УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР - УРТ МӨНГӨ
Монгол Улсын гадаад худалдааны 2019
оны статистик
үзүүлэлт урьдчилсан байдлаар гарчээ. Нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.долларт, экспорт 7.6 тэрбум ам.долларт хүрчээ. Нэхмэл бүтээгдэхүүнийг эс тооцвол, нийт
экспортын дийлэнх хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Гадаад худалдааны нийт
дүнг харвал манай улс зөвхөн байгалийн баялгаасаа орлого олдог, гаднаас бүхнийг
худалдан авдаг хэрэглэгч орон болж хувирсныг илтгэн харуулж байна. Гадаад
худалдааны статистикаас харахад жилд тэрбум илүүтэй ам.доллараар машин тэрэг
авч унадаг, тэрбумаар нь сэлбэг хэрэгсэл болон шатахуун худалдаж авдаг “цамаан
төрх” тодорно.
Монгол Улсын хувьд, уул уурхайн
томоохон ордуудыг нээхээс өмнө эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуй
байсан. Өдгөө гаднаас олдог валютынхаа 90 орчим хувийг уул уурхайгаас олж
байна. Энэ нь хөдөлмөр хийхгүйгээр “бэлэн мөнгө” олох боломж бүрдсэн гэсэн үг.
“Бүтээн байгуулалт”, “импорт орлох үйлдвэрлэл” зэрэг ойлголт зөвхөн цөөн хэдэн
улс төрчдийн “аманд” үлджээ. Сүүлийн арваад жил өрнөж байгаа улс төрийн нөхцөл
байдлыг харахад манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн
борлуулалтад “хэний бүлэглэл” хяналтаа тавих вэ гэсэн тэмцэл өрнөж байгаа нь
нууц биш. Улс орны хөгжил, ирээдүй болон нийгэмд бий болсон баян хоосны ялгаа,
нийтээрээ ядууран доройтож байгаа үзэгдэлд санаа тавих улс төрч үгүй болсон гэж
баттай хэлж болохоор байна. Мэдээж тэд олны өмнө гарахдаа ямар ч авьяаслаг жүжигчнийг
дагуулахгүй чадварлаг “эх оронч”-ийн дүр бүтээж чадна. Ийм л бараан дүр зураг
манай нийгэм, улс төрийг нөмөрчээ.
Монгол улс зах зээлийн нийгэмд
шилжээд хэдийн 30 жил өнгөрчээ. Ийм
хугацаа Япон, Солонгос, Тайвань, Хятад зэрэг Азийн улсууд дэлхийн хэмжээний
хөгжилд хүрэхэд хангалттай хугацаа байсныг тэдний туулж өнгөрүүлсэн түүх илтгэн
харуулдаг. Харин бид хоёр талцан, юу ч бүтээж чадалгүй хий дэмий цаг алдаж
сууна. Харамсалтай. Үе үеийн Засгийн газар улс орноо өөд татах дорвитой нэг ч
алхам хийсэнгүй. Төр засаг иргэдээ зөв чигт удирдан чиглүүлж чадсангүй. Өдгөө дэлхийгээр нэг таран ажиллаж байгаа
монголчуудын тоо хоёр зуун мянга дөхсөн гэлцэх. Тэд хэл мэдэхгүй, хэний ч
дэмжлэг тусламжгүйгээр ажил хөдөлмөр эрхлэн харийн оронд хэнээс дутахгүй амьдралаа
авч яваа. Ид хөдөлмөрийн насны залуучууд. Хэрэв визны боломж нь гарвал гадаадад
гарч хөдөлмөрлөх хүсэлтэй иргэд хэдэн арван мянгаараа байна. Залуучууд эх
орондоо хөдөлмөрлөөд амьдралд нь хүрэлцэхүйц, хийсэн ажилд нь тохирох хөлс
авдаг байсан сан бол гадныг зорих гэж улайрахгүй нь лавтай. Газрын баялгаа
гадагш зараад олсон валютаараа үйлдвэр барьж импорт орлох, экспортод гаргах
бүтээгдэхүүн үйлдвэрлэж залуучуудаа ажилтай, амьдралтай болгох боломж алга гэж
үү.
Япон, Солонгос, Тайвань, Сингапур,
Хятад зэрэг Азийн улсууд богино хугацаанд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээрээ
дотоод зах зээлээ бүрэн хангаад зогсохгүй олон улсад экспортолж эдийн засгаа өөд нь татсан. Үүнд төрийн оролцоо асар их үүрэг гүйцэтгэсэн
байдаг. Манайх шиг мундаг төсөл хөтөлбөр, бодлого гэж хий хоосон цаасаар
хөөцөлдсөнгүй. Харин иргэдээ хөдөлмөрлөх, хувийн хэвшлээ ажиллах боломжоор л
хангажээ. Энэ нь үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй суурь гурван хүчин зүйлсийг төр
хариуцаж бодлогоор дэмжсэн гэсэн үг. Уламжлалт үйлдвэрлэлийн гурван хүчин зүйлсэд:
газар (баялаг), хөдөлмөр (ажиллах хүч), капитал (зээл) орж байна. Азийн орнуудад ажиллах хүч
хангалттай. Үйлдвэрлэл явуулах түүхий эд баялгийг худалдаж авч болно. Харин капитал буюу мөнгө, зээлийн асуудлыг
төр нь хариуцаж шийдэж чаджээ. Ийнхүү үйлдвэрлэл явуулах суурь хүчин зүйлсийг
шийдэж чадах аваас импортыг орлох төдийгүй экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх
боломж ямар ч улсад байдаг аж. Төрийн мэдлийн компаниуд байгуулж, дөрвөн жил
тутам намын боловсон хүчнээр сэлбэсэнгүй. Хувийн хэвшилдээ боломж олгосон.
Харин тэд хийж, үйлдвэрлэж, бүтээж чадна гэдгээ батлан харуулжээ.
Миний дээр дурдсан Азийн орнуудын
хөгжлийн нууц ийм л энгийн. Манайхан, нэг л мундаг хүн гарч ирээд, жигтэйхэн
гайхамшигтай төлөвлөгөө боловсруулаад л, түүнийг нь нийтээрээ дэмжээд л...
гэсэн хийсвэр ойлголтоор бусдын “гар хардаг”. Ийм сэтгэлгээгээр бичсэн урт,
дунд хугацааны бодлогын баримт бичиг мөрөөдлийн хөтөлбөр олон байна. Заримыг нь
бүр хуульчлан баталжээ. Гэвч ийм үлгэр ажил хэрэг болдоггүй гэдгийг бидний
амьдралын сүүлийн гучин жил хангалттай нотлон харууллаа. Өнгөц харвал, Монголд
үйлдвэрлэл явуулах хүчин зүйл болох газрын баялаг, ажиллах хүчин, банкны зээл
гээд бүгд байгаа. Газрын баялаг, ажиллах хүчний хувьд ямар нэгэн асуудал
байхгүй. Харин үйлдвэрлэл эрхлэхэд зайлшгүй шаардлагатай капиталын асуудал энд
хөндөгдөнө. Манайд арилжааны банкны зээлээр үйлдвэрлэл хөгжүүлэх боломжгүй
байна. Зээлийн өндөр хүү, богино хугацаа
зэрэг таатай бус нөхцөл, барьцааны өндөр шаардлага тавьдаг зэргийг дурдаж болно. Зээл авч чадсан жижиг, дунд үйлдвэрийн хувьд ч гэсэн
зээлийн хэмжээ нь тэдний үйлдвэрлэл явуулах
хэрэгцээ шаардлагад хүрэлцдэггүй. Тиймээс зөвхөн худалдаа наймаа хийх, улирлын чанартай бизнес хийхэд л тохиромжтой. Харин
үйлдвэрлэл эрхэлж бүтээгдэхүүн хийхэд урт хугацаатай, хүү багатай зээл
хэрэгтэй. Үүнийг зөвхөн төрийн бодлогоор л зохицуулах боломжтой гэдгийг хөгжсөн
орнуудын түүхээс харж болно..
Урт мөнгө
“Урт мөнгө" гэдэг нь санхүүгийн ертөнцийн
шинэ ойлголт биш бөгөөд хугацааны хувьд
5 ба түүнээс дээш жилийн хугацаатай хөрөнгө оруулалт, зээлийг хэлдэг. Урт мөнгө
бол эдийн засгийн өсөлтийг бий болгодог санхүүгийн чухал хэрэгсэл бөгөөд урт
мөнгөний төрөлд:
- Засгийн газрын тусгай хөтөлбөрүүд,
- ЗГҮЦ, ТБҮЦ,
- Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан,
- Гадаадын зах зээлээс босгох урт хугацаатай бонд,
- Үнэт цаасны зах зээл,
- Тэтгэврийн сан,
- Хөрөнгө оруулалтын сан,
- Хүн амыг орон сууцаар хангах ипотекийн хөтөлбөр,
- Урт хугацааны даатгал... зэргийг дурдаж болно.
Өндөр хөгжилд хүрсэн улс орнуудын
Засгийн газар “урт мөнгө”-ийг илүүтэй
ашиглахыг хичээдэг нь учиртай. АНУ-ын Засгийн газар гаргаж буй үнэт цаасныхаа
80-аас дээш хувийг 5 жилээс дээш хугацаатай, Японы Засгийн газар гаргаж буй
үнэт цаасныхаа 33 хувийг 6-10 жил, 19 хувийг 10 жилээс дээш хугацаатай гаргадаг
аж. Ингэж хувийн хэвшлээ дэмждэг. Харин тэдний ажилд хөндлөнгөөс бараг
оролцдоггүй ажээ.
Манай улсын хувьд урт мөнгөтэй
холбоотой нэг жишээ байна. Энэ нь 2012-16 онуудад хэрэгжүүлсэн орон сууцны
ипотек юм. Монгол улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүн нийт
экспортын 90 орчим хувийг, нүүрс, зэсийн баяжмал 80 хүртэл хувийг эзэлдэг. Манай эдийн засаг төрөлжөөгүй улмаас дэлхийн
зах зээл дээрх нүүрс, зэсний үнэ хэлбэлзэхэд, эдийн засаг дагаад савладаг. Өөрөөр хэлбэл гадаад хүчин зүйлд эмзэг, өртөмтгий билээ.
2012 оноос дэлхийн зах зээл дээрх
түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, манай эдийн засгийн өсөлт саарсан. Зэсийн
жилийн дундаж үнэ 41%, нүүрсний үнэ 40% уналаа. Ийнхүү эрдэс бүтээгдхүүний үнэ
ханш огцом буурч, эдийн засгийн уналт
эхлэв. Энэ хямралыг хохирол багатай даван туулах, банк санхүүгийн систем болон
эдийн засгаа хамгаалах, хямралын хүндрэлийг иргэдэд үүрүүлэхгүй байх хүнд
даалгавар тухайн үеийн Засгийн газарт оногдсон юм.
Ингээд 2013 оны 06 дугаар сарын 13-ны
өдрөөс “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх
хөтөлбөр”-ийг Монгол банк, Засгийн газар хоёр хамтарч хэрэгжүүлж эхэлсэн.
Хөтөлбөрийн санхүүжилтийг Монгол банкнаас гаргасан тул улсад ямар нэг гадаад,
дотоодын өр, түүнтэй холбоотой эрсдэл үүсээгүй. Монголд анх удаа 1.5 сая орчим
төгрөгийн орлоготой иргэн 2 өрөө
байранд амьдрах боломж бий болсон төдийгүй үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан
хуримтлал бүрдүүлэх боломж нээгджээ. Ингэснээр барилгын борлуулалт 5 орчим их
наяд төгрөгт эргэлдэж, барилгын материалын дотоодын үйлдвэрлэл 30-70 хувь хүртэл өсөв. Тус салбарт их бүтээн
байгуулалтын ажил ид өрнөж, иргэд шинээр бизнес эрхлэн, тогтвор суурьшилтай
ажиллах эрмэлзэл бүхий иргэдийн тоо 200 мянга давсан. Аж ахуй нэгжүүдийн тоо
нэмэгдэх тусам улсын төсөвт орох татвар мөн нэмэгдэж буй ажиллах хүчний тоогоор
нийгмийн даатгалын шимтгэлээс эхлээд хувь хүний орлогын татварын мөнгө төсөвт
орж эхлэв. Улаанбаатар хотын орон сууцны тоо 30 хувиар нэмэгдсэн. Энэ
хэмжээгээр хорт утаат яндан цөөрч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч
боловсроход багагүй хувь нэмэр болсон юм. Залуучууд хэнээр ч хэлүүлэлгүй зах
зээлд суралцаж, найз нөхөдтэйгээ наргиж цэнгэхийн өмнө тооцоо боддог болсон
байв. Энэ богино хугацаанд манай дундаж давхаргын үл хөдлөх хөрөнгөөр
баталгаажсан хуримтлал 1,5 их наяд төгрөг болсон байна.
Монголбанк,
3 жил үргэлжилсэн тус хөтөлбөрт 3 их наяд 29 тэрбум 623 сая төгрөгийн
санхүүжилтийг гаргаж, 86 221 өрх зээлд хамрагдан байртай болсон байна. Энэ
мөнгө хэн нэгэн эрх баригч даргын халаасанд ороогүй бөгөөд өдгөө эх үүсвэр нь
улам нэмэгдэж эргэн төлөлтөөс жилд ойролцоогоор таван мянган орон сууцны зээл
гаргах боломжийг бүрдүүлжээ. Түүгээр зогсохгүй Банкны салбарын зээлийн эрсдэл
буурсан, ипотекийн зээл хамгийн сайн эргэн төлөлттэй, олон улсын зах зээлд 4
орчим их наяд төгрөгийн хөрвөх валютаар үнэлэгдэх үнэт цаас босгох боломж
нээгдсэн гээд тоочвол эдийн засаг талаасаа “гайхалтай хөтөлбөр” юм.
“Урт мөнгө” улс орны хөгжлийн түлхүүр
гэдгийг дэлхийн олон орны туршлагаас харж болно. Ийм санхүүгийн бүтээгдэхүүн
манайд ус агаар мэт хэрэгтэй байна.
2020 оны 01 сарын 20
No comments:
Post a Comment