Олон Улсын Валютын Сан
Р.Даваадорж- эдийн
засгийн ухааны боловсролын доктор
ОУВС
байгуулагдах эхлэл анх 1944 оны 7-р сард АНУ-ын Нью-Хэмпшир мужийн Бреттон
Вүүдс-т болж өнгөрсөн НҮБ-ын хуралдааны үеэр тавигдсан юм. Санаачлага гарах болсон шалтгаан
нь 1930-аад оны их хямралыг дагуулсан ханшийн уналтыг давтуулахгүй байх зорилгоор эдийн засгийн хамтын ажиллагааны
механизм шаардлагай гэж оролцогч
44 улс орон үзсэнтэй холбоотой юм.
ОУВС-гийн үндсэн гол үүрэг нь олон улсын
мөнгө, валютын систем буюу улс орнууд (болон тэдний иргэд) хоорондын эдийн
засгийн харилцаанд ашиглагдах ханш, олон улсын төлбөр тооцооны системийн
тогтвортой байдлыг хангахад оршдог.
ОУВС-гийн хамтарч ажиллах ямар
боломж байдаг вэ:
ОУВС-аас гишүүн орнууддаа
төлбөрийн тэнцлийг хангахыг чухалчлан зөвлөдөг.
Үүний тулд хөнгөлөлттэй болон хөнгөлөлтгүй зээл олгох, эрсдлээс хамгаалан
зөвлөмж өгөх гэсэн үндсэн үйл ажиллагаа явуулдаг.
1. Stand-By : Төлбөрийн тэнцэл нь маш их алдагдалтай,
гишүүн орнуудад туслах зорилгоор, 12-18 сарын хооронд, 3 сард нэг удаа хуваан
олгодог зээлийн тусламж юм. Тухайн зээлийн ноогдлыг өгөхдөө өнгөрсөн хугацаан
дахь зээлийн гэрээний биелэлтийг хардаг. Эргэн төлөгдөх хугацаа 3-5 жил.
2. Өргөжүүлсэн санхүүгийн дэмжлэг (extended fund facility): Макро эдийн засгийн
болон төлбөрийн тэнцэлийн хүндрэлд орсон гишүүн орнуудын энэ байдлаас гарах
зорилгоор боловсруулсан эдийн засгийн программыг дэмжин олгодог 3 жилийн зээл
юм. Дэлхийн
санхүү, эдийн засгийн хямралын үед хамгийн түгээмэл ашиглагдах энэ зээлийн
хэмжээ болон үргэлжлэх хугацааны хувьд өмнөхөөсөө арай илүү байдаг. Гэхдээ
зарим нөхцлийг шаарддаг. Шатлал нэмэгдэх тусам шаардлага нэмэгддэг. Хэрвээ
ОУВС-ын тавьсан тодорхой шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зээл, хөтөлбөрийг
зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Уг хөтөлбөр ОУВС-аас олгодог гурван төрлийн зээл
хөтөлбөрөөс хүнд нөхцөлтэйд тооцогдоно. Учир
нь зээлдэгч орон уг хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө ОУВС-тай харилцан тохиролцож
санамж бичиг байгуулан, тус санамж бичигт тусгасан шаардлагуудыг биелүүлэх
ёстой болдог. Хугацааны хувьд илүү удаан буюу 5-10 хүртэлх жил үргэлжилэх
боломжтой. Тус хөтөлбөрийн нэг сөрөг тал нь нийгмийн дундаж
давхаргыг доод давхарга руу шахах дарамт учруулдаг гэж үздэг. Учир нь цалин тэтгэвэр, эрүүл мэнд, нийгмийн
хамгаалал, боловсрол гээд бүхий л салбарын зардлыг хасч, зарим нэгж хэсгийг
шаардлагагүй хэмээн үндсээр нь үгүй болгох хүртэл арга хэмжээ авдаг. Иймээс улсын дотоод асуудалд хэт ордог гэх шүүмжлэл дагалддаг. Гэхдээ нөгөө талаар, тус хөтөлбөрт багтсанаар
хөрөнгө оруулагч орнуудаас зээл авах хаалга нээгдэх эерэг тал бас бий.
Бусад: ОУВС-д дээрхи стандарт
механизмаас гадна өөр боломжууд ч
байдаг. Зээлийн зорилго, нөхцөл, зээлийн өртгийн хувьд харилцан ялгаатай хэд хэдэн хөтөлбөр байдаг. Тухайлбал, (Compensatory
Financing Facility, CFF), нь түр зуурын гадны хүчин зүйлээс шалтгаалсан төлбөрийн
тэнцлийн алдагдалтай үед хэрэглэгддэг.
Мөн (supplemental reserve facility, SRF) 1997 оноос хэрэглэгдэх
болсон. Валютын ханш нь огцом унах, валютын нөөц нь огцом багасаж онцгой нөхцөл
байдал үүссэнээр дэлхийн валютын системын хямралд хүргэж болзошгүй онцгой
нөхцөл байдалд ашиглагддаг.
Яаралтай тусламж, (emergency
assistance) иргэний
үймээн самуун, цэрэг-улс төрийн зөрчил (1995 оноос хойш) урьдчилан таамаглах
боломжгүй байгалийн гамшиг (1962) болон хямралын улмаас төлбөрийн алдагдалыг
тэнцвэржүүлэх зорилгоор олгогдож иржээ. Онцгой байдлын санхүүжилт, (emergency financing mechanism, EFM) (1995 оноос хойш) - ОУВС-
олон улсын төлбөр тооцоонд учирсан
хямралын үед сангийн гишүүн улс орнуудад яаралтай туслах журам байдаг.
Худалдааны хамтын ажиллагааны механизм (trade
integration mechanism, TIM), хөгжиж буй орнуудын худалдааны бодлогын либералчлах
чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд төлбөрийн тэнцэл нь муудаж байгаа
нөхцөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой.
Мөн зээлээ төлж чадахгүй ядуу буурай улс орнуудад
“тусламж” хэлбэрээр санхүүжилт олгох нь бий. Гэхдээ ийм тусламжийн хэмжээ ОУВС
нийт олгох боломжит зээлийн өчүүхэн хувийг эзэлдэг.
Ийнхүү ОУВС олон улсын валютын системийн тогтвортой
байдлыг хангах зорилгоор тухайн нөхцөл байдалд тохирсон зээлийг олгох боломжтой
байгууллага юм.
Монгол улс ба
ОУВС хамтын ажиллагаа:
Монгол Улс ОУВС-гийн гишүүнээр
1991 онд элссэн. Монгол Улс ОУВС-д гурав
дахь удаагаа хандаж хамгийн хүнд шаардлага нөхцөлтэй өргөжүүлсэн
санхүүгийн дэмжлэг “EFF” хөтөлбөрт нь хамрагдсан. Хөтөлбөрийг
хэрэгжүүлэх явцад Монгол Улсын эдийн засагт улирал тутамд үнэлгээ хийнэ.
Үнэлгээ хийх явцдаа холбогдох өөрчлөлтүүдийг оруулдаг. Үнэлгээ хийсний дараа нөхцөл байдал өөрчлөгдвөл
ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Өмнө нь арай зөөлөн нөхцөлтэй “Стэнд бай” хөтөлбөрт
хоёр удаа хамрагдаж байжээ.Үүнд:
·
Хэзээ: 1991 он
Зээлийн хэмжээ: 13.75
сая ам.доллар
Үр дүн: Эдийн
засгийн уналт 1991 онд 9.2 хувь, 1992 онд 9.5 хувьд хүрч байсан нь хамгийн их
уналтын жилүүд байлаа. Монгол Улс эдийн засгийн хувьд 1998 онд л 1990 оныхоо
төвшинд хүрч очжээ. Өөрөөр хэлбэл, уналтын байдлаас өсөлтийн цэг хүртэл найман
жилийг зарцуулсан байдаг.
·
Хэзээ: 2009 он
Зээлийн
хэмжээ: 229.2 сая ам.доллар
Үр дүн: Эдийн засгийн үзүүлэлт -1.6 хувь болтлоо уруудсан.
Хөтөлбөр хэрэгжүүлсэн хоёр жилд тээвэр, харилцаа холбооны салбар хэвийн,
барилга, бөөний болон жижиглэн худалдааны салбарт хүчтэй нөлөөлж байв.
·
Хэзээ: 2017 он
Зээлийн хэмжээ: Хөтөлбөрийн хүрээнд засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийн
хэрэгжилтийг 314.5054 зээлжих тусгай эрх (ЗТЭ) (ойролцоогоор 434.3 сая ам. доллар буюу Монгол Улсын квотын 435 хувьтай
тэнцэх
хэмжээ) санхүүжилтээр дэмжих юм. Бусад
түншүүд, тэр дундаа Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Япон Улс, БНСУ төсвийн болоод төслийн дэмжлэг үзүүлэхээ амласан бол Хятадын Ардын Банк Монголбанктай
байгуулсан своп шугамын хугацааг сунгахыг зөвшөөрсөн. Ингэснээр нийтдээ 5.5
тэрбум ам. долларын санхүүжилтийн багц бүрдэж байна.
Үр дүн: хүлээгдэж байгаа
ОУВС үйл ажиллагааны талаархи шүүмжлэл
ОУВС талаар зарим эдийн засагчид болон улс төрчид сөрөг
байр суурьтай байдаг. ОУВС-г булингартай усанд хөвөх акул загастай зүйрлэдэг.
Тухайлбал, Грек, Пакистан, Югослав, Аргентин, Руанда, Сомали,
Мексик зэрэг олон
улсад хэрэгжүүлсэн хөтөлбөр үр дүнгээ өгч чадаагүй. Ямарч байсан ОУВС
хөтөлбөрүүд эрх баригчдын ярьж байгаа
шиг шидэт дохиур биш.
Эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Джозеф Стиглиц ОУВС-гийн үйл ажиллагааг
хурцаар шүүмжлэгчдийн нэг. Тэрээр, “ОУВС хувьчлал, зах зээлийн либералчлал,
төсвийн эдийн засаг гэх бодлогын үндсэн гурван тулгуурт гол анхаарлаа
хандуулаад үлдэх асуудлыг “зах зээлийн үл үзэгдэгч гарт” найдаж зөнд нь
орхидог. Төр засгийн бодлого болон чөлөөт зах зээлд учирч болох үндсэн алдаа нь
чөлөөт зах зээл бие даан бүрэлдэн тогтоно гэж үзээд зөнд нь орхисоноос болдгийг
би судалсан. Нийгмийн бүхий л асуудлыг шийдвэрлэж чадах “үл үзэгдэх гар”-ны
чадварт итгэх тэнэг хүн би биш хэмээн хэлсэн байдаг. Тэрээр чөлөөт зах зээлийн
онолыг орлож чадахуйц илүү үр дүнтэй, хариуцлагатай төрийн оролцоотой үзэл
баримтлалыг санал болгож байжээ.
Нобелийн шагналт Милтон Фридман хувьчлал бол айхтар чухал
зорилго биш гэж үздэг. Тэрээр Хятадын эрх баригчид ОУВС-аас өгсөн зөвлөгөөг
дагаж хувьчлалыг тэргүүлэх чиглэлд тавиагүй мөртлөө ажлын байрны тоо нэмэхэд
илүү их анхаарч ирсэн. Хятадад хөдөө аж ахуйн эдэлбэр газар одоо хүртэл улсын өмчид
байдаг хэрнээ эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ
АНУ-аас илүү гарч чадсан. Тэрээр ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрүүд зорилгоо
биелүүлж чадахгүй байгаа үндсэн шалтгааныг ур чадвартай холбож тайлбарладаг.
Сангийн мэргэжилтнүүдийн санал болгож буй арга хэмжээнүүд онолын хувьд зарим
улс оронд үр дүнгээ өгсөн гэдгийг үгүйсгэхгүй. Гэвч, хөтөлбөр хэрэгжүүлэгч орны
эрх баригчид “хямд мөнгө” хүртэж байвал ОУВСангийн шаардлага ямар эрсдэл дагуулж
болохыг анхаарч тооцохгүй байх нь элбэг. Тэдэнд улс орны хөгжил дэвшил,
ирээдүйд төлөх өр зээлийн хэмжээ огт сонин биш, харин хэрхэн өөртөө ашиг унаган
хуваарилах нь илүү сонирхолтой байдаг гэж тун оновчтой хэлсэн байдаг.
2017 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор Валерий
Коновалюк ОУВС-аас Украйнд үзүүлж байгаа зээл тусламжийг хурцаар шүүмжилсэн
байдаг. ОУВС-тай нягт хамтарч ажиллаад тодорхой эдийн засгийн дэвшилд хүрсэн
орныг мэдэхгүй юм байна. Эсрэгээрээ тэдгээр улсууд эдийн засгийн хүчирхэг
гүрний түүхий эдийг ханган нийлүүлэгч хавсарга болон хувирсан хэмээжээ.
ОУВС-д АНУ-ын эзэмшдэг саналын хувь 17. Гэтэл ОУВС гарах бүхий
л чухал шийдвэрүүд 85 хувийн босгыг давах ёстой байдаг. Тэгэхээр АНУ эзэмшдэг
саналыг авч байж ямар нэгэн асуудал
шийдвэрлэгдэх нь. Хэрвээ тэд хүсэхгүй
бол ямар нэгэн шийдвэр гарахгүй гэдэг нь тодорхой. Тиймээс ОУВС квотыг олон улс
төрчид, эдийн засагчид шүүмжилдэг билээ.