МАРТАМХАЙ ӨВЧТЭЙ МАН
У.Хүрэлсүхийн
Засгийн газар байгуулагдаад, 100 хоногтойгоо золгож байна. Өмнөх Засгийн газрыг унагахдаа 800 тэрбумын
концесс, 60
тэрбумын бичлэгтэй холбоотойгоор холбогдох хүмүүст нь улс төрийн хариуцлага
хүлээлгэж, хүүхдийн мөнгийг ялгавартай
олгож байгааг хурцаар шүүмжилж гарч ирсэн.
Засгийн
газрын ямар ажилласныг эдийн засгийн зарим
үзүүлэлтээр дүгнэвэл 2016
оны зургадугаар сард ам.долларын ханш 1961
төгрөг байсан бол өнөөдөр 2435 төгрөг болж нэмэгджээ. Инфляци 1,2 хувьтай байсан байсан
одоо 7,2 хувь боллоо. Ядуурал
гурав, ажилгүйдэл таван хувиар нэмэгдсэн байна. Энэ нь МАН-ын Засгийн газар ажлын байр нэмэх, макро эдийн засгаа дэмжих талаар ямар нэгэн бодлого хэрэгжүүлсэнгүй. Харин шатахууны зохиомол хомсдол
үүсгэж, татвар нэмсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ цагаан сарын өмнө нэмэгджээ.
Энэ бүхнийг иргэд “амьдрал хүндэрч байна” гэх ганц үгээр л тодорхойлж байна.
МАН
улс орныг удирдан чиглүүлэх бодлого, хэрэгжүүлэх бодитой хөтөлбөр,
төлөвлөгөөгүй улс төрийн мөхөс хүчин
гэдгээ өдрөөс өдөрт батлан харуулж байна. 2016 оны сонгуулиар сонгогч олныг
хууран мэхлэсэн увайгүй үйлдэлээ хайцаалахын тулд ОУВС араар нуугдахаас өөр сонголт тэдэнд
байгаагүй. Бүтэн нэг жил 7 сарын хугацаа өнгөрч байхад нийгэмд тулгамдсан ямар нэгэн асуудлыг шийдэж чадаагүйгээр үл барам,
ард түмний амьдралыг өөд татах, улс орноо хөгжүүлэх ширхэг ч шийдвэр
гаргасангүй. Гаргаж буй шийдвэр нь байгаа онохгүй эргэж буцсаар байгааг бид бүхэн харж байна. Сонгууль дөхөхөөр худал амладаг өвчин нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө
сэдэрч “бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгож, приус машины татвар тэглэсэн”. Гэвч
сонгуулийн маргаашнаас амлалтаа мартдаг “склероз” өвчин нь хурцдаж, олон нийтэд амласан амлалтаа тас мартсан.
Засгийн
газрын 100 хоног, 30 онцлох ажлын тоонд
ЧИНГИС бондын өрийг дарсан талаараа тэмдэглэжээ. Энд МАН-ы ужиг өвчин бас дахин
илэрлээ.
“Өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адил” гэсэн
дүгнэлтийг өнгөрсөн парламентын үед УИХ-дахь МАН-ын бүлгийнхэн гаргаж байв. Эдийн
засгийн хямрал нүүрлэсэн 2012-2016 оны үед Засгийн газрын өрийн таазыг 58 хувь
болгох зайлшгүй шаардлага тулгарсан үед улс орны эдийн засаг аюулд тулгарлаа
хэмээн бархиралдаж, ордон нураах дөхөж байсан хүмүүс төрөл арилжсан мэт
өөрчлөгджээ. Гэтэл
өөрсдөө өрийг өрөөр дарснаа баяр хөөр “онцлох ажил” хэмээн тэмдэглэсэн байх юм.
Монголын төр ийм “мартамхай” байж болохгүй.
Засгийн газрын нийт өр энэ жил 26 их наяд төгрөгөөс давж
2017 оны 3 улирлаас хойш гадаад өрийн статистик ч хөтлөхөө болив. Одоогоор өрийн
хэмжээ ДНБ-ий 100 хувь хол давжээ. Цаашид ч өр өсөх нь тодорхой байна. Бид өрийг өрөөр
санхүүжүүлж байгаа учраас өр нэмэгдсээр л байна. Улсын төсвийн орлогоос зээлийн
үндсэн төлбөр, хүүгийн төлбөр төлдөг. 2017 онд төсвөөс засгийн газрын
зээллэгийн хүү шимтгэл хураамжид 1,2 их наядыг төлсөн бол 2018 оны төсөвт ийм
хэмжээний төгрөг зарцуулахаар тусгаад байгаа. Энэ нь улсын төсвийн орлогын 15
орчим хувь. Үүнээс Монгол Улсын төсөв ямар эрсдэлтэй байдалд байгааг харж
болохоор байна. Хөгжиж буй орны хувьд Засгийн газрын гадаад өрийн асуудал
анхааралын төвд байдаг. Засгийн газрын өр ДНБ-ий 70 хувиас дээш байвал эдийн
засгийн хямралд өртөх магадлал өндөртэйд тооцогддог.
Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т
хамрагдаад байгаа. Энэ хүрээнд 5.5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдээд
буй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлахдаа уг хөтөлбөрийн
хүрээнд зарцуулахаар 500 сая ам.долларын зээл авахаар боллоо. Энэ мөнгийг
агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөсөн гэх боловч тодорхой зорилгогүй
өрөө нэмэгдүүлж байгааг зөвтгөх боломжгүй билээ.
Үүнээс гадна “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн
хүрээнд Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоор болж, эхний
ээлжид 250 саяын санхүүжилт хийгээд буй. Шинээр авсан өрүүд энэ мэтээр хөвөрнө.
Японоос ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд мөн 850 сая ам.долларын зээл авахаар яриа
хэлэлцээ хийгдээд явж байгаа. Мянганы Сорилтын корпорацтай хоёр дахь Компакт
гэрээ байгуулахаар тохиролцов. Ингэснээр 350 сая ам.долларын санхүүжилт
баталгаажсанаа “маш чухал ажил” хийсэн мэтээр тэмдэглэжээ. Ийнхүү МАН засаглаж
буй хоёр жилийн хугацаанд төсвийн сахилга бат туйлын хангалтгүй байгааг гурав орчим их наяд төгрөгийн өр тавьсан
цаашид энэ хэмжээ огцом өсөхөөр байгаагаас харж болохоор байна. Харин эрх
баригчдаас энэ их хэмжээний өр зээлээр ямар бүтээн байгуулалт, иргэдэд тустай
юу хийснийг тайлагнахыг шаардах цаг болжээ.
Зээлжих зэрэглэлийг эерэг болгосон гэх сайхан мэдээлэл
тавьсан боловч бодит байдал дээрээ олон улсын зэрэглэл тогтоогч Мoody’s
агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2016 оны 11-р сарын 18-ны өдөр “Caa1”
болгон бууруулсан бол 11-р сарын 23-ны өдөр Fitch агентлаг манай улсын зээлжих
зэрэглэлийг “B”-ээс “B-” болгон бууруулсан байдаг. Сонгуулийн дараахан сангийн
сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдэлээсээ
болж буурсан зэрэглэл буцаад өмнөх үеийнхээ түвшинд очсон нь хэн нэгэнд хүнд
гайхуулах дорвитой сайн үзүүлэлт яавч биш билээ.
Төрийн санах ой бүрэн устсаныг “Засгийн газрын 100 хоног,
30 онцлох ажил” бас дахин батлан харууллаа. Төрд сонгогдсон түшээдийг улс
төрийн аль нэгэн хүчин төлөөлөхөөс үл хамаарч, тэднийг төрийн хүн, Монгол
төрийн бодлого тодорхойлогч гэж хардаг. Тэдний үг, үйлдэл бүхэн төрийн нүүр
царай, түмний өмнө хүлээх хариуцлага байх учиртай. Гэвч энэ бүхэн алдагдаж,
өмнөхөө үгүйсгэж, өөрийгөө дөвийлгөж, урд нь хэлсэн ярьснаа тас мартан аашлах
болсон нь даанч харамсалтай.