“Лэнсээ” өвстэй
сонгууль
2002 оны намар. Тэр үеийн улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэнхэмээгдэж байсан Мэндийн Зэнээ гуай 10 гаруй жил УИХ гишүүний нэр хүндтэй албыгхашиж байгаад өөд болов. Ингээд нөхөн сонгууль зарлагддаг юм байна. МАХН-аас С.Батболд, Эх орон МАШСН-аас Ж. Гомбожав, Ардчилсан Холбоо эвслээс До.Ганболд нарөрсөлдөхөөр болсон талаар телевиз, сониноор мэдээлж байсан тэр үед би удахгүйэнэ үйл явцын оролцон тоглогч болно гэдгээ төсөөлөөгүй явжээ. Бат ах надад хэдхоног сонгуулийн сурталчилгаанд явах санал тавив. Идээ цагаа, айраг сүүн дээр 7хоног амрах юм байх. Миний хувьд ахын машин жолоодож хань болох л үүрэгтэй гэв.
Маргааш өглөө Жуковын хөшөөний хойно байх намын байранд очлоо. Сурталчилгааны материалууд хүлээн авч машиндаа ачив. Эрэл компаний захирлууд сонгуульд явах хүмүүст орон нутагт ажиллахдаа анхаарах чиглэл өгч байна. Ингээд би Эрэл компаний бүтээн байгуулалтын талаар хэдэн тоо цээжилж, “Хэлдэг биш хийдэг” нам буюу “шинэ хүчин”, “шинэ хүн” сонгох цаг ирснийг онцгойлон ярих ёстойг ойлгож авлаа. Ард түмний амьдрал тартагтаа тулсний гол буруутан МАХН болон АХ эвсэл гэдгийг жишээ авч ярих юм байх. Хүний чихэнд наалдацгүй, болхи хэдэн жишээ ярьж байсан санагдана. Бид хоёрыг Төв аймгийн Баян-Өнжүүл сум хариуцаж ажиллуулахаар хуваарилжээ. Манай багт Эрэл компаний ажилтан Мөнхбат гэх яриа хөөрөөтэй шар залуу, бас Завхан аймгийн намын дарга багтжээ. Удалгүй Бат ахын улаан 69, Мөнхбатын хөлөглөсөн компаны цагаан Ландкруйзер машин Төв аймгийн Баян-Өнжүүл сумыг чиглэн хөдөлвөө. Гарсан үеэс эхлэн Бат ах Эрэлийн ажилтан залууд дургүйцэж эхэлдэг юм байна. “Энэ золиг найр наадамд явж байгаа юм шиг авдар архи авчихаж, замаасаа оюутан охин суулгалаа” гэх зэргээр Бат ах ундууцаж эхлэв.
Биднийг Баян-Өнжүүл суманд очиход манай намын төлөөлөл гэх
дунд сургуулийн багш эмэгтэй, архи нэлээн хүртдэг болов уу гэмээр бараан
царайтай залуу хоёр угтлаа. Тэд бидэнд зориулж зуны амралтаараа хөдөө мал
дээрээ гарсан айлын хашаа, байшин түрээсэлжээ. Ирсэн өдрөө бид амрав. Ингээд
намын идэвхтнүүдийн хамт сонгуулийн материалаа 2 өдөрт багтаан сумын төвийн
айлуудаар тараав. 3 дахь өдрийн өглөө нэр дэвшигч маань сонгогчидтойгоо
уулзалт, ярилцлага хийхээр хүрэлцэн ирлээ. Би сумын төвөөр чанга яригчаар зар
тарааж хэсэг давхив. Санасанд хүрэхээр хүмүүс цугласангүй. Ядаж байхад сумын
засаг дарга сургуулийн заалны түлхүүр авч алга болсон тул Гомбожав гуай гадаа
уулзалтаа зохион байгууллаа. Цуглааны дараа тэрээр дараагийн сум руу яаран явж
бид хөдөө багт сурталчилгаа хийхээр хоцорлоо. Бат ахад нэр дэвшигчийн уулзалт
таалагдсангүй. “Лэнсээ өвс гэж ярьсаар уулзалтаа өндөрлүүллээ. Тийм өвс
байдгийг мэдэхгүй юм байна. Төв аймгийн дарга, УИХ-ын дэд дарга байсан хүн
сонгогчдын сонирхол татчиха өгүүлбэр ч хэлсэнгүй. Миний зөвлөгөөг тоосонгүй”
хэмээн Бат ах бухимдаж байв. Тус сумын газар нутгийн дийлэнх хэсэгт зуншлага
тааруу, гандуу, хуурай байсан тул малчдад ойр зүйл ярихыг хичээгээ биз дээ гэж
би Гомбожав гуайг зөвтгөн өмөөрч байсан хэдий ч ил гаргасангүй.
Баян-Өнжүүл сум 3 багтай. Эхний багт 2 машинтайгаа зэрэг явж
сурталчилгаа хийхээр тохирлоо. Гэхдээ багийн нутаг дэвсгэр том учраас хоёр
талаасаа айлуудаар орж сурталчилгаа хийсээр оройдоо нэгдэх төлөвлөгөө гаргалаа.
Маргааш өглөө замаа сайтар заалгаад хоёр тийш салж хөдлөв.
Зэнээ гуай ихээхэн нэр хүндтэй байсан нь анх орсон айлаас
мэдэгдэж байв. Гэрт ормогц хэн гэдэг нэр дэвшигчийг дэмжиж байгаа нь тодорхой
байдаг сан. Нутагтаа нэртэй уяачийн хүү Батболдын зураг ихэнх айлын унины
завсар хавчуулаастай байх. Ганболдын зураг ч цөөнгүй айлд харагдав. Харин
биднийг үл тоомсорлох харьцаа бид хоёрт мэдрэгдэж байв. Тарааж буй материал
малчдын анхаарлыг татахгүй байгаа нь илт. “Ардчилал гарч сахилга зохион
байгуулалт алдагдлаа, хүн бүр эрх чөлөөний сургаар дураараа дургиж байна. Бид
түрүүчийн нийгмийг их хараасан. Тэр үед траншейгаар гэр хийсэн хүүхэд, хог ухаж
амьдардаг хүн байгаагүй. Биеэ үнэлэгч хүүхнүүд, архичид өнөөдрийнх шиг олон
байгаагүй” гэж бухимдах, загнах хүмүүс хэд хэд таардаг юм байна. Хэн нэгэн ийм
агуулагатай зүйл ярьсныг давтаж байгаа нь ойлгомжтой байв. Малчдын толгойд
Улаанбаатарт байгаа “муу хүмүүс”т санаа зовох бодол нэгэн зэрэг орох учиргүй.
Олон айлд “Энэ олон намын хэрэг юу байна” хэмээх илт төвөгшөөсөн асуулт сонсдог
юм байна. Бидэнтэй хэсэг согтуу залуус тааралдаад, “Танай нэр дэвшигч гарахгүй
ээ, эртхэн харьж амарсан нь дээр дээ. Хий дэмий бензин тос үрэх шаардлагагүй
шүү. Бид аймгийн ИТХ дарга Батболдоо аль эрт сонгочихсон” гэж шулуухан хэлсэн
нь үнэн байсныг сонгуулийн дараа мэдсэн.
Харин бидэнтэй хамтарч ажиллах Ланд хөлөглөсөн намын нөхдүүд
маань “жаргаж явсан” гэхэд хилсдэхгүй. Тэд хоёр хоног найр хэсэж согтуу ирлээ.
Харин бид хоёр энэ хооронд айл бүрт орж материалаа тарааж амжив. Хүүхдийн нэр
өгөх, даахи үргээх, шинэ гэрийн, насны ой тэмдэглэх, мал хөнгөлөх, эсгий хийх
гээд бишгүй найрын ёс дэг хөдөө нутагт үлдэж. “Найр тааралдаад, ороод дуулаад
явчихсан” гэж Мөнхбат ярина. Түүний дууг сонссон хэн бүхэн магтан шагширч,
гэрийн эзэд нь айраг, архи сөгнөөд сүйд болдог юм гэнэ. Яг энэ сиймхийгээр нэр
дэвшигчээ “баттай араанд хийчихдэг” овсгоотой нэгэн юм байх. “Хөдөөний ард
түмний зан харицаа мэдэхгүй та хоёр надтай таардаг азтай юм” гэж өөрийгөө
дөвийлгөхөө мартахгүй. “Тэдэнд газарчлах нутгийн намын идэвхтэн залуу найр
хурим хаана болж байгаа мэдээллээр хангаад байна даа” хэмээн ах хий дэмий
хардахаас цаашгүй. Би ч дахин хоёр багаар явна гэхээс шантарч байлаа.
Маргааш өглөө бид хурал хийв. Үлдсэн хоёр багаа хувааж
аваад, дагнан ажиллахаар тохиролцлоо. Бид гантай, зуншлага тааруу байгаа багийг
сонгов. Бат ах “Та нарын ажиллах багийн нутаг харьцангуй зуншлага сайн байгаа.
Энэ нь тэнд найр наадам үргэлжилнэ гэсэн үг. “Дуулаад явчихдаг”(Мөнхбат найранд
орж дуулснаа ингэж ярьдаг) төдийгүй сонгогчоо татчихдаг мундаг авьяастнуудад яг
тохирно” гэж нөгөөдүүлийг явуулж байна. Эрэлийн шар малилзтал инээгээд сэтгэл хангалуун
гэж жигтэйхэн. Магадгүй Бат ахаас холдож чих амарсандаа баярласан байж магад.
Ингээд бид хоёр ажиллах багаасаа шууд хот явна гэдгээ сумын намын хоёртоо
дуулгаад хөдөөг зорив.
Энэ удаа Бат ах сонгуулийн сурталчилгааны тактикаа эрс
өөрчилжээ. Тэрээр айлд ороод сонгуулийн, намын талаар элдэвийг ярьсангүй.
Харин,
-Бид танай сумаар бүтэн тойрлоо. Танай сумын нийт нутаг
50-70 хувиас дээш гантай байна. Гантай жил зуд болдог. Тээр жил манай
Баянхонгорт айхтар зуд болж билээ. Одоо бодоход манай нутаг яг иймэрхүү цаг
агаартай байсан шүү. Өдөр нь жигтэйхэн хална, харин шөнөдөө их сэрүүн хонодог
байлаа гэж яриагаа эхэлнэ. Ийм эхлэл малчдын санаа сэтгэлд бүрэн нийцэж байгааг
анхны айлаасаа би анзаарав. Ахмадууд ойртон суунгаа тамхилж, харин дунд
насныхан “та хоёр дээш суу” хэмээн хүндэлнэ. Тэд:
-Манай нутагт хоёр жил дараалан зудтай байж нэлээдгүй мал
хорогдсон доо гэж ярихтай зэрэгцэн Бат ах:
- Жинхэнэ зуд гээч Баянхонгорт болж билээ гээд нүдээ анин
сүрхий залбирснаа, 1000 ямаатай айл долоохон ямаатай үлдэж байв. 200 үхэртэй
хот хоосорч билээ. Үнэхээр аймшигтай. Үхэр тэвчээр муутай мал. Нүд нь томоор
эргэлдэж, жигтэйхэн их хар баас алдаж, чангаар мөөрөөд түс хийгээд уначихна. Их
л амархан явна даа. Ер нь тарган мал түрүүлж үхдэг юм байна лээ. Хөдөөнийхөн
голдуу тарга хүч сайтаагаа үлдээж алдаа хийдэг хэмээн нүдэнд харагдтал ярих.
“Манай суманд хэд хэдэн малчин өөрийгөө боож нас барсан даа хөөрхий” гэхэд, “
Хөөрхийдөө хотоо харлуулчихаар аргагүй шүү дээ” хэмээн нүүрэндээ айдастай
малчид шогширч байдагсан. Зарим нь зөвлөгөө авна.
- Ер нь зоригтойхон малаа зах зээлд нийлүүлэх хэрэгтэй, үгүй
бол байгаль авахаа авна шүү хэмээн Бат ах хатуухан сануулахад малчид
чимээгүйхэн толгой дохиж сууна. Тэд малаасаа салах туйлын дургүй байгаа нь
илэрхий байдагсан.
- Найр наадмаа өндөрлөж, энд тэндхийн баяр хэсэж явахын
оронд гар хадуураа бариад ойн цоорхойн өвс, жалга, өвөлжөө бууцны халгай,
шарилжийг ч болов гололгүй хадах нь чухал шүү. Өвс, тэжээлээ бэлтгэх, отор
нүүдэл хийх, өвөлжөө бууцаа засаж янзлах гээд та нарын ажил ундрах ёстой гэж
сургана. Ийм яриа малчдын анхаарлыг гойд татаж, Бат ахыг ихэд хүндэтгэн элдэв
яриа хөөрөө өрнүүлэхийг чармайх ажээ.
- Зуд бол зөвхөн малчид, хөдөөгийнхний асуудал бишээ. Байдал
хүндэрвэл хот суурин газрынхан ч хойш суулгүй туслах учиртай. Энэ өвөл байгалийн
хадлан тэжээл хомс байх учраас гурилын үйлдвэрийн тэжээл үнэд хүрнэ. Эрэл
компаний цементийн үйлдвэр танай урд сумаас тусгай чулуу олборлох сураг
дуулдсан. Эрэлийн Дархан дахь гурилын үйлдвэрт малын тэжээл одоо үнэгүй шахам
байгаа даа. Чулуу ачих тэрэг тэжээл ачиж ирээд, танай сумын ойролцоо буулгах
боломж харагдаж байна. Танай сумын засаг дарга нэг манаач гаргаад төмөр торон
хашаа татчих байлгүй дээ. Энэ асуудлаар Эрэлийн Эрдэнэбат захиралтай уулзаж,
эцэслэн тохиролцоно. Компаний хувьд сүртэй зардал гарахгүй юм байна лээ. Ийм
үед хийрхэж улс төржих шаардлага байхгүй. Нүдэнд харагдаж гарт баригдах зүйл
хийх нь чухал. Миний тооцоогоор зуд болвол 100 толгой бог буюу 20 толгой бод
малд 2тн тэжээл оногдохоор олгочихвол учиртай байна. Хэрвээ хүсвэл бүртгүүлж
болно. Овог нэр регистрээ, хэдэн толгой малтайгаа хүснэгтийн дагуу энэ залууд
бүртгүүл гэж над руу дохино. Хамгийн гол нь баримт чухал шүү. Гарын үсгээ
зурахаа мартав гэж сануулахаа ч мартахгүй.
Ингэж миний ажил ундарна. Бат ах морь харахаар гарах үед
зарим нэг малчин ахиухан тэжээл бичүүлчих санаатай намайг панаалдаж байхыг
бодоход ахын яриа итгэл үнэмшил бүрэн төрүүлж чаджээ. Заримдаа хэнийх час улаан
(МАХН-ын дэмжигч), аль айл цэнхэр (АН) болохыг хэлж алтан хошуу өргөх хүмүүс ч
тааралдаж байв. Бид зориуд тухайн айлаар оролгүй, өнгөрч явна. Дараагийн айлд
сууж байхад улаан, цэнхэрүүд нь “та нар манайд орсонгүй” хэмээн гомдоллон ирж
бүртгүүлж санаа амарна.
Сонгууль болоход хоёр хоног үлдсэн хэдий ч бид хоёр ажлаа
амжуулсан гэж үзээд буцлаа. Замдаа түр амрахаар зогсохдоо нэр дэвшигчийн
зурагтай плакат нэлээдгүй үлдснийг сануулахад, Бат ах,
-“Лэнсээ өвс”-ийг (Гомбожав гуайг суманд ярилцлага хийсний
дараагаас түүнийг ийнхүү нэрлэх болсон) тарвага л идэх дуртай. Тарваганы нүхэнд
тараагаад хийчих гэж бувтнаад нүүрэн дээрээ малгайгаа духдуулаад хурхирч эхлэх
нь тэр. Хэд хоног элдвийг ярьж ядарсан түүнийг сэрээж зүрхэлсэнгүй. Би хэсэг
сууж байснаа хөшсөн биеийнхээ чилээг гаргахаар босов. Ингээд эргэн тойрон
онгойх тарваганы нүхэнд сонгуулийн материалуудаа тараан шургуулж орхилоо. Ингэж
би сонгуулийн сурталчилгааны ажлаа дуусгасан юм даа.
Хотод ирсэн даруйдаа би Москва руу сургуульдаа явсан. Хожим
сонсоход: “Сонгуульд хэн ялах нь чухал биш. Маньд хэрэгтэй юм хийх хүнийг
сонгох нь зөв” гэх яриа малчдын дунд газар авсан тул хоёр том нам баллуурдах
гэж ихээхэн зүтгэл гаргасан гэх. Гэвч сонгуулийн дүнгээр бидний ажилласан багт
нэр дэвшигч маань харьцангуй өндөр, харин “сайн дурын уран сайханчид”-ын
(Мөнхбат тэргүүтэй нөхдүүд) ажилласан баг хамгийн бага санал авсан гэж сонссон
билээ.