Thursday, September 21, 2017

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тоо баримт







2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тоо баримт

Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн гээд л бүх л сонгуулиудын ирцээс харахад монголчуудын улс төрийн идэвхи оролцоо, санал өгөлт жил ирэх тутам буурсаар байгаа.

Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нийт санал өгөх ёстой нэг сая 900 гаруй сонгогчоос 63.89 хувь буюу 1,223,737 нь оролцсон. Энэ жилийн сонгуулийн хугацаа богино байсны зэрэгцээ сонгуулийн үеийн хэвлэл мэдээлэл, айл өрхөөр тараах ухуулгын материал зэрэг бүхий л сурталчилгаа ихэд хязгаарлалттай явагдсан нь хүмүүсийн сонгуулийн идэвхид нөлөөлсөн боловч нийт 1,911,047 сонгогч бүртгэгдсэнээс  1,420,805 иргэн саналаа өгсөн нь нийт сонгогчдын 74.35% болж өсчээ.
1993 оны анхны сонгуульд П.Очирбат 57.78 хувийн,  1997 болон 2001 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди 60.81 ба 58.13 хувийн, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр 53.44 хувийн саналаар ялалт байгуулсан. Харин 2009 ба 2013 онуудад  нийт сонгогчдын 51.24  болон 50.23 хувь нь АН-ын Элбэгдоржийг дэмжсэн билээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхын санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна” гэж заасан байдаг учраас энэ жилийн сонгууль дахин санал хураалтаар ялагчаа тодруулсан билээ.
Өнгөрсөн сонгуулиудын түүхээс харахад нийслэл Улаанбаатар болон Эрдэнэт, Дарханы сонгогчид АН-аас нэр дэвшигчдийн гол дэмжлэг болж ирсэн байдаг. Тухайлбал, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд аймгуудын нэгдсэн дүнгээр 50.25 хувийн санал авсан Н.Энхбаяр хөдөөд ялалт байгуулсан бол Ц.Элбэгдорж нийслэлийн сонгогчдын 55.59 хувийн саналыг авсны хүчинд нийт дүнгээр тэргүүлсэн юм.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлчүүдийн 54.31 хувь буюу 309975 нь Х.Баттулгад, 36.62 хувь буюу  209017 нь М.Энхболдод саналаа өгсөн байна.  Харин хөдөөд Х.Баттулгын төлөө 47.17 хувь, М.Энхболдод 45.33  хувь нь саналаа өгчээ.
Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга, М.Энхболдоос нийт 114 159 сонгогчийн санал илүү авсны 100 958 нь нийслэлийн сонгогчид юм.