Sunday, February 12, 2017


Мангарууд бол капитализмын үндсэн нөөц


2017 оны 2 сарын 10 

ГЛАВНЫЙ РЕСУРС СОВРЕМЕННОГО КАПИТАЛИЗМА - ДЕБИЛЫ

 

 Дебил, Дебильность - debilis гэх латин үгнээс гаралтай. Төрөлхийн мулгуу маанаг төрөх, сэтгэцийн ядмаг хэв шинжтэй, орчин ахуйгаа ойлгох, ухамсарлах чадваргүй мангар хүн.

Анх domestic-lynx.livejournal.com хаяг дээр нийтлэгдээд, даруй Оросын сошиал ертөнцөөр эрчимтэй тархсан нэгэн нийтлэлийг та бүхэнд толилуулж байна. Нийтлэлийг бичигч нь хэн болохоо дурдаагүй ч эрдэмтэн судлаач, эмэгтэй хүн болох нь тодорхой ойлгогдно. Энэ нийтлэлд дурдагсдсан төлөв байдал өнөөгийн Монголын нийгмийн олонхи үзэгдлийн учир шалтгаан, тайлал болох мэт санагдсан тул орчуулав. Таалал орших болтугай.


    ОРШИЛ

 

Михиал Ломоносовын ойн баяраар Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн факультет дээр болсон нэгэн хуралд би уригдсан юм. Хурлын үндсэн хэлэлцүүлэг нь оюун ухаан, оюунлаг эдийн засаг, хөгжилд оюун ухааны хүчин зүйл юу болох тухай, мэдлэгийн эдийн засаг гэх зэрэг байлаа. Эдгээр сэдвүүд нь надад тун ойр юм. Энэхүү онцгой ухаалаг хурал дээр би юу ярьснаа толилуулъя.

Профессор Катасанов Литературная газета-д ийнхүү ярьжээ. Тэр оюутнуудаасаа ингэж асуух дуртай гэнэ. “Орчин үеийн эдийн засгийн гол нөөц юу вэ?” Хариулт нь түмэн янз: газрын тос, мөнгө, мэдлэг... гэх мэт улигт зүйлс.

Харин профессор бахархалтайгаар “Орчин цагийн эдийн засгийн гол нөөц бол МАНГАР ХЭРЭГЛЭГЧ! - түүнд бүгдийг шахаж болно” гэж хэлдэг ажээ. Сонссон хүмүүс ёс мэт инээлднэ.

Зугаатай байгаа биз? Үнэн хэрэгтээ бол энэ зугаа биш. Эсрэгээр “12 сандал” жүжиг дээр Остап Бендерийн хэлдэг “эмнэл зүйн хөдлөшгүй баримт” бол чухам энэ юм. Үнэхээр өнөөгийн эдийн засгийн хөгжлийг хөдөлгөгч хүч нь - Бүдүүлэг, Харанхуй байдал болчихжээ.

 

 

    БИД ЯАЖ ЯВААД ИЙМ АМЬДРАЛД ХҮРЧИХЭВ ЭЭ?

 

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан-техникийн хүч чадлынхаа оргилд өнгөрсөн зууны 60-аад онд хүрчихсэн билээ. Тэр цагаас хойш шинжлэх ухаан болоод техникт дорвитой өөрчлөлт явагдсангүй. Энэ хөгжлийн хөдөлгөгч хүч нь пуужинт цөмийн сөргөлдөөн байсан юм. Шинжлэх ухаан-техникийн хүч чадлын бэлэгдэл, бахдал нь хүн задгай сансарт гарсан явдал байв. Тэр цаг дор шинжлэх ухаанаар мэргэжих нь хамгийн нэр хүндтэй, гол хандлагыг тодорхойлогч болж, өтгөн сахалтай физикчид ном, киноны гол баатрууд болон хувирсан. Бүсгүйчүүд шинжлэх ухаанчдад хандарч, “алсаа боддог залуус” тэдгээр эрдэмтдийг дууриахыг хичээнэ. Жараад оны хүүхэд насанд минь сансар гэх үг моод байлаа. Хүүхэд бид сансрын нисгэгчдийн нэрийг дуржгинтал цээжилж, би гэхэд л “Сансрын эриний оргил нь алсын Сугар гаригаас илгээх радио илгээмж байх болно” гэсэн толгойтой ханын сонин гаргаад, түүгээрээ бахархаж явлаа.

Инженер, физикчид, математикчид асар их эрэлттэй байв. Үе бүр өөрийн баатруудтай байдаг агаад жараад оны баатрууд бол физикчид юм. Хамгийн шилдгүүд, ухаантнууд нь тооны сургалттай сургуульд сурч, төгсөөд ямар нэг физик, математикаар дагнасан их сургуульд элсэн ордог байв. Байрны гадаа хөл бөмбөг тоглож явсан гар Хөл бөмбөгийн дэлхийн аварга болмогц хавийн хүүхдүүд хөл бөмбөгчин болохыг хүсч эхлэдэг шиг тийм л байв. Дэлхийн хэмээний нээлт хийх, дүүргийн физикийн олимпиадад түрүүлэх, “Квант” сэтгүүлд хэвлэгдсэн бодлогыг бодохоор духаа үрчийлгэн суух, физик, математиктаа тасарчихсан гар болохыг хүсэх зэрэг бол хүндэтгэл бахархал төрүүлэх, моод хандлага байлаа. Товчхондоо ухаантай байхыг моодны гэж тооцдогсон. Миний хүүхэд нас “Бүхнийг мэдэхийг хүснэ” сэтгүүл дунд өнгөрсөн. Тэр сэтгүүл ихэнх хуудсаа шинжлэх ухаан техникт зориулдаг байсан юм. Хүүхэд бүр чин сэтгэлээсээ танин мэдэхүйд тэмүүлдэг байлаа.

Далаад он гэхэд пуужингийн түлшний асуудал бүрэн шийдэгдэж, пуужинг баллистик тойрог замд гаргадаг болчихсон юм. Бүх зүйлс өмнөхийн адил өрнөж, дэлхийн оюун ухаан шинжлэх ухааны хүрээнээс мултран гарав. Цөмийн гүрнүүд ээлж дараагаар нэгнээсээ айхаа больсон дүр эсгэвч нэг нэгнийхээ түрүүлж хийх цөмийн цохилтыг эмээн хүлээнэ. Айдас бүр зан заншил болж, Америкийн конгрессын гишүүн сонгогчдоо “зөвлөлтийн аюулаар” айлгах бол ЗХУ-д “империалистуудын заналхийлэл” гол сэдэв болов. Өөрөөр хэлбэл зэвсэглэлээр төгсгөлгүй хөөцөлдөж, энэ асуудал асар их инерцтэйгээр өнхрөн, зогсоож хүчрэхгүй хэмжээнд очсон билээ. Хэрвээ зэвсэглэлээр хөөцөлдөөгүй бол манай зөвлөлт маягийн амьдрал хэвийн үргэлжилсээр байх боломжтой л байсан байх.

Зэвсэглэлээр хөөцөлдөх нь гаарсаар сүүлдээ АНУ-ын Батлан хамгаалахын сайд цонхоороо “Оросууд айсуй!” хэмээн орилох хэмжээнд очсон. Тийм зүйл ямар ч боломжгүй байхад шүү дээ. Аажимдаа зэвсэглэлээр хөөцөлдөх нь дур булаах чанараа алдаж, цэрэг дайны гэхээсээ хүнд суртлын үйлс болон хувирсан. Засгийн газраас өөрийн шинжлэх ухаан, техникийн байгууллагуудад тавих шинжлэх ухаанч шаардлагууд суларч ирлээ. Улс төрийн удирдлага нөхөр Берия нөхөр Королевт атомын туршилтын талбай дээр хэлдэг байсан шиг “хэрвээ энэ зүйл чинь дэлбэрэхгүй бол би толгойг чинь авна шүү!” маягаар харьцахаа больсон цаг. Үүнтэй хамааралтайгаар ч гэх үү шинжлэх ухааны мэргэжлүүд урьдын адил хүндлэлтэй ч бусад мэргэжлийн адил байдаг л нэг мэргэжил болон хувирсан юм.

Манай гэр бүлийн цадиг түүхийг л авч үзэхэд аав, миний нөхрийн авга ах хоёр 50-иад оны эхээр дээд сургуульд элсэн орж, миний үеэл Бауманы техникийн дээд сургуульд, түүний ах нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд орсон байдаг. Тэгэхэд Бауманы сургуульд элсэн орсон нь эрэмбээрээ илүү амжилттайд тооцогдож, харин МОУХДС-д орсон нь донгиодуу гар гэж тооцогдов. Харин миний үе ирэхэд үнэлэмж эсрэгээрээ болсон байлаа.

70-аад онд дайны аюулыг хэн ч ултайгаар хүлээж авахаа больж, ногооны талбайдаа хоргодох байр барихаа болив, хорт утааны баг хадгалахаа ч мартав. Тэр үеийн од дуучид Дэлхийн II дайны жинхэнэ төгсгөл ирсэн, жинхэнээсээ энхтайванд шилжлээ гэж ярьцгаана. Сэтгэл зүй, оюуны хувьд үнэхээр ч тийм цаг байсан байх магадлалтай. Үүнтэй зэрэгцээд шинжлэх ухаан, байгалийн шинжлэл-техникийн мэдлэгт тэмүүлэх моод, шинжлэх ухаанч сэтгэлгээний загвар аажим алга болвой. Шинжлэх ухаан өөрийн хүчээр хөгжих чадваргүй шүү дээ. Шинжлэх ухааны зорилтыг үргэлжид гаднаас өгч байдаг. Гэтэл дийлэнх тохиолдол цэргийн зэвсэг техникийг төгөлдөржүүлэх л даалгавар өгөгддөг байв. Шинжлэх ухааны ертөнц “төсөвт өртөгтөө захируулан өөрийнхөө дурыг хангах” зарчмаар хөгжихчөөн аядаж байлаа.

Ийнхүү 60-70-аад оны шинжлэх ухаанч сэтгэлгээний хэв маяг (өөрөөр хэлбэл ертөнцийг таньж мэдэх итгэл, логик тайлбар) далдын хүч, үлгэр домог, дорны элдэв сургаалуудад байраа тавьж өгсөн юм. Шинжлэх ухаанд л байдаг эрүүл ухаан, эерэг хандлага эрчимтэйгээр агшин жижигрэв. Зөвлөлт Холбоот улсад үүнийг албан ёсоор зөвшөөрөхгүй байсан ч шинжлэх ухаанч хандлагыг бүлээцүүлэхээс хэтэрсэнгүй. Зөвлөлт ахуйн агуу дууч Юрий Трифонов хотын туужууддаа энэ шилжилтийг дүрсэлсэн байдаг. Түүний туужийн баатрууд болох инженерүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд гэнэт далдын хүчний, бөөгийн шидэд автан сүнслэг сургалтууд зохион байгуулж эхэлдэг. Тэр цагт баруунд буддизмд автах моод өрнөж, иог зэрэг бодит байдал хандах эрүүл ухаан, шинжлэх ухаанч хандлагаас хол зүйлс дэлгэрэх болсон. Энэ бүхэн нь цаашид болох зүйлсийн нэг л урьдач нөхцөл юм. Өөр илүү хүчтэй урьдач нөхцөлүүд цаана нь байлаа.

 

    АМЬДРАЛ САЙЖИРЛАА, АМЬДРАХАД ХӨГЖИЛТЭЙ БОЛЛОО

 

Жараад оны хавьцаагаас дэвшилтэт хүн төрөлхтөн нэгэн өвөрмөц зовлонд унасан юм. Тэрхүү жар, далаад онд голлох капиталист орнуудад Адам, Ева хоёрыг диваажингаас хөөгдөх хүрсэн мөчөөс хүн төрөлхтний мэдэх болсон тэр зүйл өрнөлөө. Энэ талаар хэн ч ярьсангүй, гомдоллосонгүй нь хүмүүс өөрийн жижигхэн амьдралаасаа хэрэггүй жижиг зүйлсийг ялгаж салгаж чадаггүйг ахин нотлосон хэрэг байлаа. Тэд гол, чухал зүйлсийг хэзээ ч анзаардаггүй. Тэгэхээр яг юу болсон юм бэ?

Айшигтай зүйл тохиолдсон юм. Дийлэнх эгэл хэрэглэгчдийн ахуйн суурь хэрэгцээ хангагдсан байна. Суурь хэрэглээ гэдэг юуг ойлгох юм гэж үү? Суурь гэхээр жам ёсны, ухаалаг хэрэгцээ юу. Хангалттай хэмжээтэй, эрүүл хүнс, давгүй, улиралдаа зохицсон гоёмсог хувцас, хангалттай зайтай, эрүүл ахуйн шаардлага хангасан сууц. Зарим гэр бүл машинтай, ихэнх нь ахуйн цахилгаан хэрэгсэлтэй болж. Бүр тавь, жараад онд л эдгээр нь Америк мөрөөдөл байж, хүн бүхэн хүрч чаддаггүй байсан бус уу. Англид тавиад онд subtopia гэх үг үүссэн. Энэ нь “suburb” (дагуул хот) и “utopia” (хоосон мөрөөдөл) гэсэн хоёр үгийн нийлэмж юм. Санаа нь жижиг хотод орчин цагийн бүхийл ая тухаар тоноглогдсон, өөрийн гэсэн байшинтай болох мөрөөдөл.

Хоёр жилийн өмнө блоггер Divov энэ талаар сонирхолтой материал нийтлэж байсан. Тэр нь Английн тавь жараад оны хөдөөгийн уурхайчны хотын амьдралын тухай дурсамжууд юм. Хот бүхэлдээ ганц халуун усны газартай, бие засах газар нь гадаа хашаанд, шөнөдөө бол хөтөвч ашигладаг, ээж нар түмпэн нидрүүл ашиглан угаалга хийх ба хэн нэгэн нь өвдвөл л жимс авна. Бас хэн нэг нь үхвээс цэцэг авна.

Тийн байтал жараад оны сүүл, далаад оны эхээр нийт иргэдийн гуравны хоёр нь ахуй амьдралын хангалттай нөхцөлд хүрчээ. Зовлон бэрхшээл байсан ч хүртээмжтэй, хангалуун амьдралд олонхи хүрсэн. Боломжийн амьдралтай золгосон “алтан тэрбумын” тухай энд ярьж байна.

Золотой миллиард - пост зөвлөлтийн орон зайд тархсан ойлголт. Хөгжчихсөн болон хөгжиж буй орнуудын иргэдийн амьжиргааны төвшин, хэрэглээний тэнцвэргүй байдал, дэлхийн нөөцийн хангалтгүй хэмжээ зэргийг тусгасан нэр томъёо.

Ийм зүйл дэлхийн түүхэнд урьд өмнө тохиогоогүй билээ. Үүнээс өмнө жирийн хүмүүсийн амьдралын хэм хэмжээ бол ядуурал л байлаа. Өдөр бүр үмх талхны төлөө хийх хүчир тэмцэл бүхнийг тодорхойлж, бүх улсад л ийм байв. Энэ өнцгөөс та бүхэн Хюго, Диккенс, Ремарк, Драйзер нарын реалист зохиолуудыг ахин уншаарай. Италийн зохиолч Альберто Моравиагийн “Римийн өгүүллэгүүд” гэх 50-иад оны номыг уншаарай, бүх зүйл тодорхой төсөөлөгднө. Гэтэл энэ бүхэн гайхалтайгаар өөрчлөгдөх нь тэр. Жирийн, дундаж, ажилтай хэрэглэгч ахуйн хэрэгслүүд цөм бүрдсэн давгүй орон сууцтай, өег хоолтой, шинэ хувцас худалдан авахад асуудалгүй болж ирэв.

Би европын ахимаг оршин суугчидтай ярилцаж байсан. Тэд энэхүү суурь өөрчлөлтийг тод санаж байдаг. Нэгэн итали эр дайны дараа түүнд “цөцгийн тос нилд нь асгасан гоймон бүтэн тавгийг идэж үзэхсэн” гэсэн л мөрөөдөл байсныг дурсав. Харин жараад оны оргил үед тэр итали эр гэнэт “non mi manca niente” буюу үгчилбэл “надад дутуу юм алга болсныг” анзаарчээ. Энэ харин аймшигтай байж! Юу болох нь энэ вэ?

Хүмүүс тавгаа түлхэж “Баярлалаа, би цатгалан байна” гэх болж. Цаашид яах вэ?

Өөрөөр хэлэх юм бол хүмүүс ажил хийж олсон мөнгөөрөө хэвийн хэрэгцээгээ хангах хөгжлийн загвар мухарджээ. Хүмүүс бэлэн мөнгөний өсөлт, хэрэгцээнийхээ өсөлтийг урьдчилан харж чадахгүй байв. Бизнес гагцхүү хүн амын өсөлттэй л уялдан томроно. Гэтэл хөгжингүй орнуудад өсөлт зогсчихсон байдаг. Достоевский үүнийг "Өсвөр нас" зохиолдоо зөгнөсөн юм. Хүн цатгалан болчихлоо, цаашид юуны төлөө амьдрах вэ? гэсэн асуултанд тэр Амьдралын утга учир өг, эсвэл өөр ямар нэг зорилттой бол гэж хариулсан. Амьдрал дээр хэн ч тэгэж асуугаагүй юм. Хүнийг ахуй нь зүгээр л залгичихсан. Даяар бизнес хүнийг хөөж гүйцээд, бүхлээр нь залгичихсан аж. Достоевский анхлан “Цаашид яах вэ?” гэж асуусан, тэр анхлан хариултыг олсон.

Капитализм тэлэлтгүйгээр оршин тогтнохгүй. Даяар бизнест хэрэглээний шинэ шинэ зах зээл хэрэгтэй. Ийм зах зээлүүд олдсоор ч байгаа. Тэдгээрийг далайн тэртээгээс бус хүмүүсийн шуналт сэтгэлээс уудлан нээж буй. Хэдий шинэ шинэ зах зээл бий болгож байгаа ч капитализм хэрэгцээг хангаж дийлэхээ больж эхэлсэн. Гэлээ ч бахдалтайгаар шинэ зах зээл нээсээр л байгаа. Үүрэн телефоны операторууд утсаар чөлөө зайгүй чалчих хэрэгцээг бий болгож, эмийн корпорациуд байнга ямар нэг үрэл залгиж байж санаа амар явах хэрэгцээг өдөөж, оёдлын үйлдвэрүүд өдөр бүр биш гэхэд улирал тутамд хувцсаа шинэчлэх донг бий болгож байгаа ч хэрэгцээ хангагдашгүй. Шинэ аюулууд бий болгоод түүнээсээ хамгаалах барааг санал болгоно. Хагнаас хамгаал л гэнэ, суултуур дээрх үхлийн нянгаас сэргийл л гэнэ. Үүрэн телефоны долгион галзууруулах тул хамгаалж энийг наа л гэнэ. Нэгэн зах зээл судлаач Оросын зах зээл бүхэлдээ “аюулаас зайлсхийх” загвартай гэж дүгнэж чадаж байна.

Бүхний түрүүнд маркетинг дэвшин гарч ирлээ. Маркетинг чинь яг юу юм бэ? Мөн чанартаа бол энэ нь хэрэгцээгүй юмыг хэрэгтэй гэж ойлгуулаад шахах ухаан юм. ХIХ зуунаас өмнө яагаад маркетинг байгаагүй гэж бодож байна? Тэр үед илүүдэл хэрэгцээ огт байгаагүй юм. Тэгэхэд бодит хэрэгцээнд тулгуурласан хэрэгцээт бараанууд л байж. Хулхи хэрэгцээг хангах талаар бодож эхэлмэгц л маркетинг бий болсон байгаа юм. Хавтгай зар сурталчилгааны үүрэг ийм бөлгөө. Маркетеруудад мэргэжлийн бахархал байгаа нь: Бид хэрэгцээг хангадаггүй, хэрэгцээг бүтээдэг гэх ажгуу. Үнэн хэрэгтээ тийм ч юм.

Хүмүүс юуны төлөө гарт тааралдсан болгоныг худалдан авч байгааг тайлбарлах ухаалаг дүгнэлтийг олонхи үргэлжид үгүйсгэдэг. Ялангуяа ямарч шаардлагагүй, худал хэрэгцээний талаар ярих нь аюултай хэрэг юм. Худал хэрэгцээ гэдгийг яаж мэдэхэв гэхээр амархан, байгалийн хуулийн үйлчлэлд оршдоггүй л бол худал.

Хэрэглээг хөөрөгдөх нь цэвэр сэтгэл хөдлөлийн түвшинд явагддаг. Зар сурталчилгаа сэтгэцийн доод хэлбэр болох хөөрлийг өдөөж, оюун ухааныг дарангуйлна.

Хөөрлөөс бүр дор түвшинд зөн мэдрэхүй байх бөгөөд зар сурталчилгаа нь сэтгэхүйг шууд л ийшээ чирдэг юм. Энэ явцыг дардан шулуун байлгая гэвээс олонхи хэрэглэгчдийн тархинаас эрүүл ухаан, шинжлэх ухаанд суурилсан шүүмжлэлт сэтгэлгээний дадлыг устгах, зайлуулах ёстой. Шинжлэх ухаанч хандлага, эрүүл ухаан нь хөөрлийг дөнгөж эхэлмэгц зогсоочихдог, дарангуйлчихдаг юм. Гэтэл энэ нь капитализмын даяар тэлэлтэд саад учруулаад байна шүү дээ! Эрүүл ухаан уул овоо шиг хэрэгцээгүй, хоосон барааны борлуулалтад шавар хаах гээд байна.

Өнөөдөр шүүмжлэлт, ухаалаг сэтгэлгээгээ ажиллуулах шаардлага ч алга болж дээ. Яагаад гэвэл энэ нь моодны биш, орчин үеийн биш, trendy биш. С.Г.Кара-Мурза ухамсрыг залуурдах талаар (түүний ийм нэртэй жижигхэн ном алдаршаагүй юу) байнга ярьдаг. Гэхдээ асуудал тийм биш. Даяар капитализм ухамсрыг залуурдахаас хавьгүй илүү амбицтай зорилт өвөртөлж яваа. Ухамсрыг залуурдах чинь жижигхээн луйвар, нэг удаагийн мэх төдий л юм шүү дээ.

Одоо бол эрүүл ухаан, ертөнцийн талаарх шинжлэх ухаанч мэдлэгээс ангижирсан, даяаршсан төгс хэрэглэгчийг төлөвшүүлэх асуудал л голлон яригдаж байна. Философич Александр Зиновьев төгс хэрэглэгч гэдгийг нэг үзүүр лүү нь бараа чихэхэд нөгөө үзүүрээс нь салхи исгэрүүлэн хог унаж байдаг хөндий хоолойтой зүйрлэсэн нь чухам үнэн ажээ.

ТӨГС ХЭРЭГЛЭГЧ ТА ХЭН ЮМ БЭ?

Туйлын харанхуй бүдүүлэг ч гэлээ амьдралдаа ханачихсан, эгэл сэтгэл хөөрлөөр амьсгалдаг, шинэ бараагаар цангаж явдаг мангар. Мангар гэхээр хатуудаад байвал арай зөөлрүүлж хэлье - зургаан настай бацаан. 30 нас хүрчихээд сэтгэхүй чинь 6 настных шиг байгаа бол зөөлрүүлж хэлээд ч яах юм, та мангар.

Ямар нэг нэмэлт санаа агуулаагүй, сахлын хутгаар гөлчийлгөчихсэн эрүү, зохих оогоор нь зүлгэчихсэн цагаан шүдээ яралзуулан инээх, гөлгөр царай. Аягүй сэргэлэн, эерэг санаа бодолтой, идэвхтэй, бүх зүйлд бэлэн явдаг. Хэрэглэхийг бол үзүүлнэ. Чухам юуг хэрэглэдэг гэхээр энэ гоё гэж хэлмэгц л шүүрээд авчихдаг. Ийм л төгс хэрэглэгч. Хэзээ ч гоншигонохгүй, “Шинэ iPhone гарчихаж, хуучин минь хэрэггүй боллоо” гээд л болоо. Шинэ тоглоом гарлаа, хуучныгаа тэр даруйд нь чулуудчихна. Цаг үргэлжид хивж байна. Илүүдэл жинтэйгээ тэмцэлдэх хэрнээ “диваажингийн жаргалаасаа” тэмцэлдэж чадахгүй идсээр... Өөрийн араншингийн мулгуу байдлыг олж харахгүй хивнэ. Утасныхаа мөнгийг хэмнэх тухай үглэх хэрнээ утсаар зогсолтгүй чалчина. Төгс хэрэглэгч ойр дотныхоо хүмүүсийг элдэв зүйл нянгаас тууштай хамгаалах бөгөөд энэ нь огт хэрэггүй, тэр ч бүү хэл хор уршигтай байхад ч хамгаалсаар байх болно.

Хамгийн гол нь түүнд хэлсэн үг болгонд ямар нэг нотолгоо шаардалгүй шууд л итгэнэ. Эртний иргэншлүүдэд ухаалаг нотолгоог чухалчлан үздэг байсан нь дэвшил хөгжлийнх нь гол ололт байсан бол өнөөгийн нийгэмд энэ нь нүдэн дээр мөхөж, алга болж байгаад феномен нь буй. Хүмүүст нотолгоо ямар ч шаардлагагүй зүйл болжээ.

    ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ БОЛ МАНГАРУУДАД   

    ЗОРИУЛСАН ВИРТУАЛ АРАЛ ЮМ

Төгс хэрэглэгч, завшаан хайгчийг хүмүүжүүлэх, түүнийг худалдан авалтаасаа үргэлжид цэнгэл жаргал эдэлдэг байлгахад харанхуй олонхийн тасралтгүй, зорилго чиглэлтэй чалчаа яриа тун чухал. Энэ үйлст телевиз, олныг хамарсан мэдээллийн хэрэгслүүд голлох ач холбогдолтой ажээ. Ингэхдээ ямарваа мэдээллийг зажлуу бохь мэт хялбаршуулж, доошлуулж буулгаж байж өгөх ёстой. Хэрэглэгчээс “Үүнийг чинь ойлгохгүй байна” эсвэл “ойлгоход ямар хэцүү юм бэ” гэх зэрэг үгс гарах ёсгүй. Ингэх л юм бол бүх зүйл гомдмоор, эелдэг бус санагдана.

М.Горький уран зохиол, хэвлэл мэдээллийг байгуулах 2 хандлага байгааг бичиж байжээ. Хөрөнгөтний хандлага - энэ нь өгүүлбэрийг уншигчийнхаа ойлгох төвшинд хүртэл буулгахыг хичээх бөгөөд зөвлөлтийн хандлага нь эсрэгээр уншигчаа уран зохиолын төвшинд хүртэл өргөх учиртай юм гэнэ. Горький цааш нь зөвлөлтийн зохиолч, сэтгүүлчид уншигчаа жинхэнэ утга зохиол, ул суурьтай өгүүлбэрүүдийг ойлгодог тийм төвшинд хүртэл өргөх ёстой гэжээ. Орчин цагийн ОНМХ-үүд эсрэгээр бичлэгийн төвшингөө хамгийн мулгуу уншигчийн төвшин хүртэл доошлуулж, уншигчаа идэвхийлэн доош чангааж байдаг. Гурван настай хүүхдэд бус насанд хүрэгчдэд зориулсан зурагт ном улам бүр олширчээ. Оросын нэн шинэ түүх хэмээх номыг ТВ хөтлөгч Парфенов зурагжуулан гаргасан нь тод жишээ.

Мөн чанартаа бол орчин үеийн ОНМХ нь зохиолч Н.Носовын “Үлмэдэх саран дээр” туужид дүрсэлсэн Мангаруудын арал хэдийнээ болчихжээ. Тэр арал дээр орон гэргүй, тэнүүлчдийг цөлдөг. Тэд нар нь харин арал дээр зогсоо зайгүй хөгжилдөн, адал явдлын кино, хүүхэлдэй үзэн, элдэв тоглоомоор зугаацна. Аажимдаа арлын агаарын найрлагын нөлөөгөөр мангарууд хонь болон хувирах бөгөөд тэдний ноосыг хярган худалдаж ашиг олох аж. Үүн шиг ОНМХ захиалагчиддаа ноос сайтай, номхон хоньд бэлтгэж өгсөөр байгаа. Захиалагч гэдэг нь реклам цацуулагчид, өргөн утгаараа бол даяар бизнесийнхэн. Тэдэнд хангалттай тооны хэрэглэгчид шаардлагатай. Зөвлөлтийн хэвлэл мэдээлэл хөдөлмөрчдийг коммунист ёсоор хүмүүжүүлэхийг зорьдог байсан шиг одоо цагт ОНМХ-үүд төгс хэрэглэгчийг хүмүүжүүлэхээр шамдан байна. Гагцхүү гүйцэд зомбичлогдсон иргэд л амьдралынхаа зорилгыг утсаа байнга солих, мөнгөө хэрэггүй зүйлст баяр жаргалтайгаар үрэх хэмээн тооцох болно. Үүний тулд иргэдийг тодорхой төлөвт оруулах буюу зомбичлох ёстой. Иймэрхүү зорилго чиглэлтэй бодлогын дүнд ОНМХ-ээр ултай хэлэлцүүлэг, мэтгэлцээн явагдах нөхцөл үгүй болдог.

Мэргэжилтнүүд хэвийн, насанд хүрсэн америк үзэгч 3 минутаас урт яриаг ойлгохоо больж, ийм нөхцөлд гол утгыг алдчихдаг болсныг тогтоожээ.

Манай оросууд болохоор “бид тэднээс 2 дахин ухаантай” л гэдэг. 6 минутын яриа сонсох чадвартай байлаа гээд юу өөрчлөгдөх юм бэ? Ийм хугацаанд ултай, сууртай яриа өрнөх үү? Өндөр боловсролтой, дипломтой гэж өөрийгөө тооцдог хүмүүс дунд ч ухаалаг нотолгоо, батлагаа бүхий яриа ажиглагдахаа больжээ. Хүмүүс баримт, логик шаардахаа больж, тэдэнд “ингэх ёстой !” гэсэн бөөгийн буулт л хангалттай болж.

Шууд худалдаа буюу сүлжээний гаруудтай (бүгд дээд боловсролтой, багш, инженер, эдийн засагчид байдаг) ярилцах үедээ би хүмүүст нотолгоо ямар ч хэрэггүй болсон гэдэгт улам бүр итгэх болсон. Нотолгоо яриаг хүндрүүлж, цагийг үр дүнгүй болгоно.Тэд нотолгооноос залхаж “та зүгээр л яах ёстойг л хэлчих” гэдэг юм.

ТВ хөтлөгч юу ярьж байгаа нь чухал биш, тэр нүдэнд дулаахан, аятайхан төрхтэй, дуу хоолой нь таатай байхад л болчихно. Түүний хэлсэн бүхнийг мангарууд залгичихна. Тэдэнд юм унших нь тун төвөгтэй үйл учир “ярьдаг толгойнуудаас” мэдээллээ авчих сонирхолтой. Намайг бишрэгчид миний бичснийг уншихаасаа илүүтэй, видео бичлэгийг минь үздэг юм.

    ИНГЭХЭД СУРГУУЛЬД ЮУ ЗААДАГ БАЙНА АА?

 

Боловсрол, ШУ-ны сайд Фурсенко: манай боловсролын зорилго нь соёлтой хэрэглэгчийг төлөвшүүлэх юм гэж хээв нэг ярьж суух юм. Орчин үеийн дээд, дунд сургуулиуд ийм зорилтыг шатлан биелүүлдэг бололтой. Шууд биш аажим өгсөх маягтай.

Тэгэхээр одоо юу зааж байна аа гэж үү? Нийгэмд биеэ хэрхэн авч явах ёстой вэ, хамт олны гүнд орох арга зүй, CV-гээ хэрхэн гоё бичих, презентациа яаж бэлтгэх, тавих вэ гээд л болоо. Физик, хими зэрэг бол өнгөрсөн зууны хэрэггүй юмс.

Саяхан гадаа самбар дээр мөнгөний молекул бүтцийг харуулсан зураг бүхий үнэртний сурталчилгаа тавигдав. Энэ рекламын мулгуу илэрхийллийг дээр үед инженер-химич асан настай эмэгтэй л анзаарч хэлсэн юм. Үүний дараа маанаг сурталчилгааг буулгасан билээ.

Толгойгоо цэнэглэх ямар ч хэрэггүй, Яндекс, Гүүгл-ээр хайгаад л болоо. Хоосон толгойтой байх нь түүн лүү элдэв төрлийн жорлонгийн цаас, үнийн саналуудыг чихэж байхад амар байдаг юм. Ажилд орж байгаа залуустай ярилцах явцдаа би тэд маш эелдэг харьцаатай, аятайхан төрхтэй, өөрийгөө дөвийлгөж, ойлгуулах чадвартай болсныг анзаардаг. Жаахан ярилцмагц ямар мунхаг, зэрлэг амьтастай ярьж байгаагаа мэдрэнэ. Тэдэнд түүх, газарзүйн ямар ч төсөөлөл байхгүй, байгалийн түгээмэл хуулиудын талаар ойлголт ч алга болохыг мэднэ. Большевикууд гэж хэн байсныг мэддэгүй түүхийн багш байна гээд бод доо.

Тархийг юугаар дүүргэж байна гэхээр моод болж байгаа зүйлсийг мэдэж байгаа эсэхийг тодруулдаг интернэтийн тест мэтхэнээр. Ийм маягийн мэдлэгтнүүдийг орчин үеийн боловсролын байгууллага төлөвшүүлж байна.

Тийм болохоор бүдүүлэг, харанхуй байлгах нь орчин үеийн капитализмын сүүлчийн аргацаалт гээд байгаа юм.

Үүнгүйгээр зах зээл оршин тогтнохгүй. Логик бүхий асуулт: ийм нөхцөлд төгс хэрэглэгчид зориулсан шинэ барааг хэн бүтээх юм бэ? Хэн хүн сүргийг хариулж, хэн хоньчин нь байх юм бэ?

Одоо АНУ-д гуравдахь ертөнц, хуучин ЗХУ-аас ирсэн цагаачид хамаг ажлыг нь нугалж байгаа. Цаашид хэрхэхийг бүү мэд. Орчин цагийн капитализм, барууны иргэншил бүхэлдээ урдах замаа харж чадахгүй байна. Гол зорилт нь зах зээлээ тэлэхэд л чиглэсээр байх тул оршин суугчдаа нийтээр нь мангартуулахаас өөр үр дүнг хүлээх хэрэггүй. Яагаад гэвэл тэд чинь өнөөдрийн гол нөөц шүү дээ.

 

Орчуулсан

Р.БАТСАЙХАН