Monday, March 13, 2017


САВААНТ ХҮМҮҮС


Хүмүүст хэвшил болсон хоолоо асгаж цутгалгүй  идэх, гутлаа зөв өмсөх, хувцсаа товчлох... зэрэг энгийн үйлдлийг хийж чаддаггүй мөртлөө ер бусын гайхамшигтай санах ой, өвөрмөц авьяастай хүмүүс байдаг аж. Тэд хэдэн арван  хуудас бичсэн зүйлийг ганц уншаад үг үсэг алдалгүй давтан хэлж чадна. Туршаад 3001 оны 3 сарын 18 ямар гариг вэ гэж асуувал төвөггүй зөв хариулна. Тэдний дотор долоо хоногт гадаад хэл сурсан цөөнгүй хүн бий.

Ийм хүмүүсийг САВААНТууд  гэдэг(Анагаахын шинжлэх ухаанд“ Саваантын хам шинж” хэмээх онош тавигдсан хүмүүс).
"Savant" нь эрдэмтэн гэсэн утгатай франц үг. “Дауны хам шинж” гэх өвчнийг нээсэн  английн эрдэмтэн Жон Лэндон  Даун “саваантын хам шинж” гэх оношийг  анх тавьж байж. Тархины гэмтэл, тархины өвчний улмаас хүний генийн кодод өөрчлөлт орж ийм хүмүүс төрдөг хэмээн тайлбарладаг ч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэт судлаагүй байна. Эрдэмтэд саваант нь өвчин эсвэл гоц авьяас хэмээн өнөө хүртэл талцсаар байгаа аж.

Саваантуудын  төлөөлөл америкийн иргэн КИМ ПИК нэг нас дөрвөн сартайдаа уншиж сураад 18 настай байхдаа Шекспирын бүх зохиолыг цээжээр ярьдаг байв. “КИМпьютер” гэх хочтой Ким Пик амьдралынхаа турш уншсан нийт 12000 номынхоо утга санааг хольж хутгалгүй  ярьж чаддаг нэгэн.  Оскарын 4 шагнал, “Алтан бөмбөрцөг” Берлиний кино наадмын “Алтан баавгай” шагнал хүртсэн “Борооны хүн” (англ. Rain Man) киноны гол дүрийг Ким Пикийн амьдралаас сэдэвлэн хийсэн байдаг.

Английн иргэн Стивен Уилтшир  5 нас хүрч байж анхны үгээ хэлж сурсан нь “цаас” байж. “Саваантын хам шинж” гэх оноштой тэрээр гайхамшигтай санах ойтой.  29 настай байхдаа Лондон хотын дээгүүр нэг удаа нисээд л  хотын  план  зургийг ямарч алдаагүй зурж байсан гэдэг. Түүнд байгалийн дүрслэлийг шууд буулгахад ганц удаа харахад л хангалттай.  Бусдаас биеийн хөгжлөөр илт  дорой жаалхүү зурах дуртайг нь анзаарсан эцэг эх нь дэмжиж ирсэний үр дүнд Уйлтшир Европын шилдэг архитекторчийн нэг болж чадсан билээ.  Саваантуудын дотор хөгжмийн болон зураг зурдаг гоц авьяастнууд олон бий. Тухайлбал: английн хараагүй хөгжимчин Derek Paravicini, америкийн нэрт жааз хөгжимчин Matt Savage, филиппиний хөгжимчин Thristan Mendoza, америкийн зураач Jonathan Lerman, шотландын  зураач Richard Wawro, уран барималч  Alonzo Clemons, унгарын яруу найрагч, зохиолч, зураач Henriett Seth F... нарыг дурдаж болно.(Дэлхийн нэвтэрхий толиноос дээр дурдсан алдартнуудын ая дуу, бүтээлийн талаар мэдэх боломжтой)

Монголд ийм оноштой  хүний талаар сонсож байсангүй. Магадгүй  гэр бүлийн гишүүд нь бусдаас санаа зовдог байхыг үгүйсгэхгүй. Гэвч ийм хүмүүсийг элдвээр дуудаж , буруу зөрүү хандаж харьцахаас илүүтэй  сонирхсон чиглэлд нь хөгжүүлж чадвал асар өндөр амжилтад хүрэх бүрэн боломж байдгийг дээр дурдсан жишээнээс харж болохоор байна.