлийг нийтээрээ талархан хүлээж авч байсан түүх нэг жишээ нь. “Массын сэтгэл зүй” нийгэмд оршин тогтнох учир шалтгаан юунд байдгийг судалсан судлаачид доорхи гол  хүчин зүйлсийг анзаарчээ:
-   Ямар нэгэн ёс суртахууны хориг үгүй тул юу хүссэнээ хийх боломж бүрдэнэ.
-   Ямарч хүн сул тал, дутагдлаа нууж чадахаас гадна бусдад заагч “бүхнийг мэдэгч” болж хувирна.
-  Хэзээ ч хариуцлага хүлээж байгаагүй үл мэдэгдэх массын нэгдэл хийх буруу үйлдэл бүртээ ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгээ баталгаатай мэднэ.
-Өөртөө зорилго тавих, өөрийгөө хөгжүүлэх шаардлагагүй, тав тухаа эрхэмлэх сайхан боломж нээгддэг.
Сүүлийн үед цахим технологи, олон нийтийн сүлжээнд гарч байгаа хөгжил дэвшил нь “массын сэтгэл зүй” бүрдэн тогтоход хүчтэй  нөлөөлөх болсон. Бодит зүйлийн үнэн мөнийг гуйвуулж нийтийн “тархи” угаах замаар өөрийн амин хувиа хичээсэн үйлдлээ хаацайлж, ашиг хонжоо ологчид олширч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслэл, цахим сайт, олон нийтийн сүлжээ захиалгаар ажиллаж эздийнхээ даалгаврыг үг дуугүй биелүүлнэ. Нийтийн тархи угаах хөлсний нүсэр баг ажиллаж хүн бүрт юу хэлэх, юу хийхийг зааварчилж байна. Энэ бүхний гаж нөлөө яаж илэрч байна вэ. Тэрбум доллараар хэмжигдэх  төслийг хэрхэн үр ашигтай хөдөлгөхийг дэлхийд танигдсан  туршлагатай санхүүчид  биш масс мэддэг болж. Олон арван жилийн өмнө үйлдэгдсэн “захиалгат гэх гэмт хэргийг” хэн, хэзээ, хэрхэн, яаж үйлдсэнийг хүчний байгууллагаас илүүтэй масс мэднэ. Тэдэнд мэдэхгүй сэдэв чадахгүй зүйл гэж үгүй. Харамсалтай нь масс өөрөө хохирогч болдгоо тэр бүр үл гадарлах аж. Хуурамч мэдээллээр “нийтийн сэтгэлзүйг”  угааж ашиг хонжоо олдог нөхдийг анзаарах нь бүү хэл тэдний дохиураар хуйлрах нь эмгэнэлтэй. Хүмүүсийн хэл яриа, хийж буй үйлдэл бусдын санаа бодлоос ихээхэн хамааралтай болжээ. Өөрөөр хэлбэл, гэмгүй нэгнээ засаршгүй хулгайч хэмээн андуурч, адгийн луйварчинг агуу үйлстэн мэтээр өргөмжлөн төөрөлдөж сурталчлах, ухуулах үнэгүй боолууд болж хувирна. Аливаа  төөрөгдүүлж турхирах мэдээлэл агшин зуур массыг хамарч оюун ухаан, ой санамжид нь арчигдахгүй тогтдог.  Харин бодит мэдээлэл хүлээн авах ёстой бие хүний суурь эрх зөрчигдөж байгааг анхаарах нь бүү хэл анзаарах ч сөгөө алга. "Тархи угаалт" эцсийн дүндээ цөөн хүмүүсийн хувийн эрх ашгийн төлөөх хөгийн тэмцэл байдаг.
Өнөө цагт улс төрийн нам, шашин, үйлдвэрчний байгууллага, нутгийн зөвлөл, спорт сонирхогчдын клуб... гээд нийтийг хамарсан байгууллага олширчээ. Сонирхдог нэвтрүүлгээ үзэхээр телевизийн өмнө тухлах  хүмүүс, спорт, урлагийн тоглолт сонирхохоор цугласан дэмжигчид, хотын түгжрэлд зогсох жолооч нар... гээд хаа сайгүй масс. Зохион байгуулалтад орсон бүлэг бүхнийг массын сэтгэл зүйтэй гэж тодорхойлж болохгүй. Гэвч тэд нийтийг хамарсан масст нэгдэх өндөр магадлалтай. Энэхүү гаж гэмээр үзэгдэл нийгэмд байх ёстой чөлөөт сэтгэлгээг үгүйсгэж, хувь хүний үзэл бодол, ухамсар, хариуцлагыг үгүй хийж байна. Өөрөөр хэлбэл, бүх оюун ухааныг нэгэн загварт цутгачих аваас хувь хүн сэтгэн бодох шаардлагагүй тул   амьтнаас хүнийг ялгаж байдаг онцлог чадвараа алдсантай ялгаагүй. Физикч нь физикийн туршилтаа, эмч нь өвчний оношоо “бүхнийг мэдэгч массын сэтгэл зүй”-д тааруулж хэрхэвч болохгүй.  Дэлхий бөөрөнхий хэлбэртэй гэдгийг нээсэн ухаатнаа цаазалж, өөр үзэл бодолтой нэгэндээ галзуу өвчний онош тавьж, нийтээс тусгаарлаж байсан нь тухайн үеийн олонхид таалагдаж байсан хэрэг. Мэдлэг боловсролоо уландаа гишгэж, бүхнийг мэдэгч, хариуцлагагүй “массын сэтгэлзүй”  давамгайлах болсон өнөө цагт цээжээ дэлдсэн элдэв “ эх орончид” олширч, “буг чөтгөр” төрд гарах таатай орчин бүрдчихэж. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэлгээ, хүн үүсч байх үеийн балар эртний бүдүүлэг сүргийнхээс ялгаагүй болох цаг үе “хаалга балбаж” байна.