Saturday, October 20, 2018

Монгол улсын мөнгөний бодлого






МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Р.Даваадорж Эдийн засгийн ухааны доктор/PhD/

Улс орны эдийн засгийг төсвийн/fiscal policy/ болон мөнгөний /monetary policy/ гэх хоорондоо салшгүй холбоотой бодлогоор удирддаг. Гэтэл Төв банкны үйл ажиллагаа болох мөнгөний бодлогыг үл ойшоох ойлголт нийгэмд төдийгүй бодлого хэрэгжүүлэгчдийн дунд түгээмэл байдаг. Тиймээс Төв банк, мөнгөний бодлого улс эдийн засагт ямар чухал болохыг өгүүлэхийг хичээв...

Төв банкны үүрэг:
Төв банк зах зээл дээр эргэлдэж буй мөнгөний хэмжээгээр дамжуулан эдийн засаг, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл гэх мэтийн макро эдийн засгийн орчинд нөлөөлөх бодлого хэрэгжүүлдэг. Үүнийг улс орны эдийн засгийг удирдах мөнгөний бодлого гэнэ. Гол зорилго нь үнэ буюу инфляцийг тогтвортой байхад чиглэгдэнэ. Мөн санхүүгийн зах зээл, банкны тогтолцоог тогтвортой байлгах зорилтоо мөнгөний нийлүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлдэг. Төв банкны үнэт цаасны/ТБҮЦ/ арилжаа нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга юм.Эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг өсгөж, бодлогын хүүг бууруулна. Харин эдийн засгийн сэргэлтийн үед үнийн өсөлтөөс сэргийлж бодлогын хүүг өсгөдөг. Монголын ТБҮЦ 1 долоо хоногтой, 4 долоо хоногтой байдаг. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ хүүг бодлогын хүү гэнэ.
Хямрал ба мөнгөний бодлогын үүрэг, роль
Өнөө үед нэг улсад тохиолдсон эдийн засгийн хямрал дэлхий нийтийг хамарч хүрээгээ тэлэх өндөр эрсдэлтэй болжээ. 2007-2009 онуудад АНУ орон сууцны ипотекийн компаниудад тулгарсан санхүүгийн хүндрэл даамжирч дэлхий нийтийг хамарсан системийн хямрал болж хувирсан нь үүний нотолгоо билээ. Хямралыг даван туулах маш олон санал, арга бий. Төр татвараа, зардлаа бууруулснаар бизнес эрхлэгчдийн дарамт багасч бүтээмж нь нэмэгдэж эдийн засаг идэвхжинэ гэж зарим эдийн засагчид үздэг. Энэ нь хямралаас урьдчилан сэргийлэхэд дэмтэй ч, хямралын үед тохирох арга биш юм. Харин Засгийн газрын зардлыг нэмж, төсвийн орлого болон татвараа багасгахгүйгээр хөрөнгө оруулалт, хэрэглээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга түгээмэл дэлгэрч байна. Өөрөөр хэлбэл, төсөв мөнгөний бодлогыг эдийн засгийн уналтын эсрэг зэрэг ашиглах явдал юм. Төв банк бодлогын хүү, банкны заавал байлгах нөөц, нээлттэй валютын арилжаа зэрэг хэрэгслээрээ дамжуулан санхүүгийн эргэлтэнд байгаа мөнгөний хэмжээг нэмэгдүүлдэг. Урамшууллын ийм аргыг анх АНУ-ын Еренхийлегч асан Франклин Рузвельт ашиглаж, “Их хямрал”-ыг амжилттай  туулсан түүх бий.
Гэтэл 2007-2009 онуудад АНУ ипотекийн зээлээс эхлэлтэй санхүүгийн хямрал эхлэхэд Төв банкны дээр дурдсан арга хэрэгслүүд үр дүнгээ өгөхгүй байгаа нь тодорхой болсон. Төв банкны бодлогын хүүгээ бараг тэг болгоод ч мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнгүй. Иймээс Холбооны нөөцийн систем нь төсвийн шинжтэй гэж хэлж болох арга хэмжээ буюу "Бернанкийн түрэмгий, бүтээлч бодлого” (Америкийн Холбооны нөөцийн сангийн/төв банк/ тэргүүн Бернанке) гэгчийг хэрэгжүүлж эхэлснийг “уламжлалт бус арга” гэж зарим судлаачид нэрлэх болсон.
2008 оны есдүгээр сараас эхлэн хөрөнгө оруулалтын банк Lehman Brothers, болон Fannie Mae, Freddie Mac болон AIG зэрэг орон сууцны ипотекийн компаниудын хэвийн үйл ажиллагаа тасалдаж эхэлжээ. АНУ-ын сангийн яам болон Холбооны нөөцийн сан  хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсэн нь дээр дурдсан компаниудыг дампууруулахгүйн тулд хэдэн зуун тэрбум доллараар санхүүжүүлжээ. Төв банк болон Засгийн газрын хамтарсан ажлын уялдаа эндээс тодорхой харагдана. 2007 оны 12-р сараас 2010 оны 6-р сарын хооронд Америкийн Холбооны Нөөцийн Сан томоохон арилжааны банкууд, корпорациудад олон тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгосны хүчинд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралыг хазаарлаж чаджээ. Холбооны нөөцийн систем зөвхөн банк, санхүүгийн байгууллага, төдийгүй зарим тодорхой бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлсэн байдаг. Энэ бодлогыг зарим улс төрчид хүчтэй эсэргүүцсэн. Тэд “уламжлалт бус арга” хямралыг гүнзгийрүүлж, өрийн хэмжээг нэмэгдүүлсэн гэж шүүмжилдэг боловч, өнөөдөртөө “санхүүгийн хямрал”-ыг даван туулах зохистой зохицуулалт үүнээс өөр олдоогүй байна.
2012-16 оны хямралын жилүүдэд энэ аргыг Монголд хэрэглэсэн
Монголын экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн эрдэс бүтээгдхүүн бүрдүүлээд зогсохгүй ДНБ-ий тал хувийг бий болгодог. Тэр дундаа нийт -экспортын /гаднын хатуу валют олдог/ 80 хувийг зэс, нүүрс, эзэлдэг. Тиймээс манай улсын эдийн засгийн өсөлт, бууралтад зэс болон нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ ханш их чухал. 2011 онд Хятадын эдийн засгийн өсөлт эрчимжиж, гаднаас авдаг нүүрсний дийлэнхийг нь хангадаг Австралид үер бууж, уурхайнууд нь хаагдсан тул Монголын нүүрсний үнэ ханш огцом нэмэгдэж улмаар манай эдийн засаг 17,3 хувь хүртлээ огцом өслөө.
2012 оноос дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, эдийн засгийн өсөлт саарч эхэлжээ. Зэсийн жилийн дундаж үнэ 2011 онд бараг 9000 хүрч байснаа 2014 онд 7000 ам.доллар хүрэхгүй болжээ. Нүүрсний хувьд 100 давж байсан ханш 3-4 дахин унаж 2011 онд 2 тэрбум 273 сая ам.долларт хүрч байсан борлуулалт 2015 онд ердөө 556 сая ам.доллар болж буурлаа. Ийнхүү экспортын орлогын хомсдол үүсэхэд Монгол улсын эдийн засаг огцом агшиж, ДНБ-ний өсөлт огцом унах, ажилгүйдэл эрс нэмэгдэж 180 мянган ажлын байр алдах зэргээр санхүүгийн тогтворгүй байдалд бодит аюул нүүрлэв.
Ийм хүнд нөхцөлд өрхийн орлогод нөлөөлөх ачааллыг багасгах, ажлын байрыг хамгаалж үлдээх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх зорилготой “Гол нэрийн барааны үнэ тогтворжуулах”, “8 хувийн ипотек” зэрэг хөтөлбөрүүдийг Монгол банк, Засгийн газартай хамтарч цаг алдалгүй  хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрсэн юм. Хэдийгээр хямралын асар хүнд үеийг даван туулах гол бодлогыг хэрэгжүүлсэн эдийн засагчдыг буруутган, үндэслэлгүйгээр хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, залхаан цээрлүүлж байгаа боловч тодорхой хугацааны дараа авч хэрэгжүүлсэн бодлогын үнэ цэнийг нийтээрээ ухаарч ойлгох болно гэдэгт би итгэлтэй байна.
2017 оны 11-р сарын 20.