Monday, January 30, 2017

гадны банк


ИЛЖИГ МОДОН ХУДАРГАНДАА
 

2016.10.26                                                  Эдийн засгийн ухааны доктор(Phd)  Р. Даваадорж




Ойрын өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монголд Хятадын төрийн  банк орж ирэх тухай шуугиж эхэллээ. Телевизийн нэгэн сувгаар банк болон компанийн төлөөлөл  мэтгэлцэж байна. Тэдний хэн нь ч үзэгчдэд  дорвитой тайлбар өгч чадсангүй, харин хоёр талцуулж орхив.  Bank of China  монголд орж ирэхээр бэлэн болсон юм байх. Ингээд  хүүгүй шахам зээлийг хүссэн компани, хувь хүмүүст баруун солгойгүй тарааж, удахгүй хямрал арилж, бүгд наймаа хийж орлого олоод өдгөөгийн Монгол дахь банкны мөнгө хүүлэгчид балрах юм байна гэсэн ойлголттой хоцров, би.


Бодит байдлыг авч үзье.

Саяхан олон улсын рейтингийн агентлаг «S & P Global Rating» Хятадын банкууд 1,7 их наяд долларын  алдагдалтай ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Товчоор хэлбэл, хятадын банкууд  санхүүгийн хүнд байдалд байгаа аж. “Bank of China”  ойрын хоёр гурван жилд санхүүгийн хямралд нэрвэгдэж үйл ажиллагаа нь хүндэрнэ  хэмээн Олон улсын санхүүгийн байгууллагууд зарлаж  байна. 2015 оны 8 сард Bank of China дэлхийн хамгийн эрсдэлтэй гучин банкны тоонд  багтав (эрсдэлтэй банкны схем зураг хавсаргав)[1].  Саяхан олон улсын төлбөр тооцооны банк (BIS)[2] 2016 оны шинэ улирлын тайлангаа танилцууллаа. Аливаа орны олгосон зээлийн зөрүү (Credit-to-GDP gap)[3]  гэх  үзүүлэлтийг ашиглан эрсдлийн шинжилгээ хийж  олон нийтэд мэдээлэл хийдэг юм байна.  Энэ үзүүлэлтийн 10 хувийг санхүүгийн хямрал нүүрлэх “улаан шугам” хэмээн тооцдог.  Гэтэл Хятадын банкуудын  хувьд анхаарах түвшингээс даруй гурав дахин их буюу  30,1 хувьд хүрчээ. Энэ нь  2008 онд АНУ-д  Lehman Brothers-ын дампуурлын ирмэг дээр ирэх үеийн болон 1997 онд Азийн санхүүгийн хямрал гарах үеийн үзүүлэлтээс  өндөр байгаа аж. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг банкны  хямрал нь зөвхөн нэг улсаар тогтохгүй дэлхийн эдийн засагт аюул авчрах учраас олон улсын санхүүгийн шинжээчид санаа зовж анхааруулаад байгаа хэрэг.
Хэдийгээр хямрал нүүрлээд байгаа ч 2,458 их наяд активтай, жилийн цэвэр ашиг нь 2015 оны байдлаар 27,5 тэрбум долларт хүрсэн дэлхийн хэмжээний  банк, нийт 10 тэрбум долларын активтай монголын банкуудтай манай санхүүгийн зах зээл дээр өрсөлдөнө гэж  юу байхав. Монголд  үйл ажиллагаа явуулдаг хятадын 6000 компани бий. Тэдэнд санхүүгийн дэмжлэг авах сайхан боломж нээгдэнэ. Ашиг гэхээсээ илүүтэй төрийн бодлогоо урьдал болгох магадлалтай улсын банк орж ирж байна шүү дээ, цаана чинь. Ингэхээр Монголын мөнгөний, бизнесийн гээд бүхий салбарын зах зээлийг эзлэн авах зөвхөн цаг хугацааны асуудал болно.

 Түүх сөхөж үзвээс.

Гадаад Монголын нутагт Хятадын наймаачид орж ирсэн цаг хугацааны талаар тодорхой хэлэхэд хэцүү.  Гэвч 1919-1920 онуудад Монголын нутгаар хөндлөн гулд аялсан ЗХУ дипломатч, түүхч И.В. Майский өөрийн номондоо зарим нэг сонирхолтой мэдээлэл тэмдэглэн үлдээсэн байна. Түүний бичсэнээр  Ар Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том пүүс бол Хөх хотын “Да Шен-кугийн пүүс” аж. 300 жилийн түүхтэй, санхүүгийн хувьд асар хүчирхэгжсэн,  монголчуудын дунд их нөлөөтэй  болсон энэ пүүсээс гадна Шань-си мужийн “Се Сун-чан” пүүс Монголд 200 гаруй жил үйл ажиллагаа явуулж байв. Тэр үед манай орны бараа эргэлтийг хятадын 25 том компани барьж байж. Тэд хоёрдугаар, гуравдугаар зэргийн салбаруудаа Монголын суурин төвүүдэд нээж ажиллуулахаас гадна доншуур наймаачид тал бүр тийш худалдаа наймаа хийн хамгийн алс бөглүү газрыг  хэрсэн аварга сүлжээтэй байжээ.
Харин Да Шен-ку, Тянь И-де нь худалдааны бус банкны байгууллага байсан аж. Наймааны ажил хийдэг ч тэр нь хөрөнгийнх нь эргэлтэд дорвитой үүрэг гүйцэтгэдэггүй тул үйл ажиллагааны үндсэн чиглэл нь зээллэг тэр тусмаа төрийн зээлд чиглэж байжээ. Монголд байрлах хятад цэргийн зардалд зориулсан татвар хураамж, Манж Амбанд өгөх хээл хахууль, Өргөөгийн Богд гэгээнд бэлэг сэлт өгөх, Бээжин рүү ууган хүүгээ явуулж үе залгамжлах эрхээ баталгаажуулах гээд бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ манайханд бишгүй  тулгарна. Мал тодорхой хугацаа шаардаж бэлэн мөнгө болно. Яаруу сандруу ийм үед  монголын ихэс дээдсүүдэд  хятадын дээр өгүүлсэн  хоёр пүүсээс өөр сонголт үгүй. Тухайн үеийн банкны хүү жилд 36 хувь байжээ. Хятад санхүүчид өрөө малаар тооцож авдаг байсан ба хүү нь 70-80 хувь заримдаа 100 хувь хүрч зарим хошуу, ван ноёд өрийн сүлжээнээс гарч чаддаггүй байв. 1911 онд Сайн ноён аймгийн Бирваа гүний хошуу Да Шен-куд тавьсан өрөө дарахын тулд Улиастай дахь Бодуновын орос пүүсээс 20 мянган лан зээлжээ. Гэтэл банкныхан үндсэн өрөө авахаас татгалзсан аж.  Тэд зөвхөн хүүгээ авах сонирхолтой байсан нь тэр.  Зээлдэгч зээлсэн мөнгөө төлөхөд Да Шен-кугийн банкныхан маш дургүй байдгийн адил монголчууд бэлэн мөнгөөр бараа худалдан авахад хятад пүүс туйлын дургүй байжээ.  Монголчууд зээлээр бараа авбал хоёр дахин үнэ төлнө.  Тиймээс энэ нь хэнд ашигтай нь ойлгомжтой. 1912 оноос өмнө Да Шен-кугийн пүүс жил болгон Умард Монголоос 500 мянга шахам хонь, 70 мянга шахам адуу Хятад руу тууж ордог байжээ. Тэгэхдээ энэ бүхэн зөвхөн хүүгийн өр байж шүү дээ хэмээн И.В. Майский халаглан бичсэн байна. Халхын 104 хошуу, шавь нараас зөвхөн 10-12 нь Да Шен-куд өргүй байжээ. Нэг иймэрхүү гунигтай гэмээр түүхээ бид аль хэдийн мартаа биз ээ.
Санхүүгийн хямралд нэрвэгдэх аюул заналын ирмэг дээр ирчихээд  Хятадын банк ямар шалтгаанаар бидэнд их хэмжээний “хямд зээл” өгөхийг хүсээд байгаа юм бол?  Нэгнээ тас татан хаяхад бэлэн  монголын улс төрчид, эсвэл хэн нэгэн сэтгүүлч, тэр бүү хэл эрдэмтэн мэргэд, эдийн засгийн ухааны доктор ч энэ асуултын хариу мэдэхгүй. Зөвхөн Хятад улс шийдлийг мэдэж байгаа.
Харин хямд төсөр зээл авах хүн, аж ахуй нэгж, байгууллага их бий... Тэртээ зуу гаруй жилийн өмнөх шиг. "Хямд зээл" олдож байвал болох нь тэр гэсэн үзэл бодол хүчтэй газар авчээ. Илжиг модон хударгандаа гэдэг сэн... Ийм л хэцүүхэн төсөөлөл над буугаад байна.




[1] Swiss business news in Russia сайтаас 30 самых опасных банков мира
Источник: http://business-swiss.ch/2015/08/samy-h-opasny-h-bankov-mira/
[2]Bank for International Settlements.-олон улсын санхүүгийн байгууллага, олон улсын төв банкуудын хамтын ажиллагаа, санхүүгийн тооцоог хялбарчлах үйл ажиллагаа явуулахаас гадна эдийн засаг, санхүү, зээлийн харилцаа, судалгааны төв байгууллага.
[3] Өнгөрсөн жил олгосон зээлийн хэмжээг ДНБ харьцуулсан хэмжээг энэ жилийнхтэй харьцуулсан хэмжээ.