Friday, October 26, 2018

үнэ тогтворжуулах бодлого




ТӨР АЖИЛЛАЖ БАЙЖ...


Image result for үнэ тогтворжуулах хөтөлбөр



Шинэчлэлийн Засгийн газраас энэ жил хэрэгжүүлсэн онцлох бодлогын нэг бол үнийн өсөлтийг хязгаарлах зорилготой Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн талаар тайлбар хийе.  Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны аравдугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд дөрвөн дэд хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран баталж, хэрэгжүүлэхээр болсон.
Үүнд, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр, “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, дэд хөтөлбөр, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр багтаж байв.
2012 оны нэгдүгээр сараас эхлэн шатахууны үнэ нэмэгдэж, бензиний хомсдолд орж эхэлсэн. Энэ байдлыг ашиглан шатахуун импортлогч компаниуд дуртай үедээ үндэслэлгүйгээр үнээ нэмж, ямар ч хараа хяналтгүй байв. Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээ, үйлчилгээний үнийг хөөрөгдөж иргэд бухимдаж байв.
Харин шинээр эмхлэгдсэн Шинэчлэлийн Засгийн газар хамгийн эхлээд энэ асуудлыг барьж авсан юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, УУЯ хамтран Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах дэд хөтөлбөрийг гурван жилийн хугацаатайгаа хэрэгжүүлэхээр болж, 167 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг баталжээ. Ийнхүү импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгож ханшийн өөрчлөлтөөс хамаарах нөлөөллийг бууруулахаар ажиллаж эхэлсэн билээ.
Мөн Уул уурхайн яамны зүгээс шатахууны хувьд ганцхан Роснефтээс хамааралтай байдлыг өөрчлөх арга хэмжээг авч, Хятад, Солонгос зэрэг олон нийлүүлэгчтэй болох асуудлыг шийдвэрлэв. Шатахууны худалдаанд монгол бензин орж ирсэн талаар яригдаж байв. Эдгээр арга хэмжээний үр дүнд шатахууны үнийг тогтмол барьж чадлаа.
Тухайн жилүүдэд хамгийн тогтвортой үнэтэй бүтээгдэхүүнээр гурил тодорсон байдаг. Үүнийг үйлдвэрлэгчид ам нэгтэй баталж, худалдан авагчид ч сайшаалтай хандаж байв. “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл өгч, гурилын үнийг тогтмол барихын тулд тариаланчдад урамшуулал олгон буудайг нь хямд үнээр худалдаж авсан. Ингэснээр гурилын үнийг тогтмол болголоо.
2011-2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 онд ердөө 3.4 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурсан. Ийм хүндрэлтэй эдийн засгийн нөхцөлд Монголбанк, Засгийн газар хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах, дунд хугацаанд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах явдал байсан.
Хөтөлбөрийн үр дүнд хөтөлбөрт хамрагдсан бараа бүтээгдэхүүний үнэ хөтөлбөргүй жилүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой болсон төдийгүй 2015 оны 2 сард инфляци нэг оронтой тоонд бууж ирсэн нь энэ хөтөлбөртэй салшгүй холбоотой билээ.
Хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 23.7%-ийг эзэлдэг байснаа 2013 онд 1.3 дахин, 2014 онд 17.8 хувиар буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсан юм. Мах, шатахуун, цементний үнийн өсөлт эрс буурч энэхүү бүлгийн жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2012 онд дунджаар 5.8 нэгж хувь байсан бол 2013 онд 1.8, 2014 онд 0.2 хувь болж буурав. Махны үнийн жилийн өсөлт 2012 онд дунджаар 60.6 хувь, 2013 онд дунджаар 5.6 хувь байсан бол 2014 онд дунджаар 1.0 хувь болов.
Ийнхүү ТӨРӨӨС эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй “зах зээлийн жамаар явах тухай” номлол ярьж гараа хумхисан бол санхүү, эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэж, эдийн засаг бүхэлдээ уналтад орох эрсдэлтэй байсан юм. Харин хөтөлбөр хэрэгжсэний ачаар 179,000 ажлын байрыг хамгаалж, хямралын үед эдийн засгийн өсөлтийг хадгалж эдийн засгийг зөөлөн газардуулж чадсан билээ.