Monday, December 11, 2017


Санхүүгийн зах зээлийн түүхэн дэх томоохон хөөсрөлүүд


2017 он цахим мөнгөн тэмдэгтийн жил байлаа гэхэд хилсдэхгүй. Энэ жил цахим мөнгөн тэмдэгтийн зах зээлийн хэмжээ оны эхэн үеэс 1400 хувь  гаруй өссөн бол, криптовалютын бэлгэ тэмдэг болоод буй биткойны ханш одоогийн байдлаар оны эхнээс  16 дахин өсөөд байна.

Энэ хөөсрөл үү? эсхүл цоо шинээр бий болж байгаа жам ёсны өсөлт үү? гэсэн асуултад дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид, судлаачид эхнээсээ хариулт өгч эхэлсэн байна.
Хөрөнгө оруулалтын загалмайлсан эцэг гэгддэг Варрен Баффет хэлэхдээ,”Энэ өсөлт  урьд өмнө гарч байсан томоохон хөөсрөлүүдийн шинж тэмдгүүдийг бүгдийг агуулж байна” гэсэн бол  ANZ банкны ахлах эдийн засагч Шарон Золлер “Түүхээс үзвэл, иймэрхүү төрлийн хөөсрөл нь огцом хагардаг. Энэ удаагийнх бусдаас ондоо гэсэн ямар ч шалтгааныг би олж харахгүй байна” гэжээ.
Тэгвэл санхүүгийн зах зээлийн түүхэнд урьд өмнө гарч байсан томоохон хөөсрөлүүдийг сонирхвол:
Алтан зулын галзуурал
17 дугаар зууны эхээр Голланд Улсад алтан зул цэцгийн булцуу богино хугацаанд огцом өсч байжээ. Энэ өсөлтөд дамын худалдаа, буюу шагийн наймаачид голлох үүргийг гүйцэтгэсэн бөгөөд мэдээллийн дутмаг байдал мөн нөлөөлсөн байна.
Тухайн үед Турк Улсаас дөнгөж шинээр орж ирсэн алтанзул цэцэг нь Голландчуудын хувьд цоо шинэ бөгөөд, тансаг хэрэглээ болж амжсан байна.
Ханшийн огцом өсөлтийн талаар нарийн мэдээлэл олдоогүй ч тухайн үед иргэд өөрсдийн амьдардаг байшин, барилгаа барьцаанд тавьж алтан зул цэцэг авч байсан баримт олдсон байна.
Энэ халуурал удаан үргэлжлээгүй бөгөөд “доминант нөлөөлөл”-ийн дагуу алтан зулын булцуу нэг л өдөр ямар ч үнэ цэнэгүй болсон байна. Энэ үзэгдэл олон хүмүүсийг хэнд ч хэрэггүй цэцгийн булцуугаас өөр ямар ч хөрөнгөгүй болгож орхижээ.
“Өмнөд тэнгис”-ийн хөөсрөл
18 дугаар зууны үед Их Британийн хөрөнгө оруулалттай “Өмнөд тэнгис” хувьцаат компани Өмнөд Америктай хийсэн худалдаан ачаар үлэмж хэмжээний орлого олсон тул, тус компанийн хувьцааны үнэ огцом хөөрөгдсөн байна.
Тухайн үед Өмнөд Америкийн ихэнх улсууд Испани Улсын эзэмшилд байсан ба Их Британийн Хаант Улс нь Испани Улстай дайны байдалтай байсан  тул тус компани зах зээлд монополи эрхтэй байжээ.
Улмаар жижиг хөрөнгө оруулагчид компанийн хувьцааг хошууран авснаар ханшийг 900 хувь болтол огцом хөөрөгдүүлсэн байна. Харамсалтай нь хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зарж эхлэхэд, ханш огцом унаснаар тус компанийг дампуурахад хүргэж байсан байна.
1929 оны “Уал Стрийт”-ийн уналт
1920-оод оны дунд үед “Уал Стрийт”-д халалт үүсч эхэлсэн. “Дав Жонес”-ийн индекс хэдхэн жилийн дотор 500 хувь хүртэл өсчээ. 
Тухайн үед дотоодын болон гаднын хөрөнгө оруулагчид АНУ-ын эдийн засагт ихээхэн анхаарал хандуулж, эерэг таамаглалтай байсан тул ийнхүү Америкийн хөрөнгийн зах зээлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна.
Харамсалтай нь, энэ хөөрөгдөл 1929 оны үеэс задарч эхэлсэн бөгөөд, хэд хэдэн томоохон уналт болсны хамгийн том нь 1929 оны 10 сард тохиосноор алдарт “Их хямралын үе” эхэлсэн байна.
Дотком-ийн өсөлт
Хөрөнгө оруулагчид 90-ээд оны сүүл үеэр их хэмжээний хөрөнгө оруулалтыг веб, интернетийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад хийж эхэлсэн. Тэд цахим ертөнц хүмүүсийн өдөр тутмын амьдралд цоо шинэ өөрчлөлтүүдийг бий болгохыг соргогоор мэдэрсэн байна.
Ингэснээр тухайн үед “Насдак”-ийн дундаж ханш 200% хүртэл өссөн боловч энэ хөөсрөл 2000 оны эхээр хагарч, тухайн жилдээ 80 хувь хүртэл буурчээ.
Учир нь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулсан багцад их хэмжээний үйл ажиллагааны доголдолтой, ашиггүй технологийн компаниуд багтсан байсан байна.
Эх сурвалж: CNN