Троллчин
хэмээх мангасын тухай
2016.12.28. Раднасэдийн
Даваадорж
Бидний амьдралд шинэ техник технологи нэвтрэхтэй
зэрэгцэн гадаад үгний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа билээ. Монгол хэл дээр шууд
оноон хөрвүүлэхэд бэрхшээлтэй, заавал нэмэлт тайлбар шаарддаг үгс олон. Хүн эхлээд
ойлгосноороо ярьж, бичиж, хэрэглэх тул зөв бичгийн дүрмээс эхлээд бэрхшээл,
шүүмжлэл багагүй тулгарна. Нийтээрээ шахам интернет хэрэглэх болсон өнөө үед цөөнгүй
харь үг нийтийн хэрэглээ болжээ. Цахим ертөнцөд trolling гэх үг олонтаа
тааралдах аж.
Интернэтийн идэвхитэй хэрэглэгчид ерөнхийдөө гадарлах байх. Мэдэхгүй ч байж болох юм. Цахим сайтад нийтлэгдсэн мэдээ, мэдээлэлд элдэв янзын санаатай коммент бичигчид бишгүй байдаг. Олон нийтийн сүлжээ ашиглагчдын дунд маргаан өдөөж, турхирах, эсвэл тойруу аргаар үзэл санаагаа тулгах, буруу зөрүү мэдээлэл тараах бичигчид цөөнгүй. Ийн харыг цагаан болгох эсвэл эсрэгээр нь цагааныг хар болгон санаатай бичигчдыг trolling хийж байна гэж ойлгож болно. Монголчууд хоёр хүний хооронд хутган үймүүлж, муудалцуулахыг “яс хаях” гэж хэлдэг. Энэ хэллэг дээрхи үгний утганд сүрхий дүйж очно. Өөрөөр хэлбэл олон нийтийн цахим сүлжээ ашиглагчдын дунд элдэв өдөөн хатгасан зүйл бичиж “яс хаях” замаар нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх оролдлого хийгчид гэвэл илүү ойлгомжтой. Тэгэхээр trolling гэх үйлдлийг бүрэн илэрхийлж чадахуйц троллийн зорилго, троллчин зэрэг үгсийн утгыг ухаж үзье.
Интернэтийн идэвхитэй хэрэглэгчид ерөнхийдөө гадарлах байх. Мэдэхгүй ч байж болох юм. Цахим сайтад нийтлэгдсэн мэдээ, мэдээлэлд элдэв янзын санаатай коммент бичигчид бишгүй байдаг. Олон нийтийн сүлжээ ашиглагчдын дунд маргаан өдөөж, турхирах, эсвэл тойруу аргаар үзэл санаагаа тулгах, буруу зөрүү мэдээлэл тараах бичигчид цөөнгүй. Ийн харыг цагаан болгох эсвэл эсрэгээр нь цагааныг хар болгон санаатай бичигчдыг trolling хийж байна гэж ойлгож болно. Монголчууд хоёр хүний хооронд хутган үймүүлж, муудалцуулахыг “яс хаях” гэж хэлдэг. Энэ хэллэг дээрхи үгний утганд сүрхий дүйж очно. Өөрөөр хэлбэл олон нийтийн цахим сүлжээ ашиглагчдын дунд элдэв өдөөн хатгасан зүйл бичиж “яс хаях” замаар нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх оролдлого хийгчид гэвэл илүү ойлгомжтой. Тэгэхээр trolling гэх үйлдлийг бүрэн илэрхийлж чадахуйц троллийн зорилго, троллчин зэрэг үгсийн утгыг ухаж үзье.
Троллчин гэж хэн бэ
Олон нийтийн сүлжээгээр бусармаг зүйл бичиж бусдаар тохуурхах
бүдүүлэг бичигчид бишгүй бий. Доромжлуулсан хүн бухимдаж уурлахаас цаашгүй
болохоор даажин хийгчид олон бий. Сүлжээнд
ширүүн дориун авирлах тэд нар амьдрал дээр хүн эгцлэн харж чадахааргүй арчаагүй нэгэн байх нь элбэг гэнэ.
Нийтийн сүлжээнд
элдэв янзын хараал урсгаж, бухимдлаа илэрхийлэх сэтгэл санаа тогтворгүй нөхдүүд
троллчин биш. Үзэл суртал хийгээд элссэн
намаараа талцаж сайн, муугаа дэвэргэх фанатууд ч биш. Харин тэд троллчдын
хохирогч болох хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн тоонд багтана. Санаанд
орсноо сараачих сэтгэцийн эмгэгтэй өвчтөн, мансуурч согтоод өөрийгөө хянах
чадваргүй болсон хүмүүс далд санаа сэдэхгүй нь мэдээж. Сүлжээнд “дүрсгүйтэх”
жаал, “марзагнан бичигч” оюутан залуус бүр биш. Нэг үгээр хэлбэл, цахим сүлжээнд
хэн нэгний дургүй хүргэсэн зүйл бичигч бүхэн троллчин байдаггүй.
Тrolling гэдэг нь моторт завиар загас барих гэсэн утгатай англи үг.
Мөн Скандинавын орнуудад troll гэгч хорон санаа агуулсан, ихэнхдээ ногоон
өнгөөр дүрслэгдэх домгийн сөрөг дүр буюу манайхны мангас. Цахим ертөнцөд тэр тусмаа олон нийтийн сүлжээнд дээр дурдсан
утгыг зэрэг илэрхийлж чадах чадварлаг коммент бичигчдийг троллчин гэдэг. Өөрөөр
хэлбэл, мангас шиг хорон санаатай хомхой нэгэн хүмүүсийн сэтгэл зүйг загас мэт дэгээдэж аваад захирахыг оролдож
байгаа хэрэг. Тэрхүү үлгэрт гардаг хорон санаатыг хэн ч харж байгаагүйтэй адил сүлжээнд
троллчдын хийж байгаа үйлдлийг таних хэцүү. Тэгэхээр интернэт хэрэглэгчид маань
гадны нөлөөлөл, явуулгыг анзааралгүй бусдад дөрлүүлэн хэлэх, хийхээ заалгаж
мэхлэгдэх нь энүүхэнд. Өөрөөр хэлбэл, гэмгүй нэгнээ засаршгүй хулгайч хэмээн андуурч,
адгийн луйварчинг агуу үйлстэн мэтээр өргөмжлөн төөрөлдөх төдийгүй цааш нь
сурталчлах, ухуулах ажил өрнөх билээ. Ийнхүү буруу үйлдэл хийлгэх зорилгоор
цацагдсан мэдээлэл агшин зуур олныг хамарч оюун ухаан, ой санамжид нь арчигдахгүй
тогтдог. Энд бодит мэдээлэл хүлээн авах ёстой
бие хүний суурь эрх зөрчигдөж байгаа хэдий ч
учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох, барагдуулах хууль тогтоомж
алга.
Зузаан ба нимгэн троллчин
Тэднийг ажлын
туршлага, хэрэглэх арга заль, хүрэх зорилгын хүнд хөнгөнөөс шалтгаалан зузаан
ба нимгэн гэж ангилна. Туршлага, чадвар сайтай байвал нимгэн троллчинд
тооцогдоно. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, хөнгөн хийсвэр хүмүүс, олон нийтийн сүлжээг
эхлэн хэрэглэгч нарт нөлөөлөх нь харьцангуй хялбар. Ийм зиндааны оролдлогыг зузаан
троллчид хийдэг. Тэд өрсөлдөгчөө харааж, зүхэх, доромжлох, илт үгүйсгэх зэргээр
энгийн болхи арга ашиглах тул нийтэд
нөлөөлөх боломж бага. Тэдний үйлдэл сүлжээнд анзаарагдхуйц байх тул админ тэдний
бичсэн комментыг устгахаас эхлээд блоклох магадлалтай. Тэдний зарим нь нийтэд тогтсон
үзэл бодлыг эсэргүүцэж, эргүүлэхийг оролдох нь бий. Жишээ нь, Германы авто
машин сонирхогчдын хэлэлцүүлэгт солонгос машины чанар бусдаас илүү хэмээн магтаж батлахыг чармайх нэгэнтэй
зүйрлэж болох юм. Харин хэлэлцүүлэгт
оролцогчид ийм энгийн ойлгомжтой зүйлд бухимдаж хариу коммент бичээд эхэлбэл троллийн
зорилго биелэгдэх юм. Гэвч хүмүүс иймэрхүү турхиралтыг тоож эмзэглэхээсээ
илүүтэй анзаарахгүй өнгөрөх нь элбэг. Ийн олны анхаарал татахааргүй тааруу
үзүүлэлттэй нэгнийгээ зузаан троллчины ангилалд багтаадаг аж.
Харин нийгмийг
талцуулдаг маргааны “халуун” сэдвийг сонгож тойруу замаар бусдыг турхирагчид бий.
Тэд сүлжээнд ганц коммент бичихэд л эцэс төгсгөлгүй маргаан, ялагчгүй мэтгэлцээний
гал бадран асах билээ. Ийм сэдвийн тоонд улс
төр, эдийн засаг, шашин шүтлэг, түүх, ёс заншлаас авахуулаад эр эмийн асуудал ч багтана. Тухайлбал, нэгэн сайтын иргэний индэр буланд “
Өнөөдөр ... нам шинэчлэгдэж байна уу? Их хурлын үр дүнг та хэрхэн үнэлж байна
вэ?” гэх өгүүлбэр тавигджээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын гоморхол, гүтгэлэг,
цэцэрхсэн талцал элдэв төрлийн судалгааны дүнгээр анализ, шинжилгээ болон хувираад зогсохгүй урд өмнөхөө сөхсөн
мэдэмхийрлээр улам гаарах аж. Ийн олныг хамарсан мэтгэлцээний эхлэлийг тавьж
чадсан троллчийн зорилго биелжээ. Хэн
нэгнийг үзэн ядах, эсвэл дэмжин магтах сэдлийг нийтэд төрүүлж дөнгөсөнд гол утга учир нь байгаа юм. Сөхсөн сэдэв үнэн
худал байх нь хоёрдугаар асуудал. Маргаан өдөөгчийн далд санаа, “яс хаясан” учир
шалтгааныг хэнбугай ч үл анзаарна. Ийнхүү нимгэнд тооцогдох троллчид массын сэтгэлзүйг сүрхий мэдэрч түүнийг удирдаж
чаддаг билээ.
Троллчдыг цалинтай
болон өөрийн дураар бичигч гэж хоёр ангилна. Хөлсний троллчин бусдын анхаарлыг
татах сэдвээ зөв сонгож, итгүүлэх арга заль сайтар эзэмшсэн туршлагатай нэгэн
байдаг. Тэд нийгмийн санаа бодол, сэтгэл зүйд нөлөөлж удирдан, чиглүүлэх зорилготой
юм. Өдгөө олон нийтийн сүлжээ “массын сэтгэл зүй”-г төлөвшихөд онцгой үүрэг гүйцэтгэх болжээ. Иймээс туршлагатай троллчдын
эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэх хандлагатай
байна. Хөлсний нөхдүүд цалин авдаг ажил хийж байдаг юм байж. Харин сайн дураараа
бичигчдийн зорилго юу билээ? Бие хүн ач холбогдол бүхий чухал нэгэн гэдгээ бусдад батлах,
мэдрэх нь ихээхэн ач холбогдолтой тааламжтай байдаг. Ялангуяа хүмүүсийн сэтгэл
зүйг удирдан залж, зааж сургахыг хүсэгчид олон. Зарим нь бусдаас дутуу дулимаг биш
гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх, эсвэл алив бүхнийг харлуулж, буруушаах зэргээр ихмэдэгчийн
дүр эсгэх нь аятайхан байдгийг үгүйсгэх
аргагүй билээ.
Тэдний үйлдэл ямар аюул тарих вэ
Троллчдын үйл
ажиллагаа бидний өдөр тутмын амьдралаас хол тасархай юм, тэдэнд хэн итгэх
билээ... гэх зэргээр бодох хүмүүс байгааг үгүйсгэхгүй.
Нефтиэр баялаг
Ойрхи Дорнод болон Зүүн Европ, хуучин ЗХУ-ын зарим улс орнууд дарангуйлагч дэглэмээ эсэргүүцэн,
сонгуулийн бус аргаар төр засгаа сольсон. Иргэдийг цахим ертөнцийн
тусламжтайгаар уриалан дуудаж эхлүүлсэн иргэний хөдөлгөөн нь төрийн эргэлт
болон хувирч, улмаар иргэний дайнаар үргэлжилсэн. Олон мянган энгийн иргэд,
хүүхдийн амийг хөнөөсөн дайн улс орныг нь туйлдуулж сүйрлийн ирмэгт авчирчээ. Өнгөт хувьсгал төдийгүй Азид эхэлж дэлхийд
тархсан эдийн засгийн хямрал иргэдийн “тархийг угааж” байсан хөлсний троллчдын
үйл ажиллагаанаас эхтэй.
Зарим улсын
Засгийн газар өөрсдийн хэрэгжүүлж буй бодлогоо дэмжүүлэх, эсвэл нийтийн
анхаарлыг өөр зүйлд сарниулж сатааруулах зорилгодоо тэднийг ашиглаж байна. Хүчирхэг
гүрнүүд “эдийн засгийн эзлэн түрэмгийлэх бодлого”-ынхоо хүрээнд байгалийн
баялагтай улс орны иргэдийн дунд маргаан өдөөж турхирах, хагалан бутаргах
зорилгоор багагүй хэмжээний мөнгө санхүү зарлагадаж байгаа нь нууц биш болсон.
Мөн улс төр,
бизнесийн үйл ажиллагаанд троллчдыг өргөнөөр ашиглах боллоо. Тэдний зориуд
зохион байгуулсан худал хуурмаг мэдээлэл, олон нийтийн санаа бодлыг эргүүлж,
өрсөлдөгчийнх нь нэр хүндийг богино хугацаанд унагах зэргээр санхүүжүүлсэн
эзэндээ давуу тал олгож байна. Олон зуун жилийн турш өвөг дээдсийн мөрөөдөл
болсон тусгаар тогтнолоо нандигнан хайрлаж, гадны сонирхол нөлөөллөөс хол
байлгах нь монгол хүн бүрийн үүрэг. Төр засгаа сонгох эрхээ бусдын урхинд орж
заалгах хэрэг юун. Сүүлийн жилүүдэд чанаргүй, үнэдээ тохироогүй эд бараа худалдан
авч хохирсон иргдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг ч анзаарахгүй өнгөрч
боломгүй санагдана. Ийнхүү мэргэжлийн хөлсний бичигчдийн үйл ажиллагаа улам
идэвхжиж, хаа сайгүй мэдрэгдэх болжээ.
Тэдэнтэй хэрхэн харьцах шаардлагатай вэ.
Тэдний хаясан “өгөөшийг”
сонирхохгүй байх нь чухал. Цахим сүлжээ ашиглагчид “хошгирохгүй” тохиолдолд туршлагатай
троллчин сэдсэн сэдвээ орхихоос аргагүйд хүрнэ. Туршлагагүй нэг нь өөрөө
өөртэйгээ харьцах “хошин” байдалд хүрэх
биз. Харин төлбөртэй троллчин бичсэн комментын тоогоор цалинжих тул иргэдийн хариулт,
хандалт чухал биш. Бичсэн бүхнийг нь уншаад дүгнэлт хийж таарна гэсэн тооцоо хийдэг.
Интернэтийн
зарим хэрэглэгчид троллчдын үйл ажиллагааны талаар мэдсэн даруй хаа сайгүй
тэднийг илрүүлэх ярвигтай аян эхлүүлэх нь бий. Өөрт нь таалагдаагүй, зөрчилдсөн
болгоныг троллчин хэмээн тооцож, хэтэрхий хардаж сэрдэх тусмаа троллчдын өгөөш
болох магадлал өснө. Гудамжинд нохой, муур гүйлдэж, агаарт шувууд нисч, цахим
ертөнцөд троллчин сууж байгаа. Золбин нохой, муур бүрийн хойноос хөөцөлдөж
чулуу нүүлгэх шаардлага юун билээ. Тэдний бичсэн цуу үгийг цулбуургүй хэмээн үл
тоомсорлож бодлоо түйвээж, сэтгэлээ хямруулах хэрэггүй. Дамын үг дамжигтай,
дамжсан үг сэжигтэй тул хэлэх үг, хийх үйлдлээ хэн нэгнээр заалгах хэрэггүй. Троллчид
олон нийтийн сүлжээ, интернэт форум, онлайн нийгэмлэг, цахим сайтад элдэв янзын
маргаан, мэтгэлцээн дэгдээх замаар олон нийтийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөл
үзүүлж байна. Тиймээс аливаа дуулиан шуугиант үйл явдлын үнэн мөнийг олж,
хуурамч мэдээ, мэдээллийн хохирогч болохгүйг хичээх хэрэгтэй. Монгол улсын
иргэдийг хагалган бутаргах, үзэл суртал,
яс үндсээр ялгаварлан гадуурхах, шашин хоорондын тэмцэлд уриалах, иргэдийг
хүчирхийлэлд турхирах зэрэг аливаа бусармаг үйлдлийн учир начрыг тунгаан, түүнд
нь автахгүй байх нь чухал юм.