Монгол улс дампуурлын ирмэгт ирлээ
Монголчууд муу ёрлох, амны билэггүй юм ярихыг цээрлэж, билэг дэмбэрэлтэй зүйлс ярьж, хэлэлцдэг ард түмэн билээ. Тиймээс ч “Монгол хүн амныхаа билгээр”, “Амны билгээс ашдын билэг” хэмээх хэлц үг байдаг.
Энэ үед 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарч, МАН үнэмлэхүй ялалт байгуулав. Ингээд эрх баригчид “Эдийн засаг элгээрээ хэвтсэн” гэх дөрвөн үгийг маань мэт давтах болов. Зарим нэгнийх нь амнаас өнөө хүртэл салаагүй байна. Ерөнхий сайд У. Хүрэлсүх 2019 оны 2 сард Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай уулзах үеэрээ “2016 онд эдийн засаг гэдэг хүн сэхээн амьдруулах тасагт орчихсон байсан. 2017 онд энгийн тасагт гаргасан. 2018 онд гэрт нь гаргалаа. 2019 онд ажилд нь орууллаа” гэж бардамнав. Уул нь, Засгийн газрын тэргүүн хүн ганц тоо цээжилчхэж болмоор. Дэлхий нийт эдийн засгаа дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) гэдэг хэмжүүрээр хэмжээд бүтэн зууныг ардаа орхижээ. ДНБ (GDP) нь тухайн жилд тус улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээний зах зээлийн үнийн дүнгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл, улс орны шинээр бий болгосон баялгийг тооцох эдийн засгийн хэмжүүр л дээ. ДНБ өсөлттэй байх нь тухайн улсын эдийн засаг өсч, сэргэж буйг харуулдаг бол, эсрэгээрээ бууралтай байгаа тохиолдолд эдийн засаг уналттай байгааг илэрхийлнэ. Ерөнхий сайдын “2019 онд ажилд оруулсан “хүн” (Монгол улсын эдийн засаг) одоо ямар байдалтай байна вэ?
2020 оны эхээр Коронавирусын аюул дэлхийг нөмөрч эхэллээ. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засагт хүндрэл үүснэ, тэр нь сүүлийн 100 жилд тохиогоогүй ноцтой хямрал байх талаар анхааруулж, яаралтай хямралын үеийн эдийн засгийн хөтөлбөрт шилжихийг анхааруулсан билээ. Дэлхийн бусад улс орны бодлого тодорхойлогчид шуурхай ажиллаж, гуравдугаар сарын дунд гэхэд сангийн болон мөнгөний бодлогын хүрээнд маш тодорхой арга хэмжээнүүдийг авч чадсан байна.
Гадаад зах зээл дэх эрэлт буурсантай холбоотой, түүхий эдийн ханш буурч экспортлогч орнуудын эдийн засаг хүнд байдалд шил шилээ даган орж эхэллээ. Сөрөг хүчний зүгээс, хамгийн түрүүнд төсвийн зарцуулалтын бүтцээ өөрчилж, элдэв төсөл, хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтээ эрэмбэлэн ялгаж, зөвхөн хямралын аюулыг гэтлэх арга хэмжээнд зориулах ёстой гэдгийг удаа дараа анхааруулж байсан юм. Харин манай Засгийн газар энэхүү чухал зөвлөмжийг үл тоомсорлоод зогсохгүй, хэрэгжүүлэхгүй хэмээн ил тод мэдэгдэж байв.
Монгол улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар: “Төсвийн тодотгол хийхгүй гэдгээ долоо дахь удаа давтан хэлж байна. Тийм шалтгаан үүсээгүй. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтийг маш сайн сайжруулсан. Өөрөөр хэлбэл жил орчмын эдийн засгийн хүндрэлийг давж туулах хэмжээний боломж бүрдсэн” гэж УИХ болон иргэд, сонгогчдоо хууран мэхэлж байсан нь саяхан. Тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотойгоор, улс орон байтугай аж ахуйн нэгжүүд, тэр ч бүү хэл айл өрх хүртэл хэмнэлтийн горимд шилжчихээд байхад “төсвөө тодотгохгүй” хэмээн “гэдийж”, илжиг мэт аашилсан ганц улс үлдсэн нь Монгол байв. Энэ дураараа байдал нь Монгол улсын эдийн засгийг ямар байдалд хүргэснийг тоон үзүүлэлтээр харцгаая:
Эдийн засаг түүхэнд байгаагүйгээр агшлаа
2020 оны 2-р улиралд эдийн засаг хасах 9.7 хувьд хүрч, Монгол Улсын сүүлийн гучин жилийн түүхэнд байгаагүй огцом уналт хийгээд байна. Ийм гамшигт байдалд хүргэхэд МАН-ын олонх-ийн Засгийн газрын “бай”-гаа оноогүй, асуудлаа зөв эрэмбэлээгүй төсөв, сангийн болон мөнгөний бодлого нөлөөлжээ.
Асар их хэмжээний төсвийн алдагдалтай он жилүүд
Өнгөрсөн дөрвөн жилд баталсан төсвийн алдагдал 4 жилийн нийлбэр дүнгээрээ 9 их наяд төгрөг болсон. Тэгвэл сая өргөн барьж, батлуулсан төсвийн тодотголд Нэгдсэн төсвийн тэнцлийг бас дахин 2 их наяд 771 тэрбумаар нэмэгдүүлж. Дөрөвхөн жилийн өмнө Монгол гэдэг айлын төсвийн зарлага 6-7 их наяд төгрөгийн хэмжээнд тогтвортой эргэлдэж байсан бол 2020 оны төсөвт 13 их наяд 872 тэрбум төгрөгт хүрч хоёр дахин данхайжээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан төсвийн тодотголд дахин 704 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Баялаг бүтээгч аж ахуй нэгж, иргэдийн хөлс хүчээ шавхан байж төлсөн татварын хөрөнгийг дарга нарын тансаглалд зориулж, “цоорхой сав”-нд хийсэн ус мэт ийнхүү савирч байна.
Монгол Улсын гадаад өр дефолт зарлах хэмжээнд очлоо
Монгол улсын нийт өр 2020 оны 6 сарын 31-ний байдлаар 30 тэрбум 814 сая ам.долларт хүрсэн нь дөрөвхөн жилийн хугацаанд 6 тэрбум 555 сая ам.доллар буюу бараг 18.5 их наяд төгрөгөөр өсчээ. Энэ нь та бүхнийг шүүмжлэх дуртай Чингис бондыг 4 дахин нугалах мөнгө. Гэтэл ийм их хөрөнгөөр иргэдийн хамгийн их зорчдог Дархан-Улаанбаатарын хатуу хучилттай замыг там болгосныг эс тооцвол бүтээн байгуулалт гэхээр нүдэнд тусах зүйл үл харагдана.
Засгийн газрын нийт өр 1991-2016 онуудад 4 тэрбум 785 сая ам.доллар байсан бол 2020 оны хоёрдугаар улиралд 7 тэрбум 891 сая ам.долларт хүрч даруй 3 тэрбум 100 сая ам.доллар буюу 2 Чингис бондын хэмжээтэй нэмэгдлээ. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч УИХ, Засгийн газар “үйлдвэрлэж” байсангүй. Өрөөр хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин өнөөдөр монгол улсын эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бодитойгоор аюул занал учруулах хэмжээнд хүргэсэн нь энэ.
Валютын ханш тэнгэрт хадлаа
Моулсын нийт импортын 70 хувийг ам.доллар-аар хийдэг ба хэрэглээний сагсны 40 хувь нь импортын бараа байдаг. Тиймээс ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралт нь өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөж, улмаар бага дунд орлоготой иргэдийн амьдрал туйлын хүнд байдалд оржээ. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш Монгол банкны мэдээгээр 2020 оны 9 сарын 19-ны өдөр 2,854 төгрөгт хүрчээ. Өнөөгийн эрх баригчид сөрөг хүчин байхдаа ам.доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцлээ гэж улс орон даяар “зарлаж, дэвхцэж” байсныг иргэд мартаагүй байх. Харин өнөөдөр 30 боолт нэгтийн дэвсгэрттэй тэнцэх хэмжээнд ирчихэж. Нөгөө боодлоор нь төгрөг атгаад уянгалж байсан нөхөр бүү хэл Засгийн газар нь ч хэлээ хазчихаж. Таг чиг.
Дэлхий Монгол улсыг ингэж дүгнэсэн
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улс дэлхийд байж болох эдийн засгийн бүх хоригт орж дэлхийн улс орнуудын сүүлийг мушгижээ.
-2017 оны 12 сарын 5 өдөр: Европын Холбооны Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалтад оров.
-2019 оны 10 сарын 18 өдөр: Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ-ын Саарал жагсаалтад оров.
-2020 оны 5 сарын 7 өдөр: Европын Холбооны Хар жагсаалтад орсны үр дагавар аж ахуй нэгж, ард иргэдийн нуруун дээр даашгүй хүнд ачаа болж нэмэгдлээ. Энэ дарамт зөвхөн иргэд, аж ахуй нэгжийн нуруун дээр ирсэн юм.
-2020 оны 9 сарын 14 өдөр: АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж гаргасан тайланд Монголд 2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусаж чадаагүй талаар дурджээ.
Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш Монгол улс дэлхий нийтэд ийм шившигт байдалд орж байсан удаагүй билээ.
Ээлжит бус чуулганаар хэлэлцсэн төсвийн тодотголын үеэр “туйлын хариуцлагагүй” Сангийн сайд бүх алдаа завхралаа Коронавирус руу түлхэхийг оролдож байна лээ. Америк, Английн эдийн засгийн уналт их байхад бид харин гайгүй байна гэж өөрийгөө өмөөрч харагдав. Үгүй шүү. Эрхэм сайд гуай. Дэлхий нийтийг чирч яваа супер үйлдвэрлэгч агуу оронтой хэдхэн ширхэг түүхий эд экспортолдог орныг хольж хутгахгүй шүү. Газар тэнгэр мэт өөр асуудал. 2019 оны урьдчилсан дүнгээр АНУ-ын ДНБ 21,3 их наяд ам.долларт хүрсэн бол Хятадынх 14,2 их наяд. Харин манай улсын ДНБ 12 тэрбум ам.долларт эргэлдэж буй нь дээр дурдсан улсуудаас мянга дахин бага эдийн засагтайг харуулж байна. Тэдгээр улсуудын хэрэгжүүлж буй бодлого, зорилго манайхаас тэс өөр. Үйлдвэрлэгч орныг түүхий эд экспортлогч, хэрэглэгч улстай харьцуулах нь “бүргэдийг болжмортой харьцуулах”-тай яг адил. Улсынхаа эдийн засгийг сүйрүүлсэн алдаагаа Коронавирусын ард нуугдаад, хаацайлна гэж хөөрцөглөж байвал “тэр чинь, ёстой бүтэхгүй” гэдгийг урьдчилаад хэлчихье. Төсвөө цаг тухайд нь тодотгоод, хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, төсвийн хөрөнгөөр гараа угаадаг цамаан зангаа хазаарлаж, нүүрс, зэсийн экспортоо хааж, боон сүржигнээгүй бол манай эдийн засаг ойролцоогоор 6 хувийн өсөлттэй байх байжээ. Харамсалтай.
Өнгөрсөн гурван жилд уул уурхайн бүтээгдэхүүний ханш 2-6 дахин өсөж, ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд гадаадын донор улс орон болон санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний валют манай улсын эдийн засаг орсон таатай үе байсан юмсан. Гэтэл Монгол Улсын эдийн засаг огцом агшиж, төсвийн алдагдал хэдэн их наядаар нэмэгдэн архагшиж, төсвийн зарлага хоёр дахин данхайж, гадаад өрөнд живж, валютын ханшаа алдсаныг дээрх эдийн засгийн макро үзүүлэлтүүд харуулж байна. Өсөлттэй эдийн засгаа “элгээрээ хэвтсэн” гэж хар амласан нөхдүүдийн ухвар мөчид урагшгүй бодлого ийнхүү Монгол Улсыг бодит утгаар нь дампуурлын ирмэгт авчирлаа.