Monday, November 25, 2019

төсөв-2018





ОЙ САНАМЖАА ГЭЭСЭН ПАРЛАМЕНТ



Загасны ой санамж ердөө 8 секунд гэнэ. Загас дэгээ үмхээд уруулаа сэтэлсэн ч энэхүү аюулыг тэр дорхноо мартчихаад дахин өгөөшөө зуугаад авдаг аж. Тиймээс загасыг хамгийн бага ой санамжтай амьтанд тооцдог. Хүмүүс бидний дунд мартамхай хүн бишгүй л тааралдана. Гэхдээ бүхэл бүтэн парламент ой санамжаа алдаж байсан талаар огт сонсож явсангүй. Тэгвэл ийм явдал манай УИХ дээр болсон юм.
2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр УИХ-ын чуулганаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.  Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 38 гишүүн дэмжиж 67,9 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа. Тус чуулганд оролцсон УИХ-ын гишүүд, Монгол Улсын төсөв 27 тэрбум төгрөгийн ашигтай гарсан, төсвийн тодотгол хийгээгүй гэх зэргээр ам өрсөн магтацгаалаа. Ердөө ганцхан жилийн өмнө төсөвтэй холбоотой ямар ноцтой асуудал сөхөгдөж байсан,  гишүүд түүнд нь олноороо хутгалдан орж байснаа таг мартчихаж, тэд.
2018 оны 11 сарын 30-ны өдөр. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын гишүүд 7 үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах санал гаргасныг УИХ-аар хэлэлцсэн юм. 27 гишүүний өргөх бичигт: “ЖДҮДС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд хууль тогтоомж зөрчин тэрбум, тэрбумаар нь тараасан асуудлыг, “Хотгор шанагын” лицензийг гадаадын компанид дамласан асуудлаар Сангийн сайд  Ч. Хүрэлбаатарыг, төсвийн мөнгийг төрсөн дүүгийнхээ компанид шилжүүлсэн хэргээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхад...” гэх төсвийн хөрөнгө дур мэдэн хувьдаа ашигласан тухай  ноцтой баримтуудыг сөхсөн байдаг. Гэвч энэ бүхнээ таг мартаад 2018 оны төсвийг ам уралдан магтан дуулцгаасан юм л даа.
УИХ-д олонх болсон МАН-ын засгийн эрх барьсан хуулийн хугацаа дуусахад 8 сар үлджээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд улс орны хөгжил, ард иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчирснаа  дүгнэж цэгнэх хариуцлагатай чухал үед УИХ-ын отгон чуулган болж байна. УИХ-ын чуулганаар  хэлэлцсэн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл,  удахгүй хэлэлцэх Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг  эрх баригчдын хувьд сонгогчдод зөв “мессеж” хүргэх онцгой чухал ач холбогдолтой. МАН-ын хувьд УИХ-ын индрийг ашиглан өөрсдийгөө магтан дуулж, олон нийтэд таалагдах “тархи угаалт”-ыг хамгийн чадамгай хийдэг. Үйл явц, үр дүнг гажуудуулж гуйвуулан, өнгөлж далдалсан, дөвийлгөж магтсан эрх баригчдын мэдээлэл, мэдэгдэлд зохих тайлбарыг хийх, бодит үнэнийг нийтэд хүргэх боломж туйлын хязгаарлагдмал байна. Дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрх баригчидтай “хаалтын гэрээ” байгуулж амаа үдүүлжээ. 
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлтэй холбоотой, УИХ-ын Байнгын хороодын хурал болон УИХ-ын чуулган дээр эрх баригчдын олон нийтэд таалагдах улстөрийн цаана улс орны эрх ашиг, татвар төлөгчдийн хөрөнгийг хий хоосон үрсэн ноцтой асуудлууд хөндөгдөхгүй үлдсэнийг тодруулж байна.
·         Монгол Улсын нэгдсэн төсөв 2018 онд 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан тухайд

Төсөв ашигтай гарсан нь Сангийн сайдын тодотгож хэлснээр сүүлийн жилүүдэд үзэгдээгүй сүрхий үзүүлэлт юм байх. Мэдээж, жил бүр мөнгө зээлж, төсвийн алдагдлаа нөхөж, өр үйлдвэрлэдэг улс ганц жил боловч ийм аюулыг тойрсон бол баяр хүргэх ёстой л доо. Гэвч энэ үзүүлэлт тайлангаар цаасан дээр буусан дансны зөрүү болохоос бодитой ашиг огт биш. Үүнийг Үндэсний аудитын газрын Монгол улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаас  тодорхой харж болно.  Тус тайлангийн 2.3.3 гэсэн заалтад “ Нэгдсэн төсвийн төлөвлөсөн алдагдлыг нөхөх зорилгоор тайлант онд 1 их наяд 275 тэрбум 500 сая төгрөгийн гадаад зээл, Ирээдүй өв сангаас 100.0 тэрбум төгрөгийг тус тус авч, Ирээдүй өв сангийн 408.7 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, өмч хувьчлалын орлогоос 9.4 тэрбум, нийт 1 их наяд 775 тэрбум 600 сая төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна” гэж тов тодорхой бичсэн байна.
2018 он бол манай зэс нүүрсний гадаад үнэ хамгийн өндөр байж, валютын орлого эрс нэмэгдсэн таатай жил байв. Бараг 2 их наяд төгрөгийн төсвийн алдагдал төлөвлөсөн ч төсвийн орлого төлөвлөснөөс 2 их наяд гаруй төгрөгөөр давж биелсэн төдийгүй төсвийн нийт зарлага төлөвлөснөөс 700  гаруй тэрбум төгрөгөөр хэмнэсэн байхад  гадаад зээл авч төсвийн алдагдлаа нөхжээ. Ингэж улсын гадаад өрийг нэмсэнийг ноцтой алдаа гэж үзэхээс өөр аргагүй.  Ийм аргаар гаргасан дансны ашгийг магтан дуулж улстөр хийх нь өөрсдийгөө хуураад зогсохгүй, иргэд сонгогчдоо басамжлан доромжилж буй нэг хэлбэр юм.
Аливаа улс дотоодоосоо зээл авч төсвийн алдагдлаа нөхдөг. Манай үе үеийн Засгийн газар ийм л байсан. Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжааны банкууддаа борлуулж, урсгал төсвөө санхүүжүүлж ирсэн болохоос гадаад зээлээр төсвийн алдагдал нөхөж байгаагүй юм. Энэ бол бодлогын асар том алдаа. Дотоодын зээл авснаар эдийн засгаа дэмжиж, төсвийн орлогоо нэмэгдүүлдэг бол, гадаадаас авсан зээл гадныхныг дэмжиж, ханшийн алдагдалд оруулж, төсвийн зарлага ихээр нэмэгддэг гэдгийг Сангийн сайд нь хэзээ ойлгох юм бол?
·         Төсвийн давсан орлогыг зарцуулалтыг УИХ асуух ёстой

Төсвийн төлөвлөсөн зардлыг 700 тэрбум төгрөгөөр  хэмнэсэн, төлөвлөсөн орлого 2 их наяд гаруй төгрөгөөр нэмэгдсэн, алдагдлаа нөхөх зорилгоор 1.3 орчим их наяд төгрөгтэй тэнцэх гадаад зээл авч ашигласан тухай дээр дурдсаныг дахин сануулъя.
Засгийн газар татвар төлөгчдийн давуулж төлсөн 2 их наяд гаруй төгрөгийн төсвийн орлогыг юунд зарцуулахаа УИХ-аас асуух ёстой биш бил үү? Төсвийг, өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулахыг шийдвэрлэх онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д байдаг. Төсвийн давсан орлого 2 их наяд төгрөг бол асар их хэмжээний мөнгө.  2018 оны төсвийн нийт орлогын 20 хувьтай тэнцэж байна. Саяхан Данийн Ерөнхий сайд төсвийн мөнгөөр ганц тэмээ худалдаж авсанаа парламентдаа тайлагнаж байсан нь нийгмийн сүлжээгээр нэлээн явж харагдсан. Заан тэмээ 2-ын хоорондын хайр дурлалын инээдэмтэй асуудал яригдсаны  цаана, татвар төлөгчийн нэг мөнгө ч утга учиргүй зүйлд зарагдах учиргүй гэсэн алтан дүрэм хэрэгжиж буйг эндээс тодорхой харсан байх. Гэтэл манай татвар төлөгчдийн төлсөн асар их хэмжээний мөнгийг хуваарилах шийдвэрийг УИХ биш, Засгийн газар толгой мэдэн зарцуулсан ноцтой асуудлыг яагаад хав дарчхав?
Энэ бол төсвийн сахилга бат дээд зэргийн сул байгаагийн нотолгоо. Засгийн газар хууль зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлээд зогсохгүй томоохон хэрэг зөрчил агуулсан байж болох ноцтой асуудал. 2018 онд төрийн сангийн данснаас 853.2 тэрбум төгрөгийн эх үүсвэргүй  зарлагын гүйлгээ гарч, Засгийн газрын тусгай сангууд болох Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс зохицуулалт хийж эх үүсвэрийн дутагдлыг хаасан байж болзошгүй  ноцтой асуудлыг  Сангийн сайд нь ч, Ерөнхий аудитор нь ч тайлагналгүй, зориуд нууж бүдгэрүүлжээ. Үндэсний аудитын газраас ирүүлсэн Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлангийн 16 дугаар хуудсанд “Төв төрийн сангийн зарлагын эх үүсвэрийн дутагдал 853.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас бүрдүүлж, санхүүжүүлсэн байна.” гэж дээрх ноцтой асуудлыг ганцхан өгүүлбэрээр тэмдэглэмэр аядаж.  УИХ-ын чуулганы хуралдаан дээр энэ асуудлыг хөндөж УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С. Эрдэнийн тавьсан асуултад Сангийн сайд нь хариулахын оронд элдвээр хэлж харагдана лээ.
Төсвийн сахилга бат, төсвийн хяналт маш сул байгаа ганц нэг жишээ дурдахад ийм байна. Тиймээс 853.2 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээг нэг бүрчлэн гаргуулж авах, дутагдлыг төрийн сангийн нэгдсэн данснаас хэрхэн бүрдүүлснийг УИХ-д танилцуулах зайлшгүй шаардлага үүсч байна. Эдгээр асуудлыг хав дараад өнгөрнө гэж бодож байвал эндүүрэл. Энэ удаагийн ой санамжаа алдсан парламент нь чаддаггүй юм аа гэхэд ирэх цагийн шинэ  парламент нь заавал нэхэн харж, тодруулаад иргэддээ үнэн бодитой мэдээллийг хүргэж таарна. Улс орны хөгжил урагш алхахгүй, эрдэс бүтээгдэхүүний экспортоос тэрбум, тэрбум ам.долларын ашиг олж байгаа хирнээ иргэд нь улам бүр ядууран хоосорч байгаа шалтгааныг төсвийн замбараагүй зарцуулалттай холбон тайлбарлахаас өөр аргагүй юм.
2019 оны 10 сарын 10

No comments: