Sunday, August 12, 2018

ГАДНЫ СУДЛААЧИЙН НҮДЭЭР

Иван Михайлович Майский 1884 онд Новгородын Кирилловт төржээ. Зөвлөлтийн дипломатч, түүхч, улс төрч хүн. Тэрээр 1919 оны 5 сарын эцсээр Өргөө(одоогийн Улаанбаатар) хотод ирж, дараагийн 16 сарын турш монгол нутгаар хөндлөн гулд туулж явахдаа “монгол орон хувьсгалын босгон дээр” хэмээх номынхоо үндсэн санааг олсон. 1919-1920 онд Хиагт-Өргөө-Эрдэнэзуу зэрэг томоохон суурин газруудад ажиллаж манай нутгаар 3000 орчим км зам туулан тухайн үеийн нийгэм эдийн засаг, байгаль цаг уур, мал аж ахуйн талаар бичсэн бүтээлүүдийг нэгтгэн, анх удаа Монголын хүн ам малын тоог шинжлэх ухааны статистик аргаар боловсруулж байжээ.
Түүний номоос 100 жилийн тэртээх монголчуудын амьдралыг тольдож болох билээ. Ингээд тэрхүү номын зарим нэгэн сонирхолтой хэсгээс толилуулж байна.
МОНГОЛЧУУДЫН БИЕ МАХБОДЬ, ОЮУН САНААНЫ ТӨРХ БАЙДАЛ
Гадаад байдал. Халх угсаатан монголчууд гол төлөв дунд зэргийн нуруутай, бахим чийрэг цогцостой. Товгор шанаа, навтгар хамар, өргөн палигар нүүртэй, арьсны өнгө боровтор, жаахан хазгай суулгачихсан нарийн завсар мэт онигор, гялалзсан хар нүдтэй, шүд нь тана мэт дун цагаан өнгөтэй, нүүр царай нь бараг үсгүй (дээд уруул, эрүү шанаандаа сахалтай эрчүүд ховор), толгойн үс нь нэн өтгөн хэрээний далавч мэт тас хар...
Ариун цэвэр, эрүүл ахуй... Монголчууд саван хэрэглэхийг огт мэдэхгүй, гар нүүрээ хүйтэн усаар буохаж угаасан болох авч биеэ үл угаана. Өмссөн дээл хувцсаа ч угааж цэвэрлэхгүй бөгөөд элэгдэж ноортол халаа сэлгээгүй өмсөнө. Аз болоход тэдний дээл хувцсаа оёдог хятад бөс даавуу олигтой бөх биш, жилээс илүү тэсэхгүй учир жилд дор хаяад ганц удаа өмд, цамцаа ямар ч байсан солино. ..
Зан чанарын зарим онцлог. Байгалийн хатуу ширүүн нөхцөл, үйлдвэолэх хүчний доогуур түвшин, харийн дарлалд 200 жил дарлагдсан сөрөг нөлөө, шарын шашны сүм хийдийн таагүй үр дагавар нь нийгэм, соёлын хамгийн хоцрогдмол хэлбэр маяг хэвших үндсийг тавьжээ. Түүхэн хөгжлийн ийм онцлог нь монголчуудад тодорхой хэмжээний ИДЭВХГҮЙ, ХЭНЭГГҮЙ зан чанарыг бий болгожээ. Монголчууд малчин ард түмэн, мал сүрэг тэдний оршин амьдрахуйн цорын ганц үндэс суурь... Тэд мянга мянган жилийн түүхийн турш мал сүрэг маллаж аьдарч байсан хэдий ч мал аж ахуйгаа хөтлөх арга барил дэндүү бүдүүн тойм юм санж. Мал сүрэг нь жилийн дөрвөн улирлын турш, өвөл зунгүй идээшилж ердөө бэлчээрийн өвс ургамлаар өл залган. Монголчууд өвс хадахыг мэдэхгүй, малынха тэжээлд арвай овьёос огт хэрэглэдэггүй, малдаа дулаан хашаа, саравч барьдаггүй, мал сүрэг нь үнэхээр “бурхан тэнгэрийн ивээл дор” байдаг. Мал аж ахуйг ийм бүдүүн бараг, хөдөлмөр зүтгэлгүй эрхлэн хөтөлж ирсний харгайгаар жил болгон хэдэн сая адуу, үхэр, хонь хөлдөж осгож өвлийн цасан шуурга, хаврын хавирга нэвт салхийнд үрэгдэж байна. Малын өвчин эмгэгийг анагаах талаар монголчуудын мэдлэг чадвар даанч өчүүхэн, ямарваа халдварт өвчин тахал гарвал яаж ч чадахгүй.
Монголд эмэгтэйчүүд хүүхдүүд маш их ажиллана. Түлэх аргал, хорголоо түүх, гал түлж хоол цайгаа бэлтгэх, үхэр хонио саах, хувцас хунараа нөхөж сэлбэх зэрэг бүгд эмэгтэй хүний үүрэгт тооцогдоно. Охид, хөвгүүд хонь хургаа хариулна. Тиймээс эмэгтэйчүүд, хүүхдүүд ОНЦГОЙ ЭРЧ ХҮЧТЭЙ. Харин насанд хүрсэн эрчүүд нь гэр ахуйдаа туслах талаар өчүүхэн ч зүтгэл үл гаргана. Бидний харснаар, үхэр юм уу, тэмээн хөсөг хөтлөн жин тээхээс өөр юу ч хийхгүй, бүхий л өдөр цагийг алхайж алцайн өнгөрүүлнэ. Гэртээ зүгээр хэвтэж, ёроолгүй мэт цай гүзээлж, тараг ууж, өрөм иднэ. Гэртээ уйдаж залхахаараа гадагш мордоно. Монгол эр ганц алхам явган алхахгүй, зуны цагт гадаа нь эмээлтэй морь ямагт бэлэн байх ба тэрээр ойр хавийн айл хэсэж цай ууж, өрөм ааруул идэн аахар шаахар зүйл ярьж ярьж цаг нөхцөөнө. Ингээд үдэш болохын хэрд гэртээ ирнэ. ..
“Цаг хугацаа-мөнгө” гэдэг үг монголчуудын хувьд эсрэг утгатай. Хэрэв баасан гаригт зам гарах тохиролцоо хийвэл ням юм уу даваа гаригт ирнэ гэдэгт итгэж болно. Өдөр судраа баримтлахгүй оройтлоо гэж зэмлэвэл, тэрээр юу ч болоогүй мэт,
- Тэр өдөр явахгүй гэж бодлоо гэнэ,
- Товлочихоод яагаад явахгүй билээ гэвэл,
- Өглөө үүл гараад, тэнгэр муудах байх гэж бодлоо... Юундаа яарах вэ. Өдөр мундсан биш...гэнэ. Гэхдээ энэ нь худал шалтаг тооцож байгаа явдал биш, чин үнэнээсээ хэлж буй нь мэдрэгдэнэ..