Wednesday, February 7, 2018

GTIME гэх санхүүгийн пирамид хичнээн хүн хохироох вэ

2017.02.07 Р.Даваадорж (эдийн засгийн боловсролын ухааны доктор)

Санхүүгийн пирамидын (мөн хөрөнгө оруулалтын пирамид ч гэдэг) орлого олох гол арга нь тухайн бүтцийг бүрдүүлж байгаа оролцогчдоос мөнгөн хөрөнгө зогсолтгүй татах явдал байдаг. Ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэл явуулдаггүй боловч асар өндөр хүү амлаж иргэдийг төөрөгдүүлдэг. Оролцогч этгээд дараа дараагийн гишүүдийн нийлүүлэх мөнгөн хөрөнгөөс тодорхой хувь хүртэх тул аль болох олон хүнийг татан оруулахыг эрмэлзэнэ.
Тодорхой хугацааны дараа уг системийг бүрдүүлж болох гишүүдийн тоо дээд хэмжээндээ хүрэхтэй зэрэгцээд хөрөнгө нийлүүлэлт зогсож зохион байгуулагч компаний үйл ажиллагаа нь доголдож ирнэ. Энэ үеэр анх санаачлагч этгээд цуглуулж амжсан орлогоо ямар нэгэн аргаар нуун дарагдуулах эсвэл зугтан зайлахаас өөр арга замгүй болно. Харин дийлэнх оролцогч нь хохирдог санхүүгийн залилангийн энэ системыг дэлхийн олон улсад хориглодог. Харин хууль эрхзүйн орчин нь тодорхой бус бөгөөд хууль хяналтынхан нь авилгалд идэгдсэн Монгол мэтийн цөөн улс оронд санхүүгийн пирамидын үйл ажиллагаа идэвхижиж иргэд нь олноороо хохирч байдаг.
Ингээд санхүүгийн залилангийн талаар зарим нэгэн түүх өгүүлье.
Санхүүгийн залилангийн анхдагч гэгдэх шотланд эр Жон Ло гурван зууны өмнө Франц улсыг дампууруулж байсан түүхтэй. Гэвч орчин цагийн санхүүгийн пирамидыг үндэслэгч нь Итали эр Понци билээ. Залилангийн хэргээр хэд хэдэн удаа шүүгдэж байсан тэрээр 1919 онд Америкт цагаачлан иржээ. Ингээд нутаг нэгтээсээ арай гэж 200 доллар зээлж дөнгөв. Тэрээр цор ганц ажилтантай(өөрөө) компаниа бүртгүүлмэгц жижигхэн өрөө түрээсэлж, нэг ширээ, хоёр сандал худалдан авснаар мөнгөө дуусгажээ. Гэвч компанийх нь үйл ажиллагаа удалгүй жигдэрчээ. 45 хоногийн хугацаанд 150 хувийн хүү амалж тухайн үедээ хүмүүсийн анхаарлыг татав. Тэрээр дэлхий нийтийг хамарсан худалдаа наймаа эрхлэгч хэмээн захиалгаар нийтлэл бичүүлэхээ ч мартсангүй. Ийнхүү зальт эрийн мэхэнд Бостон хотын иргэд итгэж мөнгөө өгч эхлэв. Жил орчим үргэлжилсэн санхүүгийн залилангийн үйл ажиллагаа бүрэн зогсоход нийт 2 сая гаруй доллараа алдсан хохирогчид Чарльз Понциг шүүхэд өгчээ. Түүнд 5 жилийн хорих ял оноосон боловч олон иргэн хохирч үлдсэн билээ.
"Шоргоолжны ферм"
Хятадын Ван Фэн гэгч хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ер бусын пирамидыг бүтээгч байсан юм. Тэрээр 1999 онд Yilishen Tianxi Group of China хэмээх компаниа байгуулж, хөрөнгө оруулагчдад ер бусын жигтэй санал тавьсан байна. Энэ нь түүний компанид 1500 долларын хөрөнгө оруулсан иргэн нэг хайрцаг шоргоолж авна. Ингээд Фэний бодож олсон тусгай заавраар худалдаж авсан шоргоолжийг тэжээвэл эмчилгээний онц чухал бүтээгдхүүн гаргаж авдаг хэмээн хүмүүст итгүүлж чаджээ. Дээр нь хөтөлбөрт оруулсан мөнгөн хөрөнгөө жилийн 34 хувь өсгөж авах боломжтой. Мөнгөө өндөр хүүтэй өсгөнгөө, өвдөж зовсон хүмүүс эмчлэх чухал эмийн түүхий эд бэлтгэх сонирхолтой хүний тоо замбараагаа алдав. Гайхамшигтай буянт ажлыг магтсан нийтлэл, нэвтрүүлэг ар араасаа цуварч, мань эрийг " Хятадын ТОП 100 бизнесмений" нэгээр тодруулах аян ч өрнөв. Харамсалтай нь Фэн шагналаа авч амжсангүй. 2 жилийн хугацаанд 2 тэрбум хол давсан долларын эргэлттэй компаний үйл ажиллагаа доголдож эхэлжээ. Удалгүй компани нь дампуурч, шүүх Ван Фэнд цаазын ял оноов. Харин олон хүн 1500 доллараар хайрцаг шоргоолж худалдаж авч хохирсон билээ.
Санхүүгийн пирамид нь урт удаан хугацааны турш амласан өндөр хүүгээ өгөх боломжгүй. Ийм залилангийн схем ихэвчлэн арилжааны компани маягаар бүртгэгдэж өндөр үр ашигтай төсөл санхүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт татаж байна хэмээн тайлбарладаг. Өндөр ашиг амлах нь олныг хамруулах арга заль юм. Арваад жилийн тэртээ хадгаламж, зээлийн хоршоо нэртэй баталгаатай, баталгаагүй олон аж ахуйн нэгж өндөр хүү амлан шил шилээ даран гарч ирсэн ч дампуурч олныг хохироосон. Тэд холбоо байгуулан хохирлоо барагдуулахаар олон янзын арга хэмжээ авч байсан санагдана. Хохирогч гэх 8 мянган иргэдэд зориулж “Хохирлыг эргэн төлөх нөхцлөөр барагдуулах” хууль Улсын Их Хурал баталж байсан. Гэтэл иргэдийн татварын мөнгөөр хохирлыг барагдуулах нь буруу хэмээн нэг хэсэг нь шүүмжилж нийгэм маань хоёр талцаж байсан нь саяхан. Иргэдээ элдэв залилангаас хамгаалах үүрэгтэй Монголын төр, хууль хяналтын байгууллага дуугарах цаг болсон баймаар. Монголчууд бид дээрээ төртэй улс хэмээн бахархаж явдаг хүмүүс. НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАХ хэрэггүй. Энэ хооронд “Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа GTIME корпораци 2 сарын дотор 1 тэрбум гаран төгрөгийг улсын татварт төвлөрүүлсэн албан ёсны цорын ганц худалдааны компани. Өнөөдөр авто машин гардуулах үйл ажиллагаа явагдлаа. Найдвартай төсөлд хамтарч ажиллан 20 сая хүртэлх урамшуулал авах боломжтой, бидэнд хандаарай” гэсэн зар олон нийтийн сүлжээгээр цацагдсаар...
С