Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар МҮОНТ-д ярилцлага өгчээ. Тэрээр сурвалжлагчийн асуултад хариулахдаа:
-Энэ удаагийн УИХ-ын үйл ажиллагааны
хоёр онцлогийг тодотгон хэлж байна. Үүнд, нэгдүгээрт, “уначихсан” байсан
эдийн засгийг босгосон, хоёрдугаарт, гадаад өрийг ДНБ-ний 85 хувь хүрч
байсныг буулгаж, 58 хувьд хүргэсэн гэв. Мөн 2012-2016 оны УИХ эдийн
засгийг сонгодог утгаар нь дампууруулсан гэж нэмэхээ мартсангүй.
Манай зарим төрийн түшээдийн хэлж ярихыг
сонсоход, нийтийг төөрөгдүүлсэн, хоёрдмол санаа цухалзуулсан, бодит
үнэнээс гажсан мэдээлэл өгөх нь элбэг болж. Тэр нь бараг зуршил
болчихсон хэд хэдэн улстөрч бий. Тэд өөрсдийгөө бүхнийг мэдэгч гэж
эндүүрэх нь энүүхэнд. Хэт их улс төржих, бодит байдлаас тасрах нь нийтэд
тийм ч таатай харагдахгүй болов уу. Тойрон хүрээлсэн, “баадууддаг”
хүмүүст нь мэдээж сайхан байдаг байлгүй. Гэвч “Муу л бол хойд талын хар
овоохой” гэдэг үүднээс ярих нь тийм ч ул суурьтай улстөрчийн ч байр
суурь биш. Тэр тусам Монгол Улсын Засгийн газрын гишүүн хүн аливаа
асуудалд бодитой хандаж, нийтэд зөв мэдээлэл өгч, тайлбарлан таниулахын
оронд эдийн засгийн макро тоон үзүүлэлтийн хувь, процентоос өөрт ашигтай
хэсгийг сугалан авч хариуцлагаас бултмааргүй байгаа юм. Тиймээс Сангийн
сайд Ч.Хүрэлбаатарын нийтэд хүргэсэн мэдээлэлд дараах тайлбар хийе.
1. УИХ эсвэл аль нэг намын шийдвэрээр Монгол Улсын эдийн засгийг өсгөх боломжгүй
Манай улсын эдийн засаг нүүрс, зэс гэсэн
хоёр эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ ханшнаас шууд
хамаардаг. Монгол Улсын ДНБ-ий 30 орчим хувь, нийт экспортын 90 хүртэлх
хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. Бидний гаднаас олдог
хатуу валютын 10 ам.доллар тутмын есөн ам.долларыг түүхий эдээс олох ба
үүний 7-8 ам.долларыг зөвхөн зэс, нүүрснээс олдог юм. Энэ хоёр эрдэс
бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш нэмэгдвэл уул уурхайн салбар
сэргэж дагаад тээвэр, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад
салбаруудын үйл ажиллагаа идэвхэждэг. Энэ чинээгээр улсад орох ёстой
татвар нэмэгддэг гэсэн үг. Унавал дагаад уруудна. Тэгвэл 2012-2016 оныг
санацгаая. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч,
манай эдийн засгийн өсөлт саарсан он жилүүд байв. Зэсийн жилийн дундаж
үнэ 2011 онд 9000 ам.доллар хүрч байснаа, 2014 онд 7000 ам.доллароос
доош уруудаж, нүүрсний ханш 120 ам.доллар хүрч байснаа 3-4 дахин унасан.
Ийнхүү экспортын орлогын хомстол үүсэхэд Монгол улсын эдийн засаг огцом
агшсан юм. Түүнээс Сангийн сайдын хэлснээр тухайн үеийн парламентад
бурууг тохох нь инээдэмтэй хэрэг.
Одоо өөр нэгэн статистик дурдъя. 2013
онд зэсийн баяжмалын борлуулалтын орлого 948 сая ам.доллар байжээ. Харин
2018 онд борлуулалт нь хоёр тэрбум ам.долларт хүрч даруй хоёр дахин
өссөн юм. Нүүрсний хувьд 2015 онд 555.9 сая ам.доллараар борлуулж байсан
бол 2018 онд хоёр тэрбум 802 сая ам.долларт хүрч орлого нь бараг зургаа
дахин нэмэгджээ. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш ийнхүү өсөөд
зогсохгүй, гурван жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 5.5
тэрбум ам доллар орж ирж байгаа нь Монгол Улсын эдийн засаг сэргэх гол
шалтгаан болсон юм. Ийм сайхан боломж зах зээлийн нийгэмд шилжсэн 30
жилийн түүхэнд манайд бараг тохиогоогүй гэдгийг онцлох нь зүйтэй. Харин
энэхүү эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдийн амьдралд хүргэх
бодлого явуулах нь УИХ, Засгийн газрын хийх ёстой ажил мөнөөсөө мөн
билээ. Харин эрх баригчид маань энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?
Валютын ханш чангарсаар...
Валютын ханш өдөр ирэх тусам чангарч аж
ахуй нэгжүүд болон ард иргэдийн нуруун дээр ачаа нэмэгдсээр байна.
Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2016 оны зургадугаар
сарын 30-ны өдөр 1.982 төгрөгтэй тэнцэж байсан бол 2019 оны есдүгээр
сарын 25-ны өдөр 2,667 төгрөгт хүрч монгол төгрөг даруй 33 хувиар
сулраад байна. Монгол Улсын нийт импортын 70 хувь ам.доллароор хийгддэг
ба хэрэглээний сагсны 40 хувь импортын бараа эзэлж байна. Тиймээс,
гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй
харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын барааны болон өргөн
хэрэглээний барааны үнэ өсч улмаар энэ нь иргэдийн амьдралд шууд сөргөөр
нөлөөлж байна.
Инфляц өссөөр...
Инфляц нь тухайн улсын эдийн засгийн
хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Инфляц 2019 оны найман сарын
дүнгээр улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10.5 хувьд хүрчээ.
Зах зээлийн эдийн засагтай бүхий л улс инфляцын түвшингээ төрөөс явуулж
буй мөнгө, төсвийн бодлогын хэмжүүр гэж үздэг. Харин “чимээгүй халаас
суйлагч” гэгдэх инфляцын талаар анхаарч байгаа төр, засаг байна уу,
манайд. Инфляц жилд 4-6 хувь орчимд байвал эдийн засаг боломжийн
хэмжээнд байна гэж үздэг. Хэрэв энэ үзүүлэлтээс давах аваас үнэ өсч
иргэдийн амьдралд дарамт болж эхэлдэг. Харин энэхүү хэмжүүр хоёр оронтой
тоонд хүрсэн нь иргэдийн амьдралд аль хэдийн дарамт болоод эхэлсний
баталгаа юм.
Өргөн хэрэглээний үнэ тасралтгүй өссөөр...
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2016 оны зургадугаар сараас хойш ингэж өсчээ.
Шатахууны үнэ нэмэгдсээр...
Иргэд бухимдалтай байна. Өрийн сүлжээ,
үнийн өсөлт өдрөөс өдөрт тэдний амьдралд сөргөөр нөлөөлсөөр байна.
Дэлхийн зах зээл дээр нефтийн ханш буурч байхад манайд эсрэгээрээ
шатахууны үнэ огцом өсч, үүнийг дагаад идэж уух, эдэлж хэрэглэх бүх
зүйлийн үнэ нэмэгджээ.
Ийнхүү Засгийн газар валютын ханшаа
алдаж, шатахууны үнэ нэмэгдэж, инфляц өссөн зэргийг тооцвол иргэдийн
амьдрал хүндрэх нь ойлгомжтой. Ялангуяа энэ бүхэнд хамгийн ихээр бага,
дундаж орлоготой иргэд нэрвэгдэж байгаа юм.
2. Монгол Улсын Засгийн газрын өр нэмэгдсэн
Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.1-т,
“өр” гэж өрийн хэрэгслээр дамжуулан тодорхой хугацаанд төлөх хүү, үндсэн
төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүргийг” хэлнэ гэж заажээ.
Эндээс Засгийн газрын өрийг ДНБ-д харьцуулсан хувиар илэрхийлдэггүйг
анзаарч болно. Иргэдэд хүрэх мэдээлэл ойлгомжтой, хуульд заасан
тодорхойлолтын хүрээнд байвал зүгээр сэн.
Харин “ДНБ-д харьцуулсан хувь” гэх мэт
мэргэжлийн үг хэллэгийг Сангийн яам, өрийн удирдлагын бодлого,
зохицуулалт, өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг
хэрэгжүүлэх зэрэг өрийн харилцааг макро түвшинд зохицуулахдаа ашигладаг.
Эсхүл эрдэм шинжилгээний ажил болон судлаачдын судалгаанд голлон
хэрэглэнэ. Уул уурхайн хэдхэн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлийн үнээс
хараат манай улсын хувьд ДНБ-ний хэмжээ огцом савлаж байдаг тул Засгийн
өрийг хувиар ярих нь яавч оновчтой биш.
Энгийн жишээн дээр тайлбарлая. Иргэн
Батын гэр бүлийн сарын орлого нэг сая төгрөг (нөхөр 500 мянга, эхнэр 500
мянган төгрөгийн цалинтай, өөр орлогогүй) гэж бодъё. Тэднийх хөрш
айлаасаа 500 мянган төгрөг зээлсэн бөгөөд энэ сард төлөх ёстой. Батын
гэр бүлийн өрийг хувиар тооцвол энэ сарын орлогынх нь 50 хувийг эзэлж
байна. Гэтэл энэ сард эхнэр нь цалин дээрээ нэмж 300 мянган төгрөгийн
урамшуулал авахаар болжээ. Энэ тохиолдолд Батын гэр бүлийн өр, нийт
орлогынх нь 38 хувь болж буурна. Харин эсрэгээрээ урамшуулал биш, 300
мянган төгрөгийн торгууль төлсөн бол өр нь 71 хувь болж өсөх юм. Гэрийн
эзэн Батын хувьд эхнэрээ урамшуулал авмагц, би өрөө тэдэн хувиар
буурууллаа гэж ярих нь утгагүй. Учир нь тэдний гэр бүлийн орлого өссөн
ч, буурсан ч, ялгаагүй төлөх өр нь 500 мянга төгрөг хэвээрээ байх болно.
2016 оны зургадугаар сард Монгол Улсын
Засгийн газрын өр дөрвөн тэрбум 785 сая ам.доллар байсан бол, 2019 оны
зургадугаар сарын байдлаар долоон тэрбум 246 сая ам.доллар болж өсчээ.
Дээрх графикт Монгол Улсын Засгийн
газрын өрийн хэмжээ он тус бүрээр нь бичиж цэнхэр өнгөөр будсан байх
бөгөөд цэцэрлэгийн хүүхэд ч хараад өр нэмэгдсэн гэж хэлэх нь тодорхой
биз.
Ийнхүү экспортын орлого огцом өссөн,
гадаад валютын зээл их хэмжээгээр орж ирсэн, гаднын эдийн засгийн элдэв
хориггүй, улс төрийн аливаа сонгуульгүй, дэд бүтцийн томоохон бүтээн
байгуулалтгүй өнөөгийн таатай үед Монгол Улсын өр нэмэгдэж, валютын ханш
дээш “чавхдаж”, инфляц анхаарах хэмжээнд хүрчээ. Тиймээс Сангийн сайдын
хувьд 2016 онд нийтэд амласан хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, оюутны
тэтгэлэг олгох, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй,
цалин урамшууллыг өсгөх, өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, орлого
багатай иргэдээ тусгайлан тэтгэх, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар
нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг наашлуулах, цалинтай ээж бий болгох,
ханшийн уналтыг зогсоох, баялгийн сан байгуулж иргэдэд хүртээх, итгэлийн
зээл бий болгох, тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, арилжааны зээлийн
хүүг бууруулах, аймаг бүрт үйлдвэр байгуулах, бага орлоготой аж ахуй
нэгжийн орлого нэмэгдүүлэх... гэх мэт чихэнд чимэгтэй мянга мянган
амлалтаасаа хэдийг нь биелүүлснээ иргэддээ тайлагнасан бол оновчтой
байсан болов уу.
No comments:
Post a Comment