ИДИОТОН тест (Idiotentest)
2016-09-01 Раднасэдийн Даваадорж
Анхны машиныг хүн төрөлхтөн тэртээ 1672 онд хүүхдийн тоглоом хэлбэрээр хийж байв. Харин Германы инженер Карл Бенцийг орчин цагийн машин зохион бүтээсэн “эцэг” гэж үздэг. Анхны бензин хөдөлгүүрийг Николаус Отто, дизель хөдөлгүүрийг Рудольф Дизель зэрэг герман инженерүүд бүтээж байж. Зохион бүтээгчдийн өлгий нутаг Герман улс өдгөө дэлхийд "толгой цохих" машин үйлдвэрлэл бүхий хүчирхэг эдийн засагтай агуу үндэстэний тоонд зүй ёсоор орно.
Мөн герман жолооч нарын ухамсар сахилга бат, замын хөдөлгөөний дүрмээ ягштал мөрдөж буй байдал, авто замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын эмх цэгц очсон хэн бүхний анхаарлыг татдаг юм. Манайхан замын чанар болон бүтээн байгуулалтын хувьд тэдний зиндаанд очих болоогүй, гэхдээ замын хөдөлгөөн зохицуулж буй гэрэл дохио, тэмдэг тэмдэглэлийг дуурайж болмоор санагддаг. Бид гадаад төрхөөрөө ялгаатай боловч хийж бүтээх, бодож сэтгэхээрээ дулимаг байж болмооргүй мэт. Гэтэл жолоо барихаараа өдөр шөнө шиг ялгаатай болчих юм. Замын хөдөлгөөнд оролцож байгаа герман хүн бусдаа хүндэлж, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж яваа нь атаархмаар. Тэднийг ийм байлгахад немц хүний төрөлх зан араншингаас гадна сонирхол татхуйц нэг журам байдаг аж.
Германд жолооч нар ТЭНЭГЛЭЛ ТОГТООХ СОРИЛ (Idiotentest) гэгчээс ихэд жийрхэнэ. Энэ нь Medizinisch-Psychologische Untersuchung (MPU) Эрүүл мэнд-сэтгэл зүйн шинжилгээ буюу хуулийн хэллэгээр Begutachtung dеr Fahreignung жолоодох чадварт өгөх мэргэжлийн үнэлгээ гэсэн утга агуулна. Харин хүмүүс хоорондоо Idiotentest (Тэнэглэл тогтоох сорил) гэж ярьдаг. Жолооч нар бухимдахдаа тэнэг тест гэсэн байхыг үгүйсгэхгүй.
Германд хурд хэтрүүлэх, гэрэл, дуут дохио, машинаа байршуулах дүрмээ зөрчих, эгнээ байраа буруу эзлэх, бусдын хөдөлгөөнд саад учруулах... гээд бидний ойлголтоор манайд хэн ч үл тоох дүрэм журмыг зөрчих бүрт чамгүй өндөр мөнгөн торгууль оногдуулдаг аж.
“Манайхтай харьцуулахад дэндүү өндөр тоо. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг дээ. Уулзаад учир байдлаа хэлдэггүй. Энэ герман жолооч нар нэрэлхүү нь дэндсэн хүмүүс. Би байсан бол “Нэхий дээлээ урагдтал” цагдаа нартай үзэлцэж, “билиг танхай” монгол хүний “зөв” гэдгийг батлах боломж гаргана даа” гэсэн бодол зурсхийснээ нуугаад яахав. Гэтэл үгүй бололтой. Хаа сайгүй камертай учраас “шидэт дохиур” барьсан хүн ховор байдаг гэнэ. Ингээд эхний хоёр зөрчилд гэрийн хаягаар торгуулийн хуудас ирнэ. Харин гуравдах удаа гурван сар жолооны эрхээ хасуулсан тухай мэдэгдэл хүлээж авна. Эрхээ сэргээхийн тулд “Idiotentest” гэх хачирхалтай шалгалтыг эмч нарт өгөх зайлшгүй шаардлагатай юм гэнэ.
Төр таны гаргасан зөрчлийг анхааруулсан, ОЙЛГОСОНГҮЙ хоёр дахь удаагаа сануулсан ОЙЛГОСОНГҮЙ гурав дахь удаа таны ЭРҮҮЛ эсэхэд эргэлзэж сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байгаа нь тэр юм. Машин барина гэдэг зөвхөн жолоо мушгих төдийгөөр амин хувийн ажлаа амжуулах зүйл биш бололтой. Харин амьдарч байгаа нийгмийнхээ нэг хэсэг болж нийтийн өмнө хариуцлага хүлээхийг хэлээд байна. Өчүүхэн төдий алдааны цаана ноцтой аюул заналхийлэл отож буй. Ийм учраас замын хөдөлгөөний дүрмийг зөрчигчдөд эрүүл гэдгээ батлах далд утгатай даалгавар өгч байгаа юм байна.
Монгол хэлний их тайлбар тольд тэнэг хүнийг (мулгуу хүн, ухаан муутай хүн, балай, төрөлхийн оюуны хомсдолтой...) гэх зэргээр олон янзаар бичжээ. Намайг бага байхад манай нутагт ЗҮҮЛЭГ гэж ярьдаг байлаа. Idiotentest-ийг хэн хэрхэн орчуулах нь чухал биш. Харин жолооны ард сууж буй хүнд ямар нөлөө үзүүлж байгаа нь сонирхолтой юм.
Ингээд эрхээ хасуулсан жолооч 40 удаа сэтгэлзүйчид хандах шаардлагатай болно. Нэг цагийн хичээл 100 евро гэж тооцвол нийтдээ 4000 евро. Хичээл бүрийн дараа тамга дарж баталгаажуулна. Ийнхүү машин хэрхэн асаах, жолооны ард яаж суух, баруун эргэхдээ аль зүг рүү дохиогоо өгөх... гээд залхмаар лекцэнд суухаас гадна сэтгэлзүйн тест буюу сорилын шалгалтандаа бэлтгэх шаардлагатай. Хэдэн жишээ дурдахад, эмч хөх харандаа өгөөд шинэ жилийн гацуур мод зурахыг даалгаж магад. Та ямарч гоё мод хичнээн мэрийж зураад нэмэргүй. Харин "Хөх өнгөтэй гацуур байдаггүй" гэх цорын ганц зөв хариулт л өгөх ёстой юм. эсвэл,
- Таныг шөнө давхиж явтал баруун талын модон дээр шувуу сууж байна. Таны хийх үйлдэл юу вэ? гэж асуувал хүмүүс янз бүрээр хариулж таараа. Гэвч “Машинаа яаралтай зогсоож, гэрлээ зам руу тусгаж засахаас нааш хөдлөхгүй” гэсэн цорын ганц өгүүлбэр таныг аварна. Хэрвээ Мюнхен хотын нийт авто замын эргэлт хэд вэ гэж асуувал бухимдах шаардлагагүй. Баруун буюу зүүн тийш гэсэн хоёр эргэлт бий гэж хэлээгүй тохиолдолд “Тэнэглэл тогтоох сорил”-д “Таны ЗҮҮЛЭГ батлагдлаа” гэсэн эмчийн тамга дарагдах байх.
- Таныг шөнө давхиж явтал баруун талын модон дээр шувуу сууж байна. Таны хийх үйлдэл юу вэ? гэж асуувал хүмүүс янз бүрээр хариулж таараа. Гэвч “Машинаа яаралтай зогсоож, гэрлээ зам руу тусгаж засахаас нааш хөдлөхгүй” гэсэн цорын ганц өгүүлбэр таныг аварна. Хэрвээ Мюнхен хотын нийт авто замын эргэлт хэд вэ гэж асуувал бухимдах шаардлагагүй. Баруун буюу зүүн тийш гэсэн хоёр эргэлт бий гэж хэлээгүй тохиолдолд “Тэнэглэл тогтоох сорил”-д “Таны ЗҮҮЛЭГ батлагдлаа” гэсэн эмчийн тамга дарагдах байх.
Энэ бүхэн үнэхээр даажигнал мэт санагдаж болох боловч амьдрал дээр ихээхэн үр дүнтэй гэдгийг герман хүмүүс анзаарчээ. Эдийн засгаа ч, нэр төрөө бодсон ч ийм сорилын “зовлон туулсан” хүн дахин шалгалтад орох магадлал маш бага. Яарсан үедээ сэмхэн хурдаа хэтрүүлж, хүнгүй үед улаан гэрлээр туучихдаг мань мэтийн товарищууд бол яавч дахин зөрчил гаргахгүй. ЗҮҮЛЭГ мөн эсэхээ тогтоолгоно гээд “Шар хадны эмнэлэг”-т эмч царайчлаад ЗҮҮЛЭГТЭЭД явахыг хэн хүсэх билээ.
Тус шалгалтанд оролцогч урьдчилж бэлтгэсэн асуултуудаас санамсаргүй байдлаар 70-ыг сонгож хариулах ёстой юм байна. Ер нь ямар асуулт байдаг бол гэж сонирхох хүн байгаа даа. Иймээс шалгалтанд ирдэг тестээс 10-ыг сонгож авлаа. Зав байвал өөрийгөө сориод үзээрэй. Хамгийн доор байгаа зөв хариултаа бүү хараарай. Хариулж дуусаад тулгаж үзвэл хөгжилтэй байх болно. Амжилт.
Асуулт 1.
Дөрвөн давхар байрны хоёр дахь давхарт шүдний эмч, гуравт хуульч, дөрөв дэх давхарт биеэ үнэлэгч амьдардаг. Аль цахилгаан шатны аль давхарын товч хамгийн их дарагдах вэ?
Асуулт 2.
2 х 2 х 2 м хэмжээтэй нүхэнд хэдий хэмжээний хөрс байх вэ?
Асуулт 3.
Паулын халзан толгойн гуравны нэгт 30 ширхэг үс байв. Бүтэн халзан толгойд хэдэн ширхэг үс байх вэ?
Асуулт 4.
Зарим сар 31 зарим сар 30 хоногтой байдаг. Тэгвэл жилд 28 хоногтой хэдэн сар байдаг вэ?
Асуулт 5.
Цахилгаан галт тэрэг хойноос урагш явж байв. Хэрвээ өмнө зүгээс салхи салхилж байсан бол галт тэрэгний утаа хаашаа гарах вэ?
Асуулт 6.
Хэний өмнө ямар тохиолдолд Та заавал малгайгаа авдаг вэ?
Асуулт 7.
Эверестийг нээхээс өмнө байсан дэлхийн хамгийн өндөр оргилыг нэрлэнэ үү?
Асуулт 8.
Ёроол нь цоорхой саваар Та ус авч чадах уу?
Асуулт 9.
25 тн даацаас 1 грамм илүү гарвал гүнзгий мөрөн рүү нурах аюултай гүүр байв. Тус гүүрээр жолоочтойгоо яг 25 тн ачаатай машин явж гүүрний голд очтол 300 грамм жинтэй хэрээ нисч ирээд ачаан дээр нь суучихжээ. Гүүр нурах уу?
Асуулт 10.
Гамбург хотод амьдарч байгаа хүнийг Мюнхэнд оршуулж болох уу?
Зөв хариулт 1: нэгдүгээр давхрын товч, 2. Нүх хоосон байдаг, 3. Халзан толгойд үс байхгүй. 4. Бүх сар 28 хоногтой, 5. Цахилгаан галт тэрэг утаа гаргадаггүй, 6. Үсчинд очоод үсээ засуулах тохиолдолд, 7. Эверест, 8. Чадна. Мөс зөөж болно. 9. Үгүй, Машин гүүрийн гол хүртэл 300 граммаас илүү бензин зарцуулна, 10. Үгүй, амьд хүнийг оршуулж болохгүй.