ВАЛЮТЫН
ХАНШ ӨСӨХ ШАЛТГААН
Раднасэдийн Даваадорж /эдийн засгийн ухааны
боловсролын доктор/
Манай улс нийт импортын төлбөрийн 66 хувийг ам.доллараар,
12 хувийг юаниар, 8 хувийг иенээр, 7.5 хувийг еврогоор, 6 хувийг рублээр хийж
байна. Гэтэл ам.долларын ханш сүүлийн саруудад огцом өслөө. Валютын ханшийн өсөлт тухайн
валютын эрэлт, нийлүүлэлтээр шийдэгддэг.
Эрэлт, нийлүүлэлтэд валютын
орох, гарах урсгал болон хүлээлт нөлөөлнө. Ам.долларын ханшийн өсөлтөд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого шууд мэдрэгдэхгүй ч дам
нөлөөлж байгаа. Үүнд, “Дэлхийн худалдааны дайн” буюу тарифын асуудал, Америкийн Холбооны нөөцийн сангийн
бодлогын хүүг өсгөсөн.. зэрэг нь томоохон өөрчлөлтүүдийг дурдаж болно. Ийм тайлбарыг ч Монгол банк,
Засгийн газар өгч байгаа. Бусдад буруугаа тохох шиг амархан зүйл үгүй. Гэхдээ
эрх баригчдаас шалтгаалах хэд хэдэн шалтгаан байдгийг энд дурдья.
Нэг. Валютын
урсгалд тавих хяналт сул байна.
Бидний
олж буй валют гадагш зарж буй валютаа нѳхѳхгүй байна. Жишээ нь, Валют цэвэр дүнгээр гадагш урсахыг эдийн
засагчид төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэж хэлдэг. Гаалийн статистик мэдээллээр 2018 оны 8 сарын байдлаар
манай улс нийт 4,671 сая ам.долларын экспорт хийж 4,122 сая ам.долларын экспортын
орлого олсон гэх боловч Арилжааны банкуудаар хийсэн гадаад гүйлгээний тайлан дээр
2,720 сая ам.доллар орж ирсэнээр 1,420 сая ам.долларын зөрүү гарчээ. Энэ талаар
Монгол банк олон шалтгаан тоочдог ч асар их хэмжээний валют хилийн цаана үлдэж
байгаа нь бодит үнэн. Монгол улсын
эрдэс бүтээгдэхүүний борлуулалтаас хичнээн хэмжээний гадаад валют орж ирж
байгаа талаар Засгийн газар болон Монгол Банк бүрэн хянаж чадахгүй байна. Дор
хаяад л экспортын орлогыг бүрдүүлэгч төрийн өмчит томоохон компаниудын гадаад
валютын орох болон гарах урсгалд тавих хяналт, шалгалтын механизмыг боловсронгуй
болговол манай улсын гадаад валютын урсгалыг удирдах тогтолцоо, цар хүрээ
нэмэгдэх болно. Мөн экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн томоохон хөтөлбөр, үйл
ажиллагааг дэмжих, импортын эрэлтийг нэмэгдүүлэх, Засгийн газрын зардал, үйл
ажиллагааг хязгаарлах, уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг
хэрэгжүүүлэх зэрэг чухал ажлуудыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлага тавигдсаар
байна.
Хоёр. Эдийн засгийн идэвхжлээс
хамаарч
валютын эрэлт
өснө
Монгол
Улсын импортын хэмжээ бизнесийн худалдан авалтыг дагаж өсдөг. 2018 оны 10-р сарын мэдээгээр импорт өмнөх оноосоо 1,4 тэрбум ам.доллараар өсчээ. Үүнд эрдэс
бүтээгдхүүний импорт 265.1 сая
ам.доллар, үүнээс дизелийн түлш 112.1 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан
хэрэгсэл тэдгээрийн сэлбэг, эд анги 352.3
сая ам.доллар, тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 255 сая ам.доллараар нэмэгдсэн
нь нөлөөлжээ. Улсын төсвийн төлөвлөлтийг сайжруулж, төсвийн алдагдлыг бууруулах
зайлшгүй шаардлага эндээс харагдаж байна.
2017 онд улсын төсөв 2,7 их наяд, 2018 онд 2,4 их наяд, 2019 онд 1,9 их
наяд буюу 3 жилийн хугацаанд 7 их наяд төгрөгний алдагдалтай батласан нь төсвийн зардлын хэт өсгөж улмаар импорт нэмэгдүүлэх
суурь шалтгаан болжээ.
Гурав.
Улс төрчдийн урагшгүй мэдэгдлүүд валютын эрэлтийг нэмэгдүүлдэг.
Зах
зээл дээр долларын ханш ѳснѳ гэсэн хүлээлт ѳндѳр байгаа. Хүмүүс итгэл,
эдийн засгийг тэр чиглэлд чирэх нь
бий. Хэрэв
цаашид ханш өснө гэсэн хүлээлт ихэсвэл бүгд доллар
худалдан авч эхэлсэнээр
ханшийг хиймлээр өсгөх нь бий. Тухайлбал, Сангийн сайдын “Бид маш их
хэмжээний гадаад өр төллөө”, Монголбанкны Ерөнхийлөгчийн “Гадаад валютын нөөц
шаардлагатай хэмжээнд хүрээгүй байна”, “бид цаашид гадаад валютын нөөцийг
нэмэгдүүлнэ” зэргээр өөрсдийн үйл ажиллагаагаа магтаж, бодлогогүй хийсэн
мэдэгдлүүд валютын зах зээлд “ноён доллар эрэлттэй байна” гэсэн дохио өгч байна.
Энэ нь гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг тооцох бололцоогүй иргэд, ААН
ам.долларыг их хэмжээгээр худалдан авч хадгалах шийдвэрт хүргэснээр валютын
эрэлтийг нэмэгдүүлдэг.
Ийнхүү зөвхөн гадаад нөхцөл байдал биш эрх баригчдын үйл
ажиллагаа ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Ийм тооцоо судалгаагүй үйл
ажиллагаа алсдаа санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг
байдлыг улам нэмэгдүүлдэг. Манай
орны хувьд уул уурхайгаас ѳѳр валют олох салбар цѳѳн, дийлэнх
хэрэглээгээ гаднаас авдаг “импортын” эдийн засагтай. Нөгөө талаас зэс, нүүрс
г.м. түүхий эдийн үнэ унах тоолонд валютын ханшийн ѳсѳлт санаа зовоосон асуудал
болсоор иржээ. Энэ
байдлыг өөрчлөхийн тулд мэдээж эдийн
засгийн бүтцээ солонгоруулах, валют олох
чадвартай компаниуд болон импортыг
орлох чадвартай үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих,
бизнесийн
үйл ажиллагаа хэвийн явагдах
татвар, хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх,
гадны хѳрѳнгѳ оруулалтыг татах таатай
орчин
бүрдүүлэх зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байна.
Одоогоор хүн бүр сайхан ярьж байгааг ч зориглоод ажил хэрэг болгосон нь алга.