Friday, October 27, 2017

Монгол Улс гадаадынханд хамгийн их “шулуулдаг”орнуудыг тэргүүлжээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүн 31 улс татвараас зайлсхийж байгаа үндэстэн дамнасан корпорациудтай тэмцэх гэрээнд гарын үсэг зураад удаагүй байгаа билээ. Үндэстэн дамнасан корпораци ашиг олсон улсдаа татвараа бүрэн төлдөг болгох зорилготой энэхүү гэрээ байгуулагдсанаар тус байгууллагын гишүүн улс орнуудад татварын хууль, эрхзүйн орчны шинэчлэл явагдах нь тодорхой болоод буй. Тэгвэл гэрээг зөвхөн ЭЗХАХБ-ын гишүүн орнуудаар хязгаарлахгүй байх асуудал сүүлийн үед хүчтэй яригдаж байна. Хөгжиж буй орнууд үүнд багагүй үүрэг гүйцэтгэж байна.

Үндэстэн дамнасан корпорациудаас татвар авч чадалгүй хохирдог гол фактор нь хөгжиж буй улс орнууд байдаг. Үндэстэн дамнасан корпорациуд ашиг шилжүүлэх, худалдааны бүтэц, зардлыг ихэсгэх замаар үйл ажиллагаа явуулж буй улсдаа бага татвар төлөх явдал байнга гардаг. Мөн хөгжиж буй эдийн засагтай улсад хөрөнгө оруулалт хийхдээ урьдчилан тохиролцох замаар татварын хөнгөлөлт эдлэх эрхээ баталгаажуулж авах явдал түгээмэл. Үндэстэн дамнасан корпорациуд, хөгжиж буй орнуудын Засгийн газрын хооронд сүүлийн гурван жилд байгуулагдсан 500 гэрээг хянаж үзэхэд Бангладеш, Монгол, Пакистан улс татвар цуглуулах боломжоо хамгийн их алддаг гэсэн дүн гарсан байна. Тухайлбал, Бангладеш гэхэд л жилд 85 сая ам.долларын татвараа авч чадахгүй хохирдог нь тодорхой болжээ. Харин хөгжиж буй улсуудыг хамгийн их хохироодог компаниудын дийлэнх нь Англи, Италийнх байсан байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпорациудаас хамгийн том нь мэдээж, Англо Австралийн "Рио Тинто" групп. Оюутолгой төслийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа тус групп хөрөнгө оруулалт хийхдээ байгуулсан гэрээг улстөрчид “Монгол Улсыг хохироосон”, “Хохироогоогүй” гэлцэн талцдаг. Маргаан нь яван явсаар Оюутолгойн гэрээ эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн сэдэв болж хувирсныг бүгд мэдэж байгаа. Тэгвэл ЭЗХАХБ-аас хийсэн судалгааны дүн энэ асуултын хариуг бага ч гэсэн өгчих шиг боллоо. Үндэстэн дамнасан корпорациудад хамгийн их шулуулдаг улсын магнайд Монгол Улс бичигдэж, Англо Австралийн Рио Тинтогийн нэг эх орон болсон Англи хөгжиж буй орнуудыг хохироодог компаниудтай улсуудыг өнгөлжээ.
Үндэстэн дамнасан корпорациуд үйл ажиллагаа явуулж, ашиг олсон орныхоо тавараас зайлсхийхийн тулд ашиг шилжүүлэх, үйл ажиллагааны зардал өсгөх, хөрөнгө оруулалт өсгөх гэсэн хоёр, гурван сонгодог арга байдаг байна. Дэлхий даяар компаниудын хооронд хийгдэж байгаа борлуулалтын 80 хувь нь харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгддэг. Ингэснээр тэдгээрийн хооронд хэрэглэж байгаа борлуулалтын үнэ зах зээлийн үнэ бодит үнэ биш байх магадлал өндөрсдөг аж. Зах зээлийн бус үнэ хоорондоо хэрэглэнэ гэдэг нь ашиг шилжүүлэх ажиллагааг өөрсдийн хүсэл зоригт нийцүүлж гүйцэтгэх боломжтой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл төлөх татварын хэмжээгээ удирдах боломжтой.
Үндэстэн дамнасан корпорациуд хөрөнгийн хэмжээгээ тухайн орондоо эсхүл группын аль нэг компани дээрээ их эсхүл бага болгодог. Эдгээр үйлдлүүд нь хууль зүйн хувьд бүгд хуулийн хүрээнд байдаг. Одоогийн тогтолцоогоор бол хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй. Жишээ авья. Хоёр этгээд (Тухайлбал “Рио Тинто”, Монгол Улсын Засгийн газар) хамтарч бизнес байгуулья. Эхний хөрөнгө оруулалтаа хоёул эзэмших хувийнхаа хэмжээгээр оруулна Хэрэв нэг нь нөгөө хөрөнгө оруулагчийн худалдан авалт буюу хөрөнгө бий болгож байгаад хяналт тавьж чадахгүй бол бий болгосон хөрөнгөө зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнэлээд талыг нь чи гаргачих гээд төлүүлэхэд үнэн хэрэгтээ бүх хөрөнгийг нь нэг хөрөнгө оруулагч нь дангаараа гаргаад нөгөөх нь ямар ч хөрөнгө гаргаагүй хирнээ 50 хувийг нь эзэмших боломжтой болдог байна.
Тэгвэл шинэ гэрээ хэрэгжсэнээр ийм байдлаар хохирох явдал үгүй болж, үндэстэн дамнасан корпорациуд үйл ажиллагаа явуулсан улсдаа орлогоо үнэн зөв мэдүүлж татвар төлдөг болно. Хэрвээ Шанхайн уулзалтаас гэрээг нээлттэй болгох шийдвэр гарч гэмээ нь улс бүр татварын орчиндоо хууль, эрхзүйн шинэчлэлт хийх шаардлагатай болно. Үндсэндээ дэлхий нийтийн татварын тогтолцоо өөрчлөгдөх юм.

С.Төгөлдөр