Monday, November 25, 2019

төсөв -2020





АМ НЬ АЛТ Ч, АЖИЛ НЬ ГУУЛЬ

Улсын Их Хурлын чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон тус хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг ид хэлэлцэж байна. Чуулганы тэнхимд хэт олонхийн нэгнээ хөөргөж баадуудсан магталт, өөрийн тойрогтоо ахиухан хөрөнгө тавиулчих санаатай попорч, цэцэрхсэн  уур амьсгал ноёлох аж.
Харин хэдэн жилийн өмнө эрх баригчид сонгогчдод ямар амлалт өгч сонгогдсон хийгээд энэхүү сайхан амлалтууд нь хэрхэн биелэгдэж байгаа талаар ярьж байгаа нэг ч гишүүн алга. Уул нь улс төрийн нам сонгуульд орохдоо иргэдэд өгсөн амлалт, мөрийн хөтөлбөр нь жил бүрийн төсөвт тусгалаа олж, хэрэгжиж байх учиртай. Хэрвээ сонгуулийн амлалтууд жил бүрийн төсвөөр дамжин хэрэгжсэн гэж үзвэл одоо тэдний амлалтын дөрөвний гурав нь биелсэн байхаар цаг өнгөрчээ.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө...
“Манай мөрийн хөтөлбөр үг өгүүлбэр бүр нь үнэн бодитой, зорилго зорилт нь цэгцтэй, үр дүн нь өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг” гэж өнөөгийн эрх баригчид баталж байжээ. Тэд:
            Иргэдээ ядуурлаас аварна
            Эдийн засгаа хямралаас гаргана
            Эх орноо өрнөөс салгана
            Төрийн дампуурлыг засна  хэмээн амлаж сонгогчдын саналыг авч байв.
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банктай хамтран хийсэн судал­гаагаар хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь байна. Энэ жилийн тайлангаар ядуурал улам өссөн ч энэ талаар нийтэд огт мэдээлсэнгүй. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Ногоон эдийн засгийн холбооноос хамтран гаргасан Ногоон эдийн засгийн барометр тайланд тусгаснаар бол Монгол улсын ядуурлын хамрах хүрээ 29,6 хувьд хүрч 907,5 мянган хүн ядуу байна гэжээ. З сая гаруй ард түмний гурван хүн тутмын нэг нь ядуурсан байна.
Хот суурин газарт амьдарч буй ядуусын эзлэх хувь 2016 онд 62.1 байснаа 2018 онд 63.5 болж өссөн. Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуусын 41.8 хувь нь амьдарч байна.
Иргэдийн багахан хэмжээний цалин, орлого сүүлийн гурван жилийн хугацаанд 30 орчим хувиар үнэгүйдсэн буюу инфляцад идүүлжээ. Валютын ханш огцом суларч, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тариф асар хурдацтай нэмэгдлээ. Шатахуун тослох материалын үнэ тав зургаан ч удаа нэмэгдэж 2016 оны статистиктэй харьцуулахад 350-1000 орчим төгрөгөөр өссөн дүнтэй байна. Ийнхүү МАН-ыниргэдээ ядуурлаас аврах” амлалт лав хэрэгжсэнгүй.
Харамсалтай нь эдийн засаг санхүүгийн таатай өнөөгийн нөхцөлд улс орны үндэсний эрх ашгийг эрхэмлэн оновчтой зөв бодлого хэрэгжүүлэхийн оронд МАН-ын гишүүдийн эрх ашгийг урьтал болгон зарлагыг огцом нэмэгдүүлсэн төсөв өргөн бариад байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон төсвийн нэмэлт орлогыг төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлыг асар ихээр нэмэгдүүлэх замаар үрэн таран хийхээр шийдсэнийг төсөв уншсан хүн бүхэнд ойлгомжтой байна.  Эрх баригчдын өнгөрсөн гурван жилд авч хэрэгжүүлсэн макро эдийн засгийн алдаатай бодлого, үйл ажиллагаа нь төсвийн алдагдал, улсын гадаад өрийг эрс нэмэгдүүлж, инфляцыг хоёр оронтой тоонд хүргээд зогсохгүй төгрөгийн ам. доллартай харьцах ханшийг 35 гаруй хувиар сулруулжээ.
Засгийн газрын нийт өр 2016 оны 2 улиралд 4,785.8 сая ам.доллар байсан бол 2019 оны 2 улиралд  7,246.4 сая ам.долларт хүрч даруй 2,460.6 сая ам.доллараар нэмэгдсэн нь бараг 6.5 их наяд төгрөг юм.
Гадаад өрийн өсөлт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч эхэллээ. Энэ нь үндэсний валютын ханшаар илэрч байна. Монгол банк тэрбум тэрбум ам.долларын интервенц хийсэн ч ханшаа алдаж эхэлсэн нь гадаад өрийн хэмжээ болон төсвийн алдагдалтай шууд холбоотой юм. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш өссөн энэ үед хуримтлал үүсгэн дотоод нөөц бололцоогоо ашиглан өрнөөс гарах боломж Монгол улсад байсан юм. МАН-ын өнөөгийн гишүүд иргэдээ өрөөр айлгаж, өрийн дарамтаас гаргах амлалт өгч сонгогдсон. Гэтэл өнгөрсөн жилүүдэд улам их өрийг илүү өндөр хүүтэйгээр тавьсан байна. Тэдний сонгуульд уриа болгон ашиглаж байсан “Монгол улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо” гэдэг тоо нь одоо “иргэн бүрт 25 сая төгрөгийн ногдох” болон өсчхөөд байна.
“Төрийн дампуурлыг засна” гэх амлалт худал болсны тод жишээ нь эрх баригчдын жил бүр асар их алдагдалтай төсөв хэлэлцээд сууж байгаа явдал. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн алдагдлыг Дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас хэтрүүлэхгүй байхаар хатуу зааж өгсөн. Гэвч тэд санаатайгаар энэ босгыг авч хаяад төсвийн алдагдлыг 5,1-9,1 хувь хүртэл өсгөлөө. Энэ нь эрх баригчид төрийг, улсынхаа эдийн засгийг дампууралд хөтөлж байна гэж дүгнэх бүрэн үндэслэл юм.
МАН улсын төсөвтэй холбоотой дараах амлалт авч байжээ:
-       Төсвийн үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна.
-       Татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй.
-       Хувийн хэвшил болон Жижиг, дунд үйлдвэр, бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлнэ.
-       Баян, ядуугийн ялгааг арилгаж, дундаж давхаргыг нэмэгдүүлнэ гэсэн.
Төсвийн алдагдал 3 жил дараалан 2 их наядаас давлаа. 2020 оныг оруулаад Та бүхний засаглаж байх хугацаанд нийтдээ 9 их наяд давсан төсвийн алдагдал учрах нь. Бүтэн дөрвөн жил давтагдсан их хэмжээний архагшсан төсвийн алдагдал бол зөвхөн гадаад, дотоодын дайн байлдааны хөлд нэрвэгдсэн улсын төсөвт харж болох үзэгдэл билээ.
Нэг ч татвар нэмж гаргахгүй гэж амласан хирнээ 9 төрлийн татварыг шинээр бий болгосон. Үүний дотор дотоодын үйлдвэрлэлд дарамт учруулах замаар хаалгыг нь барихад хүргэсэн хорлонтой татвар ч бий. Ашигт малтмалын нөөц ашиглалтын татварыг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч л төлөх ёстой. Гэтэл хавтгайруулж, ашигт малтмал боловсруулж байгаа үйлдвэрүүд энэ татварыг төлдөг болгосноор дотоодын 53 үйлдвэр хаагдахад хүрсэн байна. Энэ бол хилийн цаана байгаа ашигт малтмалын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн татвар болохоос дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнгүй. Тийм ч учраас Үндсэн хуулийн цэц саяхан энэ татварыг цуцлах шийдвэр гаргажээ.
Татварын бодлого нь аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхах шинж, агуулгатай, зөрүүтэй тогтоогдсоноос зөвхөн тамхины импортоос 50 тэрбум төгрөг төсөвт орох боломжийг өнгөрсөн жилүүдэд алдсан байдаг.Энэ нь  уршигт “60 тэрбумын хэргийн” үр дагавар төсөвт хүртэл тусгалаа олж, татварын бодлогод нөлөөлж байгааг харуулж байна. 60 тэрбумын буюу төрийн албыг үнэлэн наймаалах замаар төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэрэг асар их сөрөг үр дагавар дагуулж байгаа жишээ юм.
Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлж, импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн сайхан  амлалтууд чинь хоосон агаарт замхран оджээ.
Эрх баригчдыг мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж чадсангүй. Мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэн бодит үр дүн гаргах талаар хуруугаа ч хөдөлгөсөнгүй гэдэг дүгнэлтийг олон улсын байгууллага өгчхөөд байна.
Хамгийн ойлгомжгүй зүйл нь ДНБ байнга өсөлттэй гарч байхад ядуурлын түвшин нэмэгдсээр байгаа явдал. Энэ бол эдийн засгийн өсөлтийг зөв удирдахгүй байна. Төсөв санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлэхгүй байна, эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгааг илтгэх дохио.  Эрх баригчдад улс орны эдийн засгийг зөв удирдах, орлого зарлагаа зохистой байлгах менежмент, бодлого, ур чадвар огт алга гэж баттай хэлж болохоор байна.
Ядуурлын суурь бол ажилгүйдэл. Ажилгүйдлийн түвшин эдийн засгийн өсөлттэй гэгдэх жилүүдэд 9.7 хувьд хүрч, өсчээ. Монголын хүн амын олонхыг буюу 64,7 хувийг нь ид хөдөлмөрийн насны иргэд эзэлдэг ч хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд эдийн засгийн өндөр өсөлт үзүүлсэн жилүүдэд огт сэргэсэнгүй.
Өрхийн өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа 34 хувь, үүний тал хувийг хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байна. Эдийн засаг өсч байсан 2011, 2012 онтой харьцуулахад энэ нь 2 дахин өссөн үзүүлэлт. Өрхийн өр нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь хурдтай өсч буй хэрэглээний зээл юм. Банкны системийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 9 дүгээр сарын эцэст 18.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (11.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 8 дугаар сарын эцэст 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (14.8%) их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 37.1 хувийг ипотекийн зээл, 27.1 хувийг цалингийн зээл, 13.1 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 10.3 хувийг хэрэглээний зээл, 6.7 хувийг тэтгэврийн зээл, 5.8 хувийг бусад зээл тус тус эзэлж байна. Ийнхүү зөвхөн хэрэглээний зээлд арилжааны банкны зээлийн эх үүсвэр зарцуулагдах нь ажлын байр, иргэдийн орлого дорвитой нэмэгдэхгүй гэсэн дохио. Цаашлаад төлбөрийн тэнцэл, өрийн дарамт нэмэгдэх, санхүүгийн салбарт зээлийн чанар муудах сөрөг үр дагавар  үүсэх болно. өрхийн өр нэмэгдсэнээр дунд хугацаандаа нийт хэрэглээ буурч улмаар эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг. Ийнхүү 2016 оноос хойш Хэрэглээний зээлийн хэмжээ огцом өслөө. Энэ бол өрхийн орлого нь зарлагаасаа бага байгааг илтгэх үзүүлэлт. МАН иргэдээ, улсаа өрийн дарамтаас чөлөөлөх бус улам бүр өрийн намагт шигтгэн, засаж залруулахад нэн төвөгтэй нөхцөл рүү, хямралын ангал руу түлхэж байна. 
Энэ бүгдийг нэгтгэн дүгнэж үзвэл,
Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн мөчлөгөөс эдийн засаг нь шууд хамаардаг улс орнууд төсвийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж үр дүнд хүрч байна. Төсвийн мөчлөг сөрсөн бодлого нь эдийн засаг өсөлттэй үед хангалттай хуримтлал үүсгээд, эдийн засаг хумигдах үед гадаад, дотоодын зээл авч, өрөө нэмэхгүйгээр хуримтлалаа ашиглаж эдийн засгаа тэлдэг.  Энэ туршлагыг дэлхийн олон улс орон амжилттай хэрэгжүүлж эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлж байгаа билээ.
Манай улс төрчид 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан талаар ам булаалдан ярьдаг боловч, энэ үед төсвийн ямар бодлого явуулах шаардлагатай байсан талаар дурсдаггүй. Тэр үед  Засгийн газрын гаргасан том алдаа бол олсон орлогоо хавтгайруулсан халамж болгон тарааж улс орныхоо эдийн засгийг хорлосон явдал байдаг. 2020 оны төсөв МАН-ын өмнөх гашуун туршлагыг дахин давтаж байна.
Төсвийг боловсруулах мэргэжлийн судлаачдын шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого үгүйлэгдэж байна. Төсвийн бодлогыг ялсан намын популист амлалтыг санхүүжүүлэхэд зарцуулах байдал даамжирсаар байна. Шийдвэр гаргагчдын хувийн рейтинг өсгөх зорилготой тооцоо судалгаагүй хөрөнгө оруулалт татвар төлөгчдийн нуруун дээр ирдэг дарамт юм.
Үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын уламжлалт шинж чанарыг сонгууль бүрийн дараа эрс солин бүхнийг эхнээс эхэлж байгаа явдал нь Монгол улсын эдийн засаг тамирдуулж, түүхэнд байгаагүй их хэмжээтэй төсвийн алдагдал, гадаад өрийн дарамтад орох үндсэн шалтгааны эхлэл болоод байна.
2019 оны 11 сарын 10


No comments: